x

ШХАБ ба Монгол

ЗХУ, БНХАУ-ын хооронд олон жил үргэлжилсэн газар нутгийн маргааныг нэг тийш шийдвэрлэх тохиролцоо 1980-аад оны эцсээр эхэлсэн билээ. Асуудлыг шийдэж амжаагүй байтал ЗХУ задран, харин ч хилийн маргаантай улс орнууд улам нэмэгдлээ. Үүнд юун түрүүн Киргизстан, Казахстан, Тажикстаныг нэрлэх хэрэгтэй. Чухам ийм үндсэн дээр хамтарч асуудлаа шийдэхийн тулд 1996 онд “Шанхайн тав” хэмээх байгууллага буй болсон юм. Тэр үед уг байгууллагын гол зорилгыг цэргийн салбар дахь харилцан итгэлцэл, хил орчим дахь цэрэг зэвсгийн тоо хэмжээг харилцан бууруулах гэж томъёолж байв.

2001 онд Шанхайн тавыг зургаан орны гишүүнчлэлтэйгээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) болгон өргөжүүлсэн юм. 2004 оноос уг байгууллагыг өөрийн төсөв, ажиллагааны механизмтай болгон албажуулжээ. Байгууллагын зорилгыг: хамтын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн холбоо, энх тайван аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа, терроризм, салан тусгаарлал, хэт давралын эсрэг хамтран тэмцэх, улс төр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа гэх мэтээр тодорхойлжээ. 

ШХАБ 2004 оноос ажиглагчийн статус буй болгосонд хамгийн түрүүн Монгол улс нэгдэв. Гишүүнээр элсүүлэх урилгыг юун түрүүн Монгол, Туркменистан хоёр оронд тавьсан боловч түркменчүүд татгалзсан ба одоо болтол ямар ч холбоо тогтоогоогүй явсаар. Харин Монгол улс хоёр хөршийн байнгын урилга заллага, хатуу нэхлийн үр дүнд ажиглагчаар орсон юм. Дараа нь энэ нийгэмлэгт Энэтхэг, Афганистан, Пакистан, Иран улсууд ажиглагчийн статустай болсон ба Түрэг, Шри Ланка, Беларусь улсууд ажиглагчаар нэгдэх хүсэлтээ гаргачихаад байна.

Өнгөрсөн арав гаруй жилийн түүхийг эргