x

ЗЭРЛЭГҮҮДИЙН ТҮРЛЭГ

ТҮМНИЙ НЭГ
Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг нөхцөөх нь Монголын хамгийн түгээмэл дүр зураг болжээ. Тэтгэвэрийн жаал мөнгө нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хүү нь шоронд, охин нь Улаанбаатарын өмнө Лениний хөшөөний дор. Өвгөн хүнтэй ч зүгээр юм ярьчихгүй намчирхаад л улс төржөөд л, улс төрийн зарим луйварчдыг зүхнэ, огт ялгаагүй нөгөө заримыг нь амаа олохгүй магтана. Яриад байгаа хүмүүстэйгээ уулзаж байгаагүй, ярьсан юмыг нь хааяа зурагтаар сонссон боловч ойлгосон юм маруухан. Гэхдээ энэ нь угаасаа түүний өвчин. Хар багаас нь тэгээд сургачихсан юм. Хөрөгнөөс нь өөр юм хараагүй Цэдэнбалыг ерөөгөөд л, хаа хол Москвад Брежнев гээд нэг орос үхснийг сонсож мэлмэрүүлээд л, тэрбайтугай зургийг нь ч олж үзээгүй Лоохууз, Нямбууг хараагаад л, нэрийг нь зөв тогтоогоогүй далайн чанадын Никсон, Рейганыг зүхээд л. Магтах, зүхэх хүмүүсийнх нь нэр солигдсоор яваад хөөрхий өвгөн хадан гэртээ ойртох шив дээ. Гэхдээ өвгөн үй түмэн залгамжлагчтай, мөддөө дуусахгүй хамсаатантай. Тэр манай нийгэмд сондгойрох юмгүй, нийгмийн маань тун түгээмэл ердийн дүр зураг. Өөрөөр хэлбэл тэрээр “түмний нэг”.

СЭТГЭДЭГ ХҮН МАШ ЦӨӨН
Үнэндээ хүмүүсийн маш цөөнх нь л сэтгэх чадвартай байдаг. Чадвартай энэ цөөн хүний олонхи нь сэтгэхээс залхуурдаг. Яг сэтгэж байгаагийн ихэнхи нь буруу сэтгэдэг. Ингэхээр зөв сэтгэдэг хүн хүний нийгэмд тун ч өчүүхэн хувь эзэлж таарна. Энэ бол Робэрт Хэйнэйний үг шүү дээ. Фридрих Ницшэ мэтийнх нь бол үүнээс ч шулуухан, хүн гомдмоор нүцгэн юм хэлсэн байдаг. Ялгаагүй л дээ, манай нийгэмд эмчийн дипломтай хүн цөөн, үүн дотор анагаах ухааныг ойлгодог нь бүр цөөн, сайн эмч гэх юм бол хуруу дарам цөөн, бурхан эмч тав арваас хэтрэхгүй. Улс төр ч мөн адил өөрийн шалгууртай мэргэжлийн ажил. Энэхүү нийгмийн мэнэжмэнт хийх учиртай, гардагч нь үүндээ авъяастайгаас гадна мэргэшсэн туршлагатай байх ёстой. Эмчийг зохих шалгуураар мэргэжлийн үнэлэмжээр шалгаруулах ба дараа нь түүний практик ажиллагаа нь зах зээлд үнэлэгддэг. Харамсалтай нь улс төрчдийг ард түмэн нь сохор үзэмжээрээ шалгуурладаг. Дээр өгүүлсэн мань харанхуй хэнхэгтэй өвгөн ямар шалгуур тавьж хэнийгээ магнайдаа залах нь хэлэлтгүй ойлгомжтой.

ТҮМНИЙ ТҮРЛЭГ
Хүний аль ч нийгэм өөрийн ариун нандин гэсэн юмтай, түүнийхээ тогтсон үнэлэмжтэй, энэ бүхнийг нь тээж явдаг төлөөлөгчтэй байдаг. Түүх, шашин, гоо зүй, уламжлал, хүндэтгэл, соёл, мэдлэг, боловсрол, сургууль, утга зохиол, урлаг, эх орон, хамт олон, гэр бүл, нэр төр, ёс суртахуун гээд үүнд олон зүйл хамрагдана. Олон үеийн турш аль ч нийгэмд эдгээр ариун нандин болгоныг нь тээгч нь хаад ноёд, язгууртан сурвалжтанууд байжээ. Сүүлийн хоёр зуу гаруй жилийн турш дэлхийг хамран өрнөсөн хувьсгал, бүгд найрамдах үзэл, ардчилал, тэгш эрх зэрэг номлол үйлдлүүд нь энэ жишгийг ихээхэн эвдэж үндсэн өөрчлөлт оруулсан юм. Испаний аугаа сэтгэгч философич Хоссэ Ортэга и Гассэт үүнийг “түмний түрлэг” гэж нэрлэжээ. Хууль бүгдэд тэгш үйлчилдэг, мэдээлэл бүгдэд хүртээмжтэй, технологи ихэд хөгжсөн, нийгэм нээлттэй болсон зэрэг олон хүчин зүйлийн үйлчлэлээр нийгмийн элит давхрага хар аяндаа өөрөө бүрдэн бий болдог болсон байна. Гэхдээ зарим оронд ялангуяа Орос, Хятадыг оролцуулаад буурай орнуудад байнга хувьсгал үймээн гарах учир түрүүний арай гэж бүрдэж байсан элит давхрагыг үндсээр нь ховхлоод дахин шинэ үнэлэмж буй болгон шинэ давхрага гаргах гэж бужигнуулсаар нийгмийн тогтсон үнэлэмж түүнийг тогтвортой тээгч үгүй болсоор, солигдсоор байгаа юм.

САГАСАН ЗЭРЛЭГ ХУВЬСГАЛЧИД
Монголын нүүдлийн нийгэм ч өөрийн тогтсон үнэлэмж, түүнийг тээгч төлөөлөгчидтэй байв. 1930-аад оны улс орныг хамарсан их хядлага нь нийгмийн аль л элит гэсэн хэсэг дээр тусаж, тэднийг нийгмээс байтугай хорвоогоос ангижруулжээ. Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20 хувь буюу аль л бичиг үсэгтэй, соёл боловсролтойг нь хядсан юм. Тэдний оронд төрийн жолоон дээр нийгмийн адаг давхрагад нь харайлгаж явсан харанхуй бүдүүлгүүд гарч ирлээ. Хувьсгалч уриа орилсон, халимаг үсээ сэгсийлгэсэн, ташаандаа нагаантай, тархиндаа хуурстай тэдгээр бүдүүлэг зэрлэгүүд Монголын соёлын мянган жилийн өвийг галдан шатаагаад нүцгэн элсэн дээр хүй нэгдлийн нийгэм цоо шинээр байгуулж эхэлжээ.

Хэдийгээр зэрлэг бүдүүлэг боловч христосын хүнлэг уламжлалаас гарал үүсэлтэй марксизм, хэдийгээр хоцрогдсон болхи боловч дотроо хүн төрлөхтний аугаа соёлын үр хөврөлийн сондрыг агуулсан Оросын соёл нүүдэлчдийн адгийн эгнээнийнхэн ноёрхсон энэ талбай дээр иргэншил нэвтрүүлж эхэлсэн юм. Жараад он гэхэд Монголд иргэншил нэвтэрч, технологи хөгжиж, хотжил үүсэхийн сацуу шинэ үеийн анхны элит давхрага буй болж эхэлсэн байна.

Ерэн оны хувьсгал бол зайлшгүй зүйл байлаа. Гаднаас хүчээр барин тогтоож байсан, нүүдэлчдийн үе улиран хэвшсэн индвид сэтгэлгээг боймолсон, монголчуудын түүх соёл уламжлал байгаль эх орноороо бахархдаг бахдлыг гутаасан тэрхүү нийгмийн тогтоцыг халахын төлөө шинэ Монголын шинэ элит давхрага өөрөө тэргүүн шугамд нь оролцон зүтгэсэн юм. Гэвч аливаа хувьсгал болгон нэгэнт тунаж тогтсон цөөрмийг орвонгоор нь хутган сэгсчих шиг үйл явц болдог тул ёроолд нь байсан үй олон хог мандал дээр хөвөн гарч ирлээ. Ямар ч байгууламжтай байсан алив нийгэм өөрийн доод эгнээтэй, тэнд нь люмпэн гэж нэрлэгддэг нэлээдгүй зай эзэлсэн бүхэл бүтэн давхрага байдаг билээ. Тооны хувьд хавьгүй олон люмпэн давхрагынхан хувьсгалын бужигнаанаар мандал дээр ярзганан гарч ирлээ.

ЛЮМПЭН
Люмпэн гэдэг нь ердөө л “увайгүй” гэсэн латин үгнээс гаралтай нэр. Социологид үүнийг нийгмийн тогтсон системийн аль ч үнэлэмжид хамрагддаггүй, үнэлэмжийн ирмэг дээр буюу гадуур оршдог давхрага гэж тайлбарлана. Нийгмийн тогтсон соёлоос хөндий, үнэн худлыг тоодоггүй, муу сайныг ялгадаггүй, тухай бүрд нь тохиолдсон өөрийн үзэмжээр энэ бүхнийг тодорхойлж явдаг нь тэдний нийтлэг дүр төрх. Люмпэнүүдэд мэргэжил, нийгмийн байр суурь үгүй, тэд тогтсон ажил хийдэггүй, үл мэдэгдэх буюу үл ойлгогдох орлогын эх үүсвэрээр амьдардаг. Эх орон, элгэн садан, нийгмийн холбоо хэлхээ, уламжлал бахархал зэрэг ойлголтоос тун ч хөндий, гол төлөв хуулиас гадуур амьдрах хандлагатай. Хүний гэхээсээ ширэнгийн хуулиар амьдардаг эдгээр хүмүүс ихэнхидээ жижиг гэмт хэргийн орлогоор амь зуудаг.

Люмпэнпролетари гэсэн нэр томъёо заримдаа сонсдоно. Пролетари бол ажилчин ангийн нэр. Английн хувьсгалаас хойш буй болсон ажилчны анги нь тодорхой зорилго, амьдралын агуулгатай, ухамсар бүхий, нийгмийн тогтсон үзэл бодол уламжлалыг тээгч тусгай давхрага билээ. Ажилчин ангийг өдөөж нийгмийн хувьсгал хийлгэх гэсэн Марксын атгаг санаархал ачир дээрээ талаар болж самуун уриалгыг нь тогтворжсон ажилчин анги үгүй буурай орнуудын люмпэн нар дэмжин авсан билээ. Монголд 1990 он гэхэд ухамсартай тогтворжсон ажилчин анги үүсээгүй байлаа. Жараад оны үед амьжиргааны гол эх үүсвэр болсон малаа нам засагтаа хураалгаж амьдрахын эрхээр хотод цагаачлан орж ирсэн нүүдэлчид, тэдний нэгдүгээр үеийн удмынхан люмпэн болж улмаар тэргүүний хэсэг нь ажилчин ангийн зарим элементийг бүрдүүлж эхэлж байсан цаг.  

ЛЮМПЭНГҮҮД ТӨРИЙН ЭРХЭНД
Люмпэнгүүд хувьсгал, самуун, төрийн тогтворгүй байдал, хямралыг далимдуулан улс орны төрийн толгойд гарч ирсэн нэг бус тохиолдлыг хүний нийгмийн түүх сайн мэднэ. Ийм явдал Хятадын түүхэнд хэд хэд тохиолдож байв. Францын хувьсгал, Октябрын хувьсгал, Маогийн хувьсгал бол төрийг люмпэнүүд эзэлж авсан түүхийн тод томруун жишээ билээ. Социологи, нийгмийн психологи зэрэг ухаанд энэ үзэгдлийг хангалттай судалж шинжлэх ухааны дүн шинжилгээ хийсэн байдаг. Уран зохиолд ч энэ үзэгдлийн мөн чанарыг уран сайхны аргаар тодорхойлон мөнхөлжээ. Михаил Булгаковын Нохойн зүрх, Жоорж Орвэллийн ”Амьтны ферм зохиолууд нь нийгмийнхээ төрх, уламжлал, түүх, соёл, ёс суртахуун, анги бүлэглэл, гэр бүл, бие хүмүүсийн холбоосын мөн чанарын тухай огт төсөөлөлгүй люмпэнүүд нийгмийн жолоонд гарахаар юу болдгийг тод, уран харуулсан байдаг.

Монголд люмпэнүүд анх 1928 онд намын 7-р их хурлаар төрийн эрхэнд гарч ирж байжээ. “Хөдөөний фракц” нэртэй байсан тэднийг төр нийгмийн соёлыг тээгч Монголын уламжлалт язгууртнуудыг сөргүүлэн гаднаас зориуд өдөөн тухирч ард нь хамгаалах хүч нь болж байж гаргаж ирсэн юм. Нийгмийн хамгийн доод эгнээний төлөөлөгчид болох дутуу гацуу бичиг үсэгтэй, гол төлөв үгэйгүйрсэн нүүдэлчний үр удам нийгмийн тогтсон бүх үнэт зүйлийг түлхэн унагасан төдийгүй алж хядаж, галдан түймэрдэж гал усны гашуун зовлон үүсгэсэн билээ. Тэдний үлдээсэн нурман дээр нийгмийн тогтсон дараагийн шинэ элит давхрага гарч ирэхэд даруй 40 жил шаардлагатай болсон юм.


