"COVID-19" цар тахлын хямралд өртсөнөөр Монгол Улсын эдийн засаг 1990-ээд оны шилжилтийн үеэс хойших хамгийн хүнд уналттай тулгарч байгаа ч 2021 онд эргэн сэргэх төлөвтэй байна. Засгийн газрын эдийн засгийг сэргээх арга хэмжээний нөлөөгөөр дотоод эрэлт нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн идэвхжил эргэн сэргэж, мөн вакцинжуулалт хийгдэхийн хэрээр 2020 оны эхний есөн сард 7.3 хувиар агшаад байсан эдийн засаг 2021 онд 4.3 хувиар өсөх боломжтой хэмээн Дэлхийн Банкны энэ удаагийн Монгол Улсын эдийн засгийн тоймд дурджээ.
"COVID-19" цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлсэн хүчтэй цочрол нь өргөн хүрээг хамарч, улмаар хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, төлөв байдалд нөлөөлсөн гэж тус тайланд мөн дурджээ. Мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарт хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн бол зочид буудал, үзвэр үйлчилгээ зэрэг бусад салбарт буурсан байна. Тайланд, албан бус салбарт ажилладаг, ур чадвар багатай ажиллагсад болоод ядуурлын шугамтай ойролцоо иргэд ядуурал руу гулсан орох эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна.
""COVID-19" цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн сэргэлт амаргүй байх бөгөөд олон сорилттой тулгарч болзошгүй юм. Монгол Улс нь цаашдаа богино хугацааны тусламж, дэмжлэгийн бодлогоос эдийн засгийн сэргэлт, дархлааг бэхжүүлэх рүү анхаарах нь зүйтэй” гэж Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэв. “2020 оны өргөн хүрээтэй дэмжлэгийг огцом хумих нь айл өрх, аж ахуйн нэгжүүдэд зарим талаар хүндээр тусч болзошгүй ч дээрх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх төсвийн орон зай хязгаарлагдмал байгаа нь мөн томоохон сорилт болж болзошгүй" хэмээн өгүүлэв.
Засгийн газрын тусламж, дэмжлэгийн хөтөлбөрүүд нь айл өрх, аж ахуйн нэгжид хангалттай дэмжлэг болж, бизнесүүдийг хаалгаа барих эрсдэлээс тодорхой хэмжээнд сэргийлж чадсан болохыг тайланд онцолжээ. Дэлхийн Банкны тооцоогоор Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй тусламж, дэмжлэгийн хөтөлбөрүүдийн өртөг нь 2020 оны хүлээгдэж ДНБ-ий 9 гаруй хувьтай тэнцэхээр байгааг тайланд дурджээ.[1] 2021 оны батлагдсан төсвөөс харахад Засгийн газрын бодлого нь төсвийн тогтвортой байдал руу эргэн чиглэх төлөвтэй байна. Энэ нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой.
Тус тайланд, Монголын эдийн засаг 2021-22 онд дунджаар 5 орчим хувиар өсөх боломжтойг дурдаад энэ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарахыг онцолжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр эдийн засагт, тэр дундаа уул уурхай, аж үйлдвэрлэл болон тээврийн салбаруудад хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэн, энэ нь улмаар эдийн засгийн өсөлтийг тэтгэх төлөвтэй байна. Түүнчлэн хувийн хэрэглээ дунд хугацаанд эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй хэвээр байна.
Харамсалтай нь сүүлийн үед дотоод дахь "COVID-19" цар тахлын дэгдэлт нэмэгдэж байгаа нь эдийн засгийн сэргэлтийн тодорхой бус байдлыг улам нэмэгдүүлж байна гэж тайланд дурджээ. Эдийн засгийн цаашдын төлөвт учирч болох эрсдэлүүдэд коронавирусын дэгдэлт даамжрах, цаг агаарын төлөв муудах (тухайлбал, зуд болох), банкуудын зээл болон тэдгээрийн зохистой харьцаатай холбоотой дүрэм, журмын хөнгөлөлтийг цуцлахтай зэрэгцэн санхүүгийн салбарт эмзэг байдал хуримтлагдах, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой төсвийн зардал хэт өсөх, улмаар төсөв, санхүүгийн ачаалал хэт нэмэгдэх зэрэг эрсдэлүүдийг дурджээ.
Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор тодорхой бус байдал өндөр байгаа ч, өмнө нь олон удаа давтагдаж байсан макро эдийн засгийн богино хугацааны өсөлт, уналтын мөчлөгөөс зайлсхийхийн тулд Монгол улс төсвийн тогтвортой байдалд тууштай анхаарах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг тайланд дурджээ. Түүнчлэн төгрөгийн нэрлэсэн ханшийг аль болох уян хатан байлгахад анхаарч, эдийн засагт орж ирж буй цочролыг зөөлрүүлэх хэрэгсэл болгон ашиглахад түлхүү чиглүүлэх шаардлагатай ба энэ нь бага ч гэсэн бодлогын орон зайг хадгалахад туслах юм.
Богино хугацааны шинжтэй эрсдэлүүд байгаа ч вакцинжуулалт нь цар тахлыг хянан тогтоон барихад ихээхэн нэмэр болоод зогсохгүй бодлого боловсруулагчдыг дунд хугацааны илүү суурь асуудлуудад анхаарлаа хандуулж эхлэх боломжийг олгох юм. Эн тэргүүний бодлогын чиглэлүүдийн нэг нь Монгол Улс банкны салбарт хийх бүтцийн шинэчлэлийн хүчин чармайлтаа эрчимжүүлэх явдал юм. Уг шинэчлэлийн хүрээн дэх гол асуудлуудад өөрийн хөрөнгийн хүрэлцээг бэхжүүлэх, банкуудын засаглалыг сайжруулах (тухайлбал, банкуудын эзэмшигчдийн бүтцийн талаарх одоогоор хийж буй шинэчлэлийг дурдаж болно), "COVID-19" цар тахалтай холбоотойгоор хэрэгжүүлж буй зээлийн хөнгөлөлт, журмын нөхцөл түдгэлзүүлэх арга хэмжээгээ үе шаттайгаар зогсоох зэрэг орно.
Дээрх шинэчлэлийн хүрээнд сүүлд баталсан Банкны тухай хуулийн өөрчлөлтүүд маш чухал алхам болсон бөгөөд цаашид банкны хяналт шалгалттай холбоотой төв банкны бие даасан байдлыг бэхжүүлэх, банкны салбар дахь чанаргүй зээлтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх нь чухал байгааг тайлан мөн сануулжээ.
Монгол Улс эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг бэхжүүлэх, ажлын байр бий болгох чиглэлээр цогц бодлого баримталж, төсвийн тогтвортой байдалд анхаарах шаардлагатайг уг тайланд мөн зөвлөсөн байна. Энэ хүрээнд өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгож, иргэдийг тогтвортой орлогын эх үүсвэртэй болох боломжийг бүрдүүлэх үүднээс уул уурхай болон түүнээс бусад салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй татан оролцуулах зэрэг арга хэмжээг дурдаж болно.
Үүний зэрэгцээ илүү үр дүнтэй, зорилтот дэд бүтэц рүү чиглэсэн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, мөн үр ашиг өндөр, зардал багатай нийгмийн хамгааллын системээр хавсрах нь чухал гэдгийг онцоллоо гэж Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.