x

Ц.Сосорбарам: Улаанбаатарт 1966 оныхоос хүчтэй үер буувал Туул, Сэлбэ зэрэг гол дагасан хорооллуудын орон сууцны гуравдугаар давхар руу ус орох хэмжээний аюултай

Мэргэжлийн байгууллагуудаас ойрын өдрүүдэд усархаг үргэлжилсэн бороо орж үер усны болзошгүй аюулаас сэрэмжлүүлээд буй. Энэ талаар техникийн ухааны доктор, усны зөвлөх инженер Ц.Сосорбарамтай ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж 1966 онд болж байсан үер усны аюул болж магадгүй гэж мэргэжлийнхэн анхааруулах боллоо. Иймэрхүү байгалийн гамшигт үзэгдэл цаг хугацааны хувьд цикльтэй байх уу?

-1997-2007 оны хооронд хур бороо багатай ган гачиг болсон. Үүнтэй холбоотойгоор 23 сая мал хорогдож 40 мянган хүн хөдөөнөөс хот руу шилжиж орж ирсэн судалгаа бий. Ер нь байгалийн гамшигт үзэгдлийн цикль гэж байдаг л даа. Зуун жилд нэг удаа болдог үер гэж байдаг. Тэрний 67 хувьтай тэнцэх хэмжээний үер 1966 онд болсон. Тооцоо хийж үзэхэд Маршалын гүүрний дээгүүр ус хальж байсан гэсэн. Тэр усны хэмжээгээр тэмдэг тавьсан байдаг. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээс болж хот бүхэлдээ усанд автсан байдаг. Хамгийн гол нь тухайн жилийн үер 67 хувьтай.

Тэгвэл зуун хувьд хүрсэн хэмжээний үер болвол Маршалын гүүр давах юу ч биш. Туул, Сэлбэ зэрэг томоохон голын ай саваар барьсан хороолол, хотхонуудын хоёр, гуравдугаар давхар руу ус орох хэмжээний үерлэнэ гэсэн үг. Гэтэл өнөөдөр үерийн яг эрчимтэй өнгөрөх голын ай сав хэсгээр маш олон орон сууцны хорооллын төвлөрөл бий болчихсон. Усархаг бороо хэдхэн өдөр дараалаад ороход л хот даяараа үерт автана. Энэ хэрээр ямар хэмжээний хохирол амсах нь ойлгомжтой xapaгдаж байгаа байх.

-Зуун жилд нэг давтагдах тэр аюултай үер нь цаг хугацааны хувьд ойрхон байна уу?

-Арай болоогүй. Одоо 70-аад жил болж байна. Гэхдээ тийм хэмжээний гамшигт үзэгдэл тохиож магадгүй. Цаг хугацааны хувьд дөхөж байгаа шүү дээ.

-1966 оны гамшигт үзэгдлийн дараа нийслэлийг үерээс хамгаалах томоохон далан шуудуу босгосон байх. Энэ хамгаалалт нөлөөлөхгүй гэж үү?

-Туул голын ус 1-1.4 метр секундын хурдтай урсдаг. “Уу" булангаас үерийн ус уруудсаар арваад хоног болж нийслэлд орж ирдэг. Уг нь удаан ирж байгаа юм шиг боловч тэр үед усны харуул ч гэж байгаагүй. Улаанбаатар хот усанд нэрвэгдсэний дараа тодорхой хэмжээгээр үерийн хамгаалалт босгосон. Тухайн үед ЗХУ-ын тусламжтайгаар үерийн далан барьсан байгаа.

Та бүхэн анзаарсан бол Туул голын дагуух далан яг Маршалын гүүрний нөгөө тэмдэглэгээний хэмжээгээр барьсан байдаг. Нэлээд олон жил барьсан. Би тухайн үед МУИС-ийн багш байсан. Оюутнууд маань ч тус ажилд оролцож байлаа. Тэр яг эцсийн найдвартай хамгаалалт биш байхгүй юу. Яагаад гэвэл түрүүн хэлсэнчлэн энэ бол 67 хувийн үзүүлэлттэй үерийн түвшнээр барьсан далан. Хэрэв үүнээс аюултай үерлэвэл хамгаалалт болж чадахгүй.

-Туул голын эхэнд усан сан буюу цогцолбор барьснаар энэ мэтчилэн олон асуудлыг шийднэ гэж хэсэг яриад чимээгүй болсон. Тэгвэл нийслэлийг үерийн аюулаас ямар ч үед хамгаалах хамгийн оновчтой хамгаалалт юу байна вэ?

-Хамгийн найдвартай хувилбар бол Туул голын дээд талд усан цахилгаан станц барих. Товчхондоо ус тохируулгын системтэй болж чадна гэсэн уг. Манай хойд хөршийн Эрхүү, Москва зэрэг томоохон хотууд эргэн тойрондоо том гол мөрөнтэй. Тиймээс хотоо тойруулаад шороон далан буюу боомт бариад усан цахилгаан станц олон тоогоор барьчихсан байдаг. Яагаад гэхээр үерээс хамгаалах хамгийн найдвартай арга байхгүй юу. Гэтэл манайд нийслэлээ үерээс хамгаалах нэг ч усан цахилгаан станц алга. Улаанбаатар хотыг үер уснаас хамгийн найдвартай хамгаалах арга бол Гачууртын хавьд боомт бариад нуур үүсгэх л явдал.

Энэ нь нэгдүгээрт үерээс хамгаална. Хоёрдугаарт ган гачигаас хамгаална.

-Энэ усан цогцолборын яриа олон жил яригдаж байна. Яагаад өнөөдрийг хүртэл ажил болгож чадахгүй байна вэ?

-Төр засаг ойр ойрхон өөрчлөгдөж байна. Энэ болгонд “Туулын усан сан’ төслийг танилцуулж ач холбогдлыг нь тайлбарладаг хэдий ч төдийлөн ажил болж чадахгүй байна. Уг нь херенгө мөнгөтэй томоохон хувийн байгууллагууд ч төслийг гүйцэтгэчих боломжтой байгаа юм. Сүүлийн үед ганц нэг хувийн компаниуд энэ тал дээр анхаарч, сонирхож байх шиг. Гачууртын дээд талд хуучин ЗХУ гурван хөндлөвч гаргасан байдаг. Нуур барих судалгаа хийгээд гурван газар боломжтой гэж үзсэн. Гэхдээ нэгдүгээр хувилбарын бүсэд зуслангийн айлууд ихтэй.

Хоёрдугаар хувилбар нь газар хөдлөлийн идэвхтэй бүстэй бөгөөд хагаралт өгөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан. Харин гуравдугаар хувилбар нуур барихад хамгийн тохиромжтой гэсэн. Би Усны газрын дарга байхдаа жаал хөөцөлдөж явсан. Одоо энэ хувилбарт л барих ажил урагшилж магадгүй байна. Улаанбаатар хотын 1.5 сая хүний ус хангамжийн асуудлыг шийдэх зорилгоор АНУ-аас 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт Монголд ороод ирчихсэн байна. Ингэхдээ нуур барих байтал голын доод тал руу 52 худаг гаргахаар төлөвлөж 298 сая ам.доллар зарцуулаад худгийнхаа усыг цэвэршүүлдэг систем хийхээр төслийг эхлүүлээд явж байгаа. Энэ нь 2026 он хүртэл нийслэлийг цэвэр усны хомсдолд оруулахгүй гэж хийж буй ажил. Түүнээс хойш цэвэр усны хомсдолд орно гэж үзээд байгаа. Тэр усны дутагдлыг уг нь дээр нь барих нуур буюу усан сангаар шийдэх бүрэн боломжтой байхгүй юу.

Энэ чинь өөрөө усны хомсдолоос сэргийлэх нэг шинэ эх үүсвэр юм.

-“Туулын усан сан” цогцолбор төслийг хэрэгжүүлснээр үерээс хамгаална, цэвэр усны хомсдолд орохгүй гэж байна. Ер нь төслийн ач холбогдол, бодит үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Нийслэлийг нэгдүгээрт 1966 оных шиг үерийн аюулаас хамгаална. 

Хоёрдугаарт 1997- 2007 онд нийслэлд болсон их хуурайшилт, ган гачигаас хамгаална. Өөрөөр хэлбэл, экологийн ус бий болгоно. Экологийн ус гэдэг чинь загас жараахай гээд тэнд амьдрал явагдаж байна. 

Гуравдугаарт, нийслэлийг усаар хангахад чухал ач холбогдолтой. 

Дөрөвдүгээрт "Туулын усан сан"-г Усны тухай хуулийн 17,17.1-д зааснаар 200 метр тойроод хамгаалалтын бүс тогтооно. Харин энэ бүсээс цааш аялал жуулчлалын бүсийг бий болгох таатай нөхцөл бүрдэнэ. Услалтын систем үүсгээд жимс, ногоо тарьдаг ч юм уу усаа тойроод загас үржүүлэг зэрэг юу л бол юу хийж болно. Маш олон ач холбогдолтой. Дээр нь ойрхон Улаанбаатар хотын дээд эх үүсвэрийн шугам сүлжээ байгаа. Түүн рүү усаа нийлүүлчихнэ. Хотын хүн ам үргэлж нэмэгдэнэ. Тиймээс тэр бүхний цэвэр ус, бохирын асуудыг шийдээд явах боломжтой.

-“Туулын усан сан” барихын тулд хичнээн төгрөгийн санхүүжилт шаардагдах вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтаар барихад 400-гаас дээш сая ам.доллар болоод явчихдаг. Сая манай улс өөрсдөө гадныхаас хамаагүй бага мөнгөөр төмөр зам барилаа ш дээ. Үүнийг хараад би үүн шиг Монголын инженерүүдээ оруулаад өөрсдөө баривал хоёр дахин бага өртгөөр ‘Туулын усан сан"-г барих боломжтой юм байна гэж бодсон. БНСУ-ын нэг компани энэ төслийн судалгааг хийгээд 465 сая ам.доллар гэсэн бол ОХУ 260 сая долларын төсөв гаргасан байдаг. Харин бид өөрсдөө хийвэл 200 сая ам.долларт хийх боломж бидэнд байна. Ер нь өөрсдөө аливаа томоохон бүтээн байгуулалтаа хийх сонирхолтой болж байна. Тиймээс би ч гэсэн мэргэжлийн хүний хувьд өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа энэ төслийг удахгүй хөдлөх болов уу гэж найдаж байгаа.

Ер нь үерийн даланг шороон далан, булдаж нягтруулсан боомт, бетон гэж гурав ангилдаг. Булдаж нягтруулсан боомт гэдэг нь цемент, нүүрсний үнс зэрэгтэй хольж цутгасан далан л даа, Тайширын усан цахилгаан станц шиг. Бетон далан бол өндөр өртөгтэй. Шороон далан бол хамгийн хямд өртгөөр босох хэдий ч газар хөдлөлт зэрэгт тэсвэртэй, уян хатан бүтэцтэй, найдвартай. Үнэ ч хямд тусна. Манайд шороон далан хамгийн тохиромжтой. Оросын томоохон хотууд яг ийм шороон далантай. Үүгээрээ нуур үүсгээд усан цахилгаан станц барьчихсан байдаг.

-Манайд 1966 оны үерийн дараа барьсан далан ямар төрлийн далан бэ?

-Манайх булдаж нягтруулсан далантай. Гол нь манайд шороон боомт хамгийн тохиромжтой болохыг судалж үзээд 1981-1989 оны хооронд Оросын асар том байгууламжийн төсөл хийсэн байсныг би 2013 онд Москвад очиж авчирч байсан. Тэр үед Усны газрын дарга байхдаа нийслэлийн зарим удирдлагуудтай хамт явж ирсэн байдаг. Тэр төсөл одоо надад байна. Манайд тохирох нарийн тооцоо судалгааг хийгээд л байж байна. Би усан цахилгаан станцын инженер хүн.

Тиймээс нийслэлийг хамгаалах нэг ч гэсэн усан цахилгаан станцтай болох юмсан гэж бараг өдрийн бодол шөнийн зүүд болж байна. Ямар ач холбогдолтойг төдийлөн ойлгохгүй, тоохгүй байх шиг. Гэтэл гадаадын олон улс оронд иймэрхүү станцыг хэдэн арваар нь барьж нийслэлээ, хотоо үер уснаас хамгаалж, дээр нь усны зохицуулалтыг хийж байна шүү дээ. Зөвхөн Японд л гэхэд 75 ийм байгууламж байна. Оросын Москва хотыг тойроод 85 усан сангийн байгууламж байна. Манайд уг нь барих боломж бүрэн байна шүү дээ. Адаглаад сонгуулиар далимдуулж үр ашиггүй тарааж байгаа мөнгөөрөө Гачууртад нэг ийм усан сангийн байгууламж барьчихаж болох шүү дээ.

-Манай хот үерийн хамгаалалтаас гадна замын ус зайлуулагч хангалтгүй учраас усанд автах бас том шалтгаан болоод байна уу?

-Тийм. Энэ чинь зүгээр л наад захын бага мөнгөөр хийх ажил байхгүй юу. Гэтэл манайхан их мөнгө зарлагадаад брожур солиод өөр юм хийгээд байдаг. Ус зайлуулах системийг шүүрэн хоолойгоор холбодог ч юмуу хийхэд уг нь амархан ажил л даа. Үүнийг ном журмынх дагуу хийчихэж болохгүй байгааг ёстой сэтгэлтэй л холбож тайлбарлах байх даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 51 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top