Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж халдварын үеийн нөхцөл байдал, Нэг хаалга-Нэг шинжилгээ, вакцинжуулалттай холбоотой асуудал болон Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Хурлын дараа гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрээр "Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар онцгойлон хэлэлцлээ. Дэлхий нийтээрээ аюулт цар тахалтай анх удаа нүүр тулсан бөгөөд эрүүл мэнд эсвэл эдийн засгийг нэгдүгээр тавих гэх хоёр төрлөөр тэмцэж байгаа. Монгол Улсын хувьд ард иргэдийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж байсан бол цаашид эдийн засгийг хамтад нь авч үзэх ёстой хэмээн шийдсэн. Хэрэв энэ хэвээр нь үргэлжлүүлбэл улс орны эдийн засагт цохилт болж, эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэхгүй.
Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөөг хоёрдугаар сарын 10-нд ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан. Цаашид салбар бүрээр нь нарийвчлан танилцуулах болно.
Мөнгөний нийлүүлэлтийн тухайд мөнгө хэвлэх гэж байна гэх мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл цусны эргэлт нь үндсэндээ 60-70 хувь зогссон. Мөнгөний нийлүүлэлт нь банкуудаар олгох зээл, төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт гэх үндсэн гурван сувгаар явдаг. Эдийн засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний эргэлт 35 хувьтай байдаг. Харин өнгөрсөн онд 15 хувь болж буурсан. Эдийн засгаа сэргээнэ гэдэг нь товчхондоо мөнгөний эргэлтийг сайжруулах юм.
Банкуудад гацсан байгаа нөөц хөрөнгөөр зээл олголтыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал, төсвөөр дамжин хийгдэх хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийг цогц хөтөлбөртөө багтаасан юм. Түүнээс биш халамжийн чиглэлээр бэлэн мөнгө тараах, урьд өмнө нь хэрэгжүүлж байсны адил алдаатай арга хэмжээ огт байхгүй.
Харин өмнө дурдсанчлан банкуудад байгаа нөөц хөрөнгийг бодит эдийн засагт ороход нь Засгийн газар хамтарч, Зээлийн батлан даалтын сан болон бусад дэд бүтцээрээ дамжуулан хүртээмжийг нэмэгдүүлэх, байж болох бүхий л хөнгөлөлт боломжуудыг гаргах, зээлийн хүүг 3-аас хэтрүүлэхгүй байх арга хэмжээг авах юм" гэв.
Мөн тэрээр үргэлжлүүлэн "Хоёрдугаар сарын 23-нд хөл хорио дуусах үед үйл ажиллагаа нь үргэлжлэх аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийн стандартыг УОК-оос баталж танилцуулна.
Үүнд бизнесийн үйл ажиллагааг хоёр хэлбэрээр хувааж байгаа ба үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан харьцдаг болон нүүр тулан уулздаггүй гэсэн байдлаар ангилж хоёр ерөнхий стандарт батална. Үүнийг Хоёрдугаар сарын 17-нд танилцуулна" гэлээ.