x

Тусгаар тогтнолоо өөрсдийн санаачлагаар устгасны 100 жилийн ой

(Баабар: МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)

1919 оны арваннэгдүгээр сарын 22-нд Хятадын Ерөнхийлөгчийн зарлигаар Гадаад Монголын автономи эрхийг цуцалсан бол 1921 оны хоёрдугаар сарын 5-нд Хүрээ чөлөөлөгдөн Богдын Засгийн газар байгуулагдсанаар үнэн хэрэгтээ тусгаар тогтножээ. Гэхдээ үүнтэй зэрэгцэн Троицкосавскт орогнолын Засгийн газар байгуулагдаж дөрвөн сар гаруй хугацаанд давхардан ажиллаж байсан билээ. 

Хятадын Ерөнхийлөгчийн зарлигаар автономийг устгаж Монголыг төргүй болгосон жил гаруйгийн намтрын эх үүнээс хоёр жилийн өмнөөс үүдэлтэй. Октябрийн эргэлтийн дараа Орост иргэний дайн өрнөн, улмаар Сибирийн ихэнх нутагт самуун гаарснаар Монголд нөлөөлөх Оросын хүч суларсныг ашиглан хятадууд алдагдсан эрхээ сэргээх боломж хайх болов. Үүнийг хэрэгжүүлэх хэд хэдэн далим үүсчээ. Юун түрүүн Нармай Монгол байгуулсан атаман Семёнов үүнээ Халхаар зөвшөөрүүлэх гэж улайран заналхийлэх болов. “Хүрээ рүү төлөөлөгч явуулж Богд хааныг нийт Монголын хаан ширээнд суулгахаар ятгах, татгалзвал Хүрээ рүү Дагуурын Засгийн газрын цэргийг хөдөлгөх” шийдвэр гаргажээ. 

1918 оны есдүгээр сард Ховдод бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Хун Чэнь гэгч Бээжингээс хөдлөхийнхөө өмнө Монголын талаар Хятадын явуулах бодлогын тухай өөрийн саналыг Гадаад Яамны хүсэлтээр танилцуулсан байна. Тэрээр хилийн талаар хүчтэй бодлого явуулахыг Засгийн газраас шаардаж, Хятадын нэмэлт хүч Монголд байрлаж байгаа нь Хиагтыг эзлэх эхний алхам гэдэг нь хүн бүрд ойлгомжтой болохыг онцлон тэмдэглэжээ. Ийнхүү хойд хилийн асуудал Шанхайн бага хурал хүртэл онолын хэмжээнд л яригддаг байжээ.

Гэхдээ гол шалтгаан нь Монголын хар, шар феодалуудын хоорондын зөрчил дээд цэгтээ тулснаас эхтэй. Засгийн газар байгуулсан өдрөөс л шарын төлөөлөгч Да лам Цэрэнчимэд, харын төлөөлөгч Чин ван Ханддорж нар биенээ үзэхээ больсон. Богд хаан Цэрэнчимэдэд илүү талтай авч зөрчил хэт хурцдаад ирэхээр тэнцвэр тогтоохын тулд Бүгд хэргийг ерөнхийлөн шийтгэх яам байгуулан Ерөнхий сайдаар Чингисийн шууд угсааны Сайнноён хан Намнансүрэнг томилжээ. Цэрэнчимэд ч, Ханддорж ч тэгсхийгээд үл мэдэгдэх шалтгаанаар дараалан үхсэн ба Хайсан, Удай зэрэг өвөр монголчуудыг хавчин хөөж явуулснаар түр намжмал байдал үүсчээ. 1918 онд Ерөнхий сайд Намнансүрэн үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нас барж, оронд нь Да лам Бадамдорж хэмээх шарын төлөөлөгч томилогдов.

Богд хааны дэмжлэгтэйгээр шарынхан төрийн эрх авснаар ноёд, ван, гүн нарыг хавчин татварыг нэмэгдүүлэх мөртөө хутагт хувилгаадыг дэмжин Их шавь болон бусад шавийг алба гувчуураас чөлөөлөх төдийгүй шавь руу зугтаасан харц ард нарыг өмгөөлөх болов. Иймэрхүү гадуурхал нь ноёдын хилэнг хөдөлгөж, тэд шарынхны эсрэг нэгдэж эхэллээ. Л.Дэндэвийн бичсэнээр “Их Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгосноор дөрвөн аймгийн тэргүүлэгчдийн гомдол хорсол улмаар нэмэгдсэн” Чингис хааны шууд угсааныхны хүч нөлөө маш их тул тэдний “хорсол” аймшигтай үр дагавартай байж таарна. 

