Монгол улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Датаком компаныг үүсгэн байгуулагч Дангаасүрэнгийн Энхбаттай ярилцлаа.
-Та өмнө нь улстөрд байсан хүн. Улстөрд байх хугацаандаа юу мэдэрсэн бол. Үүнээс яриагаа эхэлье?
-Өнөөдөр Монголд Улсад төрийн гүнзгий хямрал үргэлжилсээр байна. Үүнийг судлаачид системийн хямрал гэж нэрлэдэг. Системийн хямрал тодорхой нэг үйл явц, нэг хоёр хувь хүнээс гэх мэт зүйлээс хамаардаггүй. Системийн хямралыг аргалж, өнгөлөн далдалж болдоггүй. Системийн хямралыг зөвхөн том реформ, шинэчлэл хийж давдаг.
Хэрвээ шинэчлэл хийхгүй бол систем нурах аюултай. Нийгэм дотроосоо тогтворгүй болж, эдийн засгийн өсөлт гацаж, улс орон, иргэд ядуурна. Тиймээс улс төрийн удирдагчдын гол үүрэг нь ийм хямралыг түр аргалж цаг нөгцөөх бус зоригтой шинэчлэл хийж урагшилж явах юм. Монголын системийн хямралын төв нь авлигын эх уурхай болсон улс төрийн намууд. Үүнийг бид бүгдээрээ л харж байна шүү дээ. Жишээлбэл, намууд хэн нь дарга байхаас үл хамаарч байнга л хямарч, төрөө, нийгмээ тогтворгүй болгосоор байна. Нам дахь авлигын бүлэглэлүүд, мөнгөний сонгууль нь намыг өвчлүүлж, үүнийгээ дагаад төр хямраад байгаа юм. Засаглал өвчилж ажиллахаа болихоор улс орны хөгжил зогсож, бүр ухарч эхэлдэг. Үүнийг л би улс төрийн амьдралд явж мэдэрсэн дээ.
-Танаас асуулгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол 2008 оны Долдугаар сарын 1-ний үйл явдал. Тухайн үед яг юу болсон юм бэ. Та юуны төлөө гарч ирж мэдэгдэл хийсэн юм бэ. Буянгийн Жаргалсайхан "Таныг айгаад алга болчихсон" гэсэн байна лээ. Мэдэгдэл хийчихээд яагаад алга болсон юм бэ?
-Сонгуулийн өмнө байдаг л нэг яриа. Гэхдээ би товчхон хариулъя. Тухайн үед талбай дээр очиж харсан хүн бүр үүнийг сайн санаж байгаа байх. Ер нь 2008 оны УИХ-ын сонгуульд улс төрийн гурван хүчин голлож өрсөлдсөн. МАН, АН, Иргэний эвсэл. Сонгууль будлиантсан. Харин хамгийн жижиг гуравдагч хүчин сонгуулийг будлиантуулж чадах уу? Огт чадахгүй. Харин иргэд эгдүүцэж жагсаж эхэлсэн.
Тэр үед улс төрийн хүчний удирдлагууд талбай дээр гарч ирээд “Энэ асуудлыг бид хамтдаа шалгаж шийдье” гэчихсэн бол олон түмний бухимдал тэгж тэсрэхгүй байсан болов уу. “Жишээ нь, С.Баяр дарга олон нийтийн өмнө гарч ирээд хэлэлцэж шалгах тухай хэлсэн бол бүх зүйл өөрөө явах байсан” гэх хүмүүс ч байдаг. Миний үүрэг нэгэнт сонгуульд орсон улс төрийн хүчнийг толгойлж байсан учир нөгөө хоёртойгоо хамт очиж тэр үгээ хэлэх, үймээн гаргахгүй байх өөрсдийн алхмаа хийх ёстой гэж итгэсэн. Хариуцлага хүлээж буй улсууд хэцүү цагт хэрэгтэй цэгт очих ёстой гэж би боддог. Тэгээд очсон. Дахиад ийм хэцүү цаг ирвэл би дахиад л үүргээ биелүүлэх болно. Миний хэлсэн үгийг телевизүүд бичиж хадгалсан байгааг амархан олж үзэж болно. Би очоод хоёр зүйлийг хэлсэн. Нэгдүгээрт, жагсаалыг аль нэг намын байрны үүдэнд хийж болохгүй. Хоёрдугаарт, ерөөсөө энэ сонгуулийг будлиантай гэсэн хар байгаа бол хамтран шалгах, тэгээд будилаантсан бол ганцхан суудал авсан Иргэний эвсэл ч өөрийнхөө суудлаас татгалзах ёстой” гэж мэдэгдсэн.
Бусдыг нь та бүхэн мэднэ. Нөгөө хоёр намын удирдагчид гарч ирээгүй. Телевизор үзээд сууж байсан гэдэг. Ийм үйл явдал өрнөж байхад, хариуцлага хүлээсэн улс төрийн хүчний удирдагчид очиж, шийдэх зөв замыг хайхаа амлаж, бухимдлыг тайлах ёстой бус уу. Нэг зүйлийг хэлье. Тэнд очсон хүмүүс сонгуулийг будлиантуулаагүй. Харин ч түүнд бухимдаж очсон. Асуудлыг эхлүүлсэн улсууд тэд биш.
-Та тэр үед тийм аймаар зүйл болно гэж төсөөлж байв уу?
-Хэн ч төсөөлөөгүй байх. Би нөгөө хоёр улс төрийн намын удирдагч шиг үгээ хэлэхгүй байж болох л байсан. Гэхдээ би ямар ч хүнд байсан асуудлыг шийдэх гэж оролдох ёстой, тэр бол мөн миний үүрэг гэж үзсэн.
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд улстөрийн хоёр том хүчинтэй өрсөлдөх гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд маш их хэмжээний мөнгө гарна. Та санхүүгийн хэр их нөөцтэй хүн бэ?
-“Зөв хүн-Электорат” эвслээс ард түмний дунд “Ерөнхийлөгчөө захиалъя” аян зарлаж, санал асуулга явуулсан юм байна лээ. Улс орон даяар явуулсан энэ аянд олон мянган иргэд оролцож саналаа өгснөөс хамгийн олон санал авсан таван хүнд Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьсан. Тодруулбал, Ц.Оюунгэрэл, Дефакто Д.Жаргалсайхан, Б.Болдсайхан эмч, Баабар буюу Б.Батбаяр, би. Тэгээд эцэст нь надад санал тавьсан гэдгийг би мэднэ. “Зөв хүн-Электорат” эвсэл надад “Санхүүжилтээ бид хамтран босгоно. Ямар нэгэн санхүүжилтийн босго тавихгүй” гэсэн. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр бид хамтын ажиллагаагаа тэг баланстайгаар эхлүүлж байна. Бүх зүйлс мөнгөөр хэмжигддэггүй. Мөнгө хүчгүй олон зүйлс бий. Жишээ нь, хүмүүсийн дэмжлэгийг мөнгөөр хэмжих боломжгүй.
Бидний нөгөө талд төрийн нөөцийг дайчилсан аварга машин ажиллаж байна. Сонссоноор, тэд зуу зуун тэрбум төгрөг босгочихсон байгаа. Та бүхэн санаж байгаа. Урьд нь зөвхөн нэг удаагийн үйлдлээр 60 тэрбум гэсэн тоо ярьж байсан нам шүү дээ. Одоо бол түүнээс хэд дахин илүү байлгүй. Жишээ л хэлэхэд, МАН өнөөдөр Улаанбаатар хотын хаагдчихсан байгаа PC тоглоомын газруудыг, аймгийн төвүүдийн үнэтэй зочид буудлуудыг аль эрт түрээсэлчихсэн байгаа гэж сонссон. Маш их мөнгө тарааж байна. Яг үнэндээ бид төрийн их нөөцийг хяналтгүй дайчилсан мөнгөний аварга машин, сүлжээтэй өрсөлдөж байгаа шүү дээ. Бид мөн-гөөр МАН-ыг дийлэхгүй. Үнэндээ тэдний зууны нэгт ч хүрэхгүй. Тиймээс бид ганцхан зүйлээр л ялж чадна. Үнэнийг ярьж, үнэнээр явж. Энэ нь “Монголчууд бид үр хүүхдийнхээ ирээдүйг бодож өөрөөр явах цаг болсон, улс төрийн намууд ингэж ялзарч болохгүй, бүх системээрээ ингэж авлигад автаж болохгүй. Бид олонхоороо хүсвэл улсаа өөрчилж чадна” гэсэн итгэл найдвар шүү дээ. Олон түмэн шинийг хүсч байна. Яг үнэндээ ард түмэн сонгуультай, сонгуульгүй өөрчлөлтийг хүсч байгаа. Тиймээс бид хийх ёстой зүйлээ л хийж байна. Бидний байр суурь мөнгөөр хэмжигдэхгүй. Гүйцэтгэлд мөнгө чухал. Эрх баригч нам биднийг мөнгөөр бяц дарахад бэлэн байгаа. Гэсэн ч яг үнэн худлын дэнсэд очих цагт мөнгө бүхнийг шийддэггүй.
-Та "Би ардчилалын хүн" гэж хэлдэг. Яагааад АН-тай хүч хавсарч улстөрийн зорилгоо нэгтгээл явж болдоггүй юм бэ?
-Монгол Улсын хуулиар Ерөнхийлөгчид ямар нэгэн хүн бие дааж нэр дэвших боломжгүй. Заавал парламентад суудалтай намаас нэр дэвшдэг. Тиймд “Зөв хүн электорат” эвслээс би нэрээ дэвшүүлсэн. Гэтэл АН энэ асуудлаар тэмцэлтэй, хагаралтай явсаар байна. АН бидэнтэй битгий хэл дотроо учраа олоогүй байна шүү дээ. Миний Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсон нэг том шалтгаан бол өнөөдөр Парламент, Ерөнхийлөгчийн институци хоёр нэг намын гарт очих нөхцөл үүсчихсэн байгаа байдал юм. АН хагаралдаж ардчиллынхаа тугийг газар унагаачихсан, муудалцаж, сөргөлцөөд явж байна. Зүйрлэж хэлбэл, ардчиллын бамбарыг бүр унтраахгүйн тулд бид ч тэмцэх ёстой. Монголчууд бид олон намын тогтолцоотой хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж тунхагласан биз дээ. Гэтэл МАН-ын зүгээс өнөөдөр ардчиллын тулгуур зарчмуудыг үгүйсгэх хандлага ихэсч байгаа. Хамгийн наад зах нь “чөлөөт зах зээл гэж байхгүй”, “бүхнийг төрийн мэдэлд” гээд яриад байхаар хүмүүс ч түгшиж байна. Дээрээс нь хэвлэл мэдээлэл, интернэтийг цензурдэх оролдлогууд улам ихэсч байгааг хэлэх хэрэгтэй. Тэр дундаа улсын төсөв, эдийн засгийн бодлого хаалттай, хяналтгүй болж байна. Төрийн бүх шийдвэр гаргах процесс хяналтгүй болж байна. Парламент ч бодит сөрөг хүчингүй байна. Монголчууд ардчилал тэнцвэртэй байх ёстой гэдэгт итгэдэг. Мөн ардчилал ямар ямар эрсдэлд байгааг иргэд ойлгож, мэдэрч байгаа байх.
Би АН-ын гишүүн биш. Гэхдээ би ардчиллын талын хүн. Тиймээс бидэнд ч ардчиллыг хамгаалах, ардчиллын унагаасан тугийг босгох үүрэг бас байгаа юм.
