x

Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл, С.Зоригийн хэрэг ба Ерөнхийлөгчийн сонгууль

С.Зоригийн хэргийг сэргээн шалгана гэх Ерөнхий сайдын мэдэгдэл

УЕП-ын орлогч асан, одоо Б.Содномдаржаа, С.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр шүүгдэж буй Г.Эрдэнэбат одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны тавдугаар сард С1 телевизийн “Цензургүй” ярилцлагад орохдоо хэлсэн нэг үг байдаг. “С.Зоригийн хэргийн захиалагчийг хэзээ зарлах вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Мөрдөн шалгах байгууллага ямар нуугдаж тоглож байгаа хүүхдүүд үү? Мөрдөн шалгах ажиллагаа нууц, далд явагддаг, шүүн таслах ажиллагаа ил явагддаг зарчимтай. Захиалагчийн хэргийг шалгаж байгаа. Олсон тохиолдолд “олчихлоо” гэдгээ хэлнэ... гэж.

Нэг үгээр уг хэрэг дээр ажиллаж байсан ажлын хэсгийнхэнд үндэслэл бүхий таамаглал, сэжиглэж буй этгээд байсан гэсэн үг.

Харамсалтай нь тэр цагаас хойш бүтэн хоёр жил өнгөрөөд байхад манай хуулийн байгууллагууд хэргийн захиалагчийг илрүүлэхийн төлөө хуруу ч хөдөлгөсөнгүй. Харин ч Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоныхоо дараа /2019 оны нэгдүгээр сар/ С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлэхээр ажиллаж байсан цагдаа, тагнуул, прокурорын хамтарсан ажлын хэсгийг тарааж, нэг бүрчлэн ажлаас нь чөлөөлсөн байдаг юм.

Үүнийхээ дараа нь буюу 2019 оны гуравдугаар сард төрийн ордонд “Хэргийн яллагдагчдыг эрүүдэн шүүсэн” тухай мэдээлэл хийж, “Хууль зүйн сайдын нэрээр уучлал гуйж байна” хэмээн мэдэгдсэн билээ. Сайдын хөмхийгөө зууж хэлсэн “Би уучлал гуйж байгаагүй хүн шүү” гэх тэр үгнээс хойш хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэсэн үг.

Одоо мань эр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ХЭГ-ын даргаар томилогдож аваад сурсан хэмээ давтаж байх шиг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний хоёр жилийн өмнө хэлж байсан үгийг тоть шиг давтаж, “Ял эдэлж байгаа хүнээр дарамтлуулсан, гэрт нь хүний цогцос хаяж ээжийг нь айлгасан. Хууль, хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа үүсгэсэн, мансууруулсан асуудлаар ЦЕГ-т чиглэл өгч хэргийг сэргээн шалгана” гэжээ.

Товчхондоо хэргийг яллагдагчдыг эрүүдэн шүүсэн учраас С.Зоригийн хэргийг дахин шалгах ёстой хэмээн үзэж Ерөнхий сайд өөрийн эрх мэдлийн хүрээнд цагдаад үүрэг даалгавар өгч байгаа юм байна. Өмнөх 20 жил /1998 оноос хойш/ хуулийн байгууллагуудаас явуулсан мөрдөн шалгах ажиллагаа, цуглуулсан нотлох баримтуудыг “чихрийн цаас” гэж үзэж буй хэрэг.

Нэг зүйлийг сануулахад одоогоос жилийн өмнө Ц.Нямдорж нар эрүүдэн шүүсэн хэргийг “шинээр илэрсэн нөхцөл байдал” хэмээн үзэж, С.Зоригийн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ УЕП Б.Жаргалсайханд хүргүүлж байсан юм байна. Харин прокурор “Эрүүдэн шүүсэн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримттай хамааралгүй учраас шинээр үүссэн нөхцөл байдал гэж үзэхгүй” хэмээн хэргийг сэргээн шалгахаас татгалзсан хариу өгчээ. Үүнийг дараах баримтаар тайлбарлаж болно.

Эрүүдэн шүүсэн нь хэрэгт авагдсан нотлох баримттай холбоотой юу?