Хиагтын гэрээний гурван сүбъектийн нэг нь болох Орос бараг байхгүй болсонд тооцогдохоор болжээ. Хэд хэдэн засагтай болсон Оросын төрийг аль бүлэглэл хууль эрхийн хүрээнд төлөөлөх нь тодорхой бус болов. Ийм учраас монголчууд энэ асуудалд яаж хандахаа тодорхойлохоор 1918 оны зун цуглав. Семёновын тулгаад байгаа Нармай Монгол бодлогод ямар хариу өгөх талаар хэлэлцэх гэсэн хэрэг. 

Халх дөрвөд зургаан аймгийн олон засгууд хүрээнээ хуралдахаар...дөрвөн аймаг, их шавь зэрэг таван газраас гарсан шүүмжлэлдээ… “Гурван этгээдийн гэрээнд харштай тул... [Семёнов] эзэрхийлэн халдаж ирвээс эрхгүй эсэргүүцвээс зохих бөгөөд дөрвөн аймгийн хүч хөрөнгө мохсны тулд нийтийн албан үүргийг үл хүлээх Их шавь ба дагаар орсон аймаг хошуудаас дайчлан сэргийлэх цэргүүд ба уналга хүнсний зэрэг албыг нийгэмчлэн томилж, олны жаргах зовох хамтатгахыг гуймуй...”

Хуралдаанаас ийм бичиг шийтгэн Богд хаанд өргөн барьжээ. Учир нь автономт Монголын цэргийн зардлыг Халх дөрвөн аймаг гаргадаг ба Дөрвөдийн хоёр аймаг болон Шавь үүнд оролцдоггүй байв. Дээрх бичгийн гол санаа нь Дөрвөд хоёр аймаг болон Шавиас цэргийн зардлыг хамтран даах санал гомдлын агуулгатай юм. Богд Дөрвөд аймгаас цэргийн зардал гаргуулахыг зөвшөөрөөд, “Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгох” гэсэн хариу өгчээ. 

Үүнд дөрвөн аймгийн төлөөлөгчдийн гомдол хорсол улам нэмэгдэж… Их шавиас цэрэг ба хүнс гаргуулахгүй бол дөрвөн аймаг дангаар улс төрийг хамгаалж чадахгүй бөгөөд, ингэж байснаас Хятадыг түшсэн минь дээр гэдэг дээр асуудал шийдэгдсэн.

Нармай Монголыг байгуулах гэсэн Дагуур дахь санаачилга Монголын автономийг устгахаар хөөцөлдөж байсан Чэнь И-д аятайхан далим боллоо. Тэрээр Гадаад Монголын өөрөө засахыг устгасны хойно, Хятадын Засгийн газраас Гадаад Монголыг хүндэтгэн үзэх ба жич хойчийг сайжруулах хууль зүйл гэсэн урт нэртэй хуулийн төсөл өөрөө боловсруулаад Гадаад Монголын Засгийн газрын ихэстэй хэлцэл хийж эхлэв. Эхлээд тэрээр ГЯЯ-ны тэргүүн сайд Цэрэндоржтой уулзжээ. Монголчууд сайн дураараа автономи эрхээсээ өөрөө гуйн татгалзаж өргөдөл хийж өөрт нь өгөхийг шаардаад хэрэв эс чингэвэл хойчийн өдөр гэмшилтэй явдал болно гэж сүрдүүлэв. Сайд түүнд энэ асуудлаар Ерөнхий сайд болоод Богд гэгээнтэй ярилцах болно гэж хариулжээ. 

Хятадаас цэргийн тусламж гуйх ба автономийг устгах болсон процессыг хожим Дилав хутагт Жамсранжав маш тодорхой өгүүлсэн юм. Богд хаантай тэрсэлсэн хэсэг ноёд Чэнь И-тэй уулзан хятад цэрэг урих тухай төлөвлөн тохирчээ. Тэгээд Богд хаанд бараалхан улаан Оросын аюулаас болгоомжлон энэ талаар хятад түшмэлтэй хэлэлцье гэсэн байна. Богд хаан үүнийг эсэргүүцэн: 

“Бид энэ хэвээр зүгээр сууж байхад огт гэмгүй. Гэхдээ нэгэнт та нар ингэж шийдсэн бол хятад түшмэлээс үгийг нь сонсож болох юм” гэжээ. 

