x

О.Мөнхсайхан: Засгийн газрын шийдвэр хуульд нийцсэн эсэхийг шүүх хянах ёстой

Засгийн газар захиргааны хэргийн шүүхийн хяналтанд орсон нь 

Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016.07.01-ний өдөр хүчин төгөлдөр болсноос хойш захиргааны хэргийн шүүхүүд төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн, тусгай зөвшөөрөл бүхий талбайг давхцуулан тусгай хэрэгцээнд авсан, хувийн компанийн эзэмшлийн газрыг тусгай хэрэгцээнд авсан зэрэг агуулгатай Засгийн газрын тогтоолууд хууль зөрчсөн тухай 20 гаруй хэргийг хянан шийдвэрлээд байгаа ажээ.

Үүнээс олны анхаарлыг хамгийн их татсан хоёр хэрэг байна. Эхнийх нь 2017 онд өвөл, хаврын цагт хурдан морины уралдааны хуваарийг товлосон Засгийн газрын тогтоол хүүхдийн эрх зөрчсөн, хууль бус байсныг захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоосон. Нөгөө нь “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр Засгийн газар хууль зөрчсөн эсэх хэрэг байна. Энэ мэт хэргийг шийдвэрлэх явцад Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй” гэж хэлж байжээ.

Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүхийн хяналтад байгаа бөгөөд энэ нь Үндсэн хууль бүрнээ нийцсэн гэдэг дээр дийлэнх хуульч, судлаач санал нэгддэг.

Гэвч, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүний эсрэг байр суурьтайгаа дээрх шүүх хуралдаан дээр төдийгүй олон нийтэд илэрхийлж байгаа. Одоо захиргааны хэргийн шүүхийн хяналтаас Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг бүрэн гаргах алхмыг бодитой хийж эхлээд байна. Эхний алхам нь Цэцийн дарга Д.Одбаяр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод албан бичиг явуулж, “Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж байгаа”-аа болиулах арга хэмжээ авч хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Энэ нь иргэнээс очсон мэдээллийн дагуу уг маргааны агуулгыг Цэц их суудлаараа шийдвэрлээгүй байхад саналаа урьдчилан хэлсэн, Цэцийн даргын эрх хэмжээгээ хэтрүүлсэн ноцтой үйлдэл болсон. 

Хоёр дахь алхам нь “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-нд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй байх, улмаар ийм бүх шийдвэр үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүх хянахгүй байх хуулийн төслийг боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яамны вэбсайтад байрлуулжээ. Энэхүү төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд ойрын өдрүүдэд УИХ дахь намын бүлгүүд, Хууль зүйн байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж буй тухай мэдээлэл байна. Олон хуульчид, судлаачид энэхүү төслийн эсрэг байр сууриа илэрхийлсээр байна. Мөн, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо 2018.06.12-14-ний хооронд гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, энэхүү төслийг УИХ-д өргөн барихгүй байх саналыг Монгол Улсын Засгийн газарт санал болгон уриалжээ. 

Өчигдөр буюу 2018.06.19-нд Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулсан Хуульчдын форумд 500 шахам хуульчид оролцож, “Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргах агуулгатай Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Үндсэн хууль дахь хууль дээдлэх зарчим, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах механизмыг алдагдуулах уршигтай тул уг төслийг бүхэлд дэмжихгүй байх” гэсэн зөвлөмжийг санал нэгтэйгээр баталж, УИХ болон Засгийн газарт хүргүүлэхээр болсон (нэг хүн л эсрэг санал өгсөн, бусад нь зөвлөмжийг дэмжиж гараа өргөсөн).

Энэ нийтлэлээр энэхүү зөвлөмжийн үндэслэлийг тайлбарлахыг зорино. Хэрэв Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүр мөсөн гаргавал Засгийн газрын үйл ажиллагааг хуульд захируулахад саад учруулж, хүний эрхийн хамгаалалт, шүүхийн хяналт, эрх зүйт төрийг сулруулах сөрөг үр дагавартай учраас энэ тухай хэлэх зайлшгүй шаардлага үүслээ. 

