УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.
-Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө боловсруулж баталлаа. Өнөөдрөөс (өчигдрөөс) жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгож эхэллээ. Уг арга хэмжээг эдийн засагт хэрхэн түлхэц болно гэж харж байна?
-Энэхүү цогц төлөвлөгөө үр дүнгээ өгнө байх гэж бодож байна. Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд өмнө нь өрх гэр, иргэд рүү чиглэж байсан бол одоо ААН, жижиг дунд бизнес эрхлэгчид рүү чиглэж байна. ААН, бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд тун хүнд байлаа. Орлого нь буурсан, тасалдсан. Мөн ажиллагсдынхаа цалинг тогтмол өгч байгаа хэдий ч зээлтэй ААН-үүдийн хувьд өндөр хүүтэй зээлээ төлөхөөс гадна үндсэн зээлийнхээ төлбөрөө төлөөд явахаар маш хүнд байдалд орсон. Одоо жилийн гурван хувийн хүүтэй зээл гэдэг тун өгөөжтэй зээлийн нөхцөл. Өмнөх ЖДҮ-ийн зээлээс юугаар ялгаатай байна гэхээр өмнө нь ЖДҮХС өөрөө зээл олгож байсан. Би тэр үед банкинд ажиллаж байхад энэ тал дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. ЖДҮХС-гийн зээл судалдаг хүмүүсийн чадварт нь итгэхгүй байсан. Зээлийн эрсдэлийг үнэлж чадах уу. Бизнесээ ойлгож чадах уу.
Одоо болохоор Засгийн газар, Сангийн яам, Монголбанк нийлээд эх үүсвэрийг нь арилжааны банкинд өгч байгаа юм. Зээл олгох хүсэлтэй банкуудад эх үүсвэрийг нь өгөөд Засгийн газрын зарласан хөтөлбөрийн дагуу зээлээ олгоно гэж байгаа юм. Банкуудаар дамжуулах нь яагаад зөв гэхээр банкууд бол мэргэжлийн зээлийн шинжилгээ дүгнэлт хийдэг дэд бүтэц. Тэгэхээр мэдээж туршлагатай, аль болохоор гарсан зээлээ муутгахгүйн тулд зөв шийдвэр гаргахыг эрмэлзэнэ.
Эрсдэл талаасаа зөв шийдвэр. Банкууд маань хэт хатуу өндөр шаардлага тавиад ААН, бизнесийнхэн шалгуурыг нь давахгүй унадаг, зээлээ авч чадахгүй байдалд хүрэх вий гэсэн болгоомжлол байсан. Гэтэл Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд банкны төлөөлөлтэй уулзахад арилжааны банкууд аль болох олон ААН-үүдэд зээл олгох түүнчлэн уян хатан шалгуураар зээлээ олгохоо хэлсэн байна лээ. Жилийн 16,18 хувийн хүүтэй зээлтэй ААН одоо тийм хэмжээний хүү төлөх хүнд. Гурван хувийн хүүтэй зээл гарч байгаа нь ААН-үүдэд урт хугацаандаа тогтвортой ажиллах, хурдан хугацаанд бизнес нь сэргэх боломжтой. Миний хувьд хоёр их наядын хөтөлбөрийг маш зөв гэж бодож байгаа.
Өмнөх ЖДҮ-ийн зээл олголт шиг зүйл давтагдахгүй. Хэн нэгэн албан тушаалтан арилжааны банкинд нөлөөлөх боломжгүй. Эх үүсвэрээр дамжуулж банкуудаар зээл олгож байгаа хэлбэр нь тун зөв.
-Эдийн засагчид Төв банкны үнэт цаасны хүүг буулгах ёстой гэх байр суурийг илэрхийлж байна лээ. Үнэт цаасны хүүгээ бууруулсан нь ковидын үед улс орнуудын бүгдийнх нь хийсэн алхам гэж байсан л даа.
