Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны Гуравдугаар сарын 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд санхүүгийн нөхцлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор:
1. Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах;
2. Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 2-р улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргалаа. Уг санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ болон 200 дээш ажиллагчидтай худалдааны салбарын аж, ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөв.
Жилийн инфляц 2021 оны Хоёрдугаар сард улсын хэмжээнд 2.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.0 хувьтай байна. Эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх улирлуудад эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх бол шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид өсөхөөр байна. Суурь төсөөллөөр 2021 онд инфляц дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах хүлээлттэй байгаа хэдий ч вирусын тархалт, вакцинжуулалттай холбоотой өөрчлөгдөж болзошгүй байна.
Вакцинжуулалт амжилттай үргэлжлэх тохиолдолд эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, аж, ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн түвшинд хүрэх хүлээлт хэвээр байна. 2021 оны эхний 2 сард экспорт 73 хувиар, боловсруулах салбар 1, 2 дугаар саруудад 66 хувь болон 37 хувиар тус тус өслөө. Түүнчлэн, олон улсын зээлжих зэрэглэлийн Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг сөргөөс тогтвортой болгож сайжруулахад Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ нэмэгдэж, богино хугацаат гадаад өрийн дарамт буурсны зэрэгцээ эдийн засгийн төлөв сайжрах хүлээлттэй байгаа нь нөлөөлсөн байна.
Төв банкны зүгээс КОВИД-19 цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалж байна.
Инфляц зорилтоос давах нөхцөл үүссэн тохиолдолд Мөнгөний бодлогын хороо бодлогын тохируулга хийх болно.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО