x

Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулалт татсан, хөгжил рүү зүтгэсэн хотын дарга байх болно

Энэ удаагийн миний зочноор Нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазар уригдлаа. Энэ бол бидний хувьд анхны ярилцлага, мөн хотын дарга болоод өгч буй эхний ярилцлага нь юм.

Өвөрмөц шийдэл гаргачихаад, тэр бүр тохиолдохгүй онцгой нөхцөл байдлын үед хот хэмээх их айлыг удирдан ажиллаж буй түүнийг ямар нэртэй явж ирснийг бүгд мэднэ. Харин энэ удаагийн стандарт бус шийдвэрийнхээ араас ямар алдартай ирэх бол...


-Олон аавын хүү энэ хотыг удирдаж ажилласан. Тэднээс хотын тууринд нэрээ сийлсэн нь цөөн. Та тэгж чадах болов уу, яах бол.УИХ-ын сонгуульдгурав дахь удаагаа ялалт байгуулаад парламентад орж ирлээ. Хуучин яамандаа томилогдох болов уу гэж харж байсан.

-Тийм үү. 

-Гэвч та стандарт бус шийдвэр гаргасан. Манай улс төрийн түүхэнд байгаагүй үйл явдал. Энэ шийдвэрээрээ та төрийн эрх барих дээд байгууллагад өөрсдийгөө төлөөлүүлж илгээсэн ард түмний сонголтыг орхисон. Хачирхалтай тэр шийдвэрийг тань стандарт бус гэж нэрлэхээс өөр арга алга. Ер нь яагаад ийм шийдвэр гаргасан юм бол. Хоёулаа эндээс яриагаа эхлэх нь зөв байх ?

-Уулзаагүй удсан байна. Сэтгүүлч мэргэжил бол амаргүй ачаа үүрдэг, халуун гал атгаж явдаг. Маш хэцүү ажил гэж харж явдаг юм. Мэдээж танд олон асуулт байгаа. Ард иргэдийн дунд гайхсан, тайлбар хүлээсэн нөхцөл байдал байгааг би сайн мэдэж байна. Хууль тогтоох байгууллагад ажиллах ёстой байтал таны хэлснээр стандарт бус шийдвэр гаргасан. Хот гэдэг бол өөрөө их айл. Амьдрал буцалж,зовлон жаргал сүлэлдсэн, их ачаалал эргэлдэж байдаг газар. Би Улаанбаатар хотын унаган оршин суугч иргэн. Энэ л хотод өсөж хүмүүжсэн хүний хувьд хотоо сайхан болгох юмсан, орчин үеийн шийдэл бүхий дэлхийн жишгийн хот болоосой, яаж энэ бүхнийг өөрчлөх вэ гэсэн бодлыг үргэлж тээж ирсэн. Бүгд л бид ийм мөрөөдөлтэй. Дэлхийн олон хот үзлээ. Дэлхийн хотуудын хөгжлийн хандлага, зохицуулалт, төлөвлөлт, үйлчилгээ, соёл гээд олон зүйлийг нь харж, дотроо шатаж, мөрөөдөж, тэмүүлж явдаг мянга мянган хүүхдүүдийнх нь л нэг. Үүнийхээ төлөө ажиллах ёстой гэдэг хүсэл эрмэлзэл тээж явсан. Улаанбаатар хот бол Монгол Улсын онцгой чиг үүрэг бүхий нэгж юм. Төрийн ордон нь байдаг. Бүх шатны яам, тамгын газар нь байдаг. Бүх их сургуулиуд, соёл урлагийн байгууллагууд нь байдаг. Хүн амынх нь 50 хувь нь амьдардаг, нийгэм эдийн засаг, соёл урлагийн гол цөм нь байдаг ийм л их айл. Тэгэхээр энэ хот өөрөө зөв явах ёстой. Ард түмэнд хийж байгаа ажил нь шууд хүрдэг, буруу шийдвэр гаргавал тэр нь ард түмний амьдралд хөрсөн дээр нь буруугаар тусдаг. Шууд утгаараа олон нийтийн хараан дор, тэдний хүрээлэл дотор явдаг ийм онцлогтой. УИХ-ын түвшинд ажиллах нэг өөр. Их хурал дээр хэлэлцэж байгаа асуудал, гаргасан шийдвэр нь эндээс бас нэлээн өөр түвшний зайтай байдаг. Засгийн газрын түвшнээс харахаар бас шатлалтай зай байдаг. Бодлогын асуудлыг нь гаргаад, УИХ-аар өргөн барьж хэлэлцүүлээд, Засаг дээрээ шийдвэрээ гаргаад, хэрэгжилтийн шат руу, аймаг, орон нутаг руу үүрэг өгөхөд тодорхой зай бүхий шатлал байдаг. Процесс тэгж л явдаг. Хотын шийдвэр бол шууд гардаг. Ялангуяа Хотын даргын шийдвэр.Газартай холбоотой, барилгатай холбоотой, нийгэм, соёл урлаг, халамж үйлчилгээ хот тохижилт, дулаан цахилгаан, эрчим хүчний асуудлууд гээд. Тэгэхээр энэ шийдвэр болгоныг зөв гаргах ёстой. Иргэндээ зохистой хүрч байж энэ хотын ажил үнэлэгдэж дүгнэгдэж явдаг. Ийм л халуун юм руу орчихсон л доо. Үе үеийн хотын удирдлагууд, олон аавын хүүхдүүд энэ их хотын ажил амьдралыг зохицуулах гэж амьдралынхаа тодорхой хэсгийг зориулж ирсэн. Бүгд л хотоо сайн сайхан болгохын төлөө байсан гэж дотроо боддог. Хүсэл мөрөөдлөөс нь зөрдөг, маш их гуйвуулдаг, дайвуулдаг. Нөгөө талаас авилга албан тушаалтай холбоотой гажуудлууд ч их гарч байсан. Хотын даргын дор мэргэжлийн баг ажилладаг. Энэ баг хүчтэй байх ёстой. Ерөөсөө боловсон хүчний буюу хүний нөөцийн асуудал өөрөө олон алдаа завхралын гогцоо болдог гэж би хардаг. Өмнө нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж байлаа. УИХ-д, Засгийн газарт ажиллалаа. УИХ-ын гишүүнээс “бууна” гэдэг бол үнэндээ тийм амар шийдвэр биш шүү дээ. Товчхон хэлэхэд, УИХ-д МАН У.Хүрэлсүх даргын бодлого, удирдлага дор дийлэнх суудалтай болж, ганц, хоёр гишүүний суудлаар хүч дутах асуудал үүсэхгүй байх боломж өгөөд сонгогчид дэмжчихсэн. Ийм улс төрийн тогтвортой орчин үүсчихсэн. Дээр нь миний хувьд Нийслэлийн намаа өнгөрсөн орон нутгийн сонгуульд удирдаад НИТХ-ын дийлэнх суудлын дэмжлэгийг нийслэлчүүдээс авчихсан, хамтран зүтгэгчид маань улсын тал хагас болсон нийслэл хотыг удирдах улс төрийн гарцаагүй шийдэл дагасан өндөр үүрэг хариуцлага надад ногдуулчихсан. Ингээд үндэсний хэмжээнд төрийн бодлого тодорхойлогчоос нийслэл хотыг шууд удирдах захиргаа, аж ахуйн өдөр тутмын тулгамдсан ажлуудыг зохион байгуулж зохицуулах ажилд шилжин ажиллах болсон. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн маань сонгогчдын итгэл, төлөөлөл хөсөр хаягдахгүй байж болох боломжуудыг бодож болгоосны эцэст түр зуурын эргэлзээгээ орхиж энэ шийдвэрийг гаргасан. Ийм шийдвэрийг гаргах, хүлээн авахад үнэхээр надад амар байгаагүй. Миний амьдралдаа богино хугацаанд яах аргагүй тал талаас нь бодож гаргасан хамгийн хүнд шийдвэрийн нэг мөн байх.

-Тийм учраас стандарт бус шийдвэр гээд байгаа юм.