-Эдийн засгийн онолоороо өсөлт нь саараад, буураад хасах руугаа ороод эдийн засгийн идэвхжил маш муу байгаа тохиолдолд мөнгөний бодлогоор буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр бодлогын хүүгээ бууруулж болно. Манай тохиолдолд арилжааны банкууд маш их хэмжээний сул эх үүсвэртэй. Одоогийн байдлаар 7 их наяд төгрөг даваад гарчихсан. Тэр нь Монголбанкны үнэт цаас дээр байршчихсан. Тэр бол бодлогын хүүгээ 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалт байгаа. Гэтэл үүнийг буцаад эдийн засагт оруулъя гэхээр эдийн засагт мөнгө нь байгаа хэрнээ банкууд нь эрсдэлээ бодоод мөнгөө зээл болгож гаргахгүй байна. Хоёр их наяд үүнд маш их түлхэц болно. Ингэхээр эдийн засаг чинь шаварт суусан машиныг чирээд гарч байгаатай адил болох нь байна. Дэлхий даяар инфляци өсч байна. АНУ ковидын үед авах аарга хэмжээнд 1,9 их наяд ам.долларыг Сенат нь баталчихлаа.
Энэ хэмжээний мөнгө Америкийн эдийн засагт ороод хэрэглээнд орно. Ингэхээр бараа үйлчилгээний үнэ өснө. Америкийн засгийн газрын бондын хүүг харж байхад сүүлийн гурван сар инфляци нь өсөөд эхэлчихсэн. Инфляцийн хүлээлт нь өндөр байна гэсэн үг. Энэ тохиолдолд тийм амархан бодлогын хүүгээ бууруулахад хэцүү байна байх. Бодлогын хүүгээр эдийн засгаа сэргээхэд шууд нөлөө байдаггүй. Зургаа юмуу, есөн сарын дараа нөлөөгөө өгдөг. Тэр үед дэлхийн болон Монголын инфляцийн түвшин өсчихвөл эсрэгээрээ эдийн засагт эрсдэлтэй байх магадлалтай. Тиймээс ААН, бизнесүүдэд тулгамдаж буй асуудал болох хүнд суртал, санхүүгийн хүртээмж, хүүгийн дарамтнаас гаргаад нөгөө талдаа экспортод чиглэсэн нүүрс, зэс төмрийн хүдрээ зогсолтгүй гаргах нь чухал. Дэлхийн зах зээл дээр үнэ нь нэлээд өндөр түвшинд хүрчихсэн байгаа. Хятадын эдийн засаг, АНУ-ын эдийн засаг, европын эдийн засаг ковидын хямралаас гараад өсч эхэлж байна. Үйлдвэрүүд нь ачаалалтай ажиллаад түүхий эдийн эрэлт их байгаа учраас үнэ нь өсч байна л даа.
-Долдугаар сард Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зогсохоор эдийн засаг ямар дүр зурагтай байх бол?
-Манай улс хамгийн доод цэгтээ өнгөрсөн 12 дугаар сард хүрсэн болов уу гэж таамаглаж байна. Манай эдийн засаг Цагаан сарын дараа идэвхждэг. Газар тариалан, барилгын салбар гээд бүх үйл ажиллагаа сэргэж эхэлдэг цикльтэй. Үүнийгээ дагаад эдийн засаг өсч эхлэх байх. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Экспорт нэмэгдэх байх. Нэмэгдээд ч явж байна лээ. Энэ бүгд нийлээд эдийн засгийг богино хугацаанд хасах биш нэмэх рүү оруулах болов уу гэж харж байна.
-Банкны тухай хууль батлагдаад хэрэгжээд эхэлчихлээ. Банкны тухай хуулийн үр дүнг та хэрхэн харж байна. Энэ бүхэн иргэдэд, эдийн засагт ямар үр ашиг бий болгох вэ?
