x

Нямдорж хэмээх хачин үзэгдэл

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулаас гурван сарын өмнө Улаанбаатарт судалгаа хийж үзсэн. Нэр дэвшиж магадгүй 13 хүнд хийсэн судалгаагаар Миеэ Энхболд 9 дүгээр байр эзэлж байсан бол нэг намынх нь Нямдорж эхний тавд багтаж байв. Энэ судалгааны дүн тухайн үедээ олон нийтийн сүлжээгээр гарч байсан. Судалгааны нэгдүгээрт Жэнко тасархай, гуравт Буянгийн Жаргалсайхан, дөрөвт Нямдорж байв.

Нямдорж өнөөгийн манай нийгэмд хамгийн шударга хүн гэсэн имижтэй. Гэтэл шударга гэж юу гэсэн үг вэ? Ямар хэмжүүртэй вэ? Хэн нэгэнд шударга гэж магтагдсан юм нөгөөд нь шударга биш гэж үнэлэгддэггийг шүүхийн аль ч шийдвэрээс харж болно. Гэхдээ үүнийг олон нийтийн үнэлгээний дундачаас тодруулбал өөрөөр үзэгдэнэ. Хууль, журам, дүрэм, тогтоол зарлигт юу гэж заасан байгааг эсэргүүцсэн бол шударга байна гэсэн үнэлэмж манайханд нэлээд түгээмэл. Хэдэн зуун жилийн турш гаднаас тулгагдсан хуультай явсан болохоор хуулийг зөрчвөл шударга байгаа хэрэг гэсэн ойлголт бидэнд буй болжээ. Тийм учраас хулгайчийг хүндэтгэх, магтан сайшаах, домогт мөнхлөх үзэл бат тогтсоныг хөшөөг нь босгосон Торой банди, Тунгалаг Тамир зохиолд домог болон хайрлагдсан цахиур Төмөр нараар жишээлж болно. Бусдын хөрөнгийг хулгайлах дээрэмдэх нь аль ч нийгэмд хууль зөрчиж буй хэрэг боловч бусдын хуулиар хориглогдсоныг зөрчих нь шударга төдийгүй эх оронч үйлдэлд тооцогдож буйн тод жишээ. Колони болон эзлэгдсэн аль ч үндэстэнд тохиолддог нийтлэг үзэгдэл. Болгарчууд үгүй гэхээрээ толгой дохидгийг гайхан ярьдаг. Хүүхэд мээмэндээ цадахаараа толгой сэгсэрдгээс бүх үндэстэн татгалзвал толгой сэгсэрдэг болж гэж судлаачид хэлдэг. Гэтэл Түрэгийн дарлалд 500 жил болсон тэд толгой дохин эсэргүүцдээ илэрхийлдэг нь хожим буй болсон ухамсарт үйлдэл юм.

Лоохуузыг хувиараа үйлдвэрлэл явуулсан гэж 6 жилээр, Цэдэндоржийг нам засгаа муулсан гэж 7 жилээр, Чойномыг удирдагчийг доромжилсон гэж 5 жилээр шоронд шийтгэсэн, Ренчинг үндэсэрхэг үзэл гаргасан гэж гүтгэн доромжилсон нь нийгмийн ухамсартай хэсгийн дургүйцлийг төрүүлсэн, тэр нь аливтөрийн хуулийг шударга бус гэсэн үнэлэмж буй болгосон нь үнэн л дээ. Бараг 30 мянган хүнийг нам төрийн дайсан, Японы тагнуул хэмээн буудан алсан нь ч хуульд үл итгэх үзлийг буй болгосон. Цаана нь бас 30 мянган хүн төрийн хуулиар гүтгэгдэн шоронд олон жил суун амь мултарсан нь нийгэмд хуулийг шударга бус гэсэн үзэл дархлагдахад нэмэр болсон.

Гэтэл шударга ч бай, шударга бус ч бай хууль журам нь хүний нийгмийг зохицуулж авч явдаг ганц механизм. Хууль үгүй бол аль ч нийгэм тогтохгүй. Хүн бол байгалиасаа сүргийн амьтан. Сүрэглэж, хамтран амьдарч, хоорондоо зохицож байж нийгэм үүсдэг. Нийгмээс гадуур хүн гэж үгүй, Робинзон Крюзо бол зүгээр л хий санаа. Хүн төрлөхтний түүхийн явцыг ажхуйд хууль улам шударга болсоор байгаа. Хаан эсвэл сүм хийд хууль тогтоодог байснаа больж тэнэг ч бай ухаантай ч бай ард түмэн өөрсдийн сонголтоор хууль тогтоодог дэг жаяг өнөөгийн дэлхийд хэвшил болжээ. Тухайн ард түмнийг гадны хүчин өөрийн хуулийг тулган хүчирхийлдэг явдал манай зуунд бараг үгүй болсон. Аль ч ард түмэн хүний эрхээр жаргахаа больж өөрийн эрхээр зовдог болжээ. Хэнээр хуулиа тогтоолгохыг ард түмэн хэний ч шахалтгүйгээр өөрсдөө сонгон шалгаруулдаг механизм Монголд хэрэгжээд бараг гучин жилийг элээжээ. Энэ бол хүний бүхэл бүтэн үе.

Энэ гучин жилд Нямдорж ард түмнээсээ завсарлагагүй бараг арваад удаа сонгогдсон. Өөр тийм бие хүн бараг үгүй. Ард түмэн түүнд хайртай, яагаад гэвэл тэр шударгын хэмжүүр. Яагаад гэвэл тэрээр “хууль ямар хамаатай юм!” гэж улайм цайм хэлж чаддагаараа монголын ард түмний талархлыг хүлээдэг. Яагаад гэвэл бид хуулийг хүчирхийлэл, шударга бус зүйл, нулимж байвал таарах хог гэж үздэг учраас. Яагаад гэвэл Нямдорж Монголын хуулийг хариуцсан сайд олонтоо болонгуутаа “хууль сөнөтүгэй” гэж байнга хэлдэг, хэрэгжүүлдэг учраас. Яагаад гэвэл тэрээр ямар ч хуулийг сөрөн зогсдог, хууль хэрэгжүүлэх үүрэг бүхий инстүүц болон мэргэжлийн хүмүүсийг “нохойн баас” гэж доромжилж чаддаг учраас. Хуулийг үл хүндэлдэг нийгмийн сэтгэхүй дээр тоглож чаддаг учраас.

Ленинградын Их сургуульд хуулийн мэргэжил эзэмшсэн гэх. Тав зургаан жил ногоотой хоолыг нь идчихээп орос хэл огт мэддэггүйг нь би сайн мэдэх юм байна. Хичээлээ таслалгүй хичээнгүй гүйгээд байгаа гадаад оюутанд яаж ийж байгаад дипломыг нь өгчихдөг л дөө. Хэл ч яахав, харин түүнд эрх зүйн ямар ч ойлголт боловсрол олгосонгүй. Дээр нь хэн байна түүнтэй тэмцэлдэж нэхийгээ тайлалцан алалддаг нь харин төрлөх араншин нь байх. Чухам энэ чанар нь түүнд “шударга” нэр авчирсан юм. Цэргийн прокурорт хэрхэн шударга байсан тухайгаа ярих дуртай. Үнэндээ дээр нь байсан дарга нартайгаа таарахгүй хэрэлдэж явсан л байдаг. Оргосон цэргийн эрлэг байсан гэх юм билээ. Олон залуу хүний гэнэн алдаа амьдралыг нь сүйтгэсэн дээ. Нэг дуракт шударга нэр олж өгөхийн тулд шүү дээ.

Нийгэм өөрчлөгдлөө, хуучин нь буруутаж, шинэ нь магтагддаг цаг. Нутгийнх нь дээшээ гарсан хэд нь мань хүнийг хөтөлсаар Бямбасүрэн гуай дээр дагуулж орсон юм. Хөсрий коммунист хуучинсагууд энэ шударга хүнийг хавчсаар өдий хүрлээ гэсэн тайлбартайгаар. Мэдээж Ерөнхий сайд шударга хүний эрэлд хатчихсан байсан тул түүнийг шууд л Хууль зүйн яамны дэд сайдаар сарааз моёор болгох нь тэр. Ажилд орсон өдрөөсөө л нөгөө дэд сайдтайгаа шударгын төлөө алалдаж гарах нь тэр. Нарийн ярьвал шинэ шорон барих хөрөнгөн дээр булаацалдсан юм билээ. Таарсан гарууд даа.

Ийм шударга хүнийг 1992 онд ард түмэн хууль тогтоогчоор амархан сонгов. Сэнтийдээ сууж амжилгүй л Чимид гуайтай заргалдаад унасан. Эрх зүйн мэдлэгээр биш, шударгаараа хэн нь урдаа гарах нь гэсэн тоглолт шүү дээ. Өвгөн хуульч ийм нахаал мэтгэлцээнд ялагдаж л таараа. Ерэн зургаан оны сонгуульд цөөнх болсон Ардын хувьсгалт намыг үнэн хэрэгтээ шударгаар толгойлох болсон Нямдорж шиг шударга хүн тэр үедээ дэлхийд байгаагүй байх. Тухайн үеийн квот тийм байсан болохоор Ардын хувьсналт нам хурлыг 130 удаа хаяж гарснаар төр хүчгүйдэж ямар ч шийдвэр гаргаж чадахаа больж байсан. Үүнийг Нямдорж удирдан зохион байгуулж байлаа. Шударга л байгаа биз дээ? Сүүлдээ Ардчилсан хүчний эвсэл дундуураа хагаран элсний арван гурав гэгчтэй болж Засгийн газраа дөрөв дахин солин булайгаа хутгасан. Элснийхний удирдагч До. Ганболд гэгч төр ямар шийдвэр гаргахыг Нямдоржоос очиж асуун санал өгдөг байсныг олон хүн гэрчлэх бизээ.

Энхбаярын Засгийн газрын үед Ерөнхий сайдтайгаа үзэж тардаг байх нь. Нэр хүнд нь доошилж буйг анзаарсан хэрэг. Юмны үнэр авахдаа гаргууд л даа. Өөрийг нь үл тоодог байсны хариу. Тэрээр Дотоод явдлын яам байгуулж түүндээ Тагнуулын ерөнхий газрыг хамааруулъя хэмээн сөрөг хүчин байхдаа хүн хүнээс гуйгаад явдаг байсан. Ардын хувьсгалт нам дараагийн сонгуулиар ялах нь тодорхой, тэгэхэд энэ инстүүцийг өөртөө авна гэж тооцоолсон хэрэг. Гэтэл Энхбаяр нь нохойтоод Хууль зүйн сайд болсон түүнд Хилийн цэргийг өгөөд Тагнуулыг нь өгсөнгүй. Энхбаяр ч үүнийхээ шанг сайн хүртсэн, юу гэвэл түүнийг шоронд оруулах ажлыг Нямдорж зохион байгуулж хонзонгоо авчээ. Түүний дараа дараагийн дайсан нь Баяр, Энхболд, Элбэгдорж нар тодорч байсан нь шударгаас нь болсон хэрэг шүү дээ.

Нямдорж улс төрийн аль нэг бүлэглэлд ордоггүй. Байнга талцаж өширхөж, тэгснээ эргэж нийлэн шинэ бүлэглэл үүсгэдэг, биенээ ээлжлэн унагадаг хоролдог тогтолцоон дунд аль ч талд нь оролгүй явахад муудалцагчид хүрч ирэн сандал суудал амлан өөртөө түр элсүүлдэг учраас тэрээр таван ч удаа сайд болж рекорд тогтоогоод байгаа. Гэтэл нөгөө талаасаа огт бүлэглэлдэггүй юм уу гэхээр үгүй. Нам мам нь хамаагүй нутгийнхнаа нэгтгэж дээр нь гараад суучихаа мэднэ. Халх, ойрдын дөрвөн зуун жилийн зөрчлийг сэргээж яваа нэгэн. Бөхчүүд хоорондоо үзэлцээд байна л гэнэ, энэ бол нүдэнд өртөх наанаа ил харагдаж байгаа үзэгдэл нь юм.

Хувь хүнийг нь баахан муулчихлаа, уул нь энэ өгүүллийг бичихдээ тийм зорилго тавиагүй юм. Иймэрхүү бусармаг ааштай өөдгүй хүн хорвоогоор нэг байдаг болохоор Нямдорж тийм ч ховор амитан биш л дээ. Гол нь эрх мэдэлтэй, төр улсын хэмжээнд шийдвэр гаргах эрхтэй энэ хүн нийгэмд ямар хор учруулаад байгааг хэлэх гэсэн юм.