Тэд Чэнь И-тэй уулзаад: 

“Хятадын Ерөнхийлөгчөөс асууя гэж байна” гэсэн хариу авчирав. 

Богд хаан үүнд: 

‘’Чэнь И-тэй зөвлөх хэрэггүй. Зүгээр л суугаад байхад ямар ч гэм болохгүй’’.

‘’Чэнь И- тэй нэгэнт уулзчихсан. Ерөнхийлөгчөөс асуугаад хариу хэлнэ гэсэн болохоор Бээжин рүү утас цохиогүй бол ингээд болиулчихъя’’

Тэд маргааш нь:

“Чэнь И нэгэнт утас цохижээ. Бээжингээс Ерөнхийлөгчийн хариуг хүлээхээс өөр аргагүй” гэж Богдыг аргалав. Хэд хоногийн дараа;

“Хятадын Ерөнхийлөгч манайд тусaлж болно гэсэн байна. Гагцхүү автономио устга гэжээ” гэсээр орж ирэв. Богд:

“Би бодвоос нэг муу түшмэл Чэнь И-гийн үгэнд орох хэрэггүй. Дахин нарийвчлан хэлэлцэж тогтоо”.

Тэд элдэв арга мэх хэрэглэсээр Богд хаанаар “Та нар олонд тустай юм хийх гэж байгаа бол би хориглохгүй. Гагцхүү сайтар нарийвчлан судал” гэсэн зарлиг гаргуулжээ.

Маргааш нь Богд:

“Миний урд шөнийн зүүд билгийг үзвээс Хятадтай нийлснээр сайн юм ер болохгүй. Харин зүгээр чимээгүй суугаад байхад ямар ч гэм хор болохгүй. Иймээс Хятадын Ерөнхийлөгчөөс энэ тухай юм хум битгий асуу”. 

Монголын хэсэг ноёд хариуд нь:

“Бид Ерөнхийлөгчөөс лавладгаа лавлаад, Монголын Хурлын нэрээр цахилгаан явуулчихсан болохоор одоо хариуг нь хүлээхээс өөр үггүй. Иймээс Түр Хурлыг тарааж Бээжингээс хариу ирэхээр жич хэлэлцье” гэжээ.

Ийнхүү хэсэг ноёд, ван, гүн нар “лам нараар толгойлуулсан төрийг” эсэргүүцэж Чэнь И-тэй хуйвалдах замаар автономийг устгахаар үгсэн тохирчээ. Сэцэн ханаас – Шүүх яамны дэд сайд Наваанэрэн, Түшээт ханаас - Дотоод яамны дэд сайд Пунцагцэрэн, Сайнноён ханаас - Цэргийн яамны сайд Жамъяндорж, Засагт ханаас- Жалханз хутагтын нэрийн өмнөөс Гадаад яамны сайд Цэрэндож нар Чэнь И-тэй хэлэлцээ хийж нэг талаас Хятадын Ерөнхийлөгчийн төлөөлөгч, нөгөө талаас Монгол ноёдын дэвшүүлсэн төлөөлөгч гэсэн адил зиндаатай хоёр албан тушаалтанд засгийн эрхийг шилжүүлэх болзолтойгоор автономийг татан буулгахаар тохиролцжээ. Оросын тэтгэмж зогссон, Хятад мөнгө амалсантай энэ бүхэн цаагуураа холбоотой байв. Чэнь И-тэй хийсэн энэ хуйвалдаан нь эцэстээ 64 зүйлээр зангидагдан ван, гүнгийн тусгай эрхийг хадгалан хамгаалах заалтаар дүүрсэн хэлэлцээний ноорог эх болжээ. Гэвч эцэст нь Монголын автономи нь Чэнь И-гийн хэлэлцээрээр биш, Сю Шүжаны цэргийн хүчний айлган сүрдүүлэлтээр устсан бөлгөө.

Хятад цэргийг урьж, автономийг устгаж Хятадад бүрэн дагаар орохоор Чэнь И-тэй хуйвалдсан монгол ноёдын заримыг нэрлэвэл: Монгол улсын Цэргийн яамны тэргүүн сайд, Сайнноён хан аймгийн жанжин, эрдэнэ ван Жамъяндорж, мөн яамны дэд сайд, Түшээт хан аймгийн жанжин, бэйс Сономдорж, Гадаад яамны тэргүүн сайд, хичээнгүй бэйс Баолингийн Цэрэндорж, мөн яамны дэд сайд Засагтхан аймгийн чин ачит ван Гончигдамба, Сайнноён хан аймгийн итгэмжит бэйс Цогт-Очир, Дотоод яамны дэд сайд, Түшээт хан аймгийн чуулганы дарга дархан ван Пунцагцэрэн зэрэг болой. 

Монголын тусгаар тогтнолыг сэргээх хэрэгт хүчин зүтгэсэн олон хүн учир битүүлэг байдлаар үхсэн юм. Да лам Цэрэнчимэдээс гадна Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, ГЯЯ-ны сайд Ханддорж, Сангийн яамны сайд Чагдаржав, бинт ван Гончигсүрэн, Цэргийн яамны сайд Гомбосүрэн нар зуурдаар нас барсан нь хорлогдсон байж болох тун магадлалтай.

Намнансүрэнгийн оронд Ерөнхий сайд болсон Бадамдорж бол Монголын тусгаар тогтнолын хэрэгт даруй 20 гаруй жил тэмцэж амьдралаа зориулсан лам хүн билээ. Тэрээр Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд Оросоос тусламж гуйсан анхны элч юм. 1900 онд тэрээр Богдын даалгавраар донир Цэнд-Очирын хамт нууцаар хил давж Санкт-Петербург орон II Николай хаантай уулзан Монголыг тусгаар тогтноход Оросын зүгээс тусламж үзүүлэхийг гуйж байжээ. 1910-1911 оны хөдөлгөөний гол толгойлогч нарын нэг, Богдын хамгийн итгэлт шадар хүний нэг энэ өвгөн лам туйлын хянуур нэгэн байсан бололтой. 1911 онд Ханддорж нар Орост сэм явсны дараа сэжиг авсан Саньдо амбан Бадамдоржоос тулган асууж улайлгаж байв хэмээн нэг нэгнээсээ хуулсан түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг. Хэргийн мөрөөр хөөвөл Бадамдоржийг Саньдо амбан дуудаж Цэрэнчимэд, Ханддорж нарын тухай шалгаахад “Би мэдэхгүй, харин чи үүнийг мэдэж байх үүрэгтэй юм байгаа биз дээ” гэж мохоож байсан аж.

Бадамдорж, Цэрэндорж хоёр Чэнь И-тэй гол тохироог хийсэн гэдэг. Гэтэл хятад цэргийг урих, автономийг устгахын эсрэг хамгийн хүчтэй эсэргүүцсэн хүн нь Бадамдорж юм. Тэрээр Чэнь И, Цэрэндорж нарын боловсруулсан автономийг татан буулгах 50 зүйлтэй баримт бичгийг Засгийн газарт хэлэлцэхэд маш ихээр эсэргүүцсэн боловч санал дутсан билээ. 1969 онд хэвлэгдсэн БНМАУ-ын түүх-д автономийг устгах Чэнь И-гийн бичгийг Богд, Бадамдорж нар өөрсдийн хувийн хомхой сонирхлын үүднээс зөвшөөрсөн гэжээ. Үнэн хэрэгтээ Богд хаан, Бадамдорж нар яаж ч эсэргүүцээд эцэст нь ялагдаж шаварт унасан шарын эзэн болжээ. Нэгэнт улс орны гадаад, дотоод бодлогыг тодорхойлох, төлөөлөн гэрээ хэлэлцээ хийх үүрэгтэй болохоор Ерөнхий сайд Бадамдорж, Гадаад явдлын яамны сайд Цэрэндорж нараас өөр хэн асуудлыг гардах билээ? Тэгээд ч Цэрэндорж нь автономийн устгах үзэл бодолтны толгойлогч нарын нэг. 

