Зам тээврийн хөгжлийн яам, АТҮТ-өөс Эрээн-Улаанбаатарын ачаа тээврийн үнийг 10 сая төгрөг байхаар тогтоогоод байгаа. Энэ талаар АН-ын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир өнөөдөр үдээс өмнө хийсэн мэдээлэлдээ,
-"Тяньжин боомтод 150 мянган ачаа байгаагаас 4,300 нь Монголын ачаа байгаа. Тэнд байгаа ачаа наашаа огт хөдөлдөггүй. Дээрээс нь үнийн өсөлт гаарлаа. Ачаа тээврийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй гээд тогтоочихоор тухайн ачааг тээвэрлэх машин олдохгүй байна. Хулгайгаар хоорондоо 30-40 сая төгрөгөөр тохирчихоод 10 сая төгрөгөөр тээвэрлэсэн гэж мэдүүлж байгаа. Замын-Үүдийн тээврийн асуудалд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй.
Эдийн засгийг эрчимжүүлнэ гэдэг нь худалдааны бодлого чөлөөтэй байх ёстой. Худалдааны бодлого нь Замын-Үүдэд байгаа нөхцөл байдлыг шийдэх. Хоёр, гурван сарын өмнө өгсөн даалгавар нь биелэхгүй болохоор нэг сумын Засаг даргыг очиж баривчилдаг. Эрх баригчид эдийн засгийн бодлогоо удирдаж чадахгүй байна" гэсэн билээ.
Дээрх мэдэгдлийн хариуд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
-"Ачаа тээврийн үнийн хувьд хоёр талаасаа зохиомол хөөрөгдөл гаргасан нь үнэн. Авто тээврийн үндэсний төв болон Засгийн газрын төлөөлөл, Ажлын хэсгийнхэн 10 сая төгрөгийн босго гаргасан нь зөв. Хязгаарлалт хийхгүйгээр хяналтгүй орхиж болохгүй. Эцэст нь хэрэглэгч хохирно. Сүүлийн жолооч нар дээрх асуудлыг гаргасан. Үнийн хязгаарлалт тогтоосноор жолооч нарт сонголт өгч байгаа юм. "Та энэ үнээр тээвэрт явж болно, үгүй бол дараагийн жолооч нарыг гаргаад явуулъя" гэж байгаа юм.
Машины тоог нэмэхийн тулд Монголын Авто тээвэрчдийн холбоотой ярилцаж байна. Алтанбулаг-Хиагт чиглэлд автомашины толгой сольдог горимд өнгөрсөн жилээс шилжсэн. Үүнийг Замын-Үүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төмөр замд ачих ажиллагаанд Эрээн хотын захиргаа энэ асуудалд анхаарч байгаа тул ахиц гарч байгаа" гэв.