-МАН аль болох өрсөлдөгчөө "тоглоомоос" шахаж байна. Гуравдагч хүчнээс нэр дэвшигчид ч аль нэг том нам руу урваж байгаа харагдах юм. Тухайлбал, С.Ганбаатар гишүүн МАХН-аас нэр дэвшинэ гэдгээ эртнээс зарлаж байсан ч нам нам нь МАН-тайгаа нэгдчихлээ. Өөрөө АН руу орчихлоо. "Зөв хүн-Электорат" эвслийн гишүүд ихэвчлэн МАН-ын угшилтай хүмүүс байдаг, тэр талдаа ч гэх яриа, үйлдэл ч мэр сэр бий...?
-Би тэр ярианд итгэдэг байсан бол нэр дэвшчихье гэхгүй байсан. Ер нь Монголд байнга л ийм зүйл ажиглагддаг. Юу вэ гэхээр хэрвээ АН-тай зөрчилдвөл МАН-ын тал нэр авдаг, МАН-тай зөрчилдвөл АН-ын тал болж хувирдаг. Гэтэл, яагаад гуравдагч тал байж болохгүй гэж? Миний бодлоор, ХҮН Монголын аливаа гуравдагч хүчний нэгэн адил, өөрийн хэцүү замыг туулж буй нам. ХҮН-аас нэр дэвших гол шалтгаан нь миний өөрийн итгэдэг тулгуур зарчмуудыг ХҮН-ынхан зөвшөөрч байгаа явдал. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, тэд намайг намын байр суурийг бүрэн дагахыг огт шаардаагүй. Хоёрдугаарт, нэр дэвшихэд ямар ч мөнгөний босго тавиагүй. Миний ярьдаг, баримталдаг бодит ардчилал, иргэний нийгэм, мэдээллийн эрх чөлөө гэх зэрэг тулгуур зарчмуудаар ХҮН надтай адил байр суурьтай байгаа учраас би зөвшөөрч, нэр дэвшсэн.
Ер нь өнөөдөр юм болгоныг МАН, АН-ын тал гэж хуваах хэрэггүй. Учир нь Монголын ардчилал насанд хүрээд иргэд аль ч намд нь хамаарахгүй өөрийн бодолтой болчихсон цаг шүү дээ. Тиймээс өөртэй нь таараагүй гээд өөрийнх нь дайсан гэсэн үг биш. Өнөөдөр нийт сонгогчдын багахан хэсэг л намд хамаатай. Үлдсэн нь намд хамааралгүй. Тийм учраас хүмүүст янз бүрийн нэр хаяг зүүж, “дайсан, нөгөө намын тал” гэж ярих нь утгагүй. Энэ нь өөрөө ардчилал биш.
-Та бол мэдээллийн технологийн инженер хүн. Технологийн дэвшил монгол хүний ажил, амьдрал, хандлагыг яаж өөрчилнө гэж хардаг вэ?
-Технологи бол өргөн ойлголт. Бүхий л салбарт хамаатай. Би өөрөө мэ-дээллийн технологийн салбар буюу Интернэтийг хөгжүүлэхэд ажилладаг хүн. Эргээд харъя л даа. Интернэт монголчуудын амьдралыг хэрхэн өөрчлөв. Маш их өөрчилсөн шүү дээ. Хүмүүс надаас “Д.Энхбат аа, чи их ярих юм. Яг юу хийж байгаа юм бэ” гэж их асуудаг. Би хүмүүсийн толгой доторхыг өөрчилж байгаа гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, монголчуудаа дэлхийтэй холбох ажлыг хийж, түгээж байна. Энэ чиглэлээрээ олон жил ажиллаж байна. Тиймээс би “Хүмүүсийн толгой доторхыг өөрчлөх нь хамгийн хэцүү ажил шүү” гэж хэлдэг.