Богд болон Эх дагина, мөн бусад язгууртанд “хойчийг засамжлахдаа” тун хайнга хандсан байна хэмээн Бадамдорж “чамлаж”, тэр хэрээр нь хятад элч шан харамж, цол ямбыг нь нэмэхээр бичигтээ тусгажээ. Гэхдээ Бадамдоржийн энэхүү дээдсийн шан харамж бага байгааг хэлсэн нь хойшлуулах, цаг авах гэсэн заль болох нь илэрхий харагддаг. Чэнь И монголчуудын хэзээнээс хээл хахуульд дуртай араншинг нь ашиглах гэж бодсон байх, харин наадуул нь тулгарсан зовлонг хойшлуулахын тулд шалтаг л хайж байж. 

Бадамдоржийн талаарх түүхийн ойлголт их өрөөсгөл юм. Гэрээнд Бадамдорж 64 зүйл нэг бүрийг өөлөөд байсан байдаг. Гэтэл мань хүнийг шан харамжаа нэмэх гэж байснаар түүх бичлэгт харуулдаг. Өвгөн эх оронч яаж ийгээд сунжруулсаар гэрээг ерөөсөө бүтэлтэй юм болгоогүй. Түүний цаг сунжруулсны хүчинд Чэнь И-гийн гэрээ батлагдаагүй. Хятадад иргэний дайн болж байна, хойд талд Орост бас иргэний дайн. Цаг яаж ч эргээ билээ гэж алсыг хараад байсан бололтой. Бадамдорж их настай хүн байлаа. Далан нас зооглоно гэдэг тэр үеийн жишгээр маш өндөр нас. Тэр үед монгол хүний дундаж наслалт дөч ч хүрдэггүй байсан. Өтөл настай, өнөө маргаашгүй үхэх гэж байгаа, үр хүүхэдгүй өвгөн лам мөнгөний төлөө эх орноо худалдав гэдэг даанч үнэмшилгүй. 

Ноёдууд Шанзав Бадамдоржийн дор байснаас автономигүйгээр шууд Хятадын харьяалалд байсан нь дээр гэж үзээд цэрэг илгээхийг хүссэн захидал Бээжин рүү бичсэн байдаг. Тэд түүгээрээ Хятадаас одон авснаа ичихгүй зүүчихсэн фото зураг ч бий. Одон авахын тулд бөөнөөрөө Бээжин явахад гол оролцох учиртай Ерөнхий сайд Бадамдорж “Цагийн байдал харна. Цаг өдөр болгон шахам эрс өөрчлөгдөж байна шүү” хэмээн цаадуулыгаа болиулах санаа хэлээд өөрөө эрс татгалзаж буйгаа илэрхийлжээ. Тэгээд ч олон ноёдыг одонгоор шагнасан мөртөө Бадамдоржийн нэрийг Бээжин ерөөс тодорхойлоогүй юм.

Ерөөсөө Монголын тусгаар тогтнолын төлөө эхнээсээ эргэлт буцалтгүй тэмцэж байсан хүнийг коммунист үзэл сурталчид л нэр нүүрийг нь сохлоод хаячихсан юм. Ерөнхий сайдын хувьд хэлэлцээ хийж гарын үсэг зурсан гэж түүнийг “урвагч” гэж нэрлэх явдал нас барснаас нь олон жилийн хойно зохиогджээ. Бадамдоржийг сайн мэдэх Магсар хурцын Монгол улсын шинэ түүх, Дэндэвийн Монголын товч түүх-д түүнийг муулсан юу ч үгүй, харин ч ихээр магтсан байдаг. Энэ хоёр зохиол хорь, гучаад оны үед хэвлэгдсэн. Дэндэв болохоор номдоо Бадамдоржийн зургийг хүртэл онцлон оруулж сайшаасан байдаг. Харамсалтай нь дээр өгүүлсэн БНМАУ-ын түүх гурван ботид Автономийн үеийн асуудлыг хамгийн сайн мэдэх гэрч Дэндэв, Дилав хутагт, Магсар хурц нарын бичиж үлдээсэн түүхэн баримт бүхий номуудыг огт ашиглаагүй, огт дурдаагүй байх юм. Сүрхий ишилсэн Чойбалсан, Дэмид, Лосол нарын 1934 онд хэвлүүлсэн Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх номд Бадамдорж, Цэрэндорж нарыг уравсан учир ална хэмээн Данзан ярьж байсан тухай нэг өгүүлбэр бий. Ийм ойворгон үг хэлсэн ч байж магадгүй, гэхдээ батлагдсан өөр сурвалж алга. 

Бадамдоржийг хамгийн муухайгаар гүтгэсэн зүйл 1942 онд бүтээгдсэн Сүхбаатар кинонд гардаг. Зохиолыг Борис Лапин бичиж, Александр Зархи найруулжээ. Богдтой хамгийн ойр шадар ламыг Бадамдорж гэх ба тэр нь Сүхбаатарт хор өгдөг. Сүхбаатарыг нас барах үед Бадамдорж хэдийнээ хорвоогоос хальсан байсан. Энэ зохиолыг бичсэн орос зүгээр нэг ламыг муу хэлсэн атал зориуд түүнд Бадамдорж нэр өгчээ. “Уут уут мөнгөөр / Улсаа худалдсан сайд / Богц богц мөнгөөр / Богдыгоо худалдсан сайд” гэсэн дууг тэр үеийн Хүрээнийхэн дуулдаг байжээ гэсэн баримт анх 1959 оны үед Өвгөн Жамбалын яриа-нд гарчээ. Өвгөн Жамбал гэж тухайн үеийнхээ үзэл сурталд тааруулаад их худлаа залдаг архичин хүн байсны яриаг Дамдинсүрэн гуай тэмдэглэж авсан юм билээ. Үнэндээ гучаад оны үед театрт тавьдаг асан хувьсгалч балай жүжигт ардын дууны аяд ийм үг оруулан дуулж байсан аж.

Бадамдоржийн хамаг “нүглийг” “илчилсэн” хүн бол түүхч хэмээх Галсангийн Навааннамжил юм. Түүний бичсэн метериалыг Х.Пэрлээ Өвгөн бичээчийн өгүүлэл нэрээр 1956 онд хэвлүүлжээ. Энэ “өвгөн бичээч” нь мөнөөх залдаг архичин өвгөнөөсөө олон арав дахин худалч нэгэн. Гэхдээ түүхч нэртэй, үзэл суртал маш сайн ойлгодог, бичиг үсгийн боловсролтой нэгэн. Автономийн үед бичээч байсан түүнийг хамгийн чадварлаг хурдан бичдэгүүдийн нэг гэж магтагддаг байсан гэх яриа ч бий. Энэ хүн Чойбалсангийн тухай элдэв үлгэр домог олныг зохиож түүхийн үнэн болгон гүжирдсэн, энэ талын мастер нэгэн байлаа. Чойбалсангийн тухай Жанжин Чойбалсан баруун замын байлдаанд, Дайсны ард нэвтэрсэн нь гэх мэт нуль адал явдал дүүрэн “түүхийн” нэлээд ном хэвлүүлсэн. Өнөө болтол Монгол орноор нэг тархсан Сүхбаатарын хэлсэн мэргэн сэцэн үг гэдгийг Навааннамжил хуугаар нь зохиосон юм. Улаанбаатарын төв талбайд буй Сүхбаатарын хөшөөний нүүрэн дэх бичиг ч Навааннамжилын зохиол.

Өвгөн бичээчийн өгүүлэл-ийн ихэнх факт баримт хожмын түүхчдийн судалгаагаар батлагдаагүй. Түүний өгүүлснээр Чэнь И-тэй хуйвалдаж их хөрөнгө мөнгө идсэн хүн нь Бадамдорж, харин жинхэнэ зохион байгуулсан Цэрэндоржийн нэр болохоор энд огт алга. Өвгөн бичээч маань энэ түүхийн бичвэртээ гол гэрч хэмээн өөрийгөө Анваан (Наваан гэдгийг тонгоруулж) нэрээр оруулжээ. Сүхбаатар, Чойбалсан нарын хувьсгалт тэмцэл хүчээ авангуут түүнээс айж сандарсан Бадамдорж мань Анвааныг дуудаж авчираад “Чи энэ үл бүтэх улстай нийлж автономийг эргэж босгох гэж байна” хэмээн толгой түрүүгүй аашилжээ. Сайд Бадамдорж, Чэнь И нар Монголыг дахин Хятадад захируулснаар хэргэм зэргээр олон хүнийг шагнаж цалин пүнлүүг ихээр нэмэгдүүлнэ гэж цуу тараасан чинь цөмөөр хэргэм зэргийн эрэлхийлэлд мордон үүнд нь панзчин, яргачин хүртэл горьдон нийлж үлэмж олон хүн гүн, бээл, бэйс, ван цолыг авч байсан гэнэ. Энэ нь Анваанд шинэхэн буртаг дээр олон золбин нохой цугларан булаалдаж буй санагдан инээд нь хүрээд явж байтал өөрийг нь гүн цолоор шагнаад хаясан байгаа юм. Гүн цол нь түүний амьдарч хүмүүжихэд нь тус болох байтугай чирэгдэл сүйтгэлд дарагдан бөөн дарамт болжээ.

За нэг иймэрхүү л хүүхдийн яриа шиг хөгийн “түүх” цаг өнгөрөх тутам баримтжин “үнэн” болсон юм. Хэсэг хүүхэд Бадамдоржийн хашааны гадна Сю Шүжаны машины чагнаал дуурайн дугарахад мань лам гэрээсээ бөхөлзсөөр гарч ирэв гэх мэтийн “үнэн баримтууд” уран зохиолоор дамжин буй болсон. Ялангуяа Дашдэндэв зэрэг зохиолчид иймэрхүү түүх зохион бодож олохдоо үнэхээр гарамгай байсан юм.

Монголын тусгаар тогтнолыг алдагдуулж гадны цэргийн хүчнийг дуудсан буруутан хожмын түүхчдэд хэрэг болсон. Хувь заяаны шоглоомоор үүнийг эсэргүүцэж байсан хүн нь буруутан болж, нүгэлтнүүд араар нь нуугджээ. “Ард түмнийг даралдаг муухай балиар төрийг толгойлж байсан шар феодол” Бадамдорж, түүний удирдагч “тэмбүүтэй төвд” Богд хаан хоёр үзэл суртлын хувьд тэрхүү урвагч дүрд яг тохирох нь мэдээж шүү дээ. Гээд түүх шоглоомтой ч нэхэл хатуутай. Хичнээн гүтгэсэн ч, урвагчид яаж ч бусдын араар нуугдсан ч хэзээ нэг цагт үнэн илэрдэг. Хүмүүс болсон явдалд гэхээсээ худал домогт илүү автамхай ч гэсэн хожмын хөдөлшгүй баримт нэр усаар нь, цаг нартай нь ил гаргаад ирдэг юм билээ.

 

Эшлэл:

Rupen, Robert. How Mongolia is Really Ruled; A Political History of the Mongolian People’s Republic 1900-1978 (Hoover Institution Press, Stanford 1979)

Тояибана Макото.Монголын мартагдсан түүх: Богд хаант Засгийн газар (1911-1921) (Улаанбаатар 2011)

Идшинноров.С. “Гадаад Монголын автономи ба амгалан байдлыг тусгах бичиг” (Тусгаар тогтнол сонин 1991, №27)

Гадаад Монголын дотоод нууц (Гадаад Монголтой холбоотой Тайваний архивын материалын эмхэтгэл) (НЭПКО паблишин 2016)

Дилав хутагт Жамсранжав. Ар Монголын улс төрийн дурсамж (Улаанбаатар 1991)

Болд, Равдангийн. Монголын тусгаар тогтнол ба Америкийн нэгдсэн улс (1910-1973) (НЭПКО паблишин 2008) 

Бүгд найрамдах Монгол ард улсын түүх II (Улаанбаатар 1969) 

Магсаржав. Н. Монгол улсын шинэ түүх (УБ 1994)

Дэндэв. Л. Монголын товч түүх (Улаанбаатар 1934)

Навааннамжил Галсангийн. Бүтээлийн дээжис (Засгийн газрын хэрэг эрхлэх газар 2011) 

Чойбалсан, Дэмид, Лосол. Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх (Улаанбаатар 1934) 

Лапин Борис.Его завут Сухэ-Батор (1941)

Навааннамжил Галсангийн. Дайсны ард нэвтэрсэн нь (Улаанбаатар 1943) 

Дамдинсүрэн.Ц. Өвгөн Жамбалын яриа (Улаанбаатар 1959)

Навааннамжил Галсангийн. Өвгөн бичээчийн өгүүлэл (Улсын хэвлэлийн газар 1956)

Дашдэндэв Улаан наран (Улсын хэвлэлийн газар 1962)

Б.Баабар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 34 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 45 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 3 цаг 37 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 3 цаг 46 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 4 цаг 9 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 4 цаг 54 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top