"Хөрөнгө оруулалтын хуулийг Үндсэн хууль шиг хатуу хамгаалалттай болгож байж Эдийн засаг тэлнэ!"
Эдийн засагч, АН-ын дэд дарга Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн анхны хууль гэвэл Г.Занданшатар нарын санаачилж батлуулсан стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль байсан. Энэ хуулийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Таны асууж байгаа хуулиар Монголд, гадаадын хөрөнгө оруулагчдад ашигтай бүх салбарт 100 саяас доош хөрөнгө оруулалтыг нь засгийн газраар хэлэлцүүлнэ, дээш бол УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн утгатай заалт туссан санагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын урам зоригийг мохоосон, тэр байтугай Монголд хөрөнгөө оруулсан хэнийг ч гаргахаар маш сөрөг хууль болсон л доо. Тэр хуулийн гайгаар долларын ханш өсч төгрөг сулрах, эдийн засагт шаардлагатай хөрөнгө оруулалт хомсдох, эдийн засаг агших сөрөг талууд их тод ажиглагдаж эхэлсэн.Айхавтар популист хууль болсон.зүй ёсоороо хэрэгжиж байсан нүүрсний төслийг гацаах зорилгоор батлагдсан хууль шүү дээ. 2012 оны сонгуулийн өмнө популизм хийгээд батлуулсан хууль.Тэгсний уршгаар өнөө нүүрсний уурхай нь ч үнэд хүрч чадаагүй. Уг нь их хэмжээний үнэ хүрэхээр уурхай байсан юм.
-Г.Занданшатарын гэсэн тодотголтой тэр хуулийн дараа гадаадын хөрөнгө оруулалт үргэж, эдийн засаг агшсан шүү...?
-Эдийн засагт маш том сөрөг нөлөө үзүүлсэн. Ядаж байхад яг тэр үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ унаж таарсан.
-Дараа нь “Уучлаарай бид буруу хууль гаргажээ” гээд өөрчилсөн…?
-Тэгсэн. Миний санаж байгаагаар 2013 онд өнөө популист хуулиа хүчингүй болгосон. Оронд нь арай илүү чөлөөтэй хууль батлуулах гэж оролдсон байдаг юм. Хэрвээ хөрөнгө оруулагч хүсвэл татварын орчноо тогтворжуулж болно гэсэн утгатай хууль баталсан л даа.Гэхдээ шинэ хуулиа сурталчлах ажлаа их муу хийсэн. 2017 онд санагдаж байна, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалдаг орчныг хялбарчилчихсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг гол салбар бол уул уурхай. Уул уурхайн салбар руу гадны хөрөнгө оруулагчид мөнгөө хийж байсан хоёр үндсэн шалтгаан бий. Нэг нь гол хэрэглэгч Хятадтай ойрхон байрлал маань. Нөгөө нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хэн дуртай нь цуцлаад байдаггүй хууль эрх зүйн орчин. Заавал шүүхээр ордог хамгаалалттай байлаа л даа. “А” лицензийг эзэмшиж байгаа компани дампуурлаа гэхэд “А” лиценз буюу ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр үлддэг байсан юм. Тийм учраас өөр хөрөнгө оруулагч нэр дээрээ шилжүүлээд авч болдог байлаа.
Энэ нь хөрөнгө оруулагчийг татах маш чухал эрх зүйн хамгаалалт болж байсан л даа. Гэтэл үүнийг бас өөрчилчихсөн. Өөрөөр хэлбэл, байхгүй болгосон.Орон нутаг, Байгаль орчны яам хоёр хүсвэл “А” лицензийг цуцалж болдог орчин бүрдчихсэн. “А” лицензтэй хүмүүсийг айлгаж, сүрдүүлж, шантаажилж, сонгуулийн гэх мэт янз бүрийн мөнгө төгрөг босгох боломжтой болгосон нь уул уурхай дахь хөрөнгө оруулалтыг зогсоосон.
-Гадаадын хөрөнгө оруулагчид өөр салбарууд руу хөрөнгө оруулах сонирхолгүй байдаг нь хууль эрх зүйн орчинтой холбоотой юу, эсвэл өөр шалтгаан байна уу?