-Банкууд үнэлгээгээ хараат бус шинжээч юмуу үнэлгээний компаниудаар гаргана. СЗХ-ны IPO хэрхэн гаргах журам бий. Түүн дээр хөндлөнгийн аудит хийх ёстой. Хөндлөнгийн компани дүгнэлтээ гаргасан байх ёстой. Түүнийг үндэслээд СЗХ болон бирж дээр IPO гаргах зөвшөөрлийг нь өгнө. Энэ дээр жишиг чухал л даа. 100 тэрбумын өөрийн хөрөнгөтэй банк байя гэж бодоход зах зээлийн үнэлгээний жишиг нь 1.5-2 дахин байгаа юм. 100 тэрбум чинь зах зээлийн үнэлгээндээ 150-200 тэрбум болно гэсэн үг. Америкийн банкуудын үржүүлэгч нь 1-1.3 хооронд байна. Хурдан хөгжиж байгаа, өсч байгаа Азийн банкууд 2 дахин байх жишээтэй. Монголын банкуудын үнэлгээ 1.5-2 гаруйтай байх болов уу гэж бодоод байна. Ямар ч тохиолдолд анх зарласан үнэ хэт өндөр байвал хүмүүс худалдаж авахгүй. Хэт бага байвал хүмүүс хурдан аваад үнийг нь өсгөчихнө. Тиймээс IPO-г гаргахад брокер дилер компани оролцох шаардлагатай. Түүгээр дамжуулж банкууд бирж дээр хувьцаагаа гаргана. ер нь хөрөнгө оруулах гэж байгаа иргэд, ААН-үүд ямар банк сонгохоо банкны үнэлдэг CAMEL системийг дагах хэрэгтэй.
Банкны өөрийн хөрөнгө нь ямар хэмжээтэй байна, зээлийн чанар нь ямар байна, тухайн банкны удирдлага нь туршлагатай юу, ТУЗ-ийн гишүүд нь ямар хүмүүс байна. Хэрхэн бүрдсэн байна, ашигтай банк байна уу, ашиг нь өсч байна уу, хөрвөх чадвар нь хэр байна зэргийг харах ёстой. Түүнчлэн банкны иргэдийн хадгаламж болон зээл үнэт цаас бэлэн мөнгийг харах хэрэгтэй. Энэ хоёрын харьцаа нь ямар байгаа нь чухал. Хадгаламж тал дээр богино хугацааны их хэмжээний хадгаламж татан төвлөрүүлчихсэн. Тэр эх үүсвэрээрээ урт хугацааны зээл гаргаад урт хугацааны зээл нь гэнэт муудвал нөгөө талд нь богино хугацаатай хадгаламж эзэмшигчид гэнэт мөнгөө татахаар эндээс мөнгө нь түгжигдчихсэн байдаг мөнгийг нь олгож чаддаггүй. Энэхүү банк дампуурдаг шалтгааныг харах хэрэгтэй. Хадгаламж нь чанартай байна уу, олон жижиг хадгаламж байна уу, цөөн хэдэн том хадгаламж байна уу гэдгийг ч харах ёстой. Тиймээс банкинд хөрөнгө оруулах гэж байгаа иргэд, ААН нэлээд сайн судлах хэрэгтэй.
-Энэ хууль банкны реформ болж чадсан уу?
-Маш том реформын шинжтэй хууль болсон. Хамгийн гол үр дүн бол арилжааны банкууд нээлттэй болж, засаглал сайжирна. Нэг эзэмшигчийн хувь 20 хувиас хэтрэхгүй болсноор засаглалын хувьд маш том өөрчлөлт авчирна. ТУЗ-ийн гишүүний бүрэлдэхүүн есөөс дээш болно. Гишүүдийн гуравны нэгээс дээш нь хараат бус байна. Хоёрт, иргэд аж ахуйн нэгжүүд банкныхаа эзэн нь болох боломж бүрдэнэ. Мөн хяналт тавьдаг болж байгаа.
-Манай улс ковидын эсрэг вакцинжуулалтаа эхлүүлээд явж байгаа хэдий ч ковидын тархалт нэмэгдсээр байна. Вакцинжуулалтын талаар таны байр суурь ямар байна?
-Миний хувьд вакцинжуулалтыг дэмжиж байгаа. Иргэдийн эрүүл мэндийг бодсон ч тэр, эдийн засаг талаас нь харсан ч тэр вакциныг идэвхтэй хийлгэх хэрэгтэй. Вакцины тоо хэмжээ хангалттай байгаа юм билээ. Нэмэлтээр ч вакцин ирэх талаар Засгийн газрын гишүүд хэлж байна лээ. Вакциныг сөрөг талаар сурталчилж нийгэмд буруу ойлголт өгч болохгүй л дээ. Дэлхий даяар вакцинд хамрагдаж байгаа шүү дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин