x

П.Бадрал: “Агнистын гэгээ” бол олон үеийн монгол сэхээтний мөрөөдөл

“Агнистын гэгээ” цувралын дуун хөрвүүлэгч П.Бадралтай ярилцлаа.

-Таныг ярилцлагынхаа лидэнд нийтлэлч, шашин судлаач, лам гэж тодотгохгүйгээр зүгээр "Агнистын гэгээ" цувралын дуун хөрвүүлэгч гэчихэж болох уу?

-Өөрөө л мэд. Дуун хөрвүүлэгч хүнддэхгүй бол их мундаг үг л дээ. Ном ёс гэж хэлдэг үнэний утга чанар өнгөрсөн, ирээдүйд үргэлж хэвээрээ. Түүнийг илэрхийлдэг дуун буюу үг дохио орон, цаг, нөхцөл байдалдаа тохирч үргэлж хувьсаж ирсэн. Түүнийг мэдэрч хэлмэрч болохыг л дуун хөрвүүлэгч гэдэг.

-Буддын ном, судруудын ихэнх нь төвөл хэл дээр, монгол хэлнээ орчуулсан бүтээлүүд нь найруулгын хувьд энгийн хүмүүсээс хол учраас энэ их ухааны жинхэнэ мөн чанар жирийн олонд хүрэхгүй байх шиг санагддаг. Харин буддын сод оюунтнуудын сургаал номыг багтаасан "Агнистын гэгээ" тэс өөр, хэн ч уншсан зүрхэнд нь ойр буухаар энгүүн сайхан уншигддаг. Тийм болохоор таныг ингэж тодотгомоор санагдсан юм аа. Ийм том ухааны ном судруудыг хэн ч ойлгох хэлбэрээр хүн төрөлхтөнд хүргэсэн Ошо гэдэг хүн таны хувьд хэн бэ?

-Ер нь аливааг онолоор ойлгох нэг хэрэг. Мэдэрч таних тэс өөр зүйл. Миний хувьд Ошо гэдэг хүн амьд Будда. Би Шашны дээд сургууль төгсчихөөд нирваан гэж юу болохыг мэдрээгүй явсан хүн л дээ. Энэ хүн надад нирваан гэж юу болохыг мэдрүүлсэн. Наад захын жишээ гэхэд л би Ошо багштай учраад Мялын дууллыг, Ноён хутагтынхаа “Үлэмжийн чанар”-ыг ойлгож мэдэрсэн. Тэр хүчээр л “Агнистын гэгээ” монгол хэлнээ бууж байгаа. “Агнистын гэгээ”-г уншсан хүмүүс хүн төрөлхтний түүхэнд үеийн үед Будда нар байсан гэдгийг мэдрэх байх. Өөрөө ч түүний үргэлжлэл болохоо ойлгох биз ээ. Тэгэхгүй бол үлгэр домог шиг юм болчихоод байсан.

-Бурхад, гэгээнтнүүд гэхээр л санаад буумгүй хол ертөнцөд төсөөлөгдөж, буддизм гэхээр амьдралаас хөндий ямар нэг юм гэж хараад байдаг л даа, бидний олонх. "Агнистын гэгээ"-д хуучин судрын үгээр "байгаль" гэдэг үгийг "оршихуй" хэмээн хөрвүүлсэн гэж ярьж байсан. Яагаад, ямар учраас оршихуй гэж хөрвүүлсэн юм бол?

-Байгаль гэдэг үгийг мянга таван зуун жилийн өмнө Нирун гүрний үед л ном судрын үг болгож хэрэглэж байсан. Өнөө үед өөрөөр ойлгогдох болсон учраас би дээдсээсээ уучлал эрээд оршихуй гэж орчуулсан юм, “Агнистын гэгээ”-д. Байгаль гэдэг маань уг чанартаа байхуй. Хаанаас ирээд хаашаа буцахыг л хэлээд байгаа хэрэг.  "Гал" гэсэн дагавар уг язгуур чанарыг тодруулж байгаа юм. Нууц тарнийн их шидтэнүүд "нирваан" гэдэг үгийн оронд "байгаль оршихуй" гэсэн үгийг орлуулж тавьсан. Хоосон чанарыг гэгээн гэрэл, үлэмжийн чанар гэдэг үгээр орлуулсан шигээ. Цаанаа их учиртай.