Энэ салбарт хамгийн өндөр мэргэжил, чадвартай залуучууд ажилладаг. Технологийн хөгжил зөвхөн хувь хүнийг биш мөн улс орны соёл, улс төр, төр засаг, бизнес гээд бүх салбарыг өөрчилж байгаа. Монгол Улсыг өөрчлөх маш том ажлыг хийж байна гэдэгтээ бид итгэдэг.
Би яагаад улс төр рүү орсон бэ? Бид авлига, хулгайгаас залхаж байна. Улс төр, бизнесийн ялгаа арилж, төрөл бүрийн дарамт, хавтгайрсан халамж нэмэгдэж байна. Бид бүтээмээр байна, үйлдвэрлэмээр байна, гэтэл дарамт улам ихэссээр байна шүү дээ. Энэ бол зөвхөн Энхбатын үг биш. Бизнес эрхлэгч бүр л “Улстөрчид өө, биднийг тайван орхиоч ээ” гэдэг. Учир нь бизнесмэнүүд юу хийхээ мэддэг, хийгээд ч ирсэн. Бид улс орноо зөв замаар хөгжүүлэхэд идэвхтэй оролцмоор байна. Өнөө цагт технологи мэддэг хүмүүс улс төрд дутагдаж байна. XXI зууны, орчин үеийн Монгол Улсыг байгуулахад зөвхөн сонгуульд ялсан байх нь хангалттай биш. Улс орны удирдлагад өндөр мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. Дэлхийтэй харьцаж чаддаг, бизнес зохион байгуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд улс орноо идэвхтэй оролцуулж чаддаг хүн хэрэгтэй.
Яагаад заавал хүн бүр зөвхөн намаар дамжиж байж улс орны удирдлагад оролцох ёстой гэж, яагаад сонгууль заавал мөнгөний босготой, боловсон хүчнийг мөнгөөр хэмжих ёстой гэж гэх мэтчилэн олон асуудал бий. Эцэст нь бид нэг асуултын өмнө ирнэ. Тэгээд хараагүй царайлаад, эвлэрээд явах уу, өөрчлөх үү гэж. Би төлөөлж хэлж байгаа болохоос олон хүн надтай адил бодолтой байгаа байх.
-Таныг өрсөлдөгчийгөө бодвол төдийлөн танигдаагүй гэх яриа мэр сэр байдаг юм билээ. Та үүнд санаа зовж байна уу?
-Танигдсан, танигдаагүй гэдэг сонгуулийн чухал хэмжүүр ч бодит амьдрал дээр хийж чадах уу, чадвартай юу гэсэн өөр хэмжүүр илүү чухал. Танигдсан эсэхдээ би санаа зовохгүй байна. Ганцхан зүйлд л санаа зовж байна. Дараагийн зургаан жилд бид ямар байдалд байж, ямар замаар явах вэ гэдэгт. Бид өөрсдөөсөө “Би үнэхээр огт хяналтгүй, нэг намын бүрэн эрхшээлд байх төрөөс болгоомжлохгүй байна уу” гэдгийг өөрсдөөсөө асуух хэрэгтэй байх. Мөн монголчууд бид улс орныхоо хөгжлийг хэрхэн бүтээх вэ, хэрхэн бүгдээрээ оролцох вэ гэдгийг зөв олж харж хүчээ нэгтгэхийг сайтар бодох цаг ирсэн гэж бодож байна.
Ер нь миний зорилго бол хүнд таалагдсан гоё юм ярих биш шүү дээ. Үүнийг хошин шогийнхон, популистууд илүү хийж чадна. Миний зорилго бол үзэл бодлоо олонд хүргэж, хийх ёстой гэсэн зүйлсээ хийж явах. Тиймээс заримдаа намайг магадгүй бага хүн сонсож болно. Тэглээ гээд хэрэгтэй юмаа хаяад хошин урлагийн салбар луу орж болохгүй шүү дээ. Намайг цөөн хүн сонсож, дэмжиж байсан ч би ярианыхаа сэдвийг өөрчлөхгүй.