ЛЮМПЭНЭЛИТ
Дайсныг олж, илрүүлж, бут цохиж, алж устгадаг үзэл суртлаар хүний гурван үеэрээ хүмүүжсэн хүн сүрэг 1990 онд нээлттэй нийгэм рүү давхин орж ирсэн юм. Үнэндээ энэ нь үзэл санаа ч биш, амьдралын шаардлага ч биш гагцхүү хүний цаана нуугдах адгуусан зөнг нь хөөргөх үзэл суртлын тоглоом байлаа. Чухам энэ адгууслаг зөн дээр тулгуурласан, наанаа улс төрийн үзэл суртлын тэмцэл гэсэн иргэншсэн нэр томъёон халхавчтай цусгүй алаан Монголд сүүлийн 15 жил үргэлжлэв.

15 жил гэдэг бол хүний амьдралаар жишихэд харьцангуй урт хугацаа. Нөгөө талаас люмпэн сэтгэлгээ нь үнэлэмжийн тун цөөхөн тулгуур, тэмүүлэлтэй байдаг тул маш вульгар прагматик шинжтэй. Ийнхүү “үзэл суртлын” урт тэмцэл хийсэн хоёр бүлэглэлийн аль алинд нь тооны хувьд илт давамгайлах люмпэнүүд хоорондоо гибриджэн эрлийзжиж шинэ мутант гаргаж ирсэн нь люмпэнэлит гэсэн нийгмийн цоо шинэ давхрага юм.

ГАХАЙ БҮР Ч ИЛҮҮ ТЭГШ ЭРХТЭЙ  
Монголд өнөөдөр ноёлож буй люмпэнэлит нь нийгмийн эрх ашгийн тухай төсөөлөл ч байхгүй бүлэг. Нийгэмд олон жил үргэлжилсэн ёс суртахууны уналтын үр жимс болсон тэдний амьдралын сэдэл нь антиүнэлэмж юм. Өөрөөр хэлбэл үнэлэмж болгон нь хүний болон нийгмийн тогтсон үнэт зүйлийн үнэлэмжийн нөгөө тал нь, хасах тал нь, эсрэг тал нь гэсэн үг. Санхүү - улс төрийн энэхүү давхрагынхны социологи төрх нь ердийн люмпэнтэй хачирхам адил. Ялгаа нь матераллаг тал, төрд гүйцэтгэж буй инстрүмэнтлэг үүргээр тодорхойлогдоно. Люмпэн, люмпэнэлит хоёр давхрага нь ёс суртахууны болон уламжлалын гэх мэтийн нийгмийн болон хүний ариун үнэт зүйлийг тоодоггүй нулимдаг, хуулийн хүрээнээс ихэнхидээ гадуур байдаг, нийтийн болон бүлгийн эвсанааны нэгдлийг түр зуурын ашиг сонирхолдоо хэрэглээд үнэ хүрсэн газар нь сохор зоосоор ч хамаагүй зарчихдаг, хүний нийгмийн амьдралыг адгуусны “ширэнгийн” дүрмээр ойлгодог зэрэг олон талаараа яг ижил. Чухамдаа нийгэмд хүний нийгмийн хууль биш, харин “ширэнгийн” дүрэм олон жил үйлчилсний үр дүн болж люмпэнэлит давхрага үүсэн нийгмийн шатаар авирсаар оройд нь гарчээ.

Тэдний уламжлал сахиж буй байдал нь далбайсан хоргой дээл, цээжнээс нь өргөн цул мөнгөн бүс, хээ нь ихэдсэн жанжин малгай, учир замбараагүй үнэтэй адуу мал, хүн даахын аргагүй хөөрөг. Тэдний шашинд хандах хандлага нь хүн дайрсан дүү, хүүхэн хүчиндсэн хүү, хүүдийгээр нь авсан хахууль зэргээ хуулийн хүрээнээс гадуур шийдэхийн тулд Ганданд очин наймааны журмаар аргалуулж өөрөө ч, цаад лам нь ч учрыг нь олохгүй тангад ном гүвтнүүлж шанд нь хулгайн барааныхаа хагасыг өгөхөөр илрэнэ. Түүхийн тухай тэдний ойлголт тэртээ 800 жилийн өмнө болоод өнгөрсөн шуугиант үйл явдлын тухай бүдэг бадаг сонссон юмтайгаа өөрийн биеийг гололгүй холбон найруулж цээжээ дэлдэхээр илрэнэ. Тэдэнд энэ ертөнцийн тухай, хүний нийгмийн тухай, түүний хоорондын холбоо уялдааны тухай, гоо сайхан урлаг соёлын тухай цэгцтэй ойлголт байтугай цэгцгүй мэдээлэл ч байхгүй.
“Санхүү - улстөр – улс төрийн нам” хэмээн тодорхойлж болох энэхүү шулмын сэдэлт люмпэнэлит толгойтой мафи нийгэм Орвэллийн “амьтны ферм”-ийн тогтолцоо руу хар аяндаа явж таарна. Бүх амьтан тэгш эрхтэй, түүний дотор гахай бүр ч илүү тэгш эрхтэй.  

ОДООХОНДОО МОНГОЛЫН ЛЮМПЭНЭЛИТҮҮД МАНДТУГАЙ
Хаад ноёд, язгууртан сурвалжтангууд нийгмийн мэнэжмэнт хийдэг үе тэртэй тэргүй түүхийн тэмдэглэгээ болон хоцорсон. Хүн төрлөхтөн өөр дотроосоо элит давхрагаа үе үедээ тодруулан тэднээрээ мэнэжмэнтээ хийлгэдэг загвар манай эрин зууны тогтсон тогтолцоо болжээ. Энэ мэнэжмэнтийг улс төрийн намууд хоорондоо чөлөөтэй өрсөлдөн, хуулийн хүрээнд явуулдаг болсон. Нээлттэй нийгэмд нам нь масс байж болдоггүй. Тэгвэл нийгмийн мэнэжмэнт хийх улс төрийн нам гэсэн утга нь алдагдаж люмпэний овоолго болдог. Учир нь аль ч нийгэмд люмпэн давхрагын төлөөлөгчид тооны хувьд зөв сэтгэдэг хүмүүсээсээ үлэмж давуу байдаг нь байгалийн хууль. Чухамдаа люмпэнгүүд популист уриа лоозонгоор ухамсар дорой нийгмийн толгойг эргүүлэн төрийн шийдвэр гаргагч болон бойжиж люмпэнэлит болон хувирна. Улс төрийн намыг масс гэж ойлговол сонгон шалгаруулалт угаасаа буруу дүрмээр явагдаж түрийний бөөс нь толгой дээр гараад ирдэг номтой. Масс гэж ойлгогдон зохион байгуулагдсан улс төрийн нам нь нийгмийн шаар болсон люмпэнгүүдэд дээш өгссөөр төрийн жолоонд хүрэх шат нь болдог. Гэтэл улс төрийн нам бол орчин үеийн утгаар хувьцаат компанитай илүү төстэй. Ямар ч компани түйвээгсэдийг дотроо оруулдаггүй төдийгүй тэднээс хамгаалах дархлаагаа бүрдүүлсэн байдаг.

Нэгэн жишээ. Дэлхийн коммунист системийг 13 сая гишүүнтэй Солидарность хэмээх Польшийн масс үйлдвэрчний эвлэл унагасан. Дараа нь энэхүү царцааны нүүдэл гэх шиг бужигнасан олон төрийн жолоонд гарч сайхан түйвээж билээ. Харин дарангуйллын систем нэгэнт унасны дараа элит хэсэг нь эднээсээ салж чадсанаар тэнд соёлт хүний нийгэм аврагдсан.

Нийгмийн ухамсар дорой, төрийн институт тогтворжоогүй, нээлттэй нийгмийн туршлага үгүй Монголын нийгэмд популизмаар хийрхсэн люмпэнэлит давхрагын ноёрхол цаашид ч мундахгүй олон жил оршсоор байх болно. Тэд эдийн засгийг түйвээж, ёс суртахууныг унагаж, хүний гэх бүхий л үнэт зүйлсийг сарниулан нийгмийг сүйрүүлсний эцэст л олон түмний шахалтаар зайлах болно. Тэр болтол ухамсар дорой нийгмийн суурь тэднийг дэмжсээр, тэргүүн дээрээ мандуулсаар л байх болно. Учир нь ийм дорой суурин дээр болхи популизм хийн тоглолт явуулахад хялбар байдаг. Чухам ийм тоглолтод л люмпэнэлитүүд гаршсан байдаг нь түүхээр нотлогдсон үнэн. Ницшэ хэлэхдээ “унах гэж байгааг татах биш түлх” гэжээ. Чухам улам цааш түлхснээр л аврагдах хугацааг богинсгох ганц арга. Тэд хэдий их тэнэгтэнэ, нийгэм төдий хурдан ойлгосноор тэднээс салах хугацаа төдий богинсоно. Монголын люмпинэлитүүд одоохондоо мандтугай.

Б.Баабар /2005.06.09/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 7 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 28 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 30 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 45 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 2 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 44 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 54 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top