Германы Ханс Зайдлын сангийн хуульч мэргэжилтнүүд урилгаар ирж Монголын хуульчидтай хамтран таван жил ажилласны эцэст Эрүүгийн хууль, Иргэний хууль бүтээсэн билээ. Эрх зүйт төрд хамгийн чухал хуулийн нэг. Нямдорж энэ хуулийг гадаадыхнаар хийлгэхгүй гэж өөлсөөр УИХ-д оруулаагүй. Гадаадынх дээрээ тулбал нэг талаас манай шилдэг хуульчид хамтарсан, нөгөө талаас Япон, Герман хоёр дэлхийн хамгийн шилдэг сайн Үндсэн хуультай гэдэг, учир нь дайнд ялагдсан учраас гадныхан Үндсэн хуулийг нь хийж өгчээ. Ингээд мань хүн Хууль зүйн сайд болуутаа өөрөө (өөрөө ч юу байхав амаараа хамаандлан хийлгүүлсэн) Монгол улсыг цоо шинэ Эрүүгийн болон Иргэний хуультай болгов. Түүний хуулийн ойлголт нь иргэдийг чангалаад л байвал дэг журам тогтдог аж. Энэ бүтээлээс нь болоод талхны мөнгө хуйлгайлсан хүүхэн 10 жилийн ял авахаар болж байсныг санаж байна уу?

УИХ-ын спикерээр богино хугацаанд ажиллахдаа нэгэнт батлагдчихсан хуулийг засаж өөрчилсөн байдаг. Энэ нь баригдчихаар “Дахиж би засаж байхгүй, яршиг зүгээр. Муу хуультайгаа л явж байхгүй юу” хэмээн тунирхаад байгаа хүн хуулийн аль зэрэг ойлголттой байж таарах вэ! Хуулиар бол мөрдөн байцаах ажиллагаа, прокурорын үйлдэл зэрэг нь Хууль зүйн яамтай огт холбоогүй тусдаа бие даасан сүбъектүүд юм. Мань хүн сайдаараа далимдуулж эдний хэрэгт үргэлж оролцоно, гол нь гох дэгээ болгож ашиглахын тулд бусдын факт цуглуулдаг. Генерал Баатарыг улсын нууц задалсан гэж 7 жилийн ял өгсөн. Гэхдээ 3 жил нь нууц задалсан, 4 жил нь сайдыг доромжилсон гэсэн заалттай. Ямар жишиг үлдээж буй хэрэг вэ?

Тэрээр одоо улам даварсаар шүүх эрх мэдлийг булаацалдаад уналаа. Хэсэг хүмүүс гадаадын мэдэлд байсан Эрдэнэтийн 49 хувийг худалдаад авчиржээ. Худалдаж авсан мөнгө нь булхайтай байсан гэж дайрсаар байгаад хөрөнгийг нь хураах тогтоол УИХ-аар гаргуулж дөнгөв. Булхайтай байсан эсэхийг нь мэдэхгүй юм. Юутай ч бусдын хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хурааж болно, өөрөөр болохгүй. Энэ тухай Үндсэн хуулинд тов тодорхой заасан байгаа. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүн таслах инстүүцүүд бүгд зэрэгцэн оршдог, бинийхээ дээр гарах, өмнөөс нь шийдвэр гаргах эрх үгүй. УИХ гомдолтой, эсвэл хардаж байгаа бол энэ асуудлаар шүүхэд хандана уу гэхээс шүүхийн үүрэг гүйцэтгэх эрх байхгүй. 

Одоо байчихаад ажил хийлгэхгүй байгаа учраас шүүхийг татан буулгана гэж заналхийлэх боллоо. Шударгыг нь гайхсаар яваад энэ улс орон чинь юу руу хальтарч унах гээд байна даа! Ярьвал ч зөндөө л юм байна. Цааш нь ярих уу, яахав?

Б.Баабар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баабар гуай (212.112.122.115)
    Нямдорж гуайд но бий л байх гэхдээ Эрдэнэтийн 49%ийн луйврыг зогсоож чадаж байгаа л хүн. Энэ луйварчид чинь шүүх цагдааг худалдаж авсан байгаа тул шүүхээр луйвраа хамгаалсан шийдвэр гаргуулаад бгаа л даа. Эрдэнэтийн луйварчдын луйврыг илчлэх ямар нэгэн хуулийн гарц бгаа л байх
    2018 оны 07 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 44 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 55 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 3 цаг 47 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 3 цаг 55 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 4 цаг 19 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 5 цаг 4 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top