-XXI зууны Монголчууд нүүрсээр амьдрах уу үгүй юү гэдэг нь эргэлзээтэй болчихлоо. Таны бодлоор бид энэ зуунд юугаар амьдрах вэ?
-Хятад улс 2060 он гэхэд карбон-нейтрал болно. Өөрөөр хэлбэл, нүүрсний хэрэглээ нь эрс багасна. Түүнийг дагаад нүүрсний тоног төхөөрөмжийн зах зээл эрс хумигдана. Мөн банкууд нүүрсний төсөлд зээл өгөхгүй гэдгээ одооноос зарлаад эхэлж байна. Товчоор хэлбэл, манайд нүүрс байсан байгаагүй нүүрсний хэрэглээ улам хумигдана. Тиймээс нэг зүйлийг мартахгүй байх хэрэгтэй. Чулуу дууссан учраас чулуун зэвсгийн үе дууссан юм биш шүү гэдгийг. Чулуу дуусаагүй, хүн төрөлхтний хэрэглээ, технологи өөрчлөгдсөн. Хэчнээн их нүүрс байсан ч олон зүйлс өнөөдрөөс эрс өөр болно. Манай улсын экспортын 90 хувийг түүхий эд эзэлж байна. Та улстөрчдөөс “Монголчууд бид 30 жилийн дараа юу зарж амьдрах юм бэ. Бид яаж хоолоо олж идэх юм бэ” гэж асуугаарай. Хамгийн сонирхолтой нь үүнд анхаарч, ярьж байгаа улстөрч тун цөөн. Гэтэл 30 жил бол маш бага хугацаа. Тавдугаар цахилгаан станцыг барих тухай яриад 15 жил болж байгаа биз дээ.
Ерөнхийлөгчийн үүрэг нь юу юм бэ гэхээр ард түмний эв нэгдэл гэж хэлдэг. Тэр нь бидний нийтлэг мөрөөдлийг хөгжүүлдэг, мөрөөдлийнхөө төлөө хамтдаа явах, түүнд бүх хүн оролцох нөхцөлийг хангадаг хүн. Ерөнхийлөгчийн сонгууль болохоор худаг ухсан уу, байшин барьсан уу, зам гүүр тавьсан уу гэж асуудаггүй. Яагаад гэвэл, энэ бол Ерөнхий сайдын ажил. Ерөнхийлөгчийн үүрэг бол ард түмний эв нэгдлийг хангаж, улс орныг ирээдүй рүү нь харуулж байх зорилготой. Дээрээс нь төрийн нэгдмэл байдлыг хангаж байх үүрэгтэй. Түүнээс аль нэг намын талд, эсвэл аль нэг намын доторх асуудалд оролцоод явдаг хүн огт биш. Би бол системийн инженер хүн. Системийн судалгаагаар олон жил ажилласан. Монголд томоохон реформ хийхгүйгээр нэг хүнийг нөгөө хүнээр солиод шийдэгдэхгүй олон том асуудал бий. Зүйрлэвэл, буруу замаар явж байгаа машины жолоочийг солих, зөв замаа олж явах нь адил асуудал биш биз дээ.
-Тэгвэл Монгол Улс авлигаасаа яаж салах вэ?
-“Монголд эдийн засгийн хямрал биш, хулгайн хямрал болж байна” гэж үг байдаг. Энэ бол үнэн үг. Авлигыг арилгана гэдэг бол нэг хоёр хүнийг шоронд хийснээр шийдэгдэхгүй. Авлигын систем ажилласаар л байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, ил тод биш, хяналтгүй төр, дээрээс нь, улс төрийн намууд болон шүүх, прокурорууд нь бизнестэйгээ хутгалдчихсан, улс төрийн захиалгаар шүүх, прокурор нь ажилласан хэвээр үед хэн нэгэн хүнийг сольсноор дараагийн хүн л гарч ирнэ. Тэгэхээр том шийдэл бол хүн солих явдал биш, ерөөсөө энэ бүх тогтолцоо системийг өөрчлөх тухай ярих ёстой.
