Шинээр эмхлэгдэн байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хэт үрэлгэн төсвийн бодлогодоо цэг тавих боломж байгаа талаар өмнөх нийтлэлдээ дурдсан билээ. Аливаа санхүүгийн хямралыг даван туулахад дан ганц төсвийн бодлого хангалтгүй байдаг. Дэлхийн бусад орнуудын хямралтай тэмцэж буй туршлагыг харвал мөнгөний бодлого чухал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Улс орны эдийн засгийг төсвийн болон мөнгөний /monetary policy/ гэх хоорондоо салшгүй холбоотой бодлогоор удирддаг.
Өнөө үед нэг улсад тохиолдох эдийн засгийн хямрал дэлхий нийтийг хамарч хүрээгээ тэлэх өндөр эрсдэлтэй болжээ. 2007-2009 онуудад АНУ-ын орон сууцны ипотекийн компаниудад тулгарсан санхүүгийн хүндрэл даамжирч улмаар дэлхий нийтийг хамарсан системийн хямрал болж хувирсан нь үүний бодит жишээ билээ. Хямралыг даван туулах олон арга бий. Төр татвар, зардлаа бууруулснаар бизнес эрхлэгчдийн дарамт багасч бүтээмж нь нэмэгдэж эдийн засаг идэвхжинэ гэж зарим эдийн засагчид үздэг. Энэ нь хямралаас урьдчилан сэргийлэхэд дэмтэй ч, хямралын үед тохирох арга биш. Харин Засгийн газрын зардлыг нэмж, төсвийн орлогоо багасгахгүй, татвараа нэмэхгүйгээр хөрөнгө оруулалт, хэрэглээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх аргыг сүүлийн жилүүдэд түгээмэл хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, төсөв мөнгөний бодлогыг эдийн засгийн уналтын эсрэг зэрэг ашиглах боллоо. Төв банк бодлогын хүү, банкны заавал байлгах нөөц, нээлттэй валютын арилжаа зэрэг хэрэгслээрээ дамжуулан санхүүгийн эргэлтэнд байгаа мөнгөний хэмжээг нэмэгдүүлдэг.
Урамшууллын ийм аргыг анх АНУ-ын Ерөнхийлөгч асан Франклин Рузвельт ашиглаж, “Их хямрал”-ыг амжилттай туулсан түүх бий.
2007-2009 онуудад АНУ ипотекийн зээлээс эхлэлтэй санхүүгийн хямрал эхлэхэд Төв банкны дээр дурдсан арга хэрэгслүүд үр дүнгээ өгөхгүй байгаа нь тодорхой болов. Төв банк бодлогын хүүгээ бараг тэг болгоод ч мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнгүй. Иймээс Холбооны нөөцийн систем нь төсвийн шинжтэй гэж хэлж болох арга хэмжээ буюу "Бернанкийн түрэмгий, бүтээлч бодлого” (Америкийн Холбооны нөөцийн сангийн /Төв банк/ тэргүүн Бернанке) гэгчийг хэрэгжүүлснийг “уламжлалт бус арга” гэж судлаачид нэрлэх болжээ.
2008 оны есдүгээр сараас эхлэн хөрөнгө оруулалтын банк Lehman Brothers, болон Fannie Mae, Freddie Mac болон AIG зэрэг орон сууцны ипотекийн компаниудын хэвийн үйл ажиллагаа тасалдаж эхлэв. АНУ-ын сангийн яам болон Холбооны нөөцийн сан хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж дээр дурдсан компаниудыг дампууруулахгүйн тулд хэдэн зуун тэрбум доллараар санхүүжүүлсэн байдаг. Төв банк болон Засгийн газрын хамтарсан ажлын уялдаа холбоо эндээс тодорхой харагддаг. 2007 оны 12-р сараас 2010 оны 6-р сарын хооронд Америкийн Холбооны Нөөцийн Сан томоохон арилжааны банкууд, корпорациудад олон тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгосны хүчинд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралыг хазаарлаж чаджээ. Холбооны нөөцийн систем зөвхөн банк, санхүүгийн байгууллага, төдийгүй зарим тодорхой бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлсэн юм. Энэ бодлогыг зарим улс төрчид хүчтэй эсэргүүцдэг. Тэд “уламжлалт бус арга” хямралыг гүнзгийрүүлж, өрийн хэмжээг нэмэгдүүлсэн гэж шүүмжилдэг боловч, өнөөдөртөө “санхүүгийн хямрал”-ыг даван туулах зохистой зохицуулалт үүнээс өөр олдоогүй байна.
2012-2016 оны хямралын жилүүдэд Монгол улсад уламжлалт бус аргыг туршиж үзжээ
Монгол улсын экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн эрдэс бүтээгдхүүн бүрдүүлдэг. Тэр дундаа нийт экспортын /гаднын хатуу валют олдог/ 80 хувийг зэс, нүүрс дангаараа эзэлдэг. Тиймээс манай улсын эдийн засаг зэс нүүрс гэсэн хоёр баганатай. Манай улсын эдийн засагт дээрх хоёр бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ ханш маш чухал. 2011 онд Хятадын эдийн засгийн өсөлт эрчимжиж, гаднаас авдаг нүүрсний хэрэгцээ өслөө.
Гэтэл Австралид үер бууж, Индонезод уурхайн ажил хаялт болж дээрх хоёр улсын бараг бүх уурхайнууд нь хаагдсан юм. Чухам энэ үед Монголын нүүрсний үнэ ханш огцом нэмэгдээд зогсохгүй Оюутолгойн мега төсөл хөдөлснөөр манай эдийн засаг 17,3 хувь хүртлээ өссөн юм. 2012 оноос дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөлт хагарч, эдийн засгийн өсөлт саарч эхэлжээ. Зэсийн жилийн дундаж үнэ 2011 онд бараг 9000 хүрч байснаа 2014 онд 7000 ам.доллар хүрэхгүй болжээ. Нүүрсний хувьд 100 ам.доллар давж байсан ханш 3-4 дахин унав. 2011 онд 2 тэрбум 273 сая ам.долларт хүрч байсан манай нүүрсний борлуулалт 2015 онд ердөө 556 сая ам.доллар болж буурлаа. Ийнхүү экспортын орлогын хомсдол үүсэхэд Монгол улсын эдийн засаг агшиж, ДНБ-ний өсөлт огцом унаж ажилгүйдэл эрс нэмэгдэж 180 мянган ажлын байр алдах зэргээр тогтворгүй байдал нүүрлэсэн юм.
Ийм хүнд нөхцөлд өрхийн орлогод нөлөөлөх ачааллыг багасгах, ажлын байрыг хамгаалж үлдэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх зорилготой “Гол нэрийн барааны үнэ тогтворжуулах”, “8 хувийн ипотек” зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрч, иргэд тэр үеийн хямралын хүндийг анзааралгүй өнгөрсөн юм.
2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс “Орон сууцны ипотекийн хөтөлбөр”-ийг Монгол банк, Засгийн газартай хамтран хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн санхүүжилтийг Монгол банкнаас гаргасан юм. Монголд анх удаа 1.5 сая орчим төгрөгийн орлоготой иргэн 2 өрөө байранд амьдрах боломж бий боллоо. Иргэд үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан санхүүгийн хуримтлалтай болж эхлэв. Барилгын борлуулалт 5 орчим их наяд төгрөгт эргэлдэж, барилгын материалын дотоодын үйлдвэрлэл 30-70 хувь хүртэл өсөв. Тус салбарт их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, иргэд шинээр бизнес эрхлэн, тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэл бүхий ажилтай иргэдийн тоо 200 мянга давлаа. Аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдэх тутам улсын төсөвт орох татвар нэмэгдэж, ажиллах хүчний тоогоор нийгмийн даатгалын шимтгэлээс эхлээд хувь хүний орлогын татварын мөнгө төсөвт орж эхлэв. Улаанбаатар хотын орон сууцны тоо 30 хувиар нэмэгдэж, энэ хэмжээгээр хорт утаат яндан цөөрч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсроход багагүй хувь нэмэр боллоо. Залуучууд цалингаа аваад наргиж цэнгэхийн өмнө тооцоо боддог болж, зах зээлийн харилцаанд суралцаж эхлэв. Ердөө хоёрхон жилийн хугацаанд манай дундаж давхаргын үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан хуримтлал 1,5 их наяд төгрөг болсон байна. Монголбанк 3 жил үргэлжилсэн тус хөтөлбөрт 3 их наяд төгрөгийн санхүүжилтийг гаргажээ. Нийт 86 221 өрх зээлд хамрагдаж байртай болсон юм. Энэ мөнгө хэн нэгэн эрх баригч даргын халаасанд ороогүй бөгөөд өдгөө эх үүсвэр нь улам нэмэгдэж эргэн төлөлтөөс жилд ойролцоогоор 5000 орон сууцны зээл гарах боломж бүрдээд байна. Түүгээр зогсохгүй Банкны салбарын зээлийн эрсдэл буурч, ипотекийн зээл хамгийн сайн эргэн төлөлттэй, олон улсын зах зээлд 4 орчим их наяд төгрөгийн хөрвөх валютаар үнэлэгдэх үнэт цаас босгох боломж нээгдсэн юм.
2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН олонхи болж Засгийн газраа байгуулав. Хөтөлбөртэй холбоотой улс төржсөн нийтлэл, ярилцлага хэвлэл мэдээллийн хэрэгсэлд давамгайлах боллоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийг УИХ индэр дээрээс “мөнгө шинээр хэвлэсэн”, “салхинд мөнгө хийсгэсэн” гэх зэргээр элдэвлэж, олон хүн итгэтэл давтацгааж байв. Ингээд зогсохгүй, 2018 онд Төв банкны хуулиндаа төсвийн зорилгоор хөрөнгө мөнгө гаргахгүй байх, эдийн засгийн тодорхой салбарт зориулсан аливаа хэлцэл, гүйлгээ хийхийг хориглосон өөрчлөлтүүд оруулсан юм.
Гэтэл өнөөдөр Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байдалд ороод байна. Аливаа хямралыг даван туулахад хөрөнгө мөнгө “ус агаар” мэт хэрэгтэй. Дэлхийн улс орнууд ойролцоогоор ДНБ-хээ 20 орчим хувьд хүрэх хэмжээний хөрөнгө босгож эдийн засгийн хямралаа даван туулах хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Манай Монголбанканд 7.8 их наяд төгрөг бий. 2021 оны 2 сарын 1-ний байдлаар Төв банкны үнэт цаасны (ТБҮЦ) хэмжээ нийт зах зээлд эргэлдэж буй мөнгөний гуравны нэг буюу 7 их наяд 809 тэрбум төгрөгт хүрчээ. Монголбанк жилд арилжааны банкуудад бараг 500 гаруй тэрбум төгрөгийн (Бодлогын хүүгийн хэмжээгээр тооцоход) хүүгийн төлбөр төлж буй. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаагаар тооцвол 2 их наяд илүүтэй төгрөгийг арилжааны банкуудад өгчээ. Эдийн засгийн хямралын өнөө үед ийм “цамаан зан”-д цэг тавих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Төв банканд төвлөрсөн мөнгийг зах зээлд эргэлтэд оруулж хямралыг даван туулахад ашиглах ёстой юм. Мэдээж эхлээд гох дэгээ болсон хуулиа өөрчилж таарна. Зайлшгүй тооцоо судалгаанд үндэслэн инфляцаа хөөрөгдөхгүй, валютын ханшаа савчихгүй хэмжээгээр санхүүгийн эргэлтэд байгаа мөнгөний хэмжээг нэмэгдүүлж эдийн засгаа идэвхжүүлэх ёстой.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед дээр дурдсан хямралын эсрэг хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэн байдаг. Тэрээр эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээнүүдэд гар бие оролцож, туршлага хуримтлуулсан нэгэн. Энэ бол их том давуу тал. “Залуус хороолол” гээд бүтээн байгуулалтын талаар чих дэлсэж байгаа нь сайшаалтай.
Коронавирус тархсан улс орнуудад жижиг, дунд үйлдвэрлэгчид дампуурлын ирмэгт ирсэн. Жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) нь улс орны эдийн засагт тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. “ЖДҮ нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 60 хүртэлх хувийг бүрдүүлдэг” гэсэн судалгаа бий. Тэд ажлын байрны дийлэнх хувийг шийдвэрлэдэг. ЖДҮ эрхлэхийн тулд өндөр хүүтэй зээл авч, байр түрээслэн, тодорхой тооны хүмүүсийг цалинжуулдаг. Аюулт вирусийн тархалттай холбоотойгоор тэдний бизнесийн үйл ажиллагаа нь зогсоход зээлийн хүү, түрээсийн төлбөр, ажилчдын цалин нэхэгдэхээс эхлээд аливаа бизнес гэрээ, хэлцлүүд зогсож дампуурахаас өөр сонголтгүй болсон талаар харамсалтай статистик сонсогдож байна. Тиймээс Засгийн газар хамгийн түрүүнд хүү багатай зээлээр жижиг дунд бизнесийг дэмжих шаардлагатай. Нэмээд Монгол улсын Ерөнхийлөгчийн санал болгосон “өрх бүрд сая төгрөг”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Эдийн засаг хүндэрсэн энэ үед төрөөс иргэд, аж ахуй нэгжээ дэмжсэн бодлого хэрэгжүүлэхэд ойролцоогоор 6-8 их наяд төгрөг шаардагдана. Гаднаас зээл авч Засгийн газрын гадаад өрийг нэмэхгүйгээр төсвийн тодотгол, Гадаад валютын албан нөөц(ГВАН), Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) гэсэн гурван эх үүсвэрээс хямралыг амжилттай даван туулахад шаардагдах хөрөнгө босгох боломж бий. Харин хэдэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль болон элдэв улс төржсөн шийдвэрүүдээс хол байж улс орноо эдийн засгийн хямралаас гаргах түүхэн үүрэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт ийнхүү ногдож байна.
Эдийн засагч Р.Даваадорж