-Бусад салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг тухайн компанийн гэрчилгээний ар талд нь хэвлээд өгчихдөг. Тэгээд сайдын үзэмжээс шалтгаалаад 1-3 жилээр олгодог.Ийм нөхцөлд бусад салбарт хөрөнгө оруулалт орж ирэх боломж их бага.Ингээд харахаар гадаадын хөрөнгө оруулалт бол хууль эрх зүйн орчноос маш их хамаардаг эд л дээ. Манайх шиг популист Засгийн газартай, тэрийгээ дагаад бодлого нь тогтворгүй, хууль эрх зүйн орчин нь хувьсамтгай, гадаад дотоодоос элдэв санхүүжилттэй, хийрхэл нь хэтэрсэн ТББ олонтой улсад гадаадын хөрөнгө оруулалт хөгжих боломж маш бага шүү дээ. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин муудсан хамгийн том шалтгаан гэвэл ярилцлагын эхэнд дурдагдсан Г.Занданшатарын хууль. Өөр нэг хууль бий. 2017 онд Ашигт малтмалын хуульд оруулсан өөрчлөлт гадаадын хөрөнгө оруулалт гацахад маш том үүрэг гүйцэтгэсэн. Шуудхан хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулалтыг үндсэндээ байхгүй болгосон.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ажилладаг агентлаг газрууд ер нь хэр идэвхтэй ажиллаж ирсэн гэж та хардаг вэ?
-Маш муу ажилласан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой агентлаг 1996 онд байгуулагдсан. Тэр агентлагийн түүхийг харахаар 20 жилийн хугацаанд 20 удаа өөрчилсөн байдаг юм. Нэг бол нэрийг нь өөрчилж, эсвэл харьяа яамыг нь сольдог байсан. Гэхдээ энэ хугацаанд дэлхийн банкнаас их олон сая долларын тусламж авсан байдаг юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах зорилготой агентлагийг сайжруулна гэж ийм их мөнгө авсан хэрнээ 2016 онд энэ агентлагаа татан буулгасан. Түүнээс хойш нэг том асуудал үүссэн. Гадаадын хөрөнгө оруулалтаа бүртгэж чадахаа больсон. Монголбанк нэг өөрөөр, Сангийн яам нэг өөрөөр бүртгэдэг, бүртгэлийн газар нь бүр өөрөөр бүртгэдэг болсон.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэмжиж чадахаа больсон гэж хэлэх гээд байна уу?
-Бодит үнэн нь тэр шүү дээ. Гадаадын байгууллагын статистик манай дотоодын албан ёсны статистиктай зөрдөг. Удирдлагын шинжлэх ухаанд нэг алтан дүрэм бий. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй, удирдаж чадахгүй бол сайжруулж чадахгүй гэсэн дүрэм. Товчхондоо бид гадаадын хөрөнгө оруулалтаа хэмжиж чадахаа ч больсон, энэ талаар ажиллахаа ч байсан.
-Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд жишиг болохуйц түүх бүтээсэн ямар улсууд байна, жишээ дурдаач?
-Наад захын жишээ гэвэл Хонконг байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр агентлаг нь яамны хэмжээнд тасралтгүй, уйгагүй ажилладаг. Асар том агентлагийг 25 жилийн турш тасралтгүй ажиллуулчихсан. Үр дүнд нь хөрөнгө оруулалтын орчноороо дэлхийд нэгд бичигдэж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Турк. Туркийн ерөнхийлөгч Эрдагон өөрийнхөө дэргэд, тодруулж хэлбэл Ерөнхийлөгчийн дэргэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөл гэж байгуулсан. Тэр зөвлөл нь ямар ч яам, агентлагаас илүү хүч, нөлөөтэй. Зөвлөлийн гол ажил нь Европ, Америкийн хамгийн сүүлийн үеийн технологийг оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэх, Туркийг хөрөнгө оруулалтын гол бүс болгох. Ийм том амбицтай ажилладаг зөвлөл. За тэгээд Хятад, Япон, Тайвань, Өмнөд Солонгос зэрэг хөгжилтэй улсууд бултаараа гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэж босч ирсэн. Гэтэл манайд эсрэгээрээ, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг гацаадаг, хөөж гаргадаг тогтворгүй бодлоготой явж ирсэн учраас гадаад өр зээлдээ баригдчихаад байна л даа. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт сайтай орнуудад гаднаас өр зээл авах шаардлага бараг гардаггүй. Ер нь аливаа улсад зохистой харьцаа гэж бий. Гадаадын шууд хөрөнгө оруулалт их, гадаадаас авч буй зээл нь бага байх ёстой байдаг юм. Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсын тухайд яг энэ арга замыг барьж хөгжсөн.
-Гэтэл манайх гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоогоод гадаадын зээл тусламжаар амь зогоож байна. Манайх шиг ийм замаар яваа улс гэвэл та аль орнуудыг онцлох вэ?
-Венесуэл, Аргентин л байна даа. Манай улсын гадаадын зээл тусламжийн хэмжээ асар өссөнийг та сайн мэдэж байгаа. Бид уг нь ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо Оюутолгой, Тавантолгой шиг төслүүдтэй болно, хөрөнгө оруулалтыг татна гэсэн том амлалт өгсөн. Харамсалтай нь амласан хэлсэндээ хүрсэнгүй л дээ. Эдийн засгийнхаа бараг 80 хувьтай тэнцэх Засгийн газрын гадаад өртэй сууж байна.
-Энэ замаас гарах ямар арга байна?
-Казахстан, Чилийн жишээ байна шүү дээ. Өөрсдөө эрсдлээ даая гээд хүрээд ирж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын эдийн засагт нь эзлэх хувь хэмжээ энэ улсуудад их өндөр байдаг.Энэ бол эдийн засгийн тогтвортой хөгжлийн хамгийн чухал зарчим.Харамсалтай нь энэ алтан зарчим манайд алдагдаад их удаж байна.
-Гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн өнөөгийн орчин яг ямархуу байна, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчинтой улс болохын тулд ямар өөрчлөлт шийдлүүд хэрэгтэй байна вэ?
-Өнөөдрийн тухайд гээд харвал хөрөнгө оруулалтын тухай хууль шаардлага хангахгүй байгаа. Хөрөнгө оруулалтыг урих, татах, хамгаалах ажлыг хэн хийх нь ойлгомжгүй байна. Хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөл гэж байгуулсан ч Г.Занданшатарын үед алдаг оног ажиллачихаад эргээд ажиллахаа байсан. Гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагчдад маш ойлгомжгүй байдал үүсчихсэн байгаа. Маш олон тусгай зөвшөөрөл шаардлагатай, тэр зөвшөөрлүүдийнх нь хугацаа хурдан дуусдаг, жил бүр сунгуулдаг, тэгж сунгуулахад агентлаг, яамд өөр өөр байр суурь илэрхийлдэг. Ялангуяа боловсруулах үйлдвэрүүдэд маш хүнд нөхцөл үүсчихсэн. Тодруулж хэлбэл, нэг яам нь НӨАТ төлөх ёстой гэдэг, нөгөөх нь НӨАТ төлөх ёсгүй гэдэг. Нэг яам нь мэргэжлийн хяналтынхнаар гарын үсэг зуруул гэж шаарддаг, нөгөө яам нь зуруулах шаардлагагүй гэж үздэг. Мэргэжлийн хяналт нь яамнаас дутахгүй эрх мэдэлтэй болчихсон. Өөрөөр хэлбэл, хянадаг, шалгадаг, зөвшөөрөл өгдөг байгууллагууд нь хэт олон, төрийн байгууллагууд нь бие биенээ үгүйсгэдэг байдал хавтгайрчихсан. Ийм ойлгомжгүй орчин үүсчихсэн байгаа. Гэтэл богино хугацаанд хурдтай хөгжсөн орнууд гадаадын хөрөнгө оруулагчидтай нэг л цонхоор харилцдаг.
-Уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг татахтал дээр маш сайн түүхтэй, үлгэр загвар авмаар орнууд гэвэл ямар улс байна?
-Би хувьдаа Канадыг онцолно. Уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах маш сайн цогц бодлоготой. Ерөнхий сайдынхаа дэргэд тусгай бүтэцтэй. Тэрэнд нь байгаль орчин, татвар, онцгой байдал, мэргэжлийн хяналт гээд бүх байгууллагынх нь төлөөлөл багтдаг. Гадаадын хөрөнгө оруулагч нэг л хүнтэй харилцдаг.Зөвшөөрлөө өгсөн л бол эргэж буцсан бодлого, шийдвэр гэсэн ойлголт байхгүй. Австрали байна. Австралийн гадаадын хөрөнгө оруулалтын агентлагтай нь яриад зөвшөөрлөө авчихсан хөрөнгө оруулагчтай хэн ч олон юм ярихгүй. Гэтэл манайд эсрэгээрээ. Наад захын жишээ гэхэд л Оюутолгой байна. Татварыг нь тогтворжуулаад өгчихсөн хэрнээ 2011 онд хуулиа өөрчлөнгүүтээ шинээр татвар авна гэчихсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ олон улсын гэрээ мөн биш эсэх дээр гурван яам нь гурван өөр юм яриад сууж байх жишээний. Жишээ нь, Сангийн яам биш гэж үздэг. Тэр утгаараа татварын хууль давж үйлчилнэ гэсэн байр суурь барьдаг. Гадаад харилцааны яам нь мөн гэдэг. Хууль зүйн яам бөөрөнхийлдөг. Олон улсын эрх зүйн чанартай баримт бичиг мөн гэсэн хариу өгдөг. Манай дарга нар зурагтаар ярихаараа “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол олон улсын гэрээ биш. Тийм учраас бид алаад өгнө” гэсэн утгатай мэдэгдэл хийдэг. Тэгсэн хэрнээ Засгийн газар нь олон улсын арбитрт хандчихсан яваа. Ингээд харахаар олон улсын гэрээ гэдгийг нь үйлдлээрээ хүлээн зөвшөөрчихөөд байгаа юм. Үнэхээр олон улсын гэрээ биш гэж үзэж байгаа юм бол яахаараа ч олон улсын арбитрт ханддаг юм. УИХ-ын гишүүд нь хүртэл олон улсын арбитрт хандаач гэж шахаж шаарддаг, зарим нь бүр өлсгөлөн зарлаж байгаад шахдаг. Тэгэхээр ийм ойлгомжгүй хууль эрх зүйн орчинд гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэцүү.
