Өнгөрсөн амралтын өдрүүдэд олны нийтийн сүлжээнд тавигдсан шүүгчдийн бичлэгийн “2-р анги” өчигдөр задрав. Анхны бичлэг цацагдсан даруйд цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж, бичлэгт гарсан нөхдийг саатуулан мэдүүлэг авсан, “биеэ үнэлэлт зохион байгуулсан” /ЭХ-ийн 12.6.1/ зүйл ангиар хэрэг нээх саналаа прокурорт хүргүүлсэн тухай мэдээлсэн билээ. Бичлэгт гарсан эмэгтэйчүүдийн дансанд орсон мөнгө “биеэ үнэлсэн” гэх үндэслэл болж байгаа юм байна. Өмнөх бичлэгт бүгд амны хаалттай байсны улмаас хэн гэдгийг таних боломжгүй байсан бол хоёр дахь бичлэгээр тэдний нүүр царайг харуулав. Бичлэг алдагдсан Баянзүрх дүүргийн “Parkview” хотхоны СӨХ болон “Биг Кастел” ХХК-ийн зүгээс бичлэг алдагдаж, төрийн байгууллагын албан тушаалтан, нэр бүхий иргэдийн нэр төрд халдсан явдалд албан ёсоор уучлал гуйжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тухайн өдөр СӨХ-ны өрөө цоожтой, бичлэгийг хулгайлах боломжгүй байсан тул олон нийтийн сүлжээнд тавьсан дээрх бичлэгүүдийг “хууль бус гүйцэтгэх ажиллагаа” гэж үзэж байгаа юм байна. Тэгээд ч эхний цацагдсан бичлэг дээрээс тэдний хэн болохыг таних боломжгүй байтал нэр албан тушаалыг шууд зарласан явдал, бичлэг цацагдсан даруйд цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулсан зэргээс зориуд зохион байгуулсан гүйцэтгэх ажил байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна. Ерөнхий сайд энэ асуудлаар ТЕГ, ХЗДХЯ, ЦЕГ-т “хууль бус гүйцэтгэх ажиллагаануудыг цэгцлэх” үүрэг өгчээ.
Гэвч хэдий уг бичлэг цацагдсан асуудал нь “хууль бус”, “хувь хүний нэр төр, алдар хүндэд халдсан” зүйл байсан ч гэлээ түүнд бичигдсэн зүйлтэй маргах боломжгүй болчихоод байна. Бичлэгт гарсан төрийн байгууллагын албан тушаалтнууд /шүүгч, АТГ-ын ажилтан, ҮАБЗ-ийн ажилтан/ биеэ үнэлэгч авсан буюу биеэ үнэлэлт зохион байгуулсан гэдэг нь албан ёсоор нотлогдоогүй байгаа ч нотлогдсон тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгээд өнгөрөх бус, эрүүгийн хариуцлага тооцож ч магадгүй. Биеэ үнэлэгч авсан бол Зөрчлийн хуулиар 50.000 төгрөгөөр торгодог бол биеэ үнэлэлт зохион байгуулсан, зуучилсан нь нотлогдвол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна.
Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “шүүгч нар биеэ үнэлэгчийн төлбөрийг бусдаар төлүүлсэн бол авилга, албан тушаалын хэрэг болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Бичлэгт гарсан ҮАБЗ-ийн ажилтан "биеэ үнэлсэн" гэгдээд буй иргэн “Д”-ийн данс руу 2000.000 төгрөг шилжүүлж, иргэн “Д” нь бусад бүгүйчүүдийн данс руу 500, 500 мянган төгрөг шилжүүлснийг цагдаагийн байгууллага олж тогтоосон тухай мэдээлсэн. Үүнийг нь “нууц үдэшлэгт” оролцсон бусад нөхөд мэдэж байсан эсэхээс шалтгаалж, хуулийн зүйл заалт өөрчлөгдөж таарна. Гэвч энэ бол дараачийн асуудал.
Хамгийн нэгдүгээрт болсон үйл явдалтай холбоотойгоор төрийн албан тушаалтнуудын ёс зүйн асуудал яригдана. Наанадаж эрх бүхий этгээд нь тэдэнд хариуцлага тооцох, албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг тавих ёстой байх. Хоёрдугаарт, дээрх болсон үйл явдал хууль гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн эсэхийг ч мөн шалгаж тогтоох ёстой.
Гуравдугаарт буюу хамгийн гол нь УАБЗ-ийн ажилтан, шүүгч, прокурорууд ямар шалтгаанаар нууц уулзалт зохион байгуулсан, тэр нь хашиж буй албан тушаал, мэргэжлийн үйл ажилагаатай нь холбоотой эсэхийг шалгаж тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн бусдаас “хуулиар хориглосон үйлчилгээ авсан” нь тогтоогдвол албан тушаалын хэрэг, ашиг сонирхлын зөрчил гэж үзэхээс өөр аргагүй. Энэ тохиолдолд нийтийн эрх ашиг зөрчигдөж, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдалд нөлөөлсөн асуудал яригдана.
Хэдийгээр шалгаж тогтоох боломжгүй ч гэлээ тооцоолох ёстой бас нэг зүйл нь бичлэгийг цацсан этгээдийн ард хэн байсан, ямар ашиг сонирхлын үүднээс хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан бэ гэдэг асуудал. Ялангуяа тэр нь шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа буюу гаргасан шийдвэрүүдтэй нь холбоотой бол асуудал илүү томорно.
Тухайлбал, бичлэгт гарсан шүүгчдийн тухайд өмнө шүүсэн хэргүүдтэй нь холбоотойгоор /М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нарт ял оноосон/ “Хонгилын шүүгч” хэмээн цоллож эхэлснээс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой буюу түүний эсрэг чиглэсэн байж болох талтай. Ялангуяа Ерөнхий сайд асан Ү.Хүрэлсүхтэй шууд холбогддог “Нэхүүл” хөдөлгөөнийхөн шууд оролцож, шүүгчдийг ажлаас нь чөлөөлөхийг шаардсан зэрэг нь болсон үйл явдлын ард улс төрийн шалтгаан бий гэж хардахад хүргэж байгаа.
Товхчондоо одоо эл дол болоод байгаа нууц бичлэг, хууль бус гүйцэтгэх ажил гэх мэтийг улс төрийн технологи болгосон хүн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэгвэл түүний хамгийн сайн хийдэг "дархан мэх"-ийг өөрийнх нь эсрэг хийж эхэллээ гэж болно. Сонгууль болоход гурван сар гаруйн хугацаа үлдсэн. Энэ хугацаанд хоёр талаас мөн ч олон бичлэг цацагдах байх даа.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (1)