x

Монголын шүүх чонын зуултаас мултарч барын аманд орлоо!

Дээр үеийн ямар кинон дээр билээ, хар гамингийн дарлалаас мулталсан ч үргэлжлүүлэн цамнаж буй Бароныг харсан цэрэг эр “Монгол улс чонын амнаас гарч, барын аманд орлоо” гэж буй хэсэг гардаг. Энэ нь өнөөгийн Монголын шүүхтэй олон талаараа ижил төстэй.

I. Шүүхийг эрхшээгчид

Орчин цагийн Монголын шүүх байгууллага нь “Ерөнхийлөгчийн шүүх”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шүүх”, “УИХ-ын буюу эрх баригч намын шүүх” гэсэн үе шаттайгаар хувьсаж байна. Үе үеийн шүүхийг эрхшээгч нар нь өөрсдийн сүр хүчийг мэдрүүлэх зорилгоор шүүгчдийг “бөөнөөр нь цовдолж” үзүүлэхээ хэзээ ч мартаж байгаагүй. 

Ерөнхийлөгч шүүхийг эрхшээх үедээ бүх шүүгчийг хуульд нийцүүлэн чөлөөлөөд, харин буцаан томилохдоо 13 шүүгчийг нь “ор тас мартсан”. Одоо гудамжинд яваа тэднийг дурсахаа ч больжээ. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Үндсэн хуулийн бус аргаар 17 шүүгчийг түдгэлзүүлэн эрүүгийн хэрэгт шалгасан. Зарим нь тоо гүйцээж хоморгонд өртсөн атлаа одоо хэрхэхээ мэдэхгүй мөн л “гадаа” яваа. 

Өнөөдөр эрх баригч нам маань Шүүхийн тухай хуулиар 28 шүүгчийг хугацаанаас нь өмнө хувь хүний хүсэл зоригийнх нь эсрэг “хүчээр тэтгэвэрт гаргах” гэж байна. Одоо эхлэх биз.

Энэ бол Монголын 500 шүүгчдийн 10 гаруй хувь нь сүүлийн хэдхэн жилд улс төрийн хүчирхийллийн улмаас наанадаж ажил, амьдралгүй цаашлаад гэмт хэрэгтэн болж эрүүгийн хэрэгт шалгагдсан бодит тоо. Бөөн тоо учраас уншигч танд анзаарагдана, цаана нь ганц нэгээр яаж тоншсоныг чөтгөр бүү мэд. 

Үндсэн хуулиас эхлээд цаасан дээр шүүхийг хараат бус гэж тунхаглах атлаа яагаад ч юм амьдрал дээр эсрэгээр улс төрийн харьяат болгодог нь хоржоонтой. 

Улс төрчид шүүхийг эрхшээх үедээ өөрийн хүрээлэгсдийг ял завшуулж, өрсөлдөгчөө хилс хэрэгт яллах болон хүний хөрөнгийг хууль бусаар хураан авах ажилдаа шүүхийг нохойд барих мод болгон ашиглаад хожим бүх буруугаа шүүх рүү чихээд зугтдаг жишигтэй болоод уджээ. 

Хэзээ хүний эрхийн баталгаа болсон хараат бус бие даасан, гагцхүү хуульд захирагддаг шүүхтэй болохыг бүү мэд., Лав мөддөө нар үзэхгүй нь бололтой. 

II. Шүүхийн амин сүнс хаана байна вэ?

Шүүх нь өөрийн амин сүнс болсон хууль гэсэн ганц даргатай, тэр ч утгаараа шүүгчийг ярьдаг хууль гэж дэлхий нийтээр нэрлэдэг. Харин далд гарын “жинхэнэ дарга” эрхшээгээд эхлэхээр шүүгч хуулиасаа урваж, хуулийн талаар худлаа ярьж эхэлдэг. Төлөөсийг нь иргэд үүрдэг. 

Тун удахгүй манай шүүхийн амин сүнс нь хууль биш эрх баригч нам болох бололтой. Юун түрүүнд шүүхийн туршлагатай цөм манлай хэсгийг хүчээр тэтгэвэрт гарган хөөж явуулаад үлдэх хэсгийн шүүсийг шахаж чих зөөлөн болгох шат дараатай ажиллагаа явагдах юм байна. Тэгээд ч Шүүхийн хууль нь “шүүгчийг хэрхэн шүүх вэ?” гэж уншигдаад байна. 

Эрх баригчид маань Монголын шүүхийг Шүүхийн ерөнхий зөвлөл нэртэй хазаараар залж, Шүүхийн сахилгын хороо нэртэй ташуураар далайлгах замаар зайдагналаа. Хэн шүүгч болох, хэнийг шүүгчээс хасахыг эрх баригчид шийднэ гэсэн үг. Шүүхийн орох, гарах хаалган дээр парламент нь тэгнээд хэвтсэнийг бүгд харж байна. Эрх баригчид таалагдахгүй бол шүүгчид нэр дэвшигчийг бөөнөөр боорлож, хардаж сэрдэн эцэст нь картаа сугалаад зугтахыг бүгдээрээ харлаа. Мэргэжлийн олон шалгуурыг давж, салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй өрсөлдөн гарч ирчихээд парламентын босгон дээрээс “өмнө ажилласан байгууллагаараа тавлуулж, улс даяар шоглуулж нүүрэндээ хөө түрхүүлээд буцах”-ыг хэн хүсэхэв. Монголын шүүх орцон дээрээ манаачтай байна. Удахгүй таалагдахгүй шүүгчдийг парламентын давуу оролцоотой Шүүхийн сахилгын хороо хасч эхлэх юм байна. Шүүх нэгэнт гэрлэгсдийг бүртгэх хуримын ордны үйлчилгээ үзүүлдэггүй, харин ч эсрэгээр хэрэг маргаан шийдвэрлэх халгамаар үйлчилгээ үзүүлдэг тул шүүхээр үйлчлүүлэгчдийн багадаа нэг тал нь заримдаа бүр бүгд гомддог онцлогтой. Шүүхэд гомдогсдын гомдлыг тайлах нэрээр эрх баригчдын үгэнд ордоггүй шүүгчийг хөөж явуулах таатай орчин бүрджээ. 

Эрхэм уншигч та парламентын давуу оролцоотой Шүүхийн сахилгын хороог үнэхээр хараат бус байна гэж бодож байна уу, тэгвэл олон нийтэд үйлчлэх үүрэгтэй Монголын үндэсний телевиз эрх баригчдаас хараат бус байдаг уу гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Онц ялгаа байхгүй. Парламент маань Сахилгын хорооны гишүүдийг хоол ходоодоор нь барихаас эхлээд буцаан дуудаж, солих онцгой эрхтэй. 

Уул нь бид улс төрчдийн эрхшээдэг шүүх хэрхэн хүний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлж, хуулиасаа урваж, шударга ёс руу нулимахыг хангалттай мэдэрсэн. Төлөөсөнд нь улс төрийн хоригдолтой болж, олон ч гэмгүй иргэд хэлмэгдэн шоронд орж, тэдний гэр бүл, үр хүүхэд нь шар махтайгаа хатаж байгаа нь нүдэн дээр илхэн байна. Шүүхийн тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн нэгэн эрхэм манай намд одоогоор дарангуйлагч байхгүй тул санаа зоволтгүй гэв. Удахгүй бүгдээрээ эрх баригч намын дарга маань дарангуйлагч биш сайн хүн байгаасай гэж зальбирах хэрэг гарахнээ. Өөрийн бэлээхэн мэдэлд ирсэн шүүхийг ашиглан өрсөлдөгчөө хялбархан зайлуулах боломжоос татгалздаг гэгээнтнүүд эрх баригч намын даргаар дандаа тодордог бол бас яая гэхэв, гэхдээ юу л бол. Хэн дор эрх мэдэл буй, түүн дор хилэнц буй гэгчээр тогтолцоо нь эргээд хувь хүнээ эвддэг учраас эрх баригч намын дарга нар ирээдүйд дандаа сайн хүн байгаад ч нэмэргүй л болов уу. 

III. Шүүгчид бүгдээрээ муухай юу?

Судалгаагаар шүүхээр үйлчлүүлэгчдийн олонхи нь шүүхэд итгэдэг гэсэн үр дүн гардаг. Муугүй үзүүлэлт. Харин шүүхээр үйлчлүүлээгүй иргэдээс авсан судалгаагаар олонхи нь шүүхийг шударга бус тул итгэдэггүй гэж гардаг. Улс төрчид, тэдний гар хөл, бууны нохойн үүрэгтэй төрийн бусууд, гомдогсод дандаа шүүхийн талаар сөрөг мэдээлэл тарааж явдаг болохоор иргэд үүнд итгэх нь аргагүй. 

Монголын шүүхийн нүүр царайн дээрх батга болох цус холилдож ойртсон, авлигажсан, хонгил үүсгэсэн, ёс зүйгүй цөөн шүүгч байгаа. Тэдний булайг нь ёс мэт бусад нь хамт үүрэлцэж явдаг. Өөрсдийгөө эрээ цээргүй алтан ураг гэж нэрийдсэн шүүх дэх хорт хавдар болсон хонгилын шүүгч нарт хариуцлага тооцож шүүхээс зайлуулах зайлшгүй шаардлага байгаа нь үнэн. 

Үхрийн эвэр доргихын үлгэрээр үнэнч шударгаар ажлаа хийж яваа 90 гаруй хувийн олонх шүүгч нар нь цөөхөн муухайгийнхаа нэрийн өмнөөс системээрээ хараалган амьдарч байна. Шүүгч нь албан ёсоор амаа үдүүлдэг албан тушаалтан тул өөрсдийгөө өмөөрч өмөлзөх эрхгүй. 

IV. Шүүхийн шинэ хуулиар амар сайхандаа жаргах уу?

Шүүхийн шинэ хуулийн тухай амаа цангатал магтуу уншиж, сүүлдээ нялуун үгэнд бялуурах шинжтэй боллоо. Угаасаа их танил дүр зураг. 

Хэдхээн жилийн өмнө нэг ерөнхийлөгч авлигажсан шүүхийг халж ард иргэдээ жаргаана гэж амалж, улс даяараа өнөөдрийнхөөс илүүтэй хөл хөөр болж байв. Хуульчид чуулж алга нижигнүүлэн, мань мэт нь дивтаатаар үг хэлж явлаа. Хожим бодохнээ хонгилын нээлтэнд оролцсон байж билээ. Одооны шинэ хуульд хүчээ өргөж яваа хуульчид бүгдээрээ тэнд байж л байсан. 

Одоо л чухам шүүхийг шинэчилж, шударга ёсыг тогтоон жаргаана гэж нялуурдгаараа бол улс төрийн сонгуультай их төстэй, бас давтамжтай. Гэвч улс төрийн харьяат шүүхтэй байхын зовлонг туучаад үзсэн хуульчид нь эрх биш хэрсүүжсэн биз. Өмнө нь авлигажсан шүүхийг хална гэсэн бол өнөөдөр хонгилыг нураах тухай нэмэгдсэнээрээ л өөр байна. 

Сониноос, Шүүхийн тухай хуулиар нэг байранд айлсан ажилладаг аймаг, сумдын шүүхүүд шийдвэр гаргахдаа ам зөрөхгүй л бол Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж болохоор байна лээ. Холбооны улс шиг 21 аймгийн шүүхийн “вант улс”-тай болж байгаа юм уу даа. Хууль буруу хэрэглэж, хүний эрх зөрчиж, ял завшуулж, хилсээр шийтгэж, хөрөнгө хүчээр хураасан ямар ч муу шийдвэр аймаг, сумынхаа түвшинд нэг шугаман дээр байвал дээд шүүх лав хянах эрх байхгүй. Давхар алдаа гаргасан ч утга ижил бол хяналтгүй. Энэ тохиолдолд дээд шүүхийн хаалга иргэнд хаалттай. 

V. Төгсгсөлийн оронд

Ерөнхийлөгчийг дарангуйлагч болохоос айсан парламент маань улс төрийн зорилгоор шүүхийг ашигладаг байдлыг болиулж зэвсэг хураах ажиллагааг гүйцэтгэлээ. Харамсалтай нь хураасан зэвсгээ устгахгүйгээр өөрийгөө өвч зэвсэглэчихлээ. 

Цаашид эрх баригч намын дарга УИХ-д олонхитой, Ерөнхий сайдын албын хашиж, албан тушаалаараа дамжуулан хэрэг шалгадаг авлигатай тэмцэх газар, тагнуул, цагдаагийн байгууллагыг, мөн УИХ-аар дамжуулан шүүхийн хамт буюу хууль шүүхийн байгууллагыг бүрэн эрхшээх тул илүү хүчирхэг, сайжруулсан “шинэ супер мангас” бүтээгдлээ. 

Хүчирхэг шинэ эзэнд бусдын олон жил хүч хөдөлмөрөө шингээн бүтээн босгосон энэ “бэлэн сайхан” хонгилыг шууд нураахад нээрээ хайран ч санагдсан юм бил үү, хэн мэдлээ?

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.161.1)
    Mongoliin shuuh tuuhendee anh udaa Elbegdorj yronhiilogchiin uyd l hariutslagatai shudarga ajillaj ehelsen bolovch Jenko bolon MAN-n zasaglaliin uyd ergeed hund baidald orloo.Odoo bol helmegduuleltiin har mashin bolloo.
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 52 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 1 цаг 13 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 14 цаг 15 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 19 цаг 30 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 46 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 20 цаг 29 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 20 цаг 39 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top