x

Ерөнхийлөгч, чөлөөт ардчилалд “өширхөх” болсныг би гайхаад байгаа юм...

(өмнөх нийтлэлийн үргэлжлэл)

Владимир Ипатьев хэмээх Оросын алдарт химич өндөр октаны бензин гарган америкчуудыг баярлуулаад зогсохгүй өөртэй нь хамт цагаачилж очсон мэргэжил нэгт нөхдүүдийнхээ хамт АНУ-ын нефть-химийн үйлдвэрлэлийн салбарыг үндэслэсэн юм.

Инженер Владимир Зворыкон Америкт цагаачилж очоод ХХ зууны нэг гайхамшиг болох телевиденийг бүтээсэн. Зөвлөлтөд патентыг нь аван, хар цагаан өнгийн телевизор хийж байсныг бидний үеийнхэн мэднэ. 

Бас нэг мундаг инноватор (шинийг санаачлагч) орос Александр Понятов видео магнитфон буюу хуурцгийг, Бинг Кросбийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр анх бүтээж "америкчуудыг шуугиулж" байв. Зөвлөлтөд энэ хуурцгийг "видак" гэж нэрлэдэг байсан бөгөөд хар зах дээр бараг орон сууцны үнээр олддог байжээ.

Гэх мэтчилэнгээр, олны хэлдгээр "хар мянган" цагаач инноватор оросууд АНУ-ыг хөгжихөд хүчин зүтгэсэн. 

Би энд Г.А.Гамов, Питер Сорокин, Василий Леонтьев, Симон Кузнец, Айн Рэнд ( жинхэнэ нэр нь Алиса Зиновьевна Розенбаум), Набоков, Рахманинов зэрэг шинжлэх ухаан, урлаг соёлын мундагчуудыг оруулаагүй байгаа шүү!

Нэг гэнэн орос залуу "Америк руу гарсан шилдгүүд цөөхөн байсан шүү дээ!" гэж комментоор мэлзсэн байсан нь мөн ч инээдтэй. Улс орныг "үсрэлт хийлгэх" аугаа шилдгүүд гарын тав, ихдээ л гэхэд арван хуруунд багтдагийг тэр хөөрхий мэддэггүй бололтой.

Харин Путин үүнийг сайн мэдэж байгаа. Тэрбээр, Оросын зэвсгийн хүч чадлыг гайхуулахаар 3-р сарын 18-нд хэлсэн үгийнхээ эхэнд шинэ эрин үед хөгжлийн төвшин технологоос улам хамааралтай болсон тул технологийн өрсөлдөөн галзууран ширүүссэн, энэ өрсөлдөөнд ялагдвал хоцрогдож, тэр хоцрогдлоос залуус, шилдгүүд нь дайжиж, улмаар "Улсаа ч алдах эрсдэлтэй" гэх зэргээр хэлээд, ийм байдалд хүрэхгүйн тулд эрх чөлөөг бүх чиглэлд тэлэн, ардчиллыг өргөжүүлэх ёстой гэсэн үгийг "онцлоход" хэмээн анхааруулж байгаад цохон хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, ниймийн хөгжлийг алдахгүйн тулд либерал ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн лавшруулах хэрэгтэй гэсэн санааг л илэрхийлжээ. 

Тэнд байсан хүмүүсийн цөөнгүй нь Путины хэлсэн үгийн энэ гол хэсгийг анхаарахаас илүүтэй шинэ пуужингийн тухай танилцуулах хэсэг дээр нь сэргэцгээж байна билээ. Кадыровчууд дүүрэн сууж байсан болохоор аргагүй. Энэ бол Путины зовлон юм даа!

Хятад орон ч баруунд мөн л шилдгүүдээ "бэлэглэсэн" юм. Синьхайн хувьсгалын дараагаас эхэлж бараг дөчин жил үргэлжилсэн үймээн самуун, иргэний дайн, тэр бүхний дараа 1949 онд тогтсон коммунист тоталитар дэглэмээс хэдэн арван сая хятад хүн дайжсан. Тэдний нэг хэсэг барууны орнууд гарч очин хөгжлийг нь тэтгэж, нөгөө хэсэг нь Америкийн хөрөнгө оруулалт, хамгаалалт дор Сингапур мэтийн Азийн баруудыг бүтээн босгосон билээ. 

Маргарет Тэтчер "Хятад хүмүүс дэлхийн хамгийн чадварлаг бизнес эрхлэгчид" гэсэн байдаг. Нээрээ л дэлхийн хөрөнгийн зах зээл дээрх хамгийн том хоёр өрсөлдөгчид бол хятад, еврей хоёр үндэстэн. 

Нобелийн шагналтай хятад эрдэмтэд бүгд Америк, Их Британийн харьяат байдаг. Гэтэл коммунист Хятад ийм хэмжээний нэг ч эрдэмтэн байхгүйгээр барахгүй соёлын хувьсгалын үеэр байгаа эрдэмтнүүдээ золтой л устгачихаагүй.

Ши Жинпин шилдгүүдээ алдахын горыг бас мэднэ. Тийм учраас улстөрийн либералчлалд таагүй хандах атлаа эдийн засгийн либералчлал, чөлөөт зах зээлийн төлөө тууштай явахаа илэрхийлдэг. 

