АНУ-ын телевиз, радиогийн домог болсон хөтлөгч Ларри Кинг 87 насандаа таалал төгслөө.
Одоогоор түүний нас барсан шалтгааныг нарийн тодорхойлоогүй байгаа бөгөөд энэ оны эхээр түүнийг цар тахлын халдвар авч, эмчлүүлж байгаа талаар CNN агентлаг мэдээлж байсан юм.
Ларри Кинг 60 орчим жил хэвлэл мэдээллийн салбарт ажиллахдаа 50 мянга гаруй ярилцлага хийж, CNN сувгийн “Larry King Live” ярилцлагын шоуг 25 жил хөтөлжээ.
Тэрээр Жеральд Фордоос эхлээд Барак Обама хүртэл өөрийн цаг үеийн АНУ-ын бүх ерөнхийлөгчөөс гадна Мартин Лютер Кинг, Далай лам, Нелсон Мандела, Владимир Путин зэрэг дэлхийд түүчээлэгч хүмүүстэй ярилцлага хийж байсан юм.
Түүнийг таалал төгссөний дараа "Ora Media" компанийн зүгээс мэдэлдэл хийжээ. "Бидний үүсгэн байгуулагч, хөтлөгч, хүндэт анд нөхөр Ларри Кинг өнөөдөр өглөө 87 настайдаа Лос Анжелес хотын эмнэлэгт эмчлүүлж байгаад, бурхны оронд одсоныг албан ёсоор зарлаж байна. Агаарын цэнхэр долгион, хоймрын цэнхэр дэлгэц, интернэтийн өргөн сүлжээгээр 63 жилийн турш бид бүхний оюуныг цэнэглэж, мэлмийг баясгасаар ирсэн мянга мянган ярилцлагыг бид хэзээ ч мартахгүй” гэжээ.
Ларри Кинг 1933 онд Нью Йоркийн Брүүклин дүүрэгт мэндэлсэн бөгөөд 1970-аад оны үед “The Larry King Show” радиогийн нэвтрүүлгээрээ анх нэр хүндэд хүрч байсан юм.
Тэрээр 1985 онд CNN агентлаг гэрээ байгуулж “Larry King Live” шоугаа нээж, алдар нэр нь дэлхий дахинд түгж эхэлсэн билээ.
Гэвч 2010 оноос Ларри Кингийн шоуны үзэгчдийн тоо эрс буурсан нь тул гэрээ цуцлагджээ. Түүний зочинтойгоо зөөлөн ярилцдаг арга барил нь хоцрогдсонтой холбоотой гэж үздэг байна. Үзэгчид илүү түрэмгий, зочноо хүнд байдалд оруулдаг ярилцлагын хэлбэрийг сонирхох болсонтой холбоотой аж.
CNN агентлаг Ларри Кингийн дараа Британийн сэтгүүлч Пирс Морганд ярилцлагын шоугаа шилжүүлсэн юм.