Эдгээр нь, дээр хэлсэн, улс төрийн намын реформыг юуны түрүүнд хийж асуудлыг сууриар нь шийдээд эхлэх явдал. Бид том эрх ашгаа харах ёстой. Энэ нь гоё үг шиг сонсогдож магадгүй. Гэхдээ бодит хэрэгцээ тийм л байна. Өнөөдөр бид салаа замын уулзвар дээр байна. Өөрөөр хэлбэл, авлигын тогтолцоо явсаар байгаад АН-ын задрал, нэг намын дарангуйлал руу шилжих хэлбэрээр илэрч байна. Нэг намын дарангуйлал гэдгээр зөвхөн МАН-ыг ч яриад байгаа юм биш. Ямар ч намын хувьд энэ адил үйлчлэх зарчим.
-Танд эрх баригчдыг, төрд байгаа бүлэглэлийг сөрөх эр зориг бий юү. Ингэж асууж байгаа учир нь та багагүй хугацаанд улс төрөөс хөндийрсөн, мөн дүрмээрээ явдаг хүн гэж би хувьдаа дүгнэдэг. Нөгөөтэйгүүр улстөрчид "эрх ашиг, эрх мэдлээрээ нэгдсэн хүчьэй бүлэглэл Монголын төрд бий" гэж өөрсдөө ч хэлдэг?
-Цаг нь ирэхэд ямар ч том хүчтэй юм нурдаг. Үзэл санаа үргэлж ертөнцийг өөрчилдөг гэсэн үг бий. Мөнгө биш. Мөн хийх хэрэгтэй болох цагт хүн юуг ч хийж чаддаг. Би бол одоо хийх ёстой цаг гэж харж байна. Тиймд хийх л болно.
-Оюутан, сурагчид хоёр жил цахимаар хичээллэлээ. Уг нь дэлхий нийтээрээ цахимаар боловсрол эзэмшээд болж байна. Гэхдээ хөдөө орон нутагт малчдын хотонд цахим, теле хичээл төдийлөн үр дүнгүй, нийт сурагчдын 47-50 хувь нь хичээлийн хоцрогдолтой байна. Боловсролын системийн гажуудлыг яа засах вэ?
-30 жил бид боловсролоо хаячихсан. Социализмын үеийн боловсролын тогтолцоо инерциэрээ явж байна. Үүнээс гадна Монголын хамгийн бага цалинтай хүн нь багш нар болчихлоо. Ийм байгаа цагт яаж боловсролыг дээш нь татах юм бэ. Уул уурхайн орлого, байгалийн баялаг хавтгайрсан халамжид яваад байна. Уг нь уул уурхайн баялгийг ирээдүй үедээ зарцуулах ёстой гэж боддог. Гэхдээ яаж зарцуулах юм бэ гэхээр багшаар нь буюу боловсролоор нь дамжуулах юм. Багш нарын цалинг ядаж гурав дахин нэмэх хэрэгтэй. Мөн дээрээс нь боловсролыг орчин үеийн сурах бичиг, дэлхийтэй холбох хэрэгтэй.
Сүүлийн гурван жил би “Хаан академи”, “Бизнесийн боловсрол” зэрэг онлайн боловсролын чиглэлд ажиллаж байна. Дэлхийн боловсролын олон асуудалд оролцож явсан. Дэлхий даяараа боловсролын төлөө, тэр дундаа орчин үеийн мэдээллийн технологи ашиглахын төлөө явж байна. Бид тэдэнтэй хөл нийлүүлэх хэрэгтэй. Монголд тийм боломж бүрэн бий. Учир нь өнөөдөр Монголын харилцаа холбооны компаниуд сайн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, технологи дутаагүй. Ухаалаг утас, телевизоргүй айл ховор. Фэйсбүүкийг орон нутгийнхан маш өргөн ашиглаж байна. Солонгост байгаа хүүхэдтэйгээ малчныхаа хотноос шууд ярьчихаж байна шүү дээ.