-Үнэхээр хүнд. Шууд л хүнд хэцүүтэй нүүр тулж ковидын үеийн хямралд ажиллана, байнга шүүмжлэл бухимдал дунд явна гэдгээ мэдэж байсан ч “үүрэг хүлээсэн цаг”-т би хэзээ ч ухарч зайлахгүй шийднэ, зүтгэнэ гэсэн зарчмаа барьсан юм аа. Өнгөрсөн дөрвөн жилд гэхэд улс төрд юу юу болж байв. Бужигнаад унахад дагаад нийгмийн тогтворгүй байдал үүсдэг. Үүнээс үүдээд хот дээр төрийн ажил үйлчилгээ доголдох, дутагдах, бодлогын үйл ажиллагаа царцах гээд олон асуудал үүсдэг. Энэ нь Улаанбаатар хотын нэг сая 532 мянган иргэний ажил амьдралд шууд нөлөөлдөг. Хоёр гурван хүний хоорондын толхилцооны буруу үр дүнг иргэд амсах ёсгүй. Тогтвортой засаглал хэрэгтэй. 2020 оны УИХ-ын сонгуульд ард иргэд эрх баригч намд итгэж, 62 суудлыг дахин өгсөн. Намын дарга У.Хүрэлсүх, түүний багт итгэл өгсөн. Энэ Засгийн газар цаашид шударга ёсны үйл хэргийг үргэлжлүүлэх юм байна, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн энэ амаргүй үед тодорхой арга хэмжээнүүдийг авах юм байна, ард иргэдийнхээ амьдрал ахуйг босгож ирэхийн төлөө зүтгэх юм байна, үндэсний хэмжээний үйлдвэрүүд босгох юм байна гэсэн ийм л хүлээлтүүд иргэдэд байгаа. Энэ нь ч орон нутгийн сонгууль дээр ч бас харагдсан. МАН 2016 онд орон нутгийн сонгуульд 34 суудал авсан. 2020 онд 34 суудлыг ард иргэд ахиад өөрсдийн итгэл үнэмшлээрээ өгсөн. Маргахын аргагүй үнэн бол энэ. Миний хувьд залуучуудынхаа дунд ажиллаж, ялангуяа нийслэлийн МАН гэдэг том айлыг удирдаж байна. Нийслэлийн намын байгууллага бол өөрөө их чухал төв. МАН-ын бодлого, үйл ажиллагааг соёл, эдийн засаг, санхүү, захиргааны төв болсон Улаанбаатар хотод зөв явуулах чухал. Тийм ч учраас нарийн зохион байгуулалттай, нягт бодлоготой сонгуульд орохгүй бол ахиад өмнөх жилүүдийн алдаанууд гарахыг үгүйсгэх аргагүй нөхцөл байдалд байсан. Олон сайхан залуус сонгуульд нэр дэвшиж байдаг, бие биедээ хүлээн зөвшөөрөгдөх, зөвшөөрөгдөхгүй байх асуудал гарах вий. Үүнээс үүдээд элдэв тооцоолшгүй зүйл гарах вий. Улс төрийн тогтворгүй байдал үүсээд “COVID-19”-ийн хүнд үед ахиад хөл толгой нь олдохгүй зүйлс гарах вий гэдгээс нэгдүгээрт маш их болгоомжилсон. Хоёрдугаарт, ер нь намын дүрэм журмаар бол ялсан намын дарга нь тухайн орон нутгийнхаа Засаг дарга болно гэсэн зарчим бий. Бүх дүүрэг нэгж дээр энэ зарчим үйлчилнэ. Дүүрэггүйгээр хот оршихгүй. Хотгүйгээр дүүрэг оршихгүй. Энэ бол амьд холбоо, хэлхээс. Нэг сая 500 мянган иргэний амьдралтай холбоотой асуудал. Ерөөсөө л ийм ачаа үүрч сонгууль удирдаж орсон. Сая нэгжийн хууль батлагдлаа. Ахиад Улаанбаатар хотод дагалдах 27-28 хууль орох юм. Намайг тойргоосоо ард түмний итгэл хүлээж гарч ирчихээд, хотын дарга болоод явчихлаа. Албан тушаалд шунаж байна гэж зарим хүмүүс яриад байх шиг байна. Би бол үүний эсрэг байгаа. Албан тушаал бол дээр байдаг юм. Хотын ажил бол аж ахуйн ажил. Зөв менежмент хийж чадах менежерийн ажил. Дарга гэхээсээ илүүтэйгээр менежер гэж хараад байгаа юм. Шийдвэр гаргахад амаргүй байсан. Намын нөхөдтэйгөө ярилцсан, зөвлөсөн. Өөрийн итгэл үнэмшил, сэтгэлийн дуудлагаа ч чагнасан. Энэ хот гэдэг том айлын суурь нь байнгын ганхаастай явж ирлээ. Сангийн яамнаас мөнхийн хараат. Төсвөөс мөнхийн хараат. Өнгөрсөн 30 жил явж ирсэн ажил, амьдралыг нь бодохоор тэр чигээрээ хүнд хэцүү нөхцөл байдлын түүх. Засаг, хот хоёр хоорондоо байнгын зөрчилтэй явж ирсэн. Дээрээс нь Улаанбаатар хотын харьяа агентлагууд, НЗДТГ-уудын хоорондын уялдаа холбоо ерөөсөө байхгүйтэй адилхан. Баг болж ажиллаж чаддаггүй. Дотроо учраа олж чадахгүй, агентлагуудтайгаа уялдаа холбоо байхгүй. Энэ бүхнээс болоод хотын амьдрал гацчихаад байдаг. Дулаан хангамж, эрчим хүчний хангамж, хот тохижилт, хог, нийтийн тээврийн асуудал. Дээрээс нь хууль эрх зүйн зөв зохицуулалт, эрхийг нь нээж өгөх, нээхгүй байх асуудал, төсөв санхүүгийн дутагдал, нэмэлт хөрөнгө оруулалт, орон сууцны бодлогын асуудал гээд үй түмэн асуудал байж байдаг. Энэ болгоныг зохицуулж байж олон түмний хүлээсэн хүлээлтэд хүрнэ. Тал талаас нь ярилцаж байж, бодож байж шийдвэр гарсан шүү дээ. Мэдээж нийслэлийн намын байгууллагаас шийдвэр гарсан. Удирдах зөвлөлөөр орохоос өмнө удирдлагуудын түвшинд сайтар хэлэлцсэн. Төсөв санхүү хүнд байна. “COVID-19”-ын халдвар эрчимжих нь гарцаагүй байсан. Улстөрчийн хувьд гаргах шийдвэр бол хүнд. Карьер талаасаа яах аргагүй эрсдэл дүүрэн алхам шүү дээ. МАН 100 жилийн түүхтэй нам.Энэ намын хамгийн том цөм нь хотын нам. Хотын намын дарга намаа аваад сонгуульд орчихсон. Ахин сануулахад өнгөрсөн дөрвөн жил бас л бужигнах үедээ бужигнасан жилүүд болж өнгөрсөн. Тэр бүх зангилаан дунд л хотын нам ажилласан. Хамгийн их хардлагыг өөр дээрээ авсан. Тэр хураагдсан зовлон, хотын намын хороог удирдсан хүнд үеүд энэ шийдвэрийн суурь нь байсан. 

-Та бол манай үеийн шүтээн байсан залуусын нэг байсан. Оюутан байхдаа та хэдийн барилдааныг үзэх гэж спортын ордонд очдог байлаа. “Энэ Д.Сумъяабазар Улаанбаатараараа нэг дуудуулаасай, сонсож үзэх юмсан. Хотын унаган хүүхэд байна даа” гэж хүмүүсийн ярихыг нэг биш сонсдог байв.Та наадмын зүлэг ногоон дэвжээнээс Улаанбаатараараа дуудуулдаггүй л байсан шүү дээ. Тэгээд одоо тэр “өр”өө төлж байгаа юм уу ?

-Ер нь төлнө шүү дээ. Төлөх ёстой юм чинь. Бүгд төлнө. Энэ хотод төрсөн хүүхэд болгон төлнө. Бүгд л зүтгэж байгаа. 

-Та бас дүүргийн намын хороог удирдаж байсан билүү ?

-Тийм, дүүргийн намын байгууллагыг зургаан жил удирдаж ажилласан. 2012-2018 он хүртэл. СХД-ийн намын хороо тэр үед бас л амаргүй байлаа. Мэдээж эхний үүрэг тэр бүхнийг зохицуулах байсан. Нам гэдэг бол хүмүүсийн олонлог. Уян хатан харилцааг эрхэмлэх ёстой. Хувь хүмүүсийн харилцаан дээр бүх юм суурилдаг.Энэ сууринаас намын харилцаа явна. Мэдээж зарчим, үзэл баримтлал, байр суурь гэх ойлголтууд бий. Энэ бүхний ард аль болох л эв нэгдлийг сахиж ажиллах ёстой. Ер нь бол би нэг хувилбар дээр зогсчихоод хатуурхаад байдаггүй, бүр болохгүй байгаатай нь ганцаарчлан уулздаг, аль болох захицуулах, ойлголцохыг чухалчилдаг арга барилтай л явж зургаан жил ажилласан. Хотын намын амьдрал руу орох суурь бол 2013 оны 27 дугаар их хурлаар тавигдсан. М.Энхболд дарга Хот хариуцсан нарийн бичгийн даргаар хотоос сонгогдсон нэг гишүүнийг намын Удирдах зөвлөл рүү оруулна гэсэн. Эхлээд би жаахан цааргалсан. “Би дүүргийн намын байгууллага удирдаж байгаа хүний хувьд ачаалал дийлэхгүй ээ. Намын ажлууд ер нь яаж явах ёстой юм. Шат шатанд нь тэр тодорхой стандартыг нь тогтоож өгөөд, хоорондоо хагаралгүй, нэг цул болж, эв нэгдлийг эрхэмлэн 2016 он руу зугуухан авч очъё” гэж хэлсэн юм. 

-М.Энхболд дарга “Хэрэв тийм бол цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” гэж шахсан тухай сонсож байсан. Таны үгний хариуд яг юу гэж хэлсэн юм бэ?

-“Чи хот хариуцсан намын нарийн бичгийн дарга болохгүй гэж байгаа бол дараагийн удаа ямар ч асуудал дээр намаас дэмжлэг байхгүй шүү” гэсэн. Тийм үг сонсоод хүн чинь бас юм боддог юм билээ. Тэгээд л Хот хариуцсан намын нарийн бичгийн дарга болж, Улаанбаатар хотын 152 намын анхан шатны байгууллага, хороодоор ёстой зогсоо зайгүй явсан даа. Өдөр болгон уулзалт. Өглөө 09-өөс орой 21 цаг хүртэл битүү уулзалт. Ингэж нэг сар 20 хоног явж байж дүүргээс хотын нам руу ирэх суурь маань бүрэлдсэн юм. Хороо нэгжүүдээр нь нэг бүрчлэн явж, намын анхан шатны байгууллага, дугаар хорооны иргэний амьдрал ямар байгааг өөрийн биеэр мэдэрсэн. Хотын намын байгууллага эрүүл саруул суурьтай, зөв байх ёстой. Хаана нь гажуудал байгаа юм. Яаж засаж залруулах ёстой юм. Зүгээр л дээрээс удирдана гэж байхгүй шүү дээ. Тийм цаг үе өнгөрсөн гэдгийг манай зарим нөхөд ойлгоогүй л байсан. Ц.Сандуйтай муудалцсан шалтгаан ерөөсөө тэр. “Аз жаргалтай Улаанбаатар” гэж хөтөлбөр байсан даа. Энэ нэршлээс болоод л зөрөлдөөд эхэлсэн. Юуг нь аз жаргалтай гэх гээд байгаа юм бэ. Наад хот чинь өнөөдөр ямар болчихоод байж байгаа юм бэ. Ажил амьдрал нь бодит амьдрал дээр ямар байгаа юм бэ гэж хэлнэ биз дээ. Ингээд л зөрчил. Юун “Аз жаргалтай Улаанбаатар” вэ. Бас нэг жаахан учиртай байж болохгүй гэж үү гээд л. Ингээд ажлын арга барил, үзэл бодлын зөрүү гарч ирж байгаа юм. Мэдрэмж гэж юм байна шүү дээ. Бүх нэгжээр явж, иргэдийн хөрсөн дээрх аж амьдралыг биеэрээ мэдэрсэн, нүдээрээ харсан, шаналсан учраас аз жаргал байна уу, үгүй юу гэдэг асуултыг тавина биз дээ. Би юу юугүй зөрөлдөөд байдаг хүн биш. Ерөөсөө тэвчихийн аргагүй байсан. 

-Та хотын фракцтай яаж учраа олж байсан бэ?

-Би өөрийнхөө үзэл бодлоор л явсан. Яагаад гэвэл юм зарчимтай, зөв байх ёстой гэдэг байр суурь баримталж байхад ямар ч юмыг давдаг. 2012-2016 онд намын нарийн бичгийн даргаар ажиллалаа.Ер нь бол болж бүтэхгүй зүйлээс нь болоод л муудалцсан. Буруу зөрүү зөндөө байна. Асуудлууд нь ар араасаа гараад ирсэн. Надтай надгүй тэсэрсэн. Болж бүтэхгүй юм нь цугларч байгаад л дэлбэрсэн. Бүр улс төрийн капитал болоод дагширчихсан байсан. Орхигдсон мянга мянган гишүүд дунд орж, нүцгэн үнэнтэй нүүр тулсан. Нам бол өлчир, хүчир гишүүдтэйгээ хамт явдаг. Тэднийгээ хаячихсан байсан. Тэгээд тохуурхал шиг “Аз жаргалтай Улаанбаатар” гээд байж болохгүй биз дээ. Ингээд л тэд нартайгаа муудалцсан. Намын анхан шатанд ажиллаж байгаа намын гишүүд тэр үед ууртай, эмоцитой, гомдчихсон байсан. Тэд нарт хүрч ажиллах, тэд нарын дуу хоолойг нь сонсож, тэр дундуур яваагүй бол би өөрөө ч хэн болж хувирах байснаа хэлж мэдэхгүй.Тэдний дуу хоолой гэдэг бол бодит амьдрал байхгүй юу.Хөрсний маань амьдрал. Ямар нэгэн хуурмаг давхарга дээрх амьдрал биш. Тэр дундуур 152 үүрээр нэг бүрчлэн орсон. Тэнд маш их шүүмжлэл, маш их гомдол, маш их харуусал байсан. 