Тэр "Протекционизм гэдэг бол харанхуй өрөөнд өөрийгөө түгжсэнтэй адил" хэмээн протекционизмыг дайрч, либертариан эдийн засагчдыг дуу алдуулж байна. Хятад улс өнөөдөр хөрөнгө оруулалт, худалдааны эрх чөлөөг хамгаалах ажлыг манлайлагч гүрэн болчихдог нь үнэхээр гайхалтай явдал.

Хятад өөрийнхөө шилдгүүдийг алдахаас сэргийлэх бодлого явуулаад зогсохгүй бусад улсын шилдгүүдийг "урвуулах" зорилгоор визийн горимдоо өөрчлөлт оруулж байна. Хувийн бизнес, өмчийн баталгааг улам төгөлдөржүүлж байна.

Энэ мэтийг тооцон тунгаан бодоход Ерөнхийлөгч Баттулгын чөлөөт ардчиллыг геополитикт эсрэгцүүлсэн нь том эндүүрэл. Том эндүүрэл байгаад зогсохгүй том эрсдэл дагуулсан политик. 

Чөлөөт зах зээл, ардчиллын замаар хөгжихгүй, геополитикоор хөгжинө гэдэг санаа маш осолтой санаа. Өнгөрсөн зуунд Монгол улс геополитикийн хайчинд орохдоо ардчиллаа устган, иргэдийнхээ өмч хөрөнгийг хураан, бизнес хийх эрхийг хориглон, дотоод гадаадын капиталыг шахан зайлуулж, сүм хийдээ шатаан, 40 мянга орчим гэмгүй иргэдээ хөнөөн эцэстээ нэг их гүрний "колони" болсноор дууссан. Энэ тухай нэхэн санавал, Ерөнхийлөгч маань шинэ зууны "шинэ колончлол"-ыг санал болгож байгаа юм биш үү!? гэсэн хар өөрийн эрхгүй төрнө!

Ер нь геополитикоор хөгжинө гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Ухаан нь геополитикийн эрх ашиг шаардаж байна гээд Оюутолгойг хурааж аваад "геополитикийн түншийнхээ" компанид өгнө гэсэн үг үү? Гуравдагч хөршийнхөө капиталыг геополитикийн төлөө шахан зайлуулна гэсэн хэрэг үү? Японтой хийсэн чөлөөт худалдааны гэрээг цуцална гэсэн үг үү? 

Бүр эсхүл, геополитикийн хүчтэй тоглогч байхын тулд Ерөнхийлөгчийн засаглал тогтоох хэрэгтэй, парламент олон улсын гэрээ хэлэцээрийг удаан шийдэж байна гэх гээд байгаа юм уу? Геополитикт тааруулан Үндсэн хуулиа өөрчлөх дараагийн алхмаа хийхээр хэдийн ирээдүйн түнштэйгээ тохирсон юм болов уу? Энэ мэт тодруулах шаардлагатай олон асуулт ар араасаа хөвөрч байна!

Баттулга, өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн 90 оны ардчилсан хувьсгалын ололтод "өширхөх"болсонд л би бүр гайхаад байгаа юм!

60 жил гар хүрээгүйн улмаас нурах шахсан цэргийн ангиудынхаа орон байр, казармыг шинэчилье гээгүй байж цэргийн социализм байгуулна гэж нэг хэсэг шуугиулсан. 

Дараа нь цаазаар авах ялыг сэргээх кампанит ажил зохион байгуулсан. Одоо тэр нь атозчин радикалуудын тренд болоод, тэд сав л хийвэл "цаазалъя" гэж орилдог болсон. 

Одоо бүр, либерал ардчилал мухардлаа, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад элсье гэнэ ээ! Эдийн засгийн хөгжлийн ямар ч төсөл хөтөлбөр яригдаагүй байгаа ШХАБ-д дуртай юм бол элсэнэ л биз, чөлөөт ардчилал, зах зээлийн үл үзэгдэх гарыг доош нь хийх шаардлага юу вэ? ШХАБ-д элсэх болзолд ардчиллыг устгана гэсэн шаардлага байхгүй биз дээ?!

Ерөнхийлөгч Баттулга, чөлөөт ардчилал, зах зээлийн олгосон боломжийг завхруулан буруудуулсан бүх бурууг нам, улстөрчдийн шуналдаа хөтлөгдсөн тэнэглэл, хариуцлагагүй үйл ажиллагаанаас л хайх ёстой шүү! Ардчилал, монголчуудад эрх чөлөө, боломж олгосноос өөр ямар ч гэм хийгээгүй! Ардчилалд өширхөх хэрэггүй!

Э.Бат-Үүл /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.120.164)
    Юм мэдэхгүй хүмүүсээс илүү огт юуч мэдэхгүй байж асар их мэдлэгтэй болж мэдэмхийрч олон түмний тархи толгойг угаадаг Бат - Үүл , Баабар мэтийн хүмүүс хорт хавдар мэт хамгийн аюултай . Мэдэмхийрч шал худлаа дүгнэлт хийж олон түмэнд өөрийн хорт үзэл бодлоо тулгадаг .Ийм хорт хавдруудыг нийгмээс цэвэрлэх хэрэгтэй
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2 цаг 21 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 32 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 4 цаг 24 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 4 цаг 32 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 4 цаг 56 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 5 цаг 41 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top