Асуудал нь, бид дахиад л төр засгийн түвшинд XXI зууны боловсролыг манлайлж явах улс төрийн хүчин алга. Нөгөө талаас багш нарыгаа хамгийн ядуу хүн болгочихсон. Ардчилал бол хамгийн чухал эрх чөлөө. Харин хоёр дахь нь боловсрол. Гурав дахь нь, эрүүл мэнд. Энэ гурав нийлээд хүн. Өнөөдөр монгол хүн байгаа цагт бусад бүх юм болно. Би нүүрс, зэсэнд санаа зовохгүй байна. Монгол хүмүүс чадвартай, чадалтай байгаа цагт бусад бүх зүйлс болно. Нүүрс байхгүй ч болно. Жишээлбэл, чадалтай улс гэгддэг Сингапур, Тайвань, Өмнөд Солонгос байгалийн баялгийн нөөцгүй. Тиймээс чадалтай хүн байгаа цагт бусад нь ямар ч асуудалгүй. Харин чадалтай хүн байхгүй цагт ямар ч нүүрс, ямар ч баялаг аврахгүй.
-Гэхдээ бид чадалтай хүнийг лидер болгож байна уу, чадалтай хүн нь улсынхаа төлөө ажиллаж байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Нөөц баялаг нь байгаад байдаг. Гэтэл удирдагчийн ажил сургууль, цэцэрлэгийн барилгаас гавихгүй байна. Чадалтайгаараа нийгэмд манлайлах нь маш дутмаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тийм. Мөнгөний сонгуулийн цаад зарчим нь энэ л дээ. Мөнгөний сонгуулиар саналыг нь худалдаад авчихаж байна шүү дээ. Мөнгөний сонгуулийн гол нууц юу гээч. Яг таны хэлдгээр тодорхой бүлэг хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа эрх ашгийг хангах үүднээс л худалдаад авчихаж байгаа юм. Тиймээс төрийн системд мерит буюу шаталсан шалгаруулалт тогтолцоо нэвтрэх ёстой. Хуучин социализмын үед МАХН бол төрийн боловсон хүчний том тогтолцоо болж байсан. Төрийн тогтолцоонд хүн доороос нь дээшээ насаараа явдаг байлаа. Түүнээс одоогийнх шиг мөнгө өгөөд “лифтэнд сууна” гэсэн ойлголт байгаагүй. Тэр үед коммунист үзэл нь буруу болохоос мерит буюу шаталсан зарчим нь зөв байсан. Манлайлагч байна гэдэг чинь үлгэр жишээ үзүүлж явах тухай яриа.
Өөрөөр хэлбэл, хүүхдээ зөв байлгахын тулд өөрөө үлгэрлэх ёстой гэдэгтэй адил. Өөрөө үлгэрлэж чадахгүй бол хүүхдийг хэчнээн загнаад бүтдэггүй гэдэг дээ. Улс орны удирдлагын асуудал яг үүнтэй адилхан. Мөнгөний сонгууль, авлигажсан нам манлайллыг устгадаг. Улс орныг лидергүй болгодог. Үнэндээ хүмүүс сонгуульд зөвхөн хэн нэгнийг дэмжээд байгаа юм биш. Хүмүүс боловсролтой байх юмсан, шинжлэх ухаанч байх юмсан, технологитой болох юмсан, дэлхий нийттэй өргөн харилцах юмсан, бусад орнууд XXI зуунд гээд яриад байхад бид бас адилхан хөл нийлүүлэх юмсан гэсэн хүсэлтэй байна. Тэр хүсэл мөрөөдлөө л хайгаад байгаа юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (1)