-Тэгж анхан шатны намын үүрүүдтэйгээ нүүр тулсан нь танд бас цохилт өгсөн бололтой.

-Эргээд зугтмаар үе зөндөө байсан. Тэд нартайгаа ойлголцож явж байж тэд чинь энэ намаа дэмждэг. Тэд чинь л эцсийн мөчид ажилладаг. Ерөөсөө мотор тэнд байдаг. Дарга нарын түвшинд мотор бий. Гэхдээ өөр мотор. Харин тэнд чинь жинхэнэ энэ намын мотор байдаг. Тийм учраас намын байгууллага гишүүн болгондоо хүрч ажилладаг байх ёстой. Сонгинохайрхан дүүрэг дээр би олон жил ажилласан. Анх очиход нам ялагдчихсан байсан. Намын байгууллагаар хэн ч орж ирдэггүй. Хүнд нөхцөл байдал нүүрлэчихсэн. Тэр хүнд нөхцөл дунд дүүргийн намыг удирдаж ажилласан. Ялалт байгуулсан. Ялалт байгуулсан ч Засаг даргаа томилуулж чадаагүй. Иргэдийн хурлаа бол авсан. Гэхдээ бид нөхцөл байдлыг дэвэргэж АН-тай муудалцаагүй, ойлголцоод эвийг хичээгээд гарсан. Тэрний буруу гэж одоо байхгүй байгаа биз дээ. Алсыг харж явах хэрэгтэй. Хүчээ бодитой мэдэрч, боломжоо мэдэрч ажиллах чухал. Сайн муугаа маш бодитоор харж, цэгнэж явах ёстой. 

-Э.Бат-Үүл дарга ч хүчтэй байсан. Р.Дагвыг бол тоглоом болгосон шүү.

-Алсан шүү дээ. Ялаад гараад ирчихсэн байхад нь л томилж өгдөггүй. Тийм юмнуудын дундуур явсан учраас намын амьдрал, ялангуяа тэр орхигдсон байсан, мартагдсан байсан намын мянга мянган гишүүнийхээ хүсэл эрмэлзлийг сэргээх, тэдэнтэйгээ ойр ажиллах ёстойг ойлгосон. Тэр үед нийслэлийн нам дээр дарга нар бол намайг дэмжээгүй. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн хурлаар ороход 15:0-ээр хусуулаад л. Удирдах зөвлөл дээр 10:5-аар хусуулаад л. Нэрээ тат гэдэг асар их тулгалт хийж байсан. Нэгэнт тэгээд гал руу орчихсон хүн чинь “үгүй ээ” л гэсэн. Энэ чинь улс төрийн эрсдэл мөн биз дээ. Эрсдэл гэдэг бол нөгөө талдаа дандаа амжилтыг дагуулж байдаг. Эрсдлээ л зөв тооцох ёстой. Би намын гишүүддээ л итгэж байсан. Дарга нар угаасаа намайг дэмжихгүй нь ойлгомжтой байсан. Тэгэхээр өөрийн итгэл үнэмшил гэдэг бол маш чухал зүйл болохыг би тултал ойлгож байсан. Тэрэн дээрээ суурилсан зөв төлөвлөгөөтэй бодлого гаргаад ажилласан. Тэгээд хотын намыг 2018 оны есдүгээр сарын 21-ний өдөр авсан. Тэрнээс хойш улам илүү бэхжүүлэхийн тулд бүх дүүрэгт хүрч, гишүүд болгоныг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулсан. Магадгүй хэн нэгэн хүн миний оронд ирсэн бол энэ “COVID-19”-ийн үед яаж ажиллахыг таашгүй. Маш хүнд нөхцөл байдал дунд бид ажиллаж байна. Магадгүй олон талаасаа шахуулах байх. Эго ихтэй улсууд их байна, сонирхолтой улсууд ч их байна. Гэхдээ ажиллах, зөвхөн ажиллахаас өөр гарц байхгүй. Та өөрөө сайн мэдэж байгаа. 

-Та онцгой нөхцөл байдлын үед ажиллаж байгаа хотын дарга. Цар тахалд дэлхий нийтээрээ нэрвэгдчихээд байна. Хотын дарга бэлэн биш орж ирчихээд уурлаад, ялархаад байна гэж таныг шүүмжилж байгаа. Эндээс зугтах эрх танд байхгүй. Нэгдүгээр фронт чинь “COVID-19”.

-“Цар тахал ба эдийн засаг” гэдэг сэдэв өнөөдөр дэлхий дахины сэдэв болоод байна. 2020 оны нэгдүгээр сарын 24-нд хөл хорио тогтоох шийдвэрийг Засгийн газар анх гаргасан. Тэр үед дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ гэдгийг нэлээн сайн судалсан юм. Дэлхийн улс орнууд бизнес, ажлын байр, эдийн засгаа хамгаалах ажлыг эн тэргүүнд тавьж байгаа юм байна. Мэдээж баян, мөнгөтэй улс орнууд хувь хүнээ дэмжих үүднээс 1000- 2000 ам.доллар өгч нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр хүртэл гаргаад явж байгаа. Манай Засгийн газар ч үе шаттай арга хэмжээ авсан. Тэрийг бол үгүйсгэж болохгүй. Ялангуяа нийгмийн даатгал, түрүүн хэлсэн ХАОАТ, цахилгаан дулаан, хог, усны төлбөр хураамжийг долдугаар сарын 1 хүртэл тэглээд засаг өөрөө ачаагаа аваад явах зохицуулалтыг арванхоёрдугаар сард хийсэн. Тэрний өмнө бол гадаадаас иргэдээ авах, зээлийн хүүг зохицуулах гээд олон асуудлыг Сангийн яам оруулж ирээд явж байсан. “COVID-19” ороод ирчихсэн, хүнд нөхцөл байдал дунд ажил авсан. Бүгд л харж байна. Хэлэх ёстой. Хэцүү, мэдэхгүй зүйлүүд гарсан. Юуг нь нуух юм. 

-Үзээгүй зүйлүүдтэйгээ нүүр туллаа шүү дээ. Бидний хэн ч бэлэн байгаагүй.

- Зугтах газар байхгүй. Монголчууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт анх удаагаа шилжсэн. Гэхдээ л ямар зорилтот бүлэг дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь тодорхойгүй байдлаар энэ ажлууд явсан. Мэдээлэл хангалтгүй байсан. Мэдээлэл технологи, инновацийн салбарыг тэргүүн эгнээнд гаргаж ирээд энэ дээрээ байгууллагуудын мэдээллийн баазуудыг нэгтгээд цаашаа бүх юм явах ёстой. Одоо ажлууд нь үе шаттай хийгдээд явж байгаа. Ялангуяа e-mongolia гэж хөтөлбөр зарласан. Үүнтэй уялдуулаад QR кодоос эхлээд нэмэгдэх өчнөөн олон цахим салбарын судалгаа хийгдсэн байдаг юм билээ. Ингэж цаашдаа цахим бодлогын хүрээнд ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглал руу шилжиж байж нөгөө авилгын асуудал, өнөө хүнд суртлын асуудал цэгцрэнэ. Иргэдийг хүндрүүлдэг, бүх юмыг хойшлуулдаг асуудал, залхаадаг асуудал цэгцэрнэ. Улсаараа бид цахим болох ёстой. Хотоо Цахим Улаанбаатар, Ухаалаг Улаанбаатар, Ил тод, нээлттэй Улаанбаатар болгох ёстой. Тэгж байж бид энэ хүнд суртал, авилга, хээл хахуульд хэрэгдээд хөдөлж өгөхгүй хөшчихсөн асуудлуудыг бүгдийг нь явуулна. Эргэх холбоотой ч явна. 

-Гурван сар гаруй ажиллалаа. “COVID-19”-ийн хэцүү бэрх үе ч гэлээ юу хийж амжуулав гэх асуулт зүй ёсоор тавигдана ?

-Мэдээж шүү дээ. Суурь судалгаанууд дээр төвлөрч ажиллалаа. Нийслэл хотод тулгамдаад байгаа асуудлуудыг эрэмбэллээ, нарийвчилсан судалгаануудыг нэг бүрчлэн хийлээ. Нийт аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудтайгаа хамтын ажиллагааг эрчимжүүлж байна. Энэ хугацаанд 74 мянган өрхөд туслалцаа, дэмжлэг үзүүлээд явж байгаа. 10 мянган бага орлоготой өрхөд түлш үнэ төлбөргүйгээр нөхцөл зааж хүргүүлэн гал алдуулахгүй, дулаан байлгах ажлыг хүртэл зохион байгууллаа. 

-Уучлаарай, хотын дарга аа. Ингээд л халамжийн бодлого явуулаад байх юм уу. Угжны сэтгэлзүйгээ одоо халаач дээ.

-Би сая зөндөө ярилаа. Хаягдсан хэсэг маань хүнд байна. Дээгүүрээ л улстөржөөд давхилдаад байсан байна. Тэгээд яах юм. Хаях юм уу. Бололцоог нээж, тэр олсон боломжоо иргэддээ бага ч гэсэн энэ хүнд үед хүргэх гээд ажиллаж байна. Дүүргүүд маань үүрэг чиглэлээ аваад идэвхтэй ажиллаж байгаа. Бид орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрүүдийг гаргаж ирсэн. Үүнтэй уялдуулаад 87 тэрбум төгрөгийг гацчихсан байгаа орон сууцны компаниудад зохицуулж, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжих орон сууцны бодлогоо хэрэгжүүлээд явж байгаа. Нэг ч ажлыг хойш нь тавихгүй гэж хичээж байна. Бидэнд гаргасан алдаа байгааг ерөөсөө үгүйсгэхгүй. Тэрийг засч залруулахын төлөө ажиллаж байна. Намайг ууртай байна, загнаж байна, ядраад байна гэсэн гээд шүүмжилж л байсан. Нийслэлийн төр захиргааны 30 гаруй мянган албан хаагч нэг ч хором зогсолтгүй ажиллаж байна. Цагдаа болон эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналтынхан гээд. Энэ улсууд маань нойр хоолоо хасан байж зүтгэж байгаа. Яагаад гэхээр хөл хорио тогтоохгүй бол өвчнөө алдчих гээд байсан хүнд үе. Тэр үед бид хумиж чадаагүй бол халдварын тоо одоогийнхоос хэд дахин нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Өндөр ачаалалтай үед ажиллаж байгаагаа ойлгуулах гэж л хэлсэн санааг буруу даялуулаад давхина лээ. Мэдээж төрийн алба бол босоо тогтолцоотой, шууд хийх үүрэгтэй. Дуудсан цагт ирэх ёстой. Үүрэг чиглэлээ аваад ажиллах ёстой. Энэ нэг сая 500 мянган иргэнийнхээ эрүүл ахуй, аюулгүй байдлыг нь хангах ёстой гэдэг үүргээ ухамсарлаж байгаа. Энийг л ойлгоод өгөөч гэж хэлсэн чинь л мушгиулчихсан. Цар тахалтай холбоотой зүйл дээр би бас нэг зүйл хэлмээр байгаа юм. Энэ бол боловсролын салбарын асуудал. Эрдэмтэн судлаач нар, мэргэжлийн улсууд, санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй цахимаар уулзалтууд бас хийж байна. Тэдэнтэй уулзахад, ялангуяа өнгөрсөн жил нэгдүгээр ангид ороод, одоо хоёрдугаар анги руу шилжиж орсон, энэ жил нэгдүгээр ангид орсон хүүхдүүдэд юу дутагдаж байна вэ гэхээр танхимын сургалт. Төгсөх ангийн хүүхдүүд бол ойлгомжтой. Ер нь онлайн сургалт гэж юу байдаг вэ, цахим ертөнц гэж юу байдаг, түүгээрээ сургалтаа авах боломжуудаа мэддэг учраас харьцангуй гайгүй. 

