Цагдаагийн алба хаагчид жирийн иргэнийг зодож танхайрч буй бичлэг Долдугаар сарын 29-ний 21:00 цагт цахим орчинд цацагдсан байдаг.
Улмаар иргэний эрх чөлөөнд халдаж буй цагдаа нарын үйлдэл олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Уг бичлэгтэй зэрэгцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт "Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож танхайрсан хэргийг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооц" гэх үүрэг, чиглэл өгсөн гэх мэдээлэл бий.
Энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын зүгээс Долдугаар сарын 30-нд албан ёсоор мэдээлэл хүргэсэн байдаг.
Тодруулбал, ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах цэнгээний газарт нэр бүхий иргэд төлбөр тооцоогоо хийхгүй маргаан үүсгээд байна" гэсэн дуудлагын дагуу алба хаагчид 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03:00 цагт очиж ажиллажээ.
Ингэхдээ зөрчил гаргаж, иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдож байна. Тухайн үед энэ үйлдлийг иргэн, цагдаа хоорондоо ярилцан тохиролцож дээд шатны байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан байсан нь олон нийтэд ил болсон.
Мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харьяаллаар АТГ-т шилжүүлэх саналыг хүргүүллээ. Хуулийн хариуцлага хүлээлгэх эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Харин ЦЕГ-аас иргэдийн эрх чөлөөнд халдсан, тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарын албан тушаалыг өнгөрсөн шөнийн /долдугаар сарын 29-нд/ 04:00 цагт түдгэлзүүлж, үүрэг гүйцэтгэлийг зогсоосон" гэсэн юм.
Хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн алба хаагчид хүний эрхийн зөрчил гаргасан энэхүү үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндоржтой цөөн хором ярилцлаа.
-Цагдаа нар иргэдийн эрх чөлөөнд халдсан бичлэг сошиал орчинд цацагдсанаар шүүмжлэл дагуулаад байгаа. Хэрэв дээрх зөрчилтэй тулгарвал иргэд гомдлыг хаана гаргах боломжтой вэ. Цагдаагийн дотоод хяналт гэдэг нь ямар чиг үүрэгтэй газар байдаг юм бол?
-Мэдээж шүүхэд хандах зэргээс эхлээд гомдол гаргах олон байгууллага бий.
Чухамдаа хүний эрхийн тухай зөвхөн ярьдаг болохоос биш, бид хүндэтгэх түвшиндээ хүрээгүй байгаагийн үр нөлөө ажиглагдаж байна. Иргэд маань үүнийг үр нөлөөтэй болгохын тулд хөл хүрэх газар бүрээр явж заргалдах хэрэгтэй.
Чухамдаа асуудлыг тоохгүй орхих тусам хууль бус үйлдэл газар авна шүү дээ. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт бол зөвхөн "дотоод хяналт”, хамгийн гол нь хөндлөнгийн хяналттай байснаар үр нөлөөтэй болно. Үүнээс ургуулан тэр хяналтын үр нөлөөг бодож ойлгох хэрэгтэй.
-Иргэд ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад саатуулагдаж, байцаалт өгөх зэрэг тохиолдолд эрх болон үүргээ мэдэх ёстой байх. Энэ талаар товч тайлбарлавал?
-АНУ-ын дээд шүүхээр тогтоосон Мирандаагийн зарчим гэж үндсэн хуульт ёсны зарчим байдаг.
Тодруулбал, цагдаад дуудагдан мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүйгээр нэг ч үг хэлэхгүй байх эрх юм. Энэ эрх нь манайд процессын хуулиар нээгдсэн байдаг. Гэвч иргэд хууль эрх зүйн мэдлэггүй, засаг төр нь мэдүүлэхгүй байгаагаас болж хохирсоор байна.
-Хэрэв цагдаа тулган шаардсан асуулт асуух, сүрдүүлэх улмаар иргэний биед халдах тохиолдолд хэрхэх ёстой вэ?