2005 оны цэцийн дүгнэлтийн талаарх нэг дэх тайлбар

2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (ЗХХШТХ)-ийн 4.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүх Засгийн газар (мөн, Сонгуулийн ерөнхий хороо)-ын захиргааны актыг хянахаар зохицуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн 2/02-р дүгнэлтийг Цэц 2005 онд гаргасан үеэс Засгийн газрын үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн харьяалалд байх уу гэдэг хэлэлцүүлэг эхэлсэн. Цэцийн энэ дүгнэлт хоёр янзаар тайлбарлаж ирсэн. 

Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын бүхий л үйл ажиллагааг хянаж болохоор хэт өргөжүүлэн зохицуулсан байсан учраас 2002 оны ЗХХШТХ-ийн 4.1-ийг Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц шийдвэрлэсэн гэдэг эхний тайлбар байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүхийн харьяалалд багтах болон багтахгүй байх зааг ялгааг нь оновчтой тогтоож хуульчилбал Үндсэн хууль зөрчигдөхгүй юм. Иймд, 2015 оны Захиргааны ерөнхий хууль (ЗЕХ) болон 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (ЗХШХШТХ) нь нийтийн эрх зүйн хүрээн дэх Засгийн газрын үйл ажиллагааг улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа, Үндсэн хуулийн маргаан, захиргааны үйл ажиллагаа гэж гурав ангилж, захиргааны хэргийн шүүхэд зөвхөн захиргааны үйл ажиллагааг харьяалуулсан учраас 2002 оны ЗХХШТХ-д байсан шиг Үндсэн хуулийн зөрчлийг бий болгоогүй. Тийм ч учраас, ЗЕХ-ийн 5.1.1-д захиргааны байгууллагад “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв байгууллага”-ыг хамруулж, энэ төв байгууллагад Засгийн газраас гадна яам, түүний харьяа агентлаг зэргийг багтаасан учраас Засгийн газар захиргааны байгууллагын хувьдаа гаргасан захиргааны үйл ажиллагаанд захиргааны хэргийн шүүхээс шүүхийн хяналт тавих эрх зүйн үндэс бүрдсэн. 

2002 оны ЗХХШТХ-д улс төрийн шийдвэр гаргах ажиллагааг захиргааны хэргийн шүүх хянахгүй байх талаар тодорхой зааж өгөөгүй байсан учраас захиргааны хэргийн шүүх ийм ажиллагааг хянасан тохиолдол гарч шүүмжлэгдэж, улмаар энэ асуудлаар иргэд Цэцэд мэдээлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Жишээлбэл, Засгийн газрын 2005 оны 1-р сарын 28-ны өдрийн ээлжит бус хаалттай хуралдаанаар “Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцээд холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх тухай” шийдвэрийг гаргажээ. Гэвч, уг тогтоолд дурдагдсан Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар гэсэн хоёр сайд энэ шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг гаргаж, шүүх тухайн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж байжээ. Хэрэв Засгийн газар хоёр сайдыг огцруулсан шиг шийдвэр өнөөдөр гаргавал 2016 оны ЗХШХШТХ-ийн дагуу улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах учраас захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй.

2016 оны ЗХШХШТХ-ийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн шинэ заалт орсон бөгөөд 2002 оны ЗХХШТХ-д нийтийн эрх зүйн маргаануудыг ингэж ялгасан эсэх нь тодорхой бус байв. Эрүүгийн хэргийн шүүх гэмт хэргийг, иргэний хэргийн шүүх эрх зүйн маргааныг харьяалан шийдвэрлэдэг. Цэц Үндсэн хуулийн 66-р зүйлд заасны дагуу зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан шийддэг. Эдгээрээс бусад нийтийн эрх зүйн маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх бөгөөд ийм маргаанд Засгийн газрын захиргааны үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх асуудал багтдаг. 2002 оны ЗХХШТХ-ийн 4-р зүйлд захиргааны хэргийн шүүхийн харьяаллыг тодорхой байгууллага, албан тушаалтныг нэрлэн зааж харьяалуулсан байсан бол 2016 оны ЗХШХШТХ-иар жагсаалтын зарчмаас татгалзаж маргааны шинж чанараар харьяалуулдаг болсон билээ. Ийнхүү жагсаалтын зарчмыг ерөнхий заалтын зарчмаар халсан нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд бүрнээ нийцсэн төдийгүй эрх зүйт төрийн хөгжилд томоохон түлхэц болсон. Тиймээс, захиргааны хэргийн шүүх Цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг харьяалан хянан шийдвэрлэнэ. 

Цэцийн 2005 оны 2/02 дугаартай дүгнэлт нь 2002 оны ЗХХШТХ-ийн 4.1.1-тэй холбогдуулан гарсан. Энэ дүгнэлт одоо ч хүчин төгөлдөр байгаа. Гэвч, энэхүү хууль бүхэлдээ хүчингүй болж оронд нь 2016 оны шинэ ЗХШХШТХ батлагдсан. Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг хянахтай холбоотой 2016 оны зохицуулалт нь 2002 оны зохицуулалтад байсан шиг Үндсэн хуулийн зөрчлийг агуулаагүй харин ч Үндсэн хуулийн суурь зарчимд илүү нийцсэн юм. Иймд, хүчин төгөлдөр үйлчилж буй ЗЕХ болон ЗХШХШТХ-ийн дагуу Засгийн газрын захиргааны үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн шийдвэрлэж байгаа шүүгчийг буруутгах үндэслэл байхгүй. 

2005 оны цэцийн дүгнэлтийн талаарх хоёр дахь тайлбар

Цэцийн 2005 оны 2/02-р дүгнэлт Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянах ёсгүй гэсэн агуулгаар гарсан гэсэн хоёр дахь тайлбарыг Дэд сайд Б.Энхбаяр зэрэг зарим хуульч хийдэг. Цэц дүгнэлтийнхээ Үндэслэх хэсэгт Үндсэн хуулийн 38-р зүйлийн 1, 45-р зүйлийн 2-ыг дурдаад дараах үндэслэлийг бичсэн: “Хууль тогтоогчоос Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдсан гэх үндэслэл тогтоогдож байна. Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй байна.” Эдгээр өгүүлбэр нь Засгийн газрын үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад ерөөсөө багтахгүй гэсэн агуулгаар бичигдсэн бол Үндсэн хуулийг ташаа тайлбарласны үр дагавар. 

Засгийн газрыг хуульд захируулахгүйгээр Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх зарчим бүрэн хэрэгжих боломжгүй юм. Үндсэн хуулийн 38.1-д “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэж бичсэн нь Засгийн газар хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аймаг, нийслэлийн засаг дарга, яам, агентлаг зэрэг доод шатны байгууллага, албан тушаалтныг хуулийн дагуу удирдан захирамжлах утга илэрхийлснээс бус хууль, түүний манаач болсон шүүхийн хяналтаас дээгүүр гэсэн утгагүй юм. Засгийн газрын үйл ажиллагаа иргэд, бусад этгээдийн нэгэн адил хуульд захирагдах, үүнийг шүүхээр хянах боломжтой байвал Монгол Улсын Үндсэн хууль тогтоогчдын 1991-1992 онд хүсэж тэмүүлсэн эрх зүйт төр буюу хууль дээдлэх ёс жинхэнэ утгаараа бүрэлдэнэ. Аль ч улсад хувь хүн, хуулийн этгээдийг төрийн хүч албадлагын дор хуульд захируулдаг бол зөвхөн эрх зүйт төртэй улсад хувь хүн, хуулийн этгээд төдийгүй засгийн газрын үйл ажиллагааг хараат бус шүүхийн хяналтад оруулах замаар хуульд захируулж чаддаг. 

Үндсэн хуулийн 45.2-т “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасан нь уг асуудлыг шүүх харьяалахгүй гэсэн үг биш. Харин, энэ заалт бол Засгийн газар хууль зөрчсөн алдаагаа өөрөө засах эсхүл түүнийг томилсон УИХ уг алдааг нь засах боломж олгосон механизм. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд нь улс төрийн бодлого тодорхойлж, баталж, хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй боловч нотлох баримтыг бодитой үнэлэх, хууль тайлбарлах, хууль зүйн үндэслэлээр маргааныг төвийг сахиж шийдвэрлэх чиг үүрэггүй. УИХ болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, бүрэлдэх арга (сонгууль), шийдвэр гаргах журам, ажиллах соёл нь шүүхийнх шиг маргааныг хараат бусаар, шударгаар, төвийг сахиж бодитой шийдвэрлэхэд зориулагдаагүй. Тиймээс, бодит байдал дээр Засгийн газар болон түүнийг эмхлэн байгуулдаг УИХ нь улс төрийн байгууллагын хувьд хууль зөрчсөн алдаагаа тэр бүр засаад байдаггүй учраас уг асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхийг үгүйсгэхийг Үндсэн хууль зөвшөөрдөггүй.

Монгол Улсын иргэн “хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,” “шударга шүүхээр шүүлгэх” эрхтэй гэдгийг Үндсэн хуулийн 16.14-т тодорхой заасан. Засгийн газар хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг байнга гаргадаг. Тиймээс, хэрэв Засгийн газрын шийдвэр хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл хувь хүн, хуулийн этгээд уул эрхээ хамгаалуулахаар холбогдох шүүхэд гомдол гаргах эрхтэй байх нь Үндсэн хуулийн шаардлага. Засгийн газрын дээд шатны захиргааны байгууллага гэж байхгүй, мөн түүний захиргааны актын талаарх гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага байхгүй. 

Засгийн газрын шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжтой байх ёстой.​ Үндсэн хуулийн 47.1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан. Шүүх эрх мэдэл бол нотлох баримтыг үнэлэх, хуулийг тайлбарлаж хэрэг, маргааныг үндэслэлтэйгээр шийдвэрлэх агуулгатай бөгөөд уг эрх мэдлийг зөвхөн хуулиар байгуулагдсан, хараат бус, төвийг сахисан шүүх хэрэгжүүлдэг. Урьдчилсан байдлаар маргааныг өөр байгууллага шийдвэрлэж болох боловч үүгээр гомдол гаргаж шүүхэд хандах боломжтой байх ёстой. Тийм ч учраас, Үндсэн хуулийн 47-р зүйлийн 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан. 

Үндсэн хуулийн 19.1-д зааснаар Монголын төр “хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Зөвхөн шүүх хөндөгдсөн тодорхой эрхийг сэргээн эдлүүлдэг бөгөөд энэ чиг үүрэг нь шүүх эрх мэдлийн нэг гол шинж явдал юм. 2016 оны ЗХШХШТХ-ын 106.2-т заасны дагуу захиргааны хэргийн шүүх Засгийн газрын захиргааны үйл ажиллагаагаар хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх агуулгатай шийдвэр гаргах бүрэн эрхтэй юм. Жишээлбэл, Засгийн газар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар халсан бол шүүх үүнийг тогтоогоод (уг шийдвэрийг хүчингүй болгоод) зогсохгүй тухайн хүнийг ажилд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шийдвэр гаргадаг. Мөн, хүний хувийн өмчийг дур мэдэн төрийн өмчид авсан Засгийн газрын хууль бус шийдвэрийг шүүх хүчингүй болгож, хохирлыг барагдуулж байжээ. Хууль тогтоомжид нийцээгүй Засгийн газрын тогтоол, захирамжийг Засгийн газар өөрөө эсхүл УИХ хүчингүй болгож болох ч шүүх шиг хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ийм эрх хэмжээ байхгүй. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн эсхүл захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргавал хувь хүн, хуулийн этгээд хөндөгдсөн эрхээ сэргээлгэж чадахгүй болж хохироход хүрнэ.

Засгийн газрын үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад байхгүй боловч Цэцийн хяналтад байгаа учир уг үйл ажиллагааг “шүүх хянаж байгаа хэрэг” гэж Дэд сайд Б.Энхбаяр хэлдэг. Гэвч, Цэц Засгийн газрын шийдвэр хуульд нийцсэн эсэх асуудлыг бүрэн шийдвэрлэх эрх хэмжээгүй. Цэц Үндсэн хуулийн 66-р зүйлд заасны дагуу зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан шийдвэрлэх эрх хэмжээтэй. Тиймээс, Цэц Засгийн газрын тогтоол, захирамж хууль тогтоомжид нийцсэн эсэх асуудал (Үндсэн хуульд нийцсэн эсэхтэй холбоотой л биш бол)-ыг хүлээн авдаггүй. Мөн, 1997 онд батлагдсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.2-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй” гэж илэрхий хориглосон. Түүнчлэн, Цэц Засгийн газрын тогтоол, захирамж хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх зарчмын хүрээнд хяналаа гэхэд уг хууль бус тогтоол, захирамжийг хүчингүй болгох боловч хөндөгдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх шийдвэрийг шүүх шиг гаргаж чадахгүй бөгөөд ийм эрх мэдлийг Цэцэд хуулиар өгөөгүй. 

Цэцийн дүгнэлт 2005 онд гарснаас хойш иргэний хэргийн шүүх Засгийн газрын хууль бус шийдвэрийг хянаж хүчингүй болгож ирсэн. Засгийн газар тогтоолоороо төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн, халсан, шилжүүлсэн эсэх, Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн эсэх, Концессын гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан эсэх зэрэг олон арван маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож, хөндөгдсөн эрхийг сэргээж ирсэн байна. Мөн, Дэд сайд Б.Энхбаяр Засгийн газрын хариуцагчаар татагдсан хөдөлмөрийн маргааныг шүүх шийдвэрлэж болно гэж хэлдэг. Засгийн газрын шийдвэрийг хянах эрх мэдлийг иргэний хэргийн шүүх хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд нийцдэг, харин захиргааны хэргийн шүүх хянахаар Үндсэн хууль зөрчдөг байж болохгүй бөгөөд ийм тайлбарыг зарчмын хувьд зөвтгөх ямар ч боломжгүй. Засгийн газрын үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх бус иргэний хэргийн шүүх шийднэ гэсэн агуулга Үндсэн хуульд байхгүй. 

Өмнө нь иргэний хэргийн шүүхэд харьяалагдаж байсан захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх үзэл баримтлалаар ЗЕХ болон ЗХШХШТХ батлагдсан. Жишээлбэл, Засгийн газрын тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийг хууль зөрчиж халсан эсэх нь хөдөлмөрийн гэрээтэй холбоогүй бол энэ асуудлыг иргэний хэргийн шүүх бус харин захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг болох нь зүйтэй. Үүний шалтгаан нь захиргааны хэргийн шүүхийн чиг үүргийн онцлогтой холбоотой. Эрүү, иргэний хэргийн шүүхээс ялгаатай нь захиргааны хэргийн шүүх өөрөө нотлох баримт цуглуулах, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй, мөн тухайн төрлийн маргаанаараа илүү мэргэшсэн байдаг учраас захиргааны хэргийг илүү оновчтой шийдвэрлэх магадлалыг нэмэгдүүлдэг. 

Дээрх үндэслэлээр няцаагдаж буй ч гэсэн хоёр дахь тайлбарын агуулгаар Цэцийн дүгнэлт гарсан бөгөөд Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гаргах бүрэн эрхийг үгүйсгэж байгаа бол энэ маргааныг Цэц шийдвэрлэх байдал үүсэв. Энэ тохиолдолд Цэц 2005 оны алдаатай дүгнэлтээ засах ёстой. АНУ, ХБНГУ зэрэг улсын үндсэн хуулийн хяналт хэрэгжүүлдэг шүүхүүд Үндсэн хуулийг буруу тайлбарласан шийдвэрээ дараа нь адил маргаан ирэхээр засаж зөвтгөөд явдаг шиг Цэц өргөдөл, мэдээлэл, хүсэлт ирээд энэ мэт алдаатай шийдвэрээ засах боломж олдвол засах ёстой. Хүн алдаа гаргадаг шиг шүүхийн эсхүл Цэцийн бүрэлдэхүүн ч алдаа гаргадаг тул хангалттай үндэслэл байвал тэр алдаагаа засаж чаддаг байж эрх зүй хөгждөг. 

Цэц өөрийн алдааг засаж байсан жишээ бий. 2007 онд Цэц УИХ-ын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн гэдгийг тогтоосон боловч “УИХ-ын даргыг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргах асуудлыг Цэц эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр хэлэлцэх тул өргөдөл гаргагч иргэдийн энэ талаар тавьсан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн алдаатай дүгнэлт хийсэн юм. Үндсэн хуулийн 66-р зүйл болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд заасны дагуу ийм агуулгатай өргөдөл, мэдээллийг Цэцэд гаргах эрхтэй нь илэрхий байсан тул олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилсэн. Үүний үр дүнд Цэц дараагийн удаа иргэдийн гаргасан мэдээллийн дагуу УИХ-ын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөнийг тогтоогоод зогсохгүй “түүнийг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болж байна” гэж шийдвэрлэж, өмнөх алдаагаа зассан түүхтэй. 

“АРД ТҮМНИЙ ЭЛЧ” БОЛОН “ҮНДСЭН ХУУЛИЙГ ЧАНДЛАН САХИУЛАХ БАТАЛГАА”-НД НАЙДАХ НЬ

УИХ-ын гишүүд ард түмний элчийн хувьд УИХ-д өргөн баригдаад буй Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг санал өгөхийг уриалж байна. Учир нь, энэхүү төсөл батлагдвал “Засгийн газрын шийдвэр” төдийгүй “түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа” захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүрэн гарч, мөн Засгийн газраас бус байгууллага, албан тушаалтан (Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг)-ны улс төрийн үйл ажиллагааг захиргааны үйл ажиллагаанаас заагласан ялгаа алга болж тодорхойгүй байдал үүснэ. Үүний үр дагаварт хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн суурь үнэт зүйлс болсон хууль дээдлэх зарчим, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх эрхүүд Засгийн газрын шийдвэр болон түүнийг биелүүлэхтэй холбоотой харилцаанд хэрэгжих боломжгүй болно. 

Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг харьяалах уу гэдэг талаар иргэний өргөдөл, мэдээлэл Цэц дээр нэгэнт очсон учраас үүгээр маргаан үүсгэвэл Цэц “Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа”-ны үүргээ гүйцэтгэж, 2005 оны дүгнэлтээр тогтоосон үндсэн хуулийн зөрчил одоогийн ЗЕХ болон ЗХШХШТХ-д байхгүй гэж шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэв 2005 оны дүгнэлт ийм агуулгаар гараагүй, харин захиргааны хэргийн шүүх Засгийн газрын ямар ч үйл ажиллагааг хянахгүй гэсэн утгаар гарсан гэвэл уг дүгнэлт алдаатай болсныг хүлээн зөвшөөрч Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянах нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэх нь зүйтэй.

Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш “2005 онд Цэц Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хорооны аливаа шийдвэрийг Цэц хянах ёстой гэсэн “хөнгөн хийсвэр, омголон” дүгнэлт гаргаж, УИХ түүнийг хүлээн зөвшөөрсөн” гэж шүүмжилж байсан. Цэц Үндсэн хуулиа илүү үндэслэлтэй үзэл баримтлалаар тайлбарлаж, “хөнгөн хийсвэр, омголон” дүгнэлтээ засах нь Монгол Улсад эрх зүйт төрийг бэхжүүлэхэд төдийгүй хүний эрхийг хамгаалах, сэргээн эдлүүлэхэд амин чухал билээ. 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан

2018.06.20

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 12 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 23 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 3 цаг 15 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 3 цаг 23 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 3 цаг 47 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 4 цаг 32 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top