-Бага ангийн хүүхдүүд үнэхээр хэцүүдчихлээ.

-Ерөөсөө хоёр жилийн сургалтын хөтөлбөр бүтнээрээ тасалдахад хүрсэн. Танхимын сургалтаас хүн хоорондын харилцаа, нөхөрлөл гээд зөвхөн сургалтаас гадна илүү үнэ цэнэтэй зүйлсийг хүүхдүүд өөртөө бага насан дээрээ хуримтлуулж авдаг.Тэр юмыг үгүй хийчихлээ.Энэ бол үнэхээр нөхөж баршгүй зүйл.

-Хориотой хүүхэд нас байж болохгүй биз дээ?

-Эцэг эхчүүддээ өвчин тээж очих магадлалтай учир эрсдэлтэй гэдгийг дэлхийн улсууд хэлээд байгаа юм л даа. Тэгэхээр энэ хүүхдүүдийн сургалтын асуудлыг цахимаар оруулахдаа яаж оруулах вэ гэдэг толгойны өвчин байна. За, нийтийн тээврийн асуудал ямар байгаа билээ. Сургуулийн автобус ямар байгаа билээ. Үнэхээр манайх бол стандартад хүрэх болоогүй байгаа шүү дээ. Шаардлага, стандарт нь, тоо нь, хүрэлцээ нь хаа ч үгүй байна. Тэгэхээр энэ болгоныг бид нар хийх ёстой. 

-Хотынхоо хүрсэн төвшинд, байгаа нөөцөнд итгэхгүй байна уу?

-Яаж итгэх юм бэ. 

-Хэдхэн сарын өмнө хүүхдийн автобуснууд талбай дээр хүлээж аваад л байсан ?

-Тэр нь хангалтгүй. Нийтийн тээвэр бас хангалтгүй. Ер нь бол бид хүссэн ч, эс хүссэн ч “COVID-19” тэй зэрэгцэн оршиж, амьдралынхаа хэмнэлийг зохицуулах ийм шинэ юм руу л орж байна шүү дээ. Вакцин орж ирж байна. Богино хугацаанд вакцинжуулалтаа хийчих байх. Вакцинжуулаад авчихвал бид буцаад хэвийн амьдрал руу шилжиж орно л гэсэн үг. Эрсдлийн менежментээ сайн тооцоолж, ажил, амьдралаа зохицуулж явахаас өөр шийдэл, гарц алга байна.

-Хөл хориотой холбоотой асуудлаас нийгмийн бухимдал асар их нэмэгдсэн. Үүнээс үүдэж ирсэн реакци таны хувьд анхны цохилт байсан байх.

-Тэгсэн.

-Нэг хэсэг нь хатуу хөл хорио шаарддаг. Нөгөө хэсэг нь бүх эрхээ хураалгачихлаа гээд уурладаг. Энэ хайчин дунд л.

-НОК, УОК бол мэдээллээ маш сайн солилцож, хоорондоо шийдвэр гаргалтуудаа хийж ирсэн. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс бол ерөөсөө л бүгдийг зогсоох, хорих, хатуу хөл хорио, хязгаарлалт хийх ёстой гэдэг байр суурийг байнга шаардсан. 

-УОК, НОК хоёр бол адилхан л ачаалалтай ажилласан шүү дээ. Гэтэл “COVID-19”-өөр хамгийн анхны хариуцлагыг хүлээж Засгийн газар огцорлоо. НОК-ийн нэг тулах хүч нь болж байсан НЭМГ-ын дарга маш сайн ажилласан боловч огцорлоо. ХӨСҮТ-ийн дарга огцорлоо. Мөрөн дээрээ тоосгүй үлдсэн нь та. Хотын дарга Д.Сумъяабазар огцрох ёстой гэж бас тодорхой хэсэг нь шаардсан.

-Бүгд л маш хүнд үед ажилласан. Нийслэл бол өөрөө том айл. Тийм болохоор хэрэгжилт дээр нийслэлийн оролцоогүйгээр УОК-ын ажил явахгүй. Нийслэлийн Засаг даргын орой 23 цагт гаргасан шийдвэр өглөө 7 цагт Бат гуайн хаалган дээр очдог. Ийм хурдтай ажилладаг бүтэц бол нийслэл өөрөө байхгүй юу. Ямар ч яамтай, ямар ч албан газартай харьцуулахгүй онцгой бүтэц нийслэл дээр байдаг. Тэр хэмжээгээрээ ажлыг маш богино хугацаанд зохион байгуулахад нийслэлийн оролцоо туйлын чухал. Жишээ нь, хөдөө орон нутаг руу явсан иргэд, хөдөөнөөс орж ирсэн иргэдтэй холбоотой асуудал их гардаг шүү дээ. Шүүмжлэлээр нүдүүлээд л. Тэгээд яамдууд нь өөрсдөө ажлаа авсан. Таван төрийн нарийн бичгийн дарга ахлаад энэ ажлыг зохион байгуулах ажлыг авсан. Ингэж бөөн бужигнаан үүсгэчихээд сүүлд нь нийслэл рүү хаячихаж байгаа юм.Дараа нь хөдөөнөөс ирж байгаа иргэнтэй холбоотой асуудал ярихаар хариуцаж байгаа мэргэжлийн улс, яамд нь шийдвэр гаргана гэчихээд хүлээлгээд л байна. Ямар ч мэдээлэл өгөхгүй. Тэр нөгөө Баянгол дүүргийн эрүүл мэндийн ажилтан сандраад 20 хэдэн удаа, 60-аад удаа утасдсан гэж асуудал гарсан даа. Нэг ч утасдаагүй, НОК руу. Сандарсандаа тэгээд хэлчихсэн гэж байгаа юм. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын энэ тогтолцоонд асар их урхаг байна. 

-22-ын товчоон дээрээс утасдсан асуудал уу. НОК руу утасдаагүй юм уу?

-Үгүй. Хэрэв тийм байсан бол хүмүүс очоод зохицуулаад гүйнэ шүү дээ.

-Мэдээллийн савлагаан дунд хэлмэгдэл бас их явагдаж байна.

-Тийм. НОК бол ажиллах нөхцлөөр нь маш сайн хангаж өгч байгаа, зөв явуулахгүй бол дээрээс ч зарим нэг шийдвэр гардаг. Тэр нь хөрсөн дээрээ болж өгөхгүй, заавал дээрээс шийдвэр ирж байж хөдлөх ёстой гээд л гацна. Ийм зөрчил манай хүмүүсийг хэлмэгдүүлэх тохиолдол их байна. Өргөө амаржих газрын нэг асрагчийн гаргасан алдаа яав. Бүр дөжирчихсөн. Хүн ёсны ч хандлагаа гээчихсэн. ХӨСҮТ-ийн тэр авч явсан байдлыг нь хар. Ийм хариуцлагагүй ганц хоёрхон хүний алдаа хичнээн олон хүний хөдөлмөрийг баллаж байна вэ. Нийгэм асар их бухимдалтай байсан. Хоёр сар гаруй хөл хориотой. Бүх газруудын үйл ажиллагаа зогсчихсон, орлого нь тасарчихсан. Хүнд шүү дээ. Нийслэлийн дүүрэг, орон нутгууд, нийслэлийн албан хаагч нар өдөр шөнөгүй зүтгэж байгаа. Эдэнд ерөөсөө буруу өгөх юм байхгүй. Манай байгаа хүчин чадал, потенциаль ийм байна. Бидний байгаа байдал л ийм байна шүү дээ. Гэхдээ үнэхээр үүнийг алдчихгүйн төлөө хөлийг нь хорихыг нь хориод. Зарим үед нээхийг нь нээгээд, ахиад хорио тогтоох шаардлагатай бол тогтоогооод явахаас өөр аргагүй байлаа. Ингэж л зохицуулж явахгүй бол бид тийм баян улс биш. Сард бид нар Улаанбаатар хотын иргэддээ 1000 ам.доллар өгөөд байж чадахгүйгээс хойш зохицуулалтуудаа мэдрэмжтэй хийгээд явахаас өөр аргагүй.Ингэж байж вакцинтай золгохоос өөр шуурхай арга хэмжээ алга байлаа шүү дээ. Дунд нь цахим, дижитал хэлбэрээр зохицуулах ажлуудыг орхигдуулахгүй хийгээд л байгаа. Байгаа хүч, бодит боломж, нөхцөлтэйгөө уялдуулахгүй явах боломжгүй. Мэдээж хувь хүний хариуцлагын асуудал. Хувь хүний зохион байгуулалтын асуудал нэн чухал гэдгийг иргэд маань бас бодмоор байна. Тэртээ тэргүй ужигарчихсан, олон жил явж ирсэн энэ ялзарсан системийн зовлонг бол бид үүрээд л гарах ёстой. Энийг өөрчлөхийн төлөө зүтгэх ёстой. Тиймдээ ч миний хувьд хөл хориог дахин сунгахгүй байх зарчмын байр суурь баримталж байгаа. Энэ бүх хоригийн цаана иргэдийн амжиргааны чадавх, эдийн засгийн чадавх үндсээрээ унаж байхад гэртээ “өлсөөд хэвт” гэж захиргаадаад байж болохгүй биз дээ, хотынхоо иргэдийг.

-Өнөөдөр Улаанбаатар хотын тулгамдсан асуудал асар их. Алдагдсан архитектурын бодлого, хот төлөвлөлтийн бодлого. Дээрээс нь утаа, түгжрэл нүүрлэчихсэн. Дэд бүтэц нь, хотын доорх шугам сүлжээ бүгд ачааллаа даахаа больсон. Энэ бүхнийг нэг дор шийдэж чадахгүй шүү дээ.

-Бүгд хоолой дээр тулсан зүйлс. Энэ болгоныг шийдэхийн тулд системтэй явах ёстой. Бүр сууриар нь өөрчлөх ёстой юм байна. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөд бүгдийг оруулж өгөхөөс өөр арга байгаагүй. Үүнийг дагасан хамгийн гол зохицуулалтын хууль бол тэр нэгжийн хууль байсан. Нэгжийн хуулин дээр Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулаад бид ажилласан. Ажлын хэсэг байгуулангуутаа хаягдсан байсан зүйл заалтуудаас бараг 80-аад хувийг нь оруулсан. Энэ дотор юу орсон бэ гэж асуух байх. Гурван том дэвшлийн асуудал орж ирж байгаа. Нэгдүгээрт, хуулийн 9.2 дээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн үндсийг тусгайлсан хуулиар тогтооно гэж оруулж өгсөн. Одоо яриад байгаа тулгамдсан асуудлыг цэгцлэх, хөрөнгө санхүү босгох, үүнтэй холбоотой бүх асуудлыг цэгцлэх реформын чанартай томоохон үзэл санаанууд суусан. Жишээ нь, ААНОАТ-ын 40 хувь тухайн орон нутагт үлдэхээр зааж өгсөн. Тооцоолоод харахаар 800-900 тэрбум төгрөг нийслэлийн төсөв дээр ирэх болж байна. Дараагийн зүйл, үнэт цаас буюу бонд гаргах эрх. Гуравдугаарт нь концесс. Энэ гурвыг оруулж чадсан нь өөрөө энэ хотын хөгжил, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх гарцыг нээж байгаа юм. Эдгээр чухал зүйлсийг хуулинд суулгаж өгсөнд үнэхээр баяртай байгаа. Үүний араас зохицуулалтын 27 хуульд нэмэлт өөрчлөлт орох юм. Ингэвэл Улаанбаатар хотод бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллах, хот өөрөө бие даасан эдийн засаг, санхүүгийн төв болж босч ирэх суурь тавигдах юм. Хөрөнгө санхүү гэдэг бол хөгжлийн гол үндэс. Үе үеийн хотын даргын хүсэл энэ байсан. Дэлхий өөрөө нэг платформ болчихсон. Орчин үеийн хүүхдүүд дэлхийн хүүхдүүд болсон. Тэдний орчин нь илүү ухаалаг, илүү инновацилаг, илүү шийдэлтэй, илүү хэмнэлтэй. Тэгэхээр энэ залуучууд руу чиглэсэн бодлогыг бид нар хийх ёстой юм. Одоо энэ босгож ирж байгаа санхүүгийн эх үүсвэрийг бид нар зөвхөн өөрсдийн сэтгэж байгаа Улаанбаатар биш залуучуудын хүсэж байгаа Улаанбаатарын төлөө зориулах ёстой. Тэгж байж Улаанбаатар хот өөрөө дэлхийн хот болж босож ирнэ. 

-Та ажил авснаасаа хойш маш хурцадмал гурван сарын ард гарч байна. Тэгэхээр хэдий онцгой нөхцөлд ажилласан ч гэсэн амжиж хийсэн бусад зүйлсийн талаар танд ярих юм байгаа байх.

-Хот дээр маш олон судалгаанууд хийгдсэн байдаг. Олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гээд. Хот өөрөө ч хийсэн байдаг. Гол нь хэрэгжүүлэх гэхээр санхүү дээрээ гацдаг. Тэр нь хуулийн гацаа. Төсвийн хараат байдал нь өөрөө хотыг удирдсан үе үеийн дарга нарын толгойны өвчин. Бүгдээс нь асуухад энэ талаар хэлнэ. Тэгэхээр үүнийг л шинэ шатанд гаргах хэрэгтэй.

-Санхүүгийн хараат байдал нь хотын хөгжлийг гацааж ирсэн тухай үнэхээр бүгд ярьдаг л даа. Хотын олон даргатай уулзаж явжээ.

-Энэ гацаанаас гаргахын тулд л сая Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулаад нэгжийн хуулин дээр суурийг нь тавьж өглөө. Одоо Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж, статусыг нь дээшээ гаргаж өгөөд, үүн дээр суурилсан шинэ бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Нэг ёсондоо санхүү, захиргаа, хууль эрх зүйн реформ хийнэ гэсэн үг. Бид залуучууд руугаа хандана. Улаанбаатар хот бол залуусын хот. Тэгэхээр тэр лүү чиглэсэн бодлого явуулж, энэ залуучуудынхаа сэтгэлийг эзэмдэж, тэдний дэмжлэгийг авахын төлөө зүтгэж байгаа. Тэдний хүсэж байгаа хотыг нь бүтээхийн төлөө бүх хүчээ зориул, ухаанаа уралдуул гэж би хамтран зүтгэгчиддээ хэлдэг. Үүний тулд суурь реформуудыг хийж байж бид цаашаа явна. Мэдээж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас “COVID-19” тойрсон ажлууд нэн тэргүүний асуудал. Гэсэн ч үндсэн ажлуудаа орхигдуулж болохгүй. Төсвийн хэлэлцүүлэг, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гээд маш олон хөтөлбөрүүд дээр ажилласан. Олон бодлогын бичиг баримт дээр суусан. Тэгж сууж байж автозамын түгжрэлийн асуудлаас эхлээд яаж инновацилаг, ухаалаг хот болгох юм, нийгмийн энэ олон асуудлуудыг яах юм. Орон сууцны асуудал, сургууль цэцэрлэг нь ямар байх юм. Агаарын бохирдолгүй, байгаль орчинд ээлтэй Улаанбаатар хотыг хэрхэн цогцлоох юм. Ингэж бүх салбарын судалгаануудыг бүгдийг нь шахаж байж нэгтгэж авсан. Ингэж нэгтгэсний үндсэн дээр нэгдүгээрт, Улаанбаатар хот бол хүүхэд залуучуудын хот байх ёстой гэж томъёолсон. 1950, 1960, 1970-аад оныхны сэтгэл зүйгээр бодож Улаанбаатар хотыг төлөвлөхгүй. Ирээдүйн Z үе, альфа үеийнхэнд зориулсан хотыг босгох ёстой гэдэг чиглэл рүү хотын бодлого явах ёстой. Хоёрдугаарт, ногоон Улаанбаатар. Ногоон Улаанбаатар гэхээр нов ногоон өнгөөр л будаад байвал ногоон болох юм байна гэж бодож болохгүй. Ногоон гэдэг бол байгаль орчинд ээлтэй, илүү эрчим хүчээ хэмнэсэн, ухаалаг зохион байгуулалттай, эко үзэл баримтлал бүхий хотыг хэлж байгаа юм. Энэ болгоны ард олон улсын жишиг рүү алхсан хотын бодлого төлөвлөлтявна гэсэн үг. Агаарын бохирдлын хувьд гэхэд дан дизель түлшээр явдаггүй нийтийн тээвэртэй байх ёстой шүү дээ. Дизель, бензинээр явдаггүй такси үйлчилгээтэй болох ёстой. Эрчим хүчээр явдаг метротой байх ёстой. Хоёр давхар автобус нь явах ёстой. Цаашаа гудамж талбайн гэрлүүд нь стандартынх байх ёстой. Дээрээс нь 2000 кВт-аар тусдаг, нарны панелиар эрчим хүчээ авдаг, шон болгон вайрлестай ухаалаг хотын стандарт руу бид алхах ёстой. Ингэснээр гэрэлтүүлэг, камержуулалт бүгд стандартын дагуу болж байж гэмт хэрэг гаралтын тоо буурна. Охид хөвгүүд нь тайван алхдаг, хөгшчүүд нь гудамжиндаа амар амгалан сууж байдаг ээлтэй хот болгохын төлөө давхар уялдуулж бид ногоон Улаанбаатар төслөө нэлээн сайн бодож, төлөвлөж байж оруулж ирсэн. Гуравдугаарт, аюулгүй орчныг бүрдүүлсэн Улаанбаатар хот байх ёстой гэж. Түрүүний миний хэлдэг гэрэлтүүлэг, камержуулалт гэдэг бол бүх хөдөлгөөнийг хянадаг систем. Дээрэм тонуул, танхайн хэрэг, хулгай зэлгий, хүчин, гэр бүлийн хүчирхийлэл гээд л энэ хотыг аюултай болгож байгаа өдий төдий зүйлсийг алга болгохын төлөө юм. Барилгын ухсан нүхэнд ус дүүрээд хүүхэд унаж энддэг, ил задгай шугам яваад тогонд цохиулж нас бардаг ийм эмгэнэлтэй хэргүүдийг байхгүй болгох үүднээс бид аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлсэн хот болох ёстой.

-Зүгээр явж байхад нь дээрээс нь тоосго унадаг.

-Тийм учраас “Иргэдийн аюулгүй байдлын агентлаг” гэж байгуулах тухай ярьж байгаа юм. Энэ баг юу хийх вэ гэхээр ерөөсөө эрдэм шинжилгээ, тооцоо судалгааны ажил хийнэ. Улаанбаатар хотын эрсдэлтэй газруудыг судалж гаргаж ирээд, тэнд нь улаан туг хатгаад, GPS-ээр суулгаад энд өндөр эрсдэлтэй газар байна гэвэл очоод тэр орчныг аюулгүй болгож байдаг ийм агентлаг хотод зайлшгүй байх ёстой юм байна гэж харсан. Үүнийг байгуулахын төлөө ажиллаж байгаа. Мэдээж хүнсний аюулгүй байдал бас үүнд орно. Хүнсний аюулгүй байдал гэдэг бол хүн төрөлхтний хамгийн чухал тулгамдсан асуудлын нэг. Эрүүл хүнстэй байж эрүүл хүнтэй хот байх ёстой биз дээ.

-Нийслэлийн хүнсний аюулгүй байдал эмзэг. Хүүхдүүд зусланд амрах гэж яваад бөөнөөрөө хордлого авах гэх мэт асуудлууд зөндөө бий.

-Тийм. Улаанбаатар хотод яг үнэндээ улсын маань хүн амын 50 хувь төвлөрч байгаа газар. Энд бүх юмыг нарийн стандартаар тогтоож өгөхгүй бол бид энэ хэцүү байдлаас хэзээ ч гарахгүй. 

-Хүргэлтийн үйлчилгээний соёл гэхэд л биежээгүй байна.

-Энэ болгон дээр стандарт гаргах асуудлыг хариуцсан хүмүүст нь хатуу үүрэг даалгавар өгөөд явж байгаа. Намайг зарим хүмүүс бол зөөлөн гэж хардаг байх. Зарим нь энэ ёстой галзуу солиотой юм байна гэж боддог байх. Их олон янзын хувилбартай ааш аяг гаргаж байж л энэ болгоныг зохицуулах гэж ажиллаж байна даа.

-Та камерын өмнө суугаад ч юм уу, сэтгүүлчидтэй тэр болгон цаг гаргаж уулздаггүй учраас таныг тойрсон домог үүсэх нь аргагүй шүү дээ. Зарим нь таныг шууд л “нударга” гэдэг.

-(инээв) Гуравдугаарт, бид илүү нээлттэй Улаанбаатар хот болно гэж зорьж байна. Хотын төсөв нэмэгдэж байгаатай холбогдуулаад хардлага нэмэгдэнэ. Хардах эрхтэй. Тэгэхээр бүх худалдан авалт, тендерийг нээлттэй болгох ажлыг хийнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байгаа шүү дээ, Цахим бодлогын яамтай болно гэж. Үүний цаад утга нь авилга, хүнд суртал, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой юмнуудыг бүгдийг нь цэвэрлэнээ л гэсэн үг. Энэ бодлогыг дэмжиж бид илүү нээлттэй, ил тод Улаанбаатар хотыг бий болгох ажлыг нэг том бодлогоо болгож зарлаж байгаа юм. Иргэн хүсэлт өгдөг, хүсэлт нь хэнд очсон нь мэдэгдэхгүй замхардаг, эргээд энэ нь гомдол цөхрөл болж Төр рүү үсэрхийлдэг. Жишээ нь, Ганчимэг Газрын алба руу залгалаа гэхэд Газрын албаны мэргэжилтэн авна шүү дээ. Яг ингэж эхлэх ёстой гэж үүрэг чиглэл өгөөд, удирдамж явуулчихсан байгаа. “За, би Газрын албаны мэргэжилтэн тэр овогтой Гантулга байна. Иргэн Ганчимэг танд юугаар тус болох вэ”. Ийм ийм асуудал байгаа, бичиг өгсөн, ингэсэн. Хариу хэзээ өгөх вэ.Тэмдэглэж авлаа, танд 14 хоногийн дотор хариуг хүргүүлье. Цаас бариулаад л хүмүүсийг явуулаад байдаг, үүдэндээ зогсоогоод байдаг бүх замбараагүй юм арилах ёстой. Хүмүүс хоорондоо аятайхан мэндэлж ч чадахаа байсан. Хүн ёсоор харьц. Битгий ихэрх. Бүх юм харилцаанаас эхэлнэ. Бөөн ачаалал. Цахимаар хариугаа өг. Түргэн шуурхай ажилла. Энд ямар ч хүнд суртал байх ёсгүй гэж маш тодорхой шаардлага тавьж байгаа. Тэгж байж илүү нээлттэй, элдэв хүндрэлгүй, хүмүүст түргэн шуурхай, зүй зохистой үйлчилдэг хот байхын төлөө бид зорьж байгаа. За, дөрөвдүгээрт замын түгжрэлийг системтэйгээр бууруулна гэж зорилго тавьсан. 

-Түгжрэлийг түгжинэ гэж гарч ирсэн. 2024 онд нэхэл хатуутай асуух зүйлийн нэг бол энэ.

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины хурд бол 13 км/цаг. Дундаж нь. Энийг цааш нь 25 км цагийн хурдтай болгоод, 2030 он гэхэд 40 км/цагийн хурдтай болгох үе шаттай арга хэмжээ авна. Мэдээж илбийн юм шиг нэг өдөр шийдэгдэхгүй. Энэ бол хүний өмчтэй холбоотой асуудал. Хүний эрхтэй холбоотой асуудал. Тэгэхээр энд ухаалаг удирдлагын системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. Хоёрдугаарт, нийтийн тээвэр бол хамгийн түрүүний асуудал. Одоо бол үнэндээ болсон болоогүй, утаа униар гаргадаг янз бүрийн автобус явж байгаа. Тэгэхээр бүх автобус цахилгаан, 2 давхар болно гэж бид төлөвлөж байгаа. 600 автобус эхний ээлжинд оруулж ирнэ.

-Нийтийн тээврээ бүрэн утгаар нь эргэж сэргээж байж түгжрэлийн тодорхой хувь шийдэгдэнэ гэж үзэж байна уу ?

-Тийм. 600 автобус эхний ээлжинд оруулж ирье. Яаж ийж байгаад хөрөнгө босгоод хийнэ. Хоёрдугаарт, 2000 такси оруулж ирье. Бүгдээрээ ШТС-ийн хажууд цахилгаанаар цэнэглэдэг. Цэнэглээд, цэнэглээд явчихдаг. Энэ бол өөрөө ногоон Улаанбаатар зорилтын хүрээнд орж ирж байгаа зүйл. Метроны асуудал яах аргагүй яригдана. Гэхдээ энийг ярихаас хүн болгон айдаг. Бид япончуудтай яриадсудалгаануудаа эхлүүлчихсэн. Энэ жилийн 2021 оны төсөв дээр, нийслэл Улаанбаатар хотын төсөв дээр бид нар гурван тэрбум төгрөг тавиад ТЭЗҮ-г нь дахин шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж байгаа. Одоо нэг сая 532 мянган иргэн байгаа Улаанбаатар хот 2040 он гэхэд ойролцоогоор хоёр сая 200 мянган иргэнтэй хот болох тооцоо бий. Тийм учраас япончуудтай ахин шинэ түвшинд яриа хэлэлцээрт орж, метроны төслийг эхлүүлье гэсэн байр суурьтай байгаа. Элчин сайдтай ярьсан, дэмжинэ гэсэн. Хөрөнгө оруулалтын асуудлуудыг бас ярилцах байх. Ямар хэлбэрээр, ямар санхүүгийн механизмаар явуулах вэ гэж. Түгжрэлийн бас нэг шалтгаан нь бол сургуулийн хүүхдүүдийг зөөдөг явдал. Бас төрийн албан хаагчдын асуудал. 

-Сургуулийн автобус хөтөлбөр тодорхой хэмжээнд эхлээд явж байгаа байх. Гэхдээ л...

-Тийм. Төрийн албан хаагчид нь ажилдаа ирэх гэж, гэр рүүгээ явах гэж хотын төвөөс зах руу явдаг. Түгжрэлийн бас нэг шалтгаан энд байгаа. Тэгээд ажлынхаа гадаа машинаа тавьчихдаг. Яам тамгын газруудын гадаа битүү машин байгаа. Энэ бол түгжрэл үүсэх бас нэг шалтгаан. Тэгэхээр ерөөсөө өглөө, оройдоо ажилтнаа зөөдөг систем рүү орох нь илүү үр дүнтэй юм байна гэдэг нь судалгаагаар гарчихсан байгаа. Тэгэхээр үүнийг бас бид нар хийж хэрэгжүүлэх ёстой юм байна. Мэдээжтүгжрэлийг бууруулах ажил бол зөвхөн автомашинтай ноцолдох асуудал биш юм. Дугаарын хязгаарлалт, буруу зөрүү руль биш юм байна. Ер нь ухаалаг, зөв харж зохицуулалт хийх ёстой. Төлбөрийн системтэй зохицуулалтыг бас хийх ёстой юм байна. Хот руу орж гарч байгаа энэ оролт гаралт бүгд хатуу хяналттай хамрагдах ёстой. Бид бүх тооцоо судалгааг хийгээд Ерөнхий сайдад танилцуулахад бэлэн болчихсон байгаа. Зургаад, бизнест таатай, бие даасан олон тулгуурт эдийн засагтай Улаанбаатар хот болох ёстой гэж үзэж байна. Түрүүн та бидний ярьсан нэгжийн хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, дагалдах хэд хэдэн хууль одоо орно. Би Улаанбаатар хотыг ямар хот байгаасай гэж хүсэж байгаа юм гэхээр хөрөнгө оруулалтыг татсан, гадаадын хөрөнгө оруулалтыг бурхны элч мэт хүлээж авдаг хот байгаасай. Хөрөнгө оруулагч нартай хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж байжхот тулгамдсан асуудлаа шийддэг, ухаалаг, инновацилаг, хөрөнгөтэй хот болно. Тиймийн тулд бид гадны хөрөнгө оруулагчийг нүдэнд орсон өргөс мэт харахгүй. Бид тэдэнтэй хамтарч байж илүү шийдэлтэй, илүү дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн хот болгохын төлөө зорьж ажиллана. Өмнө нь Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа дэлхийн хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгө оруулалтын сангууд гээд маш олон санхүү болон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, олон улсын компаниудтай харилцаж байсан. Одоо эд нартайгаа буцаад харилцана. Үүд хаалгаа нээж, саналуудаа тавиад эхлэхээр туслах, дэмжих, хөрөнгө оруулахаа бүгд илэрхийлж байгаа. Гол нь тэдний оруулж байгаа хөрөнгө бол өөрөө үнэ цэнтэй зүйл учраас бид нар тодорхой баталгаануудыг өгөх ёстой. Тийм учраас нэгжийн хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, хөрөнгө оруулалттай холбоотой хуулиудад зөв суурийг нь тавиад өгөх юм бол асуудал өөрөөр өрнөнө. Учир нь өөрөө Улаанбаатар хот чинь 21 их наядын эдийн засаг явж байгаа газар шүү дээ. GDP 21 их наяд. Дундаж орлогыг нь хотынхныг харахад 16 сая төгрөг байсан байхаа. 12 сарын 31-нээр харж байхад. Тэгэхээр хот өөрөө бие даасан эдийн засаг болох суурь нь бүрдчихсэн. Үүнийг л бид эрх зүйгээр нь зөв дээш нь явуулаад, гадны хөрөнгө оруулалт оруулж ирэхэд нээлттэй болгоод өгчихвөл дээрх ажлуудыг хийж болно. Түншлэлийн хэлбэрээр бид олон том асуудлуудыг шийдэж болно. Шууд хөрөнгө оруулалтаар ч хийж болно. Концессоор хийж болно. Тэгэхээр бид санхүүгийн шилдэг гаргалгаануудыг хуультайгаа нийлүүлж явах ёстой гэж харж байгаа юм.

-Хөрөнгө оруулалтын таатай орчинтой хот болно гээд та ярьж байна. Гэтэл гадны хөрөнгө оруулалт татаад явуулж байсан олон төслийг царцаасан. Барилгуудыг янз бүрийн ил далд явуулгаар нураах тухай шийдвэр нэг биш удаа гарч байсан.

-Олон асуудал яригддаг. Гэхдээ би хойшоо харж хэрэлдэхгүй. Урагшаа харж ажиллана. Өнгөрсөн рүүгээ хэт өнгийж өлийдөг хүн урдах замаа сайн харж чаддаггүй. Тийм учраас би урагшаа л харна. Цагийн зүү хурдан эргэж байна шүү дээ.

-Хөрөнгө оруулагч нар нь гайхшаа бараад гараад явцгаасан. Тэгэхээр яаж тэр алдагдсан итгэлийг сэргээх вэ. Ажиллах хүчин тойрсон асуудал гэхэд маш хурцадмал. Тэгсэн атлаа Улаанбаатар хотод ажилгүйдлийн хувь өндөр. Барилга барихаар бид гаднаас ажиллах хүч л оруулж ирдэг шүү дээ. Өөрсдөө ажил хийж чадахгүй, цалин голно. Гадаадын ажилчид руу халдана. Энэ бүхэн бол цогц асуудал.

-Нийгэм бол олон ургалч үзэл санааны тойрог. Таны хэлж байгаа үнэн.Тэгэхээр одоо бид хүнээ сургана. Сургалт явуулна. Хэдий болтол тавдугаар зэрэглэлийн гагнуурчин байдаггүй ээ гээд сууж байх юм бэ. Ялангуяа дүүргүүд дээр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвүүд байдаг. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрууд ч дүүрэг дээр байдаг. Тэгэхээр энэ рүү чиглэсэн бодлого, ялангуяа ажлын байрыг дэмжсэн бодлогыг хүч хаяж явуулах ёстой. Хөдөлмөр эрхлэх, орлого олох бизнесийн “шунал буцалсан” хот байгаасай гэж би хүсдэг. Халамжийн шуналтай биш. Хувь хүн өөрөө ном үйлдвэрлэж болно. Ус үйлдвэрлэж болно. Буузаа хийж болно. Баншаа хийж болно. Тэр хүнийг ажиллах нөхцлөөр нь бид нар сайн дэмжих ёстой. 

-Яагаад бусдын хийж чаддаг юмыг монгол залуучууд хийж чадахгүй гэж.

