Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) нарийн бичгийн дарга А.Гансүхтэй ярилцлаа.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын хувьд энэ эрхэм хэвлэлд анх удаа ам нээж буй юм.
-Ийм чухал албан тушаалтантай ярилцаж байгаа учраас олон зүйл асуумаар байна. Та хуульч хүн учраас хууль их ярьдаг, аль болохоор энгийн үгээр яривал сонирхолтой байх болов уу?
-Ярилцлага сонирхолтой болох эсэхийг мэдэхгүй. Ер нь үе үеийн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга нар ярилцлага өгөөд байдаггүй. Миний мэдэхийн өмнөх нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ажлаасаа чөлөөлөгдөөд танай сонинд нэг ярилцлага өгсөн байдаг. Бусдыг нь мэдэхгүй юм.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таныг шүүхэд болон С.Зоригийн хэрэгтэй холбоотой Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үйл ажиллагаад нөлөөлсөн гэж зарлалаа. Та ямар тайлбар хийх вэ?
-Тайлбар бий. Нэгдүгээрт, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх тэр үед би ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагүй. Албан тушаалгүй ердийн иргэн байсан. Энэ хэргийг мөрдөж байгаа Тагнуулын байгууллагад нөлөөлөх боломжгүй. Хоёрдугаарт, энэ эрүүдэн шүүсэн хэргийг хуулийн байгууллага шалгаад шүүхэд шилжүүлсэн. Гуравдугаарт, энэ асуудлыг хуулийн байгууллага ҮАБЗ-д танилцуулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд асуудал ямар түвшинд хэрхэн яригдсаныг сайн мэдэж байгаа хүн. Өөр тайлбар илүүц биз дээ. Төрийн нууцын зэрэглэлтэй асуудал учраас дуртай нь ярих эрхгүй.
-Ерөнхий сайдын энэ мэдэгдлийг тэгээд яах уу?
-Аан тийм. Би өөрөө АТГ, Цагдаагийн хамтарсан Ажлын хэсэгт дөрвөн жил шалгуулсан хүн. Гансүхээс юу ч хамаагүй ол гэдэг командаар шалгуулсан. Зовлон мэдэх учраас шалгуулж байгаа улстөрчдийн хэргээс хол байдаг.
Ерөнхий сайд УИХ-д асуудал танилцуулна гэсэн байна лээ.Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д тайлбар өгөхөд бэлэн. Харин микрофон хаахгүй, цаг өгөөд тайлбар хийх боломж өгөөсэй билээ.
-Танай Ажлын албаны машинтай холбоотой мэдээлэл гарч эхэллээ?
-Манай Ажлын албаны албан хаагчид томилолтоор Улаан-Үд явсан нь үнэн. Онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явсан. Мэдээж, УОК-оос зохих зөвшөөрлийг нь аваад явсан, ирээд журмын дагуу карантинд орсон. Ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй. Албан томилолтыг улс төрийн зорилгоор ашиглаж гүтгэлэг тараалаа. Ажлын албанаас хуулийн байгууллагад хандаж байгаа.
-Гүйцэтгэх ажиллагаа юм биш үү?
-Улс оронд гадны халдлагаас хамгаалах ёстой төрийн нууц гэж байдаг. Гүйцэтгэх ажиллагаа бол хамгаалалтын нэг хэлбэр. Өөр дээрээ жишээ авъя. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалтан байнга гадна, дотны тусгай албадын хараанд байдаг. Тийм учраас би Тагнуулын байгууллагад хүсэлт тавиад тэдний хяналтад байсан. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой төрийн нууц тээгч бүх албан тушаалтныг Тагнуулын байгууллага хянах ёстой. Төрийн нууц тээгчийн хувьд намайг гадаадын тусгай албадаас хамгаалах нь үндэсний аюулгүй байдлын сонирхолд нийцнэ. Харин гүйцэтгэх ажлын явцад олж мэдсэн мэдээллээ улс төрийн зорилгоор бусдад ашиглуулах нь хууль бус үйлдэл. Тусгай албад төрийн гурван өндөрлөгийг өдөр, шөнөгүй хамгаалаад байгаа нь тэднийг биш төрийн нууцаа хамгаалж байгаа нь тэр.
-Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж юу вэ?
-Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, өөртөө эзэн болох улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал юм. Энэ үнэт зүйлсийг хамгаалах ёстой.
-Түүнийг яаж хамгаалдаг вэ?
-Амиараа хамгаалдаг.
-Цэрэг, цагдаа, тагнуулын байгууллага хамгаалдаг юм биш үү?
-Тийм, Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг зэрэг нийт 11 тусгай чиг үүргийн байгууллагын хүчээр хамгаалдаг. Эдгээр байгууллагын албан хаагчид амь насаараа дэнчин тавьж хамгаалдаг юм.
-Танай байгууллага бас орох уу?
-Мэдээж орно.
-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалж чадаж байгаа юу?
-Чадаж байгаа. Ма-най тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнчээр, чин сэтгэлээсээ чадах бүхнээ хийж байгаа.
-Тийм үү. Тэгж байгааг яаж мэдэх үү, танай байгууллага ямар үүрэг гүйцэтгэв?
-Бидний юу хийж буйг мэдэхгүй байгаа нь бид ажлаа сайн хийж байна гэсэн үг. Манай Ажлын албаны чиг үүрэг бусад төрийн байгууллагаас онцлогтой, олон нийтэд хандаж, пиар хийдэггүй. Харин мэдэх ёстой хүмүүс нь мэдэж байгаа. Нэг жишээ хэлье. Намайг гадаад улсад Элчин сайдаар явах гэж байна гэдэг мэдээ хэвлэлээр гарсны дараа ҮАБЗ-ийн шинжээч, дэслэгч генерал Л.Моломжамц гуай биечлэн ирж намайг "Элчингээр битгий яваач, энэ ажлаа хийгээч" гэж зөвлөж, шаардсан. Үүнийг би үнэлгээ гэж хүндэтгэн хүлээж авсан.
-Л.Моломжамц генерал цэргийн хүн болохоор мэддэг байх. Улс орны аюулгүй байдлыг яаж хамгаалж байгааг иргэд мэддэг байх ёстой. Жишээ хэлж болох уу?
-Тагнуулын байгууллага гэхэд гадаадын олон тагнуул барьсан.
-Хаанахын тагнуул барьсан бэ?
-Тагнуулын байгууллагын дарга асан Д.Гэрэл генералаас асуугаарай. 1990 оноос хойш хамгийн олон гадаадын тагнуул барьсан хүн.
-Д.Гэрэл даргыг ажлаас халсан биз дээ. Тийм сайн тагнуулч бол халах байсан уу?
-Ажлаа сайн хийж, гадаадын тагнуул бариад эхлэхээр ажлаас халсан байх уу. Д.Гэрэл дарга халагдаагүй, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Д.Гэрэл дарга бол гадаад тагнуулын чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дээд зэрэглэлийн тагнуулч. Манай Ажлын албатай хамтарч, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан.
-Та арай тодорхой хариулж болох уу?
-Тагнуулчийг нь бариад эхлэхээр гадаадын тусгай албад их айсан байх. Д.Гэрэл дарга бид хоёр сайн ажиллаж, гадаадын тагнуул барьсан нь лав буруу биш байх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харин ч бидэнд баяр хүргэх ёстой.
-Аюулгүй байдлыг хамгаалах онцлог нь юу вэ, зөвхөн гадаадын тагнуулыг барих биш биз дээ?
-Бидний өвөг дээдэс төрт улсаа байгуулсан 2200 жилийн өмнөх цаг үеэс үндэсний язгуур ашиг сонирхлоо тодорхойлж, аюулгүй байдлаа хамгаалж иржээ. Энэ бол тэр үеэс өнөөдрийг хүртэл үргэлжилсээр буй үндэстний оршин тогтнохуйн төлөөх хэзээ ч дуусахгүй, мөнхийн тэмцэл юм. XX зуун бол Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцлийн зуун байлаа. Жишээлбэл, Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 он, тусгаар тогтнолоо хамгаалсан Ардын хувьсгалын 1921 он, Халхын голд ЗХУ-ын Улаан армитай хамт Японы милитаристуудын эсрэг тулалдсан 1939 он, Хятадын чөлөөлөх дайнд оролцсон 1945 он, ард нийтийн санал асуулга явуулж тусгаар тогтнолоо баталгаажуулсан 1945 он, НҮБ-д гишүүнээр элссэн 1961 он, улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоог өөрчилж коммунист дэглэмээс ардчилалд шилжсэн 1990 он. Монголчууд тэмцэж, ялж иржээ.
-Тэгвэл бид ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлсэн 1990 оноос хойших цаг хугацаанд үндэсний аюулгүй байдлаа хамгаалах ямар бодитой алхам хийж чадсан бэ?
-1990 оноос өмнө БНМАУ нь аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалахдаа дэлхийн социалист системийн бүрэлдэхүүнд байж,өөрийн цэрэг, улс төрийн холбоотон болох ЗХУ-д түшиглэж байв. Эдийн засгийн хувьд социалист системийн орнуудын хамтарсан Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн (СЭВ) тусламж дэмжлэгийг авч байлаа.
-ЗХУ задарснаар бид эрх чөлөөгөө олсон гэж яриад байдаг нь ямар учиртай юм?
-1991 онд ЗХУ задарснаар Монгол Улсыг хамгаалах хамгаалалтын тогтолцоо байхгүй болж, монголчууд бидний өмнө аюулгүй байдал, ашиг сонирхлоо өөрсдөө бие даан хамгаалах шаардлага тулгарсан. Тухайн үеийн төрийн удирдагчид яаралтай ажилллаж, 1992 онд Үндсэн хуулиа баталсан даруйдаа 1994 онд УИХ-аар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа баталж, 14 жилийн дараа буюу 2011 онд шинэчлэн баталсан.
-Одоо энэ Үзэл баримтлалаар үндэсний аюулгүй байдлаа хамгаалж байгаа юу?
-Тийм. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь дүн шинжилгээ, практик ажиллагааны үр дүнгээр илэрдэг. Монгол Улс шиг хязгаарлагдмал хүч, нөөцтэй улсын хувьд хамгаалах арга нь “улс төр дипломат”-ын арга хэрэгсэл юм.
-Хоёр том хөршийн дунд байрладаг, манай улсын хувьд өөр аргагүй байх л даа?
-Монгол Улсын байршил нь газар зүйн онцлог бөгөөд зарим талдаа ашигтай, хоёр хөршийг давж аюул, заналхийлэл орж ирэх боломжгүй, хамгаалагдсан. Гэхдээ хөршүүдээсээ хамааралтай. Монгол Улсын хувьд ухаалаг бодлого явуулж, цаг үеэ олсон улс төрийн зоримог шийдлээр үндэсний аюулгүй байдлыг хангах гадаад, дотоод таатай орчныг бүрдүүлж байх ёстой.
-Энэ шийдвэрийг ҮАБЗ гаргадаг биз дээ?
-Тийм. Үндэстний хувьд оршин тогтнох, өөрийн язгуур ашиг сонирхлоо хамгаалах нь төрийн үүрэг. Төрийн эрх мэдлүүд хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл гэх хэлбэрээр хуваагдмал байж бие биеэ хянаж байдаг гэх эрх зүйт төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлын эрх ашиг дээр нэгдмэл байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас бүрдсэн ҮАБЗ хэмээх байгууллага ажиллаж, хамтран санал нэгтэй шийдвэр гаргадаг учиртай.
-Манай үндэсний аюулгүй байдалд ямар сорилт тулгарч байгаа вэ?