-Засгийн газрын өгсөн тусгай зөвшөөрлийг шүүх нь хэн нэг иргэний гомдлын дагуу хэлэлцээд цуцалчихдаг орчинд хөрөнгө оруулалт татахад хэцүү л дээ. Ураны лицензүүдийг лав эхнээсээ цуцлаад эхэлчихсэн байх жишээний...?
-Санал нэг байна. Уг нь ирэх жилүүдэд ханш нь тогтвортой өсөх, ирээдүйтэй бүтээгдэхүүн бол уран, газрын ховор элемент. Одоо супер цикл эхэллээ гэж ярьж байна. Өнгөрсөн зуунд дөрвөн том супер цикл тохиосон юм. Эхний супер циклийн үед монголчууд “Монголор” гээд алтны уурхай ажиллуулаад овоо ахиу мөнгөтэй болсон. Оросуудын сонирхлыг татсан. Богд хаан Өвөр Монголыг чөлөөлөх дайн хүртэл хийж байсан түүхтэй. Хоёр дахь супер циклийн үед төмөр замтай болоод авсан. Зөвхөн ах, дүүгийн найрамдал гэсэн шалтгаанаар төмөр замтай болоогүй л дээ. Оросууд, ер нь хэн ч байсан ашиггүй бол ямар нэгэн улсад том бүтээн байгуулалт өрнүүлэхгүй. Оросууд тухайн үед өөрсдөө маш ядуу байсан. Төмөр зам тавих нь ашигтай байсан учраас л тэр том бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд дэм үзүүлсэн. Гурав дахь супер циклийн үеэр монголчууд Эрдэнэт үйлдвэрээ босгоод авсан. Дөрөв дэх супер циклийн үед Таван толгой, Оюутолгойгоо өндийлгөсөн. Одоо тав дахь супер цикл эхэлчихлээ. Харамсалтай нь бид энэ супер циклийг ашиглаж чадахгүй байдалд орчихлоо. Гол шалтгаан нь хэрээс хэтэрсэн улс төрийн популизм.
-Тав дахь супер циклийг ашиглахын тулд яах ёстой юм бол?
-Хууль эрх зүйн орчноо тодорхой, ойлгомжтой болгоод Монголын төр бүх түвшиндээ яг тэр хуулийнхаа талд зогсох хэрэгтэй. Өнөөдрийн хувьд байдал маш хэцүү байгаа. Орон нутаг гэхэд л тусдаа Засгийн газар шиг болчихсон. Хөрөнгө оруулагчдыг очихоор элдэв юм нэхэж, шантаажлаад хөөгөөд явуулчихдаг. Засгийн газраас зөвшөөрөл авчихаад байхад л орон нутаг нь Засгийн газраасаа том нөлөөтэй ажилладаг. Засгийн газар нь гаргасан шийдвэрээ хамгаалж чаддаггүй. Орон нутаг нь зөвшөөрөл өгөхгүй болохоор салбарын сайд нь хөрөнгө оруулагчдаа хамгаалж чаддаггүй маш тодорхойгүй, үлбэгэр ийм орчинд хөрөнгө оруулалт орж ирэхгүй л дээ. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын хуулийг Үндсэн хуулиас дутахгүй хатуу хамгаалалттай болгож, тэр хуулиа бүх түвшинд ижил өнгөөр харж, ягштал мөрддөг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол эдийн засаг агшсан, бодит орлого буурсан, залуус гадагш зугтсан хэвээр байна.
Эх сурвалж: Өдрийн сонин