-Тийм. Ерөөсөө бид бие биенээ дэмжих, итгэх тал дээр маш их ухарсан. Юм хийе гээд зүтгэж байгаа иргэдийнхээ санаачилгыг дэмжиж ажиллах нь төрийн үүрэг.Төрийн захиргааны дарамтыг бүр байхгүй болго гэж бид маш хүчтэй шаардаж байгаа юм. Төрийн захиргааны байгууллагуудын болсон болоогүй дарамт бизнес эрхлэгчдийг мохоодог, зогсоодог, хамаг юмыг нь нураадаг булаадаг байх ёсгүй. Ялангуяа Улаанбаатар хотын захиргааны дарамтыг би бол байхгүй болгоно л гэж тэмцэж байгаа. Мэргэжлийн хяналтын дарамтыг үгүй болгоно. Дарамтыг шүү. Эрүүл, хуулийн дагуу хяналт шаардлагыг биш. 

-Хяналтын баахан дарамт үнэхээр залхаадаг.

-Ерөөсөө бүх шатанд хяналтын дарамт. Өө сэв хайсан, шантааж маягийн, далд утгаар авилга нэхсэн дарамт өөрөө манай хяналтын системийг нэр нүүр муутай болгочихсон. Тийм учраас энэ хөдөлмөр эрхлэх гэж байгаа, бизнес эрхлэх гэж байгаа, өөрсдөө төслөө боловсруулаад орлоготой болъё гэж байгаа иргэнд хоёрхон шаардлага тавина. Эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлын шаардлага хоёрыг л тавь. Бусдыг нь чөлөөлж өг. Энэ талаар Х.Нямбаатар сайдтай хэд хэд ярилцаад таарсан дүрэм журам, бас хууль боловсруулахаар бэлдэж байгаа.

-Төрийн албаны шат шатны дарамт гэдэг асуудлын ихэнх нь бараг таны хариуцах зүйл болчихлоо шүү дээ. Хотын гааль, хотын цагдаа, хотын мэргэжлийн хяналт.

-Тийм. Ерөөсөө хоттой холбоогүй юм алга. НЗДТГ-ын дэргэдэх агентлаг, газар, хэлтэс, албадууд эхлээд хоорондоо уялдаатай, маш сайн зохион байгуулалтад орж ажиллах ёстой. 

-Бүгд салангид. Нэг болохоор яам нь удирдаад байгаа юм шиг. Гэтэл энд удирдлага нь байдаг газрууд олон.

-Үүнийг хийхэд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ гэхээр хүний хүчин зүйл. Хүний хүчин зүйл өөрөө юугаар явдаг юм, ямар байдлаар ажил урагштай, хурдтай явдаг юм гэхээр багийн үйл ажиллагаанаас л хамаардаг. Намайг лантуудаад байна, бүгдийг нь халаад байна, хүч түрээд байна гэх гээд байх шиг байна. Би ажил хийхийн тулд намтай ойлголцох асуудал гарч ирж байгаа юм. Ойлголцож байж явна. Миний ярьж байгаа шугаман дээр зогсож чаддаг хүмүүс хэрэгтэй байхгүй юу.

-Нэг долгион дээр сэтгэх.

-Тийм. Баг хэрэгтэй байна. Итгэлтэй, сэтгэлтэй, мэргэжлийн чадвартай, худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй. Ачаалал даах. Олон түмний төлөө гэсэн сэтгэлтэй баг хэрэгтэй. Тэр багийн хошуунд нь би явна. Би зүсээд явна. Араас энэ баг ороод хийх ёстой ажлуудаа хийгээд л явах ёстой. Ер нь тэгж л явдаг шүү дээ. Дэлхийн энэ том корпорациудыг хараарай. Удирдлага солигдлоо, бүгд явдаг. Дараагийн удирдлага орж ирдэг. Тэгж байж энэ ажил явна уу гэхээс биш баг болохгүй хүнтэй энд хичнээн ажиллах гээд юм явдаггүй. Ажлыг нь цалгардуулдаг, энд нь мушгидаг, тэнд нь очиж худлаа ярьдаг, энд нь хов зөөдөг. Яаж би тийм хүмүүстэй ажиллах юм бэ. Би ганцаараа энэ хотыг чинь дийлэхгүй. Тийм учраас надад чадварлаг, яг миний бодож байгаа өнцөг дээр ойлголгож чаддаг баг хэрэгтэй.

-Д.Сумъяабазар дарга мерит зарчим барьсангүй, өөрийн багийг авч ирж байна. Халж, сольж бужигнуулж байна гэсэн шүүмжлэл явсан л даа.

-Би юм хийх гэж л явж байгаа. Нялцганахгүй. Нялцганах юм бол би өөрөө байхгүй болно. Би өөрөө хэн ч биш болно. Би эргүүлгэнд ороод дуусна. Д.Сумъяабазар гэдэг нөхөр бол худалч, хулгайч юм байна гээд дуусгах байх. Би худалч, хулгайч биш бүтээлч, хөрөнгө оруулалт татсан, хөгжил рүү зүтгэсэн дарга байхыг л хүсэж байгаа.

-Та ингэхэд хүн танихдаа хэр вэ. Хүнийг хэр сайн уншдаг вэ. Та итгэлээ хулгайлуулж, хаширч, хууртагдаж үзсэн үү?

-Ер нь тэгээд улс төр чинь 50:50 хувьтай л байдаг шүү дээ. 100 хувь нэг талдаа байхгүй л дээ. Би голыг нь олоод л явдаг. Гэхдээ бүр нэг увайгүй нөхдүүд андашгүй л байдаг. Бүр болохгүй бол шууд хэлээд л явуулдаг. Хоёулаа нөгөө зорилтуудаа гүйцээгээд ярьчих уу. Бид орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр гэж оруулж ирж байгаа юм. Энэ бол маш сайн хөтөлбөр.

-Бас л хэдэн үеийн дарга нарын мөрөөдөл.

-Тийм.

-Э.Бат-Үүл дарга л гэхэд гэр хорооллыг хөгжүүлэх бодлого дээр нэлээд ажилласан.

-Г.Мөнхбаяр даргын үеэс эхлээд газар чөлөөлөлтүүд явагдсан. Э.Бат-Үүлд даргын үед явагдсан. Сайн муу хэлэгдэж байгаа энэ хоёр даргын үед энэ ажлын эхлэл явагдсан. С.Батболд, С.Амарсайхан даргын үед ч үргэлжилсэн. Бүгдээрээ газар чөлөөлөөд л бага багаар ахиулах гэж зүтгэсэн. Газар чөлөөлөлтийн ажил дээр хот дээр мөнгө байдаггүй юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх гээд баахан мөнгө тавигдчихдаг. Тэгээд хот газраа чөлөөлөх гэхээр нөгөө хөрөнгө оруулалтаас нь хоёр дахин их зардал гардаг.

-Тэгээд иргэдийн эсэргүүцэлтэй тулна.

-Тийм. Газар чөлөөлөлтөд хангалттай мөнгийг нь тавьж өгөх ёстой гэдэг байр суурин дээр байдаг юм. Яагаад гэвэл дугаар хорооны иргэн Бат гуай газраа чөлөөлүүлэхийн тулд 35 сая байна уу, 40 сая төгрөгөө аваад газраа чөлөөлүүлээд, тэр мөнгөө орон сууц руу оруулах. Нэг ёсондоо хот бол иргэнээ дахин капиталжуулж байгаа асуудал байгаа юм. Хөрөнгөжүүлж байгаа асуудал. Зүгээр өгчихөж байгаа юм ерөөсөө биш. Тэр газрыг чөлөөллөө, нөгөө иргэн нь орон сууцанд орлоо. Энэ газар дээр нь ерөнхий төлөвлөгөөний дагуу бүх барилга байгууламжууд нь стандартын дагуу хийгдэх л ёстой. Энэ горим алдагдсан. Энэ бүхнийг засахын тулд засаглалыг бэхжүүлж, чадавхаа хөгжүүлсэн Улаанбаатар хот болно гэж бид зорьж байна. Энэ бол хамгийн чухал зүйл. Авилга хээл хахуультай холбоотой асуудал, хийдүүлдэг, замруулдаг бүх асуудлууд үүгээр цэгцлэгдэх ёстой. Бид нарт хойшоо суух, чадахгүй нь, болохгүй нь гэдэг өнцөг байхгүй шүү дээ. Тэнгэрийн чинээ хүн чинь аягын чинээ хуулинд захирагдана гэж үг байдаг. Хуулиа бариад л, дүрэм журмаа сахиад л, шаардлагаа хүргүүлээд л явахаас өөр арга байхгүй. Хууль зөрчөөгүй иргэдээ харин бүх талаар дэмжээд явна. Өөр ямар ч арга байхгүй. 

-Барилга дээр би танаас дахиад асууя. Оффшорын мөнгөний тухай асуудал улс төрийн халуун сэдэв болж байна. Бүтээн байгуулалтууд, босч буй барилга байшин, энэ үйлдвэрлэл рүү орж ирж байгаа хөрөнгө оруулагчдад хандах таны хандлага хэр эх оронч үзэл санаан дээр суурилдаг юм бол. Та бол шинэ үеийн удирдагч. Хөрөнгө оруулагчдад ээлтэй хот байхын төлөө зүтгэж байна. Гэтэл оффшорын мөнгө зүсээ хувиргаад барилга руу орж ирж байгаа мэдээлэл бий.Энэ сэдэв дээр та яаж хандах вэ?

-Би тодорхой түвшинд мэдээллүүдийг авсан. Мэдээж хамтын хүчээр том хяналт тавьж ажиллана. Гэхдээ хардлагаар хөрөнгө оруулалтыг хаахгүй. Миний үзэл санаа монголын төрийн эрүүл саруул бодлого л байх болно. 

-Цэвэр өрсөлдөөн дунд, гарцаагүй ялалт ялагдал хоёроор хэмжүүлж амьдарсан, тамирчин байх үеэс тогтсон үзэл тань таны чухал итгэл үнэмшлийн нэг бололтой.

-Эх оронч үзэл санаа гэдгийг зарим нь их буруу даялуулж авч давхидаг л даа. Төрийн далбааны өмнө, Төрийн дууллынхаа дор хамгийн шударга дэвжээн дээр хүмүүжсэн хүмүүжлээ би тийм хийсгэлэн, хөөргөн, эх орондоо гай тарьсан байдлаар хөгжүүлээгүй л дээ. Хамаг юмыг мушгидаг, дан хар сэрээр амьсгалдаг байдал надад таалагддаггүй. Ялангуяа улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөөх асуудал дээр энэ зүрхийг худлаа цохилуулж болдоггүй юм л даа. Ийм үзэгдэл л хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Бизнесийн орчныг балладаг.

-Цаг гаргаж илэн далангүй ярилцаж байгаагийнх хувь хүний тань тухай жаахан сонирхмоор байна. Та эмээ дээрээ өссөн гэж үнэн үү?

-Үнэн. Би чинь найман сартайгаасаа эхлээд л эмээ дээрээ байсан шүү дээ.

- Аль талынхаа эмээ дээр?

-Ээжийнхээ ээж дээр өссөн. Социализмын үед чинь төлөвлөгөө, норм гээд их шахдаг. Ээж маань амаржаад 45 хоноод л ажилдаа ордог байлаа. Тэгээд л тариа будааны цаг болоод аав Сэлэнгэ рүү, Булган руу тарианд явна. Намайг хөгшин дээр орхиод явсан.

-Эмээгийн школоор хүмүүжжээ.

-Тэгсээн. Бурханы урдаас чихэр авахдаа хүртэл мөргөж авдаг хүүхэд байсан шүү дээ. (инээв) 

-Тэнд эмээ дээрээ эрхэлж өссөн нөхөр 16-тай гэртээ ирэхэд их өөр орчинд орсон байх даа?

-Шал өөр шүү дээ. Эмээ маань өнгөрөхөд би өсвөр үеийн улсын аваргын тэмцээнд орж байсан. Үндэсний бөхийн улсын аваргаар. Тэгээд яг аваргын шийдвэрлэх барилдаан болохоор надад хэлээгүй байсан. Түрүүлчихээд медалиа аваад л хөгшин дээр гүйгээд очих гэсэн чинь өөд болчихсон байсан. Хүүхэд байсан болохоор тухайн үед их хүнд цохилт авч байсан. Бараг сар гаруй их хачин байсан. Сэтгэл санаа эзгүйрээд, хоолой зангираад, муу эмээгээ бодоод л байдагсан. Дөнгөж шилжилтийн насан дээрээ явж байгаа хүүхэд шүү дээ. Өөртөө тийм хэцүү байсан байгаа юм чинь ааш аягийн хувьд гэрийнхэндээ их төвөгтэй л байсан байх.

-Би таны дүү Д.Дагвадорж аваргатай олон удаа ярилцаж байсан. Зан байдлын хувьд та хоёр надад өөр санагдлаа. Тэр бол дүрэлзсэн, омголон хүн. Зарим нь түүнийг ширүүн дориун гэж ч хардаг.

-Миний дүү нарын хувьд янз бүрийн байдлаар л хүмүүс ярьдаг юм. Энэ нь олны танил хүмүүс олон түмний дунд дандаа янз бүрийн төсөөллөөр, цуу яриагаар дүгнэгдэж явдагтай л холбоотой байх. Дагвадорж бол зан чанарын хувьд өөрийн гэсэн өнгө төрх, өөрийн гэсэн төлөв чанартай хүн. Мөн нэр төртэй, алдар гавьяатай хүн. Дэлхийн хэмжээнд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан, цуутай сайхан аавын хүү шүү дээ. Ганчимэг ээ, чи бол сайн мэднэ. Дотор нь ямар гоё эх орныхоо төлөө шатсан эр хүн байдаг гэдгийг. Би ер нь дүү нараа ингэж ярьж байгаагүй. Та Дагвадоржийг цохож асуусан учраас би анх удаа ярьж байна.

-Та дүүгийнхээ барилдааныг үзэж чаддаггүй байсан гэсэн. Энэ үнэн үү?

-Үнэн шүү дээ. Би 00 руу орчихдог байсан юм. Огино, зүрх салгална. Өөрөө барилдахаас долоон дор шүү дээ. Маш хэцүү байдаг байсан. Тэгээд ялаад, түрүүлчихээд гараад ирэхээр нь баярлаад л утасдана. Уужирна. Ганцхан ах миний биш ард түмний хайртай хүү. Би дүүгээрээ үргэлж бахархана. Дүү нарыг минь сайн муу зөндөө л хэлдэг. Тэд маань өөр өөрсдийнхөөрөө л улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах гэж зүтгэж яваа. Олны нүдэн дээр амьдраад сурчихсан болохоор би тэр бүр янз бүрээр хэлүүлж, гүтгэгдэхэд нь тоодоггүй. Хүн болгонд дүү нэг л заяана шүү. Хүүхэд бол олон заяана. Тийм биз. Тийм учраас дүү нараа хайрлаж, хамгаалж явах ёстой л гэж боддог юм. Яах вэ, буруу зөрүү зүйл хийвэл тэрийг хэлж ярьж, ахын зүгээс загнаж зэмлэх юм байна. Гэхдээ л сэтгэлдээ нэг тийм гэрэл гэгээтэй л харж явдаг шүү дээ. Сэтгэл нь цагаан хүн гэдэг чинь өөрөө үйл нь цагаан байна л гэсэн үг. Би тэгж л боддог юм.

-Д.Дагвадорж аваргыг Ерөнхийлөгчтэй маш ойрын харилцаатай гэдгийг бүгд мэднэ. Үүнээс үүдээд зарим тохиолдолд алсуураа, заримдаа шууд утгаар таныг Ерөнхийлөгчтэй хардсан зүйл нэлээд явдаг. Өөр нэг кейс бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний ах найруулагч Баатар нар байна. Мөн адилхан хардалтан дунд явдаг. Улс төрийн сонгуулиудын үеэр энэ байдал улам эрчимждэг. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Яаж давж гарах гэж байна?

-Хувь хүний сонголт гэдэг бол өөрөө бас нандин зүйл шүү дээ. Хувь хүний сонголтод би шууд нөлөөлж болохгүй. Дүүгийнхээ сонголт руу би хэзээ ч орж байгаагүй. Орох ч ёсгүй. Тийм маанаг юм байж болохгүй биз дээ. Хүндэтгэн үзэх шалтгаан байна. Хүний амьдрал чинь баян шүү дээ. Сонгууль болдгоороо болж л байдаг. Одоо ч болно л биз. Би хүний ёсыг давсан улс төр хэзээ ч хийхгүй. 

-Та КТМС төгссөн. Таны төгссөн сургууль байхгүй болчихсон байна билээ. Энэ танд гунигтай санагддаг уу ?

-Гунигтай байлгүй яах вэ. Политехникийн дээд сургууль дээр хүүхдийн дугуйлан нээгдсэн юм. Манай Ч.Дамдиншарав багш тэр үед шигшээ багийн ахлах дасгалжуулагч байж байгаад тушаал буураад Политехникийн дээд сургуульд спортын танхимын эрхлэгчээр очлоо. Тэгээд хүүхдүүдэд чиглэл чиглэлээр нь спортын дугуйлан хичээллүүлж эхлэсэн. Би тэнд багш дээр секцинд явна. Тэр үед Ч.Авдай багш ректор байсан. Тэр үеэс л би Политехникийн дээд сургуулийг дотроо хайрлаж явдаг болсон юм. Дараа нь ШУТИС болж өргөжсөн. Хичнээн олон мянган инженерүүдийг бэлтгэлээ. КТМС ямар том сургууль байлаа. Бүгд маш их харамсдаг. Нэг сайд гарч ирээд л боловсролын салбараар тоглодог жишиг тогтчихож болохгүй биз дээ. 

-Их сургуулиудын хотхонуудыг ер нь яаж төлөвлөж байна. Хотын зах руугаргана гэж олон жил ярилаа. Зарим гишүүд нь бүр аймаг аймагт өгөөд явуулна гэж байна билээ.

-МУИС, ШУТИС МУБИС гээд гол хэдэн сургуулиуд нь хотдоо байх ёстой гэж боддог. Зарим сургуулиуд Майдар руу жишээ нь яагаад байж болохгүй гэж. Майдар хот цахиуртын хөндий гэдэг шиг инноваци, технологийн хөндий. Гэхдээ яаж шийдэгдэхийг одоогоор би мэдэхгүй байна. Одоо бид нар 2040 он хүртэлх төлөвлөгөөн дээр сууж байгаа. 

-Сонгинохайрхан дүүрэг бол Д.Сумъяабазарын дүүрэг болсон. Дүүргийн засаг захиргаа бол хувийн компани шиг нь л болсон.

-Юу гэсэн бэ. Та юу гээд хэлчихэв ээ. 

-Нэг ийм яриа яваад байх юм.

-Тийм гэж үү. 

-Танай намын нөхдүүдэд нэг муухай зан байдаг л даа. Нэг агентлаг даргалж байгаад УИХ-д ороод ирдэг. Эргээд нөгөө агентлагаа даргалсан хэвээрээ, гар нь дүрээтэй байдаг. Хилийн цэргийн командлагч байсан нөхөр гишүүн болчихоод эргэж хутгалдаад л байх жишээтэй. Сайд байж байгаад буусан нь эргэж яамны ажил руу хошуугаа дүрээстэй. Томилгоо хийсээр л байх. Тэр жишгээс болсон хардалт байж болох юм ?

-Үгүй шүү. Би ажлаа өгчихөөд эргэж тэр газрын ажил төрөлд нь ороод хутгалдаад байдаггүй. Надад нэг улстөрч хэлж байсан. “Та Уул уурхайн сайд байсан. Тэгээд уул уурхайн асуудлаар ерөөсөө одоо юм дугарахгүй юм. Асуудал руу нь орох ч үгүй юм. Огт тэнд байгаагүй юм шиг явах юм. Та өмнө нь Монгол Улсын аварга байсан. Бөөн асуудал үүсээд бужигнаж байхад та урд нь бөх байгаагүй юм шиг л явах юм. Сонин юм аа” гэж. Дараагийн үеийн дүү нартаа тодорхой манлайлал үзүүлж чадахгүй юм бол улстөрч гэж яваад яах юм. Би тэгж л боддог.Тийм хардлага явж байгаа юм байна. Нөгөө өнцгөөс нь хариулья. Нэг талаас энэ чинь бид нарын хөдөлмөр байхгүй юу. Маш зузаан эрх мэдэлтэй үзэж байсан үе шүү дээ. Ёстой шөнө оройгүй намын гишүүдтэйгээ уулздаг байсан. Иргэдтэйгээ уулзаж дуу хоолойг нь сонсдог байсан. Яаж явж эмхэлж байсан тухайгаа би танд түрүүн ярьсан. Энэ чинь уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон нэг ёсондоо улс төрийн капиталшүү дээ. Тийм болохоор хардаж байгаа байх. Ялалт гэдэг бол зүгээр ирдэггүй юм. Зүгээр гэртээ суугаад хүн шүүмжлээд байдаг, эсвэл зурагт болгоноор сайн сайхан юм яриад л сууж байдаг хүнд хэн итгэх юм. Бодит амьдрал гэдэг бол нүүр тулахыг л шаарддаг юм билээ. 

-УИХ-ын гишүүнээ хийгээд мөрөөрөө явж байдаг байж дээ гэж хааяа халшрах юм уу. Одоо танд нэгэнт гаргачихсан стандарт бус шийдлийнхээ ард харамсах өдөр байна уу ?

-Харамсал байж болохгүй шүү дээ. Эрсдэл дүүрэн энэ замаар би өөрөө алхсан. Эргэж буцах, шантрах тухай ойлголт байх ёсгүй. 

-Та авсан аман дээрээ спортод ч гэсэн эргэж харамсдаггүй байсан уу ?

-Үгүй.

-Нээрээ танай намын баяр болж байна. Танд баяр хүргэе.

-Баярлалаа. Ажил, амьдралд нь сайн сайхныг хүсье. Та нээрээ миний нэрийг яаж бичдэг талаар сошилоор нээлтттэй асуусан байсан. Долгорсүрэнгийн Сумъяабазар шүү. Хатуугийн тэмдэгтэй. (инээв)

Б.Ганчимэг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 1 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 мин Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 36 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top