"Вакцины тусламжийн хэлэлцээ, АНУ-ын төрийн нарын бичгийн даргын айлчлал яригдаж буй мөчид буцах болсондоо эмзэглэж байна"
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.
-Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тухай тогтоол Сенатын хуралдаанаар батлагджээ. Гуравдагч хөршийн бодлого дахин нэг шат ахихад томоохон үүрэг гүйцэтгэх ажил болжээ. Энэхүү тогтоол бадлагдсанаар хоёр улсын харилцаа ямар түвшинд гарах талаар ярилцлагаа эхэлье?
-Өнгөрсөн жил манай УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооноос Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тухай тогтоол гаргаж, АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим мөн адил тогтоол батлан гаргасан билээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-Монгол Улсын хоорондын Стратегийн түншлэлийн харилцааг дэмжин сайшаах тухай 36 дугаар тогтоол АНУ-ын Сенатын танхимын хуралдаанаар хоёр гол намын дэмжлэгтэйгээр санал нэгтэй батлагдан гарлаа.
Энэ тогтоол батлагдсанаар АНУ-ын Конгресс бүхэлдээ хоёр орны стратегийн түншлэлийг дэмжиж, цаашид бэхжүүлэн хөгжүүлэх чиглэл гүйцэтгэх засаглалдаа өгч байгаа хэрэг юм. Хамгийн сайшаалтай нь гол хоёр намын дэмжлэгийг авч, нэг ч эсэргүүцсэн саналгүйгээр батлагдаж чадсан нь улс төрийн талцал ихтэй байгаа энэ үед маш том алхам боллоо гэж бодож байна.Тогтоолд Монгол Улс ардчилсан хөгжлийн замаар хэлбэрэлтгүй урагшилж буйг сайшааж, хоёр орны хооронд стратегийн түншлэл тогтсоныг дэмжиж, цар тахлын хүнд нөхцөл байдалд хамтран ажиллах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд арга хэмжээ авахыг АНУ-ын засаг, захиргаанд чиглэл болгосон болно.
-Манай улсын эдийн засагт бодитой ямар өөрчлөлтүүд бий болох бол?
-Тогтоолд хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тухай тогтоолд маш тодорхой заалтууд орсон.
Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах чиглэлд Мянганы Сорилтын Сангаас олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг сайшааж, хоёр орны хоорондын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх замын зураг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалаар байгуулагдсаныг дэмжиж, АНУ-ын Олон улсын санхүүгийн корпорацийг Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, олон төрөлтэй болгох, эмэгтэйчүүдийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг санал болгосон байгаа. АНУ-ын Олон улсын Санхүүгийн корпораци өнөөг хүртэл Монгол-Америкийн хамтарсан аж ахуйн нэгжүүдэд 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, зээл олгосон. Одоо энэ үйл ажиллагаагаа өргөжүүлж, ялангуяа дэд бүтэц, электрон худалдаа, эрчим хүчний чиглэлд томоохон төслүүдийг санхүүжүүлэхийг энэ байгууллагад Конгрессоос чиглэл болгож байгаа гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, одоо манай аж ахуйн нэгжүүд сайн төсөл хийгээд АНУ-ын Олон улсын санхүүгийн корпорацид хандахад санхүүгийн дэмжлэг авах бүрэн бололцоотой боллоо. Мөн хоёр орны худалдаанд GSP буюу Generalised System of Preferences худалдааны хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдах Монголын барааны экспорт жилд ердөө 3.2 сая ам.долларын хэмжээнд байгааг онцлон тэмдэглэсэн байгаа. Нийт экспортын хэмжээ 24.6 сая ам.доллар байгаатай харьцуулбал их бага дүн байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, энэ хөнгөлөлтийн тогтолцоог манай бизнесмэнүүд муу ашиглаж байна. Тэгэхээр манай аж ахуйн нэгжүүд энэ тогтолцооны дагуу АНУ-ын зах зээл рүү татваргүй орох бололцоотой бараа, таваарын үйлдвэрлэл, нийлүүлэлтэд анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм.
-Энэхүү тогтоол батлагдсанаар АНУ-ын Конгресст өргөн бариад буй "Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль"-ийн төслийг хэлэлцэх үйл явцад түлхэц болох хүлээлт манайд бий. Энэ хууль биеллээ олоход нэлээд ойртчихов уу?
-Хуулийн төслийг тун удахгүй дахин өргөн барих гэж байна. Шинэ Конгресс байгуулагдахаар хуучин хуулийн төслүүдээ шинээр өргөн барьдаг. Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхэд хоёр бэрхшээл тулгардаг.
Нэгдүгээрт, яагаад дэлхийн энэ олон улсаас Монголыг онцолж байгаа юм бэ гэдэг асуулт гардаг. Энэ асуултад саяхан батлагдсан энэ тогтоол хариу өгч байгаа юм. Манай хоёр орон стратегийн түншлэлийн харилцаатай учраас онцолж байна гэсэн хариу өгөх боломжтой болж байна гэсэн үг.
Хоёрдугаарт, Монголын хөнгөлөлттэй нөхцөлөөр дамжуулан бусад орон хууль бус экспорт хийх үүд хаалга нээгдэх юм биш биз гэсэн асуулт гардаг. Үүнд бид өмнө нь Дэлхийн худалдааны байгууллагын Уругвайн раундын хэлэлцээний дагуу оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний хөнгөлөлтийг эдэлж байх үедээ Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг зохих хяналттайгаар АНУ руу экспортолж байсан жишээгээ ярьдаг. АНУ-ны Конгрессийн хоёр танхимаар хоёулангаар нь Стратегийн түншлэлийн тухай тогтоол батлагдсанаар Гурав дахь хөршийн худалдааны хуулийг батлуулах үндсэн нөхцөл нь бүрэлдэж байгаа юм. Гурав дахь хөршийн худалдааны хуулийг АНУ-ын Конгрессийн дээд, доод танхимын 94 гишүүн дэмжиж, хамтран зохиогчоор орсон байгаа. Намайг энэ чиглэлд ажил хийгээгүй гэсэн яриа гарсан байна лээ.
Конгрессийн нийт гишүүдийн тавны нэгийг хамтран зохиогчоор оруулахад маш их хөдөлмөр, цаг хугацаа орно гэдгийг хүмүүс эрхбиш ойлгох байх аа. Харамсалтай нь, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд маш их талцсан улс төртэй, дэлхий даяар тархсан цар тахлын аюултай холбоотой хуулиуд хэлэлцэх ёстой гэх мэтийн бэрхшээл ихтэй байлаа. АНУ төсвөө баталж чадахгүй, Засгийн газар нь хүртэл хаагдаж байлаа шүү дээ. Одоо харин байдал хэвийн болох хандлагатай байгаа тул хууль батлагдах боломж бүрдэх болов уу гэж найдаж байна.
-АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байх үедээ БНХАУ, Монгол зэрэг орнуудаас нүүрс авч, дэлхий даяар муу нүүрс тараадаг, ерөнхийлөгч болсон даруйдаа би үүнийг таслан зогсооно гэх зүйлийг ярьсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?
-Байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс дэлхий ертөнцийг хамгаалах гэдэг бол дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа сэдэв. Байден ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааны үед ярьсан асуудал бол эрчим хүчний цэвэр эх үүсвэрийн тухай ерөнхийд нь ярьсан асуудал. Манай нүүрсний экспортод гангийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг коксжих нүүрс голлодог. Энэ бол шатааж, эрчим хүч гаргаж авдаг нүүрс биш. Тийм учраас манай олон нийт энэ буруу ойлголт, болгоомжлолоос салах хэрэгтэй.
Харин эрчим хүчний цэвэр эх үүсвэрийг дэмжих одоогийн засаг захиргааны бодлогыг сайтар судалж, сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр асар баян орны хувьд энэ чиглэлд АНУ-тай хамтран хэрэгжүүлэх төслийг боловсруулан хэрэгжүүлэх аваас их боломж, бололцоо гарч байгааг соргог ажиглаж, ажил хэрэг болгоосой гэж бодож байна. Ж.Байдены засаг, захиргаанаас “ногоон хөгжил”, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг асуудлуудад ихээхэн анхаарал хандуулж, эдгээр нь АНУ-ын гадаад бодлогод чухал байр суурь эзэлж байгааг бид шинэ боломж гэж харах нь зүйтэй.
-Ерөнхийлөгч Х.Баттулга таныг эргүүлэн татах зарлиг гаргасан. Ерөнхийлөгч өөрт нь таалагдахгүй болохоор л Элчин сайдуудыг эргүүлэн татаад байх нь хэр зөв бэ гэх зүйл нийгэмд ажиглагдаж байна. Таны хувьд монголд ирэх хүсэлтээ өгсөн байсан. Үүнээс болов уу?
-Би Ерөнхийлөгчийн зарлигийн тухай ямар нэг зүйл хэлэх нь илүүц биз. Би буцах хүсэлтээ гаргахдаа манай дотоодын энэ ойлгомжгүй байдал хоёр улсын харилцаанд сүүдрээ тусгах ёсгүй гэсэн зарчмын байр суурийг баримталсан. Мөн манай төрийн байгууллагууд хоорондоо зөрчилдсөн шийдвэр гаргаж, энэ нь цаашид элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудал дээр буруу жишиг тогтоох эрсдэлтэй гэж үзээд бүрмөсөн буцах хүсэлтээ өгсөн. Би гурван жил АНУ-д Элчин сайдаар ажиллалаа. Энэ хугацаанд хоёр орны харилцааг өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүргэж, дараа нь энэ түвшнээс стратегийн түншлэлийн түвшинд хүргэх үйл ажиллагаанд оролцсондоо баяртай байдаг. Бүрэн эрхийнхээ хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн айлчлалыг амжилттай зохион байгуулж, АНУ-ын зүгээс Батлан хамгаалахын сайд, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх зэрэг өндөр, дээд албан тушаалтнуудын Монголд хийх айлчлалыг хэрэгжүүллээ.
ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад АНУ-ын зүгээс тусламж, дэмжлэг авах ажлыг зохион байгуулалцлаа. Монгол иргэд хөдөлмөрийн визээр АНУ-д ажил хөдөлмөр эрхлэх, залуус хөнгөлөлттэй үнээр АНУ-ын Их, дээд сургуульд сурах бололцоог нээх ажлыг эхлүүллээ. Цар тахлын хүнд үед хоёр улсын хооронд анхны шууд нислэгүүдийг зохион байгууллаа. Дурдвал олон ажил байна. Харин яг одоо вакцины тусламжийн хэлэлцээ ид явж байгаа үед, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал яригдаж буй мөчид буцах болсондоо жаахан эмзэглэж байна. Гэхдээ явтлаа эдгээр ажлуудыг баталгаатай болгож, хэрэгжилтийг хангахад бүх хүчээ дайчлан ажиллана гэдгийг хэлье. Хоёр орны харилцаанд гэрэлт ирээдүй хүлээж буй гэдэгт эргэлзэхгүй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (1)