Дэлхий нийтээр коронавируст цар тахалтай нүүр тулсан хүндхэн хоёр жилийн хугацаанд хүний эрхийн асуудал хөндөгдөж, зөрчил гарсаар байна. Манай улсад 2020 оны гуравдугаар сард анхны тохиолдол бүртгэгдсэнээр эргэж буцсан шийдвэрүүдийн эхлэл тавигдав. Тусгаарлалттай холбоотой захиргааны байгууллагуудын шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг хуульчид судалж үзээд, ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлээс лавлагаа хүссэн байна. Гэтэл 2021 оны Тавдугаар сарын байдлаар тэдгээр шийдвэрүүд бүртгэгдээгүй байв.
Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “3ахиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж тодорхойлсон. Тиймээс ковидийн үеийн захиргааны шийдвэрүүдийг хуульд заасны дагуу хэм хэмжээний актын эмхэтгэлд бүртгүүлэх зайлшгүй шаардлагатай.
Өнгөрсөн хугацаанд таван удаагийн хөл хорио тогтоожээ. 2020 оны гуравдугаар сарын 10-нд УОК хуралдаж тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлах байранд, дараа нь гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах шийдвэр гаргасан. Гэвч 16 хоногийн дараа буюу гуравдугаар сарын 26-нд энэ шийдвэрээ улам чангаруулж, тусгай үүргийн нислэгээс гадна Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор орж ирэх бүх иргэнийг 21 хоног тусгаарлах байранд байлгаж, үргэлжлүүлэн гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлахаар зохицуулсан. Ингэснээр гадаадаас эх орондоо ирсэн иргэн нийт 35 хоног тусгаарлагдаж, энэ хугацаанд эдийн засгийн хувьд багагүй зардал гаргаж, зарим тохиолдолд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд ч хохирол амсаж байсан. Энэ шийдвэр 2020 оны 12 дугаар сарын 9-нд гадаадаас ирсэн иргэнийг тусгаарлах байранд 14, гэртээ долоо хоног тусгаарлах тухай УОК-ийн журам гаргах хүртэл нийт 163 хоног мөрдөгдсөн юм.
Засгийн газар ямар нэгэн байдлаар хүний эрхийг хязгаарлах, тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлах шийдвэр гаргаж байгаа бол хуульд үндэслэсэн байх ёстой. Нийтийн эрх ашиг, хүний эрхийг эрхэмлэх зарчимтай. Хэдэн хоног, хаана тусгаарлагдах, ямар стандарттай байх вэ гэдгийг судалгаанд үндэслэн, журмаар зохицуулах ёстой. Ковидтой холбоотой захиргааны шийдвэрүүдийг гаргахаасаа өмнө хүний эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлахаар бол хуульд үндсэлсэн эсэх, эрх бүхий байгууллагуудын шийдвэр хоорондын уялдаа холбоотой байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй юм.
График: УОК-оос гаргасан гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах шийдвэрүүд
Гадаадаас ирсэн иргэдийн төлөөлөл Д.Мөнхбат “ЭМЯ-ны 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний А/269 тоот тушаалд заасан “нэг иргэнийг нэг өрөөнд 21 хоног тусгаарлах” журмыг зөрчиж, нэг өрөөнд 4-5 хүн, бүр зарим өрөөнд ес хүртэлх хүнийг хамтад нь байлгасан. Улмаар эхний 3-4 удаагийн шинжилгээгээр сөрөг гарсан хүнийг эерэг гарсан хүмүүстэй хамт байлгаж, халдвар тээгч болох эрсдэл бий болгосон. Мөн онгоцны зардлыг хоёр дахин нэмж эрүүл мэнд болон санхүүгийн томоохон алдагдалд оруулсан” тухай ярьсан юм.
Хүний эрхийг дээдэлдэг гаднын улсуудад тусгаарлалтын хоногийн талаар гаргасан шийдвэрүүд нь хууль, журамд нийцсэн, уялдаа холбоотой байсан туршлага олон. Скандинавын орнууд л гэхэд 2020 оны гуравдугаар сард коронавирусийн дэгдэлт өндөр түвшинд хүрч байсан үедээ тухайн улсад ирж буй иргэдийг дунджаар 10-14 хоног тусгаарлаж байсан. Түүнчлэн ДЭМБ-аас 14 хоног тусгаарлах зөвлөмждөө нэг ч удаа өөрчлөлт оруулаагүй билээ.
МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Нийтийн Эрх зүйн Тэнхимийн багш, "Фиделитас Партнерс" хуулийн фирмийн гишүүн, өмгөөлөгч Б.Баялагмаа “Аливаа журам батлагдахдаа хуульд үндэслэхээс гадна хүний эрхийг хэрхэн хангах ёстой гэдэгт анхааран, хоорондоо зөрчилдөхгүй байх зайлшгүй шаардлагатай. Баталж буй бүх журмыг Захиргааны ерөнхий хуульд зааснаар ХЗДХЯ-ны “Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэл”-д бүртгэж байж хүчин төгөлдөр болдог. Ингэснээр ХЗДХЯ тухайн журмыг хүлээж аваад, зөрчилдөөнгүй, тодорхой, ойлгомжтой байгаа эсэх, мөн ямар хуульд үндэслэн эдгээр тушаал, шийдвэрийг гаргасан бэ гэдгийг хянадаг. Хянаад дээрх нөхцөлийг хангасан тохиолдолд “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсээр хүчин төгөлдөр болдог. Иргэд мэдээлэл хомс байгаагаас үүдэн үл ойлголцлын зөрчилдөөн их гарч байна. Ойлгомжгүй байдал оршсоор байгаа учраас хүний эрхийн зөрчил гарч байна. Эрх нь зөрчигдсөн ч иргэд түүнийгээ хэрхэн хамгаалах, хаана хандахаа мэдэхгүйгээс хэн нэгнийг гүтгэсэн хэрэгтэн эсвэл чимээгүй хохирогч болон үлдсээр байна” гэв.
“Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй" хэмээн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын гуравдугаар зүйлд заасан байдаг. Хүний эрх гэдэг төрсөн цагаасаа эхлэн эдлэх ёстой, хийж болох үйлдлүүдийн хуулиар хамгаалагдсан боломж юм. Тиймээс та бүхэн ч бас аливаа захиргааны шийдвэр таны эрх ашиг, үндсэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа бол тухайн шийдвэр хуулийн ямар заалтад үндэслэсэн, хүчин төгөлдөр эсэхийг лавлаж, судлах боломжтой юм.
Коронавируст цар тахлын үед Монгол Улсын хэмжээнд ажиглагдаж байгаа хүний эрхийн зөрчлийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хуулийн дагуу олон нийтийн эрхийг хангуулах “Эрхээ эдэлье” санаачлагын хүрээнд бэлтгэв.
"Фиделитас Партнерс" хуулийн фирмийн гишүүн өмгөөлөгч, МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Нийтийн Эрх зүйн Тэнхимийн багш Б.Баялагмаа болон Гадаадаас ирсэн иргэдийн төлөөлөл Д.Мөнхбатын ярилцлагыг хүргэж байна.