-Түрүүн дурдсан зарчмын дагуу мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Өөрөөр хэлбэл, процессын хуулийн заалтыг тухайн цагдаад сануулах хэрэгтэй. Аливаа зүйлийн утга учрыг мэддэг хүнтэй харьцахдаа ядаж л эмээнэ шүү дээ. Тиймээс иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал.
-Цагдаа нарын энгэрийн камер, эсвэл саатуулан баривчлах байруудын камерыг нь үзэж, зөрчлийг шалгуулах хүсэлт гаргах эрх иргэдэд бий юү?
-Мэдээж байлгүй яахав. Харин хэн шалгах вэ гэдэг нь гол асуудал. Монголд ардчилал, хүний эрхийн бүх институц бий. Харин жинхэнэ утгаараа институци болоогүй учраас дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч нь болоод байгаа юм.
-Цагдаагийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдыг гэмтээх, хохироох, цаашлаад амь насанд нь хохирол учруулбал ял шийтгэл нь өндөр байх уу. Цагдаагийн алба хаагчийг үүрч шидсэн иргэнд гурван жил хорих шийтгэл оногдуулсан гэх мэдээлэл бий. Харин эсрэгээрээ цагдаа хүний эрхэд халдвал яах вэ, эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг бол?
-Бүх нийтийн эрх ашиг, хэв журмыг сахиулдаг нийтийн албан тушаалтан учраас цагдаагийн биед халдах нь ял шийтгэл өндөртэй. Тэр ч бүү хэл зайлшгүй нөхцөл тулгарвал цагдаа зэвсэг хэрэглэх эрхтэй байдаг.
Цагдаагийн алба хаагчдыг иргэд ч хүндэтгэдэг. Мэдээж цагдаа хүний эрхийг зөрчиж болохгүй. Хэрэв зөрчвөл гэм зэм хариуцлагад татагдах нь зүйн хэрэг. Дээрх үйл явцыг авч үзвэл, нэг талаас цагдаа, нөгөө талаас иргэд хоёул түүхий байгаагийн илрэл. Уг нь хүн зодохоор юу болдгийг цагдаа нар мэдэхийн илүүгээр мэднэ шүү дээ.
Хамгийн гол нь цагдаагийн алба хаагчдыг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй, эрх мэдэлтний зодуурын саваа болгож л болохгүй. Одоо улс төрчид цагдаагийн ажилд их хутгалддаг болжээ. Ингэж улстөрчидтэй хутгалдах, тэдний хамгаалалтад орвол цагдаа, цагдаа биш болдог.
-Ер нь олон улсад цагдаагийн ёс зүйн асуудал, энэ мэт зөрчлийг хэрхэн хянадаг юм бол. Манайд цагдаагийн албан хаагчийн зөрчлийг дотооддоо хянадаг тогтолцоотой юм байна?
-Манайд хяналт шалгалт дутаагүй, харин ч их байгаа. Хамгийн гол нь үр нөлөө муутай. Бид хариуцлагыг шат шатандаа зөв үр нөлөөтэй тооцохгүй болохоор энэ мэт үйлдэл газар аваад байгаа юм. Түүнчлэн манайд олон улсын туршлага дутаагүй, үр нөлөөтэй хэрэгжүүлдэг чадвар л дутдаг. Иргэд маань өөрсдөө зөв байвал цагдаа зүгээр байгаа хүнийг зодох нь юу л бол гэдгийг ч бодолцож үзэх хэрэгтэй. Нөгөө талаас ийм юм болсон үед хариуцлагыг зөв тооцож чаддаг байх нь чухал.
-Тэгэхээр мэг талаас хууль зүйн мэдлэгтэй, ёс суртахуунтай иргэд, нөгөө талаас хүний эрхийн мэдрэмжтэй цагдаатай байвал асуудал даамжрахгүй гэсэн үг байх нь ээ?
-Яг зөв. Иргэд эрх, үүргээ мэддэггүй байхад тэдний эрхийг хүндэтгэдэг цагдаа байх бололцоогүй гэсэн үг.
Эх сурвалж: Өдрийн сонин