-Хаанаас ирээд хаашаа буцах гэснээс буддизмд үхэл бол амьдралын төгсгөл биш шэж үздэг. Сүүлд физикийн шинжлэх ухааны доктор Г.Лхагваа багштай ярилцаж суухад энэ үзлийг Энергийн хуультай холбож тайлбарлаж байсан л даа?

-Амьдрал үргэлжилдэг гэдгийг монголчууд ямар ч эргэлзээ, ямар ч измгүйгээр мэдэрч ирсэн үндэстэн. Буддизмээс өмнө ч тийм байсан. Наад захын жишээ гэхэд л өөд болсон хүнийхээ биед тэмдэг тавьдгийг та мэдэх байх. Амьдрал үргэлжилдэг, үхэл гэдэг дээл солихын төдий зүйл гэдгийг ухаарч мэдэрсэн хүмүүс зоригтой болчихдог. Мянган жилээр үргэлжилсэн дундад зууны харанхуйг ярсан хүмүүс нь монголчууд байсан нь цаанаа ийм учиртай. Зүгээр нэг цээжээ дэлдэж омгорхох яах вэ. Дээдсийнхээ совин мэдрэмжийг л ухаарах хэрэгтэй. Амьдралын мөн чанарыг таньсан үндэстний дайтах нь ч, мөргөх нь ч утгатай. Социализмын үеийг шударга, сайхан байжээ гэж дурсах хүн олон таардаг. Социализм сайхандаа биш, монгол хүний уг язгуур ухаан арилаагүй байсан үе. Алтай хангай шиг хөгшид байлаа, тэр цагт. Харамсалтай нь өнөөдөр тэр хөгшид маань алга. Сүүлийн хэдхэн жилийн дотор алга болчихлоо. Байлаа гэхэд өдрийн од шиг ховор. Бужаагаа оршуулснаас хойш нутгаадаа явах сэтгэл нэг л төрдөггүй. Цаадах шалтгаан нь энэ л дээ.

-Долоохон настай жаахан хүү Бужаагийндаа бурханы ном заалгая гээд дэгдээд очсон гэж ярьж байсан чинь санаанд орлоо. Бүр жаахнаасаа бурханы ном үзэх чин хүсэлтэй хүү явжээ...?

-Аав, ээжийгээ ажилдаа явсан хойгуур...(инээв). Яваад ортол Бужаа босоогүй байсан юм. Над руу нэг их гайхаж харснаа “Яах гэж ирээв хүү минь” гэхээр нь “Ном сурахаар ирлээ” гээд авчихлаа. Тэгээд л Бужаагаасаа ном дуулж эхэлсэн дээ. Ер нь хар багын л бурханы номд дурлаж тэмүүлсэн мэдрэмж хүчтэй байсан шиг санагддаг. Намайг Шашны дээдэд ороход Бужаа "Чамаас “Чойрын ном хөөх үү, орчуулга хөөх үү?” гэж асуувал орчуулгаа хөөе гэж хэлээрэй. Чойрын ном хөөвөл миний хүү ганцаардана шүү" гэж захиж билээ. Бужаагийн хоёр ах нь гавж, нэг нь буудуулж, нөгөө нь баригдахаа мэдээд найр хийчихээд алга болчихсон гэдэг. Өвөг дээдсээ бодвол "Манайх чинь чойрын номтой гавж нарынхан, хүү минь залгаж яваарай" гэж ирээд захиж болно доо. Хожим эргээд ухах нь ээ явах зам мөрийг минь зөнгөөрөө мэдэрч адислаж байжээ гэж боддог. Одоо Энэтхэг, Төвөдөд олон жил сураад байдаг ном чинь чойрын ном шүү дээ. Буддын философи л гэсэн үг. Надад тийм боломж байсан ч хаашаа ч яваагүй. Зүгээр л явмааргүй санагдаад байдаг юм.

-Шашны дээд сургуульд орсон түүх чинь сонирхолтой санагдсан. Есдүгээр ангидаа аравдугаар ангийхаа хичээлийг хамтатгаж үзэж, арваа онц төгсчихөөл Шашны дээдэд элсэж байсан гэл үү?