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цагдан хорьсон буюу “эрүүдэн шүүсэн” гээд байгаа нь 2015 оны наймдугаар сар. 2015 оны наймдугаар сарын 31-д тэднийг баривчилж, Төв аймгийн цагдан хориход саатуулсны дараах зургаа хоногийн бичлэгийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж 2019 оны гуравдугаар сарын 21-д Төрийн ордонд сэтгүүлчдэд үзүүлсэн байдаг.

Харин Ц.Амгаланбаатарын хэргээ хүлээж, хуулийнхантай хамтарч эхэлсэн нь 2013 он. Тухайн үед Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр /Эрдэнэтэд таксины жолоочийг алсан/ шоронд ял эдэлж байсан бөгөөд яллагдах дахь үедээ өөрийг нь өсгөсөн эмээгээ Б.Соднамдаржаад захиж, харж асарч байхыг гуйжээ. Харин 2013 онд эмээ нь харж асрах хүнгүй гэртээ ганцаараа нас барсан мэдээг авсны дараа ШШГ байгууллагын /хорих ангийн/ ажилтанд мэдээлэл өгч, ажлын хэсгийнхэнтэй уулзах хүсэлт тавьсан байдаг.

Өөр нэг нотлох баримт нь Б.Содномдаржаагийн эхнэрийн хэлснээр /2017 онд zarig.mn сайт Эрдэнэтэд очиж ярилцлага авсан байдаг/ Ц.Амгаланбаатар нь бүр 2004 оноос хойш нөхөр лүү нь мессеж бичиж дарамталдаг байсан. Нөхөр нь нуугаад үзүүлдэггүй байсныг нэг удаа утсаа орхиод гарсан хойгуур нь санамсаргүй харсан. “Чи Зоригийг алсан биз дээ, хэргээ хүлээ” гэх мэтээр бичдэг байсан тухай ярьсан байдаг. Тэгэхээр цагдан хорих байранд болсон “эрүүдэн шүүлт” гэх зүйл болохоос өмнө Ц.Амгаланбаатар хэргээ хүлээж, Б.Содномдаржааг хам хэрэгт татсан байсан гэсэн үг.

Харин 2013 оноос хойш бол Ц.Амгаланбаатар ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллаж байсан учраас “гүйцэтгэх ажлын” шугамаар ямар мессеж яаж бичүүлсэн нь дараачийн асуудал болж байгаа юм. Г.Эрдэнэбат прокурорын хэлснээр Б.Содномдаржаа ч мөн хариу бичдэг байсан. “Чи өөрөө алаа биз дээ. Чамайг наад шоронд чинь үхүүлнэ” гэх мэтээр хариу бичсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ч Ц.Нямдорж сайд тэр тухай нь огт ярьдаггүй юм. Ганцхан Ц.Амгаланбаатараас ирсэн мессежүүдийг л ярьдаг. Уг нь бол хавтаст хэрэгт аль хэдийн байж байгаа зүйл. Сайд өөрөө ч Ц.Амгаланбаатарын бичсэн мессежүүдийг хавтаст хэргээс авч нийтэд дэлгэсэн. Тиймээс яагаад нэгнийх нь бичсэн мессежийг дэлгээд, нөгөөгийнх нь мессежийг нууцлаад байсан нь сонирхол татаж таарна.  

Хоёрдугаарт, тухайн үед Ц.Нямдорж сайд тухайн үед хавтаст хэрэгтэй танилцах эрхгүй субьект байсан. Харин хавтаст хэргийн мэдээллийг задалсныхаа дараа яаран сандран нууцаас гаргасан нь энэ хэргийн үнэн мөнийг ил болгох гэхээсээ илүү өөрөө “нууцад хамаарах мэдээлэл задалсан” гэдэг ялд унахаас болгоомжилсон хэрэг байв. Төрийн ордонд үзүүлсэн бичлэг бол тухайн үедээ гүйцэтгэх ажлын нууцад хамаарч байсан зүйл.

Хоёрдугаарт Т.Чимгээгийн асуудал. Тэр ч бас мөн л цагдан хоригдохоосоо бүр өмнө хэргээ хүлээчихсэн хүн. Хэдийгээр мөрдөн байцаалтын явцад нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй боловч гүйцэтгэх ажлын шугамаар цуглуулсан баримт болон бусад нотлох баримтаар /гэрчийн мэдүүлэг, ам зураг гэх мэт/ түүнийг хэргийн хамсаатан болохыг цагдан хоригдохоос өмнө тогтоочихсон байв.

Гэхдээ энд яригдаж байгаа “гүйцэтгэх ажил” гэдэг нь Төв аймгийн хориход болсон “эрүү шүүлт” буюу Ц.Амгаланбаатарын “хэргээ хүлээ” гэж айлгаж ичээсэнтэй огт холбоогүй зүйл юм.

Товчхон хэлэхэд Ц.Амгаланбаатар ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллаж эхэлсний дараа /мэдээж ялаа хөнгөлүүлэх нөхцөлтэйгээр/ Т.Чимгээ дээр гүйцэтгэх ажил явуулсан буюу тагнуулын тусгай мөрдөгчийг Т.Чимгээгийн гэрт зургаан сар амьдруулсан байдаг. Тусгай мөрдөгч буюу гүйцэтгэх ажилтан түүний итгэлийг олсны дараа Т.Чимгээ өөрөө “Би маш том хэрэг үйлдсэн. Хэргийн хамсаатан намайг шоронгоос байнга дарамталж байна. Түүнийг тэнд нь алах боломж байна уу? Туслаач” хэмээн гуйж, үйлдсэн хэргээ илчилсэн нь нотлох баримтаар авагдсан. Уг нь энэ ч гэсэн гүйцэтгэх ажлын нууц боловч Ц.Нямдорж сайдын буянаар нууц байхаа хэдийн больсон. Сайдтан тагнуулын гүйцэтгэх ажилтнуудыг илчилж, ажил амьдралгүй болгосноос өөрөөр хожсоныг хэлж мэдэхгүй юм. 

Харин Төв аймгийн мөрдөнд хийгдсэн бичлэг энэ тэр бол огт өөр цаг үед буюу  хэрэг нэгэнт илэрсний дараа болсон процесс. Хавтаст хэргийн энэ хэсэг нууцаас гарсан учир Л.Оюун-Эрдэнэ сайд өөрөө хүсвэл хаанаас ч шалгаад үзэх боломжтой. Олон нийтэд хэдийн ил болсон, албан ёсны эх сурвалжуудаас мэдээлсэн баримтуудаас маш цөөхнийг дурьдахад ийм.

С.Зоригийн хэрэг ба Ерөнхийлөгчийн сонгууль

Тэгэхээр Ерөнхий сайдын өнгөрөгч ням гаригт хийсэн мэдэгдэл, Мартын 8-ны өдөр хорих ангиар зочилсон, Т.Чимгээг олон нийтийн өмнө гаргаж ирэн уйлуулсан нь С.Зоригийн хэргийг сэргээн шалгахтай огт хамаагүй зүйл гэдэг нь харагдана.

Харин нөгөө талаас нь харвал, эрүүдэн шүүсэн асуудлаар шүүгдэж буй хэргийн холбогдогчдыг ямар ч үнээр хамаагүй шүүхээр яллуулах гэсэн, үүний тулд хуулийнханд шахалт үзүүлж буй хэрэг байж болох юм. Тэгвэл дөнгөн данган тогтож байгаа шүүхийн системээ тэр чигт нь нурааж, өөрсдийн эрхшээлд оруулж чадна гэсэн үг.

Хоёрдугаарт, хэргийн яллагдагчдыг ял завшуулах замаар хэргийн захиалагчийг бүдгэрүүлэх, энэ хэргийн мөрдлөгийг нэг мөсөн хаах. Энэ л эрх баригч МАН-ын цор ганц зорилго байх.

Эрдэнэтээс сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэг зүйлийг хэлж байсан. Эрдэнэтийн МоАХ-ны гишүүд яагаад Б.Соднамдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулахаар жагсаал хүртэл зохион байгуулсан тухай өөрийн байр суурийг... "Эрдэнэт хотынхон тэр чигээрээ Эрдэнэт үйлдвэрээсээ тэжээгддэг. Үйлдвэрийн “Үйлдвэрчний эвлэл” нэртэй хэсэг нөхдийн байгуулсан сүлжээнд хотын хүн ам тэр чигээрээ атгуулсан байдаг. Тийм учраас сүлжээний эздийн юу хий гэсэн бүгдийг хийдэг" гэж.

Тэгэхээр өмнө нь олон удаа, олон хүний ярьж, бичиж, хардаж, сэрдэж байсанчлан хэргийг захиалагчийн “Эрдэнэт”-тэй холбоотой хүмүүсээс хайх ёстой гэсэн үг. Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар ч гэсэн тэр хүмүүсийн ашиг сонирхлыг төлөөлж байж болох л юм. Товчхондоо “Эрдэнэт” үйлдвэр бол МАН, МАН бол “Эрдэнэт” үйлдвэр. Тийм ч учраас “Эрдэнэт”-ийн Оросын талын 49 хувийг худалдаж авсан эсрэг бүлэглэлээ нам дарсан.

Өөр бас нэг шалтгаан бий нь удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, эсэхээс хамаарч түүний нэрээр АН-ыг бүхэлд нь харлуулж болно гэдгийг эрх баригч аль хэдийн нам тооцоолсон байгаа. Тэр үүднээсээ сүүлийн үед ҮАБЗ-ийн нэрээр “мандаж яваа” Б.Баасанцогийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд зориуд С.Зоригийн хэрэгтэй холбож ярьсан байж таарна.

Л.Оюун-Эрдэнийг дээрх мэдэгдлээ хийхээс гурав хоногийн өмнө “Зууны мэдээ” сонинд “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл” нэрээр “Баасанцогтын байгуулсан шүүхийн төлөвлөгөөгөөр том хэргүүд шийдэгддэг үү?” гарчигтай нэгэн мэдээлэл нийтлэгдсэн. Тэнд “Б.Хурц нарын хэрэг” гэсэн бүлэг байх агаад “Шүүх хурал нь 2020.06.08. Шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, ингэснээр цагдан хорих, эсхүл шүүхийн харьяалал өөрчлөх, хэрвээ шүүсэн нөхцөлд хэргийг С.Зоригийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож шийдвэрлэх” гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, уг нийтлэлээр "Ерөнхийлөгч ч гэсэн энэ хэрэг дээр өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байжээ" гэж харагдуулахыг зорьсон байдаг юм. Хэрвээ энд бичсэнд итгэвэл "Ерөнхийлөгч яагаад энэ хэргийг шүүхээр оруулаагүй, С.Зоригийн хэргийг сэргээн шалгаагүй вэ? Ямар шалтгаанаар төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрэв" гэдэг асуулт тавигдаж таарна. Энэ л Ерөнхий сайдын олон нийтэд өгөх гэсэн гол мессеж. Хэргийг шийдэхгүй байгаа нь Ерөнхийлөгчтэй холбоотой шүү гэсэн санаа.

Угаасаа сонгууль болгоны өмнө С.Зоригийн хэргийг сөхөж гаргаж ирдэг нь МАН-ын бараг "соёл" шахуу болчихоод байгаа. Хорин жил С.Зоригийн аллагаар улс төр хийсэн, "Ардчилсан хүчнийхэн бие биенээ алсан. Элбэгдорж нь, Бат-Үүл нь алсан" гээд сонгуульд ордог байсан. Хэргийн гүйцэтгэгчдийг илрүүлж шийтгэсний дараа 2020 онд "эрүүдэн шүүсэн" хэргээр улс төр хийсэн. Өнөөдөр ч гэсэн түүнийгээ л давтаж байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.40.138)
    Энэ 2тэнэгүүд эх шигээ хүнээр попорч доромжлоод байдаг хэн бэ. Эцэггүй жалга а довны довнйы хамаатангууд эмэгтэй хүнийг доромжлоод яаж энгэж сууж чадаж байнаа.ёстой шоронд буй хүнээсээ л томюм байхдаа энэ 2 хөсрий царай юмс
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.88.133)
    Ү
    2021 оны 03 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 37 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 58 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 14 цаг 0 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 19 цаг 15 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 32 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 20 цаг 14 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 20 цаг 24 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top