-Монгол Улс геополитикийн өвөрмөц байршилтай. Тиймээс ач холбогдолтой. Их гүрнүүд энэ орон зайд өөрийн ашиг сонирхлыг хамгаалах бодлого явуулдаг. Өөрөөр хэлбэл, өөрсдийн аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах гэсэн Их гүрнүүдийн сөргөлдөөн дунд бид оршдог. Энэ сөргөлдөөн тэмцэл биднээс үл хамаарч явагддаг, явагдсаар ирсэн. Түүний нэг хэлбэр нь гадаадын зарим орноос Монгол Улсад явуулж буй байгаа зөөлөн хүчний бодлого. Монголчуудын түүх, соёл, уламжлалыг мартуулж амьдралын хэв маягийг өөрчлөх, бэлчээрийн мал, аж ахуйг нь устгах, оршин тогтнох орон зайгүй болгох, мөн бидний бусдаас ялгарах монгол үндэстний ялгарлыг байхгүй болгож Монгол Улсын өөрийн хүслээр дахин загварчлах гэсэн түрэмгийлэл байнга явагдаж байна. Үүнийг зөөлөн хүчний бүх хэрэгсэл, бүр шашнаар дамжуулж хийж байна. Зарим Их гүрэн бусад улс орноос Монголд явуулж буй энэ нөлөөллийн эсрэг өөрийн бодлогыг явуулж эдийн засгийг нь хяналтадаа авч улмаар улс төрийн нөлөөлөл тогтоохыг эрмэлзэх боллоо.
-Яаж улс орноо хамгаалах ёстой гэж...
-Эв нэгдлээрээ л хамгаална. Монголчууд нэгдэх л юм бол ялагдашгүй. Үүнийг дайснууд мэдэж байгаа учраас монголчуудыг эв нэгдэлгүй, дотооддоо тэмцэлтэй байлгах тэр үйл ажиллагааг зохион байгуулж байдаг.
-Бид дайсантай юм уу?
-Английн ерөнхий сайд лорд Палмерстон 1848 оны гуравдугаар сарын 1-нд Парламентдаа үг хэлэхдээ “Бидэнд мөнхийн холбоотон байхгүй, хувиршгүй дайсан гэж байхгүй, зөвхөн мөнхийн, хувиршгүй эрх ашиг л бий. Түүнийг мөрдөх нь бидний үүрэг” гэж хэлсэн байдаг. Энэ үг улс орнуудын өөрсдийн ашиг сонирхлоо илэрхийлэх томьёолол болжээ.
-Гэхдээ бид улс орнуудтай эвтэй сайхан анд нөхөд, найзын харилцааг эрхэмлэдэг биз дээ?
-Бас “Бүгдийн найз, хэний ч найз биш” гэдэг үг бий. Цаашдаа бид энэ үгийг санаж явахад илүүдэхгүй.
-Тэгэхээр цаашдаа Монгол Улсын аюулгүй байдал, гадаад харилцааны бодлого ямар байх ёстой вэ?
-Залгамж чанараа хадгална. Харин цаашдаа Их гүрнүүдийн зөрчил тэмцэл хурцадвал “Аливаа улсын гадаад бодлого нь оршин буй газар зүйгээр нь тодорхойлогдоно” гэсэн Наполеон Бонапартын үгийг санаж байх ёстой.
-ҮАБЗ хангалттай сайн ажиллаж байгаа гэж та үздэг үү?
-Сайн гэж хэлнэ. Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэн хамгаалж ирсэн. Цаг хугацааны хувьд хийгдээгүй зүйл байсан байдаг.
-Тэгвэл таны нарийн бичгийн даргаар нь ажиллаж байгаа ҮАБЗ яаж ажиллаж байгаа вэ?
-Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас бүрдсэн ҮАБЗ-ийн гишүүд тусгаар тогтнол, үндэсний язгуур ашиг сонирхлын асуудлаар нэгдмэл байр суурьтай хүмүүс байж таарав. Ер нь бол сүүлийн хоёр жил өнгөрсөн 30 жилд гарч байгаагүй үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхлоо хамгаалж чадсан чухал шийдвэр гарсан.
-Жишээ нь ямар шийдвэр?
-Олон чухал асуудал шийдсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой ард нийтийн санал асуулга явуулахыг хориглов. ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлээ иж бүрэн стратегийн түншлэл болгон шат ахиулж, хойд хөршийн итгэлийг сэргээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршийг дэлхий нийтээр гадуурхан буруутгаж байсан хамгийн хүнд үед нь өөрийн санаачилгаар айлчлал хийж, улс төр, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэв. Ингэснээр Монгол Улс найрсаг хөрш гэдгийг Хятадын удирдагчид, ард түмэн ойлгосон. Итгэлцэл бий болж байна.
2019 онд Гуравдагч хөрш болох дэлхийн Их гүрэн АНУ-тай стратегийн түншлэл тогтоож, АНУ болон Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал нь үнэт зүйл хэмээн хамтарсан тунхаглалд заав. Ийнхүү Монгол Улс, АНУ-ын стратегийн түнш болж, Гуравдагч хөршийн бодлогыг стратегийн түвшинд хүргэж чадлаа.
Авлигын үүр уурхай болж байсан Салхитын мөнгөний ордыг төрд эргүүлэн авч, 696 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж,228 мянган ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэв. Энэ хэрэгтэй холбоотой хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд шүүхээр шийтгүүлсэн.
Сүүлийн 30 жил ярьсан хийн хоолойг Монголоор дамжуулж барих асуудлаар бодлогын шийдвэр гарч, ажил хэрэг болж байна. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414 км, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг дуусгаж байна. Монгол цэрэг бүтээн байгуулалтад орж стратегийн чухал төмөр замаа барьсан. Ингэснээр 700 орчим километр төмөр зам бараг нэг жилийн хугацаанд баригдлаа. Зэвсэгт хүчинд Тусгай хүчний, Кибер цэрэг, Барилга инженерийн төрлийн цэрэг нэмэгдлээ. Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх бэлэн байдал дээшилж байна.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан. Оюу толгойн ордыг ашиглах гэрээг Монгол Улсад ашигтай болгох шийдвэр гаргаж УИХ, Засгийн газар чиглэл өгсөн нь ажил хэрэг болж байна. С.Зоригийн хэргээр иргэдийг эрүүдэн шүүсэн хэргийг ил болгож, хэргийг шалгуулж байна.
-Эвтэй байсны үр дүн гэж дүгнэж байна уу?
-Мэдээж, хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилж, манлайлж байсан ч ҮАБЗ-ийн бусад гишүүд дэмжихгүй бол шийдвэр гарахгүй. ҮАБЗ-ийн гишүүд Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар эвтэй байсан учраас Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан, үндэсний язгуур эрх ашгаа хамгаалсан чухал шийдвэрүүд гаргасан. Төрийн нууцыг хамгаалах хуулийн дагуу нууцлах 10-30 жилийн хугацаа нь дуусч тэдгээр шийдвэрүүд ил болох цагт ард түмэн харж үнэлэх болно. ҮАБЗ-ийн энэ гурвал Монгол Улсын геополитикийн зарим алдааг засч, амжилтыг ахиулж чадсан.
-Гэхдээ шүүмжлэл гарсан?
-ҮАБЗ-ийн гишүүд эх оронч, үндэсний бодлого явуулснаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хэрэгжих бодит бололцоо одоо л бүрдэж эхэлсэн. Үүнийг зарим улстөрчид ҮАБЗ бүх зүйлд оролцож байна гэж буруутгахыг оролдох болов. Уг нь ҮАБЗ, түүний Ажлын алба хуульд заасан үүргээ хэрэгжүүлж, хийх ёстой ажлаа л хийж байгаа нь энэ. Манай Ажлын алба идэвхтэй, үр дүнтэй ажиллаж байгаад олон хүмүүс гайхаж байх шиг...
-У.Хүрэлсүхийн огцорсон шалтгаан нь юу байсан гэж та бодож байна?
-Аймшигтай дайрлага дайрсан гэж боддог.
-Аймшигтай гэдэг нь…
-Би жинхэнэ шалтгааныг мэдэхгүй, өөрийн төсөөллөө хэлж байна. Төрийн эрх барих дээд байгууллагын дийлэнх олонх 62 суудалтай эрх баригч намын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд, цагдаа, тагнуул гээд хууль хяналтын байгууллагыг атгаж байсан эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалтан, цэргийн офицер хүнийг сайн дураар нь суудлаас нь татгалзуулж чадах тийм аймшигтай дайрлага.
-Та ингэж ярих байсан юм уу, тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрохдоо өөр байр суурь илэрхийлсэн.
-Үүнээс өөрөөр би байр суурь илэрхийлж дүгнэлт хиймээргүй байна. Нэмж хэлэхэд, харамсалтай л гэж хэлнэ.
-Харамсалтай нь юу гэж?
-Олон чухал асуудал ҮАБЗ-өөр хэлэлцэхээр бэлтгэж байсан. У.Хүрэлсүх огцроогүй байсан бол эдийн засгийг сэргээх тийрэлтэт төлөвлөгөө боловсруулагдаад, Монгол Улсыг өргүй болгох шийдэл гаргахаар бэлтгэж байсан, бараг схем нь гарчихсан байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрохыг дэмжихгүй гэсэн шалтгаан энэ.
-Тэгвэл одоо шийдвэрлэж болно биз дээ?
-Хуралдааны ирц бүрдэхгүй байна. ҮАБЗ-ийн нөгөө хоёр гишүүн хуралдаанд ирэхгүй байгаа.
-Ирэхгүй байх шалтгаан нь юу вэ?
-Мэдэхгүй юм. Танд боломж гарвал өөрсдөөс нь асуугаарай.
-У.Хүрэлсүх “Хууль битгий зөрчөөрэй” гэж танд хэлж байсан тухайгаа УИХ дээр хэлсэн, тэгж хэлэх шалтгаан байсан уу?
-Шалтгааныг мэдэхгүй юм. Надад тэгж хэлсэн нь үнэн. Би хариуд нь “Ерөнхий сайд аа, би шалгуулахад бэлэн” гэж хэлсэн.
-Тэгж хэлэхээр У.Хүрэлсүх юу гэж байх юм?
-“Нээрэн, манай Гансүх дарга чинь хуульч хүн шүү дээ” гээд инээгээд гар барьж байсан.
-Ингэхэд таныг холбогдуулан шалгасан төмөр замын хэрэг юу болсон бэ?
-2015-2019 онд дөрвөн жил шалгуулаад дууссан. Намайг буруугүй гэж үзсэн. Харин ч надад ашигтай болсон. Би АТГ, Цагдаагийн хамтарсан ажлын хэсгээр шалгуулаад нэрээ цэвэрлээд авсан. Ер нь бол төмөр замын бүтээн байгуулалтыг гацаах зорилготой л шалгалт байсан шүү дээ. Би энэ асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийлгэх хүсэлт тавина гэж бодож байгаа шүү.
-Та АН-ын гишүүн байсан байх аа. Танай Ажлын албанд АН-ын гишүүд олон байдаг уу?
-Хуулийн дагуу би 2017 оноос АН-ын гишүүнээс түдгэлзсэн. Улс орны аюулгүй байдал, язгуур эрх ашиг гэдэг бол монгол үндэстний үнэт зүйл. Тиймээс төрийн тусгай байгууллагын хүний нөөцөөс судалж, тусгай шалгуураар шалгагдсан, хамгийн туршлагатай, шилдэг, нам бус, төрийн жинхэнэ албан хаагчид ажилладаг.
-Саяхан цацагдсан шүүгчдийн гэх бичлэгт ҮАБЗ-ийн хүн гэж гарсан?
-Гүтгэлэг. Манай Ажлын албанаас мэдэгдэл гаргасан.Улстөржөөгүй үлдсэн сүүлчийн ганц байгууллага бол ҮАБЗ-ийн Ажлын алба. Тиймээс улстөрчдийг энэ байгууллагын нэр хүндэд халдахгүй, үйл ажиллагааг нь гутаахгүй байхыг хүсч байна. ҮАБЗ-ийг харлуулах үйл ажиллагаа бол гадаад улсын тусгай албадын сонирхол гэдгийг хэлчихье.
-Тэр бичлэг гүйцэтгэх ажиллагаа мөн үү?
-Үгүй гэж бодож байна. Хэрэв хууль ёсны гүйцэтгэх ажиллагаа явагдсан бол юун олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарах байтугай, хэн ч мэдэх ёсгүй байдаг.
-Тэгвэл тэр бичлэгийн зорилго нь юу вэ?
-Зорилго нь улс төр. Ерөнхийлөгчтэй холбож улс төрийн дарамт үзүүлж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх. Сонгууль дөхүүлээд энэ байтугай гүтгэлэг явуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Над руу дайрах гээд ҮАБЗ-ийн үйл ажиллагаа руу орж, хуулийн дагуу ажлаа хийж байгаа төрийн тусгай албан хаагчдыг гүтгэх хэрэггүй л дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (5)