-Тэгсэн түүх бий. Би чинь Ховдын Дарвийнх. Тэр үед Шашны дээд сургууль гурван жилд нэг удаа элсэлт авдаг байсан юм. Намайг хотод ирээд есдүгээр ангид суралцаж байхад элсэлт авах жил нь таараад хоёр ангийнхаа хичээлийг зэрэг үзсэн хэрэг. Шашны сургуульд сурах бөөн хүслэн болсон нөхөрт тэгж хичээх асуудал байгаагүй. Гэхдээ хамгийн сонин нь шалгалт өгсний дараа миний өнөө хамаг чадлаараа хичээж судалсан бүх хичээл тархинаас алга болчихсон.

Тэр үед

“Тогосны чамин өд нугасны дэгдээхэйд хэрэггүй шиг

Толгой тархи гашилгасан томьёо дүрмийн оронд

Ялгуусны гэгээн судраас ганц шадынх нь ч болов

Яруу утгын рашааныг шимж суух минь жаргал сан” гэж бичиж байлаа (инээв).

-Түрүүн та нэг сэдэв хөндсөн дөө, оршихуйн хуулийг мэдэрдэг байсан монголчуудын тухай. тэр яриагаа үргэлжлүүлэх үү, хоюулаа?

-Өндөр гэгээн бясалгалаас гарч ирэх үед тодорч үзэгдсэн үсгэндээ Соёмбо буюу “Өөрөө тодрох гэгээ” гэсэн нэр өгсөн гэдэг. Бид үнэнийг танина гэж байхгүй. Тэр өөрөө тодорч бидэнд танигдана. Бид гол нь өөрийгөө суллаж, хаалт бөглөөгөө арилгах хэрэгтэй. Шинжлэх ухаанч, юмыг мэдчих нэг хэрэг. Мэдрэх бол тэс өөр зүйл. Хуйлах нэг өөр, хуйлрах өөр. Тавих нэг хэрэг, тавирах бас ондоо. Мэдрэх дээр жинхэнэ соёл иргэншил цэцэглэх боломжтой. Монголд дээхнэ үед элдэв гэмт хэрэг, хулгай дээрэм тэр бүү хэл шорон гэх ойлголт байгаагүй, шилийн сайн эр гэж байсан ч тэр нь огт өөр утгаар ойлгогдож явсан. Үүнийг л соёл иргэншил гэдэг. Зуухан жилийн өмнө Америкт хар, цагаан арьстан тусдаа суудал дээр суудаг байсан бол монголчуудад арьс өнгөөр ялгаварлах ойлголт байгаагүй. Шашин шүтлэгээр ч ялгаварладаггүй байсан. Чингис хаан Чанчун бумбаас ном сонсох гээд яадаг билээ, гурван удаа захиа илгээгээд ирэхгүй болохоор нь “Биеэ угааж мацаг бариад таныг хүлээе” гэдэг. Оюун санааг тэгж хүндэлж байсан. Ийм соёл гагц Их Монголын үеэс ч биш Хүннү, Сүннүгээс улбаатай. Хархориноос Өгөөдэй хааны 64 баганат ордон олдоогүй. Харин буддын хийд олдсон. Хүн төрөлхтний их хаад өөрсдөдөө зориулж бунхан, пирамид, хөшөө босгож байхад Чингис хааны онгон өнөөг хүртэл олдоогүй. Бусад 38 хаадынх ч олдоогүй. Би үгүй гэдэг чинь тэр шүү дээ.

-Буддын би үгүй гэх үзлийг эртний хаад мэдэрч ухаарсан учраас онгон шүтээн, булш бунхан нь үлдээгүй гэж үү?

-Яг тийм. Хар хоринд эзэнт гүрний нийслэлээ босгоод буддын сүм бүтээсэн нь харин үнэн. Чуу мэргэний “Ном ёсыг үеийн үед хамгаалах болно” гэсэн алдартай үг бий. Алдартай үг гэснээс уг язгуур, үндэс угсаагаа мэдрэлгүйгээр тэр хаан тэгж хэлсэн, энэ ноён ингэж хэлсэн гэх мэт зохиомол үгс цөөнгүй дуулддаг.

-Жишээ нь ямар үг?

-“Эх нутгийн минь газар шорооноос эрхий дарам газрыг бурхан гуйсан ч бүү өг” гэдэг үгийг хүн бүр мэдэх байх. Бидний өвөг дээдэс тийм байгаагүй. Хоосон ирээд хоосон буцах хорвоогоо мэдэрч таньсан улс юу гэж ийм дэмий галзуу үг хэлэх вэ дээ. Байгаль эхээ мэдрэх хайрлах, минийх гэж дөвчигнөх хоёр ялгаатай. Тэгэхээр хүн ер нь мэдрэмжтэй л байх хэрэгтэй. Монгол хүмүүс яагаад мэдрэмжтэй байсан бэ гэдэг асуултын хариу нь их энгийн. Байгаль дэлхийтэйгээ нэгдэж чаддаг, оршихуйн хил хязгааргүйг мэдэрч байсан. Тэгэхээр энэ үгийг хэлсэн хүн өөрийнхөө нэрийг тавих хэрэгтэй.

-Сүүлийн үед гэгээнтнүүд их тодорч байна. Бараг л аймаг, сум болгоноос гэгээнтэй төрөх нь холгүй энэ үзэгдлийг шүүмжлэх хүн олон байна л даа. Бас Монгол дахь буддизм Төвдөөс хэт хамаарсан гэсэн шүүмжлэл ч давтавжтай дуулддаг...?

-Жинхэнэ гэгээнтэн олон тодорвол сайн л биз. Гэхдээ нэг үнэн юм нь Будда, Нагаржуна, Шантидэва, наян дөрвөн шидтэн өөрсдөө л бясалгаж гэгээрч тодорч үйлс бүтээлээ туурвиж явсан. Хэн нэгнээс шагнал, жуух шиг цол авч яваагүй. Манайд зөндөө л бясалгагч гэгээнтнүүд тэр замаар яваа гэж боддог. Төвөдөөс хамаарч байгаа нь нэг л дэг сургууль. Ном ёсыг бүгдийг төлөөлөхгүй. Наян дөрвөн мянган номын ёс гэж хэлдэг. Хязгааргүй гэсэн үг. “Агнистын гэгээ”-д гарч байгаа олон сургаал ном, жишээ нь Сарахагийн дуулал, Адиша Богдын билгүүн шастир, Диловагийн Махамутар, ловон Бадамжунайн Зогчин сургаал тэргүүтэн олон үед дарагдаж байсан нууц номууд. Цаг нь болоод дэлгэрч байгаа хэрэг. Шарын шашнаас ондоо нь ч үнэн.

Би “Бодь мөрийн зэрэг”-ийн гуравдугаар ботийг орчуулахдаа үүнийг илүү тод ойлгосон. Богд Зонхова тэр замаараа гэгээрсэн байж болно. Бодол бодлоо үгүйсгэсээр хоосонд тулах зам л даа. Тултал нь явахгүй бол бүүр ягшмал загварт орно. Гэхдээ тэр нь зөвхөн Богд Зонхова шиг төлөвийн хүнд тохирсон зам байх. Гэтэл монголчууд ямар үндэстэн билээ. Дуулж, найрлаж, цэнгэж суугаад гэгээрдэг. Энэ чинь улаан малгайтын ёс. Би сая ярьсан даа, Өндөр гэгээн соёмбо үсгээ “Өөрөө тодрох гэгээ” гэж тодотгосон тухай. Үүний цаана хүчилж таних гэсэн ойлголт үгүй байгаа биз. Өөрөө тодрох билгийн гэгээ, үлэмжийн чанар гэж энэ. Тийм учраас Өндөр гэгээн Очирдар амьд шүтээнийхээ зүрхэнд ловон Бадамжунайн атга элсийг нуусан байдаг юм.

-Та сошиал хуудаснаа "Миний зэн сүм..." гэж бичсэн байсан. Зэн сүм гэдэг нь...?

-Гэрээ хэлж байгаа юм (инээв). Ороо, тавиураа өөрийн гараар модоор хийхдээ, тэр бурханаа залахдаа ийм бодлоор бүтээсэн.

-Таны залсан бурхан Шагжамүни юу?

-Гаутам Будда номын хувцастай байдаг, харин миний залсан бурхан футболкатай байгаа биз. Энэ бол Амитаба. Амитабаг гал улаан өнгөөр нь таньдаг. Эрлэг Номун хааныг үйлийн үрийн хуулийг сахиулагч гэж бэлгэддэг дээ. Үйлийн үрийг ялах өөр хүч бас бий. Тэр нь Амитаба. Үйлийн үрийн хуулийг дарсан толгой. Бужаагаасаа анх сурсан ном бол Ерөөлийн хаан судар. Хэзээ нэгэн цагт утгыг нь тайлна даа гэж боддог байлаа, тэр үед. Тэнд “Хэн нэгэн ингэж ерөөж мэдэрсэн даруйд хорвоогийн хамгийн хүнд нүглийг үйлдсэн ч бай цаглашгүй гэрэлт Амитабаг харна” гэсэн мөр бий.

.Нямсүрэн найрагчийн “Амитаба”-г унших дуртай, сайхан шүлэг...

-Д.Нямсүрэн найрагч эртний монгол өвгөдийн л үргэлжлэл. Би түрүүн Алтай хангай шиг сайхан хөгшчүүл алга болчихлоо гэсэн гутранги өнгөтэй зүйл ярьсан даа. Гэхдээ эртний монгол өвгөдийн ухаан тасрахгүй гэдэгт эргэлздэггүй. Би ч гэсэн тэднийхээ үргэлжлэл нь. Амитабагийн гал улаан өнгө бол хүсэл тачаалын бэлгэ тэмдэг. Хүсэл тачаал гэж нэрлээд байгааг билиг билгүүнд урвуулдаг язгуур нь Амитаба. Сараха тэргүүтэн наян дөрвөн шидтэн ийм замаар гэгээрсэн. Балчгаас ургасан бадам гэдэг дээ. Хорвоо балчиг шавар юм бол тэндээсээ л цэцэглэнэ гэсэн үг.

-Та манай шашинд Төвөдийн нөлөө хэт их байгаа гэсэн хариу шууд хэлээгүй ч толгой дохилоо гэж ойлголоо...?

-Олон зуун жил үргэлжилж байгаа явдал. Төвөдүүд Энэтхэгээс, бид Төвөдөөс бурханы номыг авсан. Тухайн цаг үед тэгэхээс аргагүй байсан. Одоо цаг өөр болсон. Хүн төрөлхтөн хөгжиж байна. Бид бурханы номыг заавал Төвөдөөс авах шаардлагагүй. Тийм шаардлагагүй болсон учраас “Агнистын гэгээ” бүтэж байна. Өмнө нь төвөд хэлгүй л бол бурханы ном үзэхэд хэцүү байсан. Харин одоо бол “Агнистын гэгээ”-гээс эртний дээдсийн бүх бүтээлийг харчих боломжтой.

Ц.Дамдинсүрэн багшийн “Хар авдарт ном бий Хазгар өвгөнд эрдэм бий Хахир говьд эрдэнэ бий Хамаагүй басаж болохгүй шүү” гэсэн үг бий. “Агнистын гэгээ” тэр их үүцийг л задлаад байгаа юм. Түүнээс биш шинэ юм байхгүй. Эхний боть дээр нь би “Мартагдсан хуучныг шинэ гэдэг” гэж онцолсон нь ийм учиртай. Товчхондоо эртний дорнын соёлыг үлдээхийн тулд “Агнистын гэгээ”-г бүтээж байгаа юм. Энэ бол олон үеийн монгол сэхээтний мөрөөдөл. “Агнистын гэгээ”-г бүтээчихлээ, одоо энэ бүтээлийн ард ганц том асуулт бий. Ном ёсыг яаж хүлээж авах вэ гэсэн соёлын асуудал.

-Ном ёсыг хүлээж авах соёлын асуудал гэдгээ энгийнээр тайлбарлавал?

-Энгийнээр хэлбэл, хувь хүний асуудал болоод үлдэж байна л даа. Авахыг нь аваад хаяхыг нь хаяад гэсэн зорилгоор энэ номыг уншвал юу ч авахгүй. Энд чинь тухайлбал амь биеэрээ тахил өргөж байж Наро хутагтын сонссон Махамутар, есөн жил хана ширтсэн Бодидарма багшдаа гараа тайрч өргөөд сонссон ном байна шүү дээ. Тийм нандин нууц номыг задалж байгаагаараа би ч пянгаа даахад хэцүү. Хэрвээ та энэ ном сургаалын сав болж уншиж чадвал миний алдас арай нимгэрэх байх. Хамгийн гол утга нь энэ. Хүн “Би яах гэж амьдраад байна вэ” гэж өөрөөсөө асуудаг даа. Ингэж асуудаг хэрнээ энэ асуултдаа чин үнэн хариу эрдэггүй. Бусдыг, өөрийгөө хуураад яваад байдаг. Гэхдээ хүний амьдралд яг энэ асуултыг өөрөө өөрөөсөө чин үнэнээр асуух мөч тохиодог. Чухам тэр үед л энэ ном бүрэн утгаараа нээгдэнэ. Өөртөө ийм асуулт тавихдаа хэнд ч ялархах хэрэггүй. Маш шударгаар асуулт тавьсан цагт хариулт нь шударга ирдэг.

-Таны "Алсын оддын амьсгал өвсөнд лугшихыг мэдрээд..." гэж ирээд эхэлдэг шүлэг их гоё. Шүлгээ бичиж байгаа юу?

-Би их цөөхөн шүлэгтэй ч өөрийгөө найрагч гэж боддог (инээв).

-Тэгэлгүй яахав, ганц чамхийсэн шүлэг ч найрагч гэдгийн том баталгаа...?

-Магадгүй. Шүлэг гэснээс би чамд нэг онигоогоо ярьж өгье. Би “Намайг ойлгодог ганц хүн байвал Нарт орчлонг би диваажин гэж дуулъя” гэж бичиж байлаа, тээр жил хүүхэд байхдаа. Ерээд онд шиг санагдаж байна. Гэтэл өнөөдөр сошиал орчинд тэр шүлэг маань яг тэр янзаараа явахаар ичээд болохгүй юм (жуумалзав).

-Одоо тэр шүлгээ засаад хэлчихэж болно шүү дээ?

-“Намайг ойлгох хэн ч байхгүй бай Нарт орчлон диваажин хэвээрээ” гээд засчихъя (инээв).

-Диваажин гээд налайхад хэцүү л амьдрал эргэн тойрон өрнөөд байх шиг?

-Хүний ходоодонд баян, ядуугийн ялгаа байхгүй. Ямар ч хүн өдөрт 5000 төгрөгөөр л амьдарчихна. Хоёр ширхэг өндөг, нэг талх, сайхан шөл, илүү юм хэрэггүй. Өдөрт 5000 төгрөгөөр хоол идлээ гэхэд сарын хүнсний өртөг 150 мянган төгрөг. Амьдрал ийм амархан. Гэтэл зарим хүмүүс “Амьдрал чинь алаан байхгүй юу” гээд амьдралаа там болгоод байдаг. Зүгээр тийм хоббитой байж болно. Миний хобби бол аль болох хялбар дээр нь тавих. Гэхдээ нийгэм хэцүү л дээ. Одоо энэ сургууль боловсрол байна. Хүүхдүүдийг хар багаас нь тамлаж байна. Өдөр шөнөгүй хичээл даалгавар гээд. Бидний үед өдөр өнгөрч өгөхгүй гэрийн ажлаа хийж усаа зөөж, модоо хагалчихаад дуртай номоо уншаад, ядарч цуцталаа тоглоод явдаг байсан. Сургууль багш нарыг ч үзэн ядалтай биш. Нэг л хэцүү, ёстой “Амьдрал алаан байхгүй юу” гэдэг ой тойнд буумгүй галзуу тоглоомоор хүүхдүүдийг залхааж байна. Ноён хутагтын “Хүний нас хэмжээтэй, сурах юм хэмжээгүй. Утгатай амин шимийг л хүртэж жаргаж яваарай” гэсэн сургаал бий. Өнөөдрийн хувьд, яг энэ асуудлын тухайд хувь хүн өөрөө л ухаарч сэрэхээс өөр зам алга даа. Зиндааны анд, Баасаа ламынхаа дуулдаг шиг “Хайрлаарай” л гэмээр байна.

-Хайрын тухай таны бодлоор ярилцлагаа өндөрлөе гэж бодлоо?

-Хайрыг хүмүүс янз бүрээр ангилж, нэрлэж ялгаж салгадаг. Гэхдээ байгаль чанартаа нэг л байх. Би зовж ганцаардах үедээ хайраар дутсан даа гэж эндүүрч явснаа анзаардаг. Хайраар дутсандаа биш эргэн тойрон, бүр дотор гүний гүнд буй хайрын далайгаа мэдрэхгүй үедээ л тэгдэг байх нь гэж ойлгоод байна. Мэдэрч сурах, тэрэндээ оршиж сурах хэцүүхэн л юм. Гэхдээ яваад л бай, яваад л бай гэдэг багш бурхадын үг улам тодрох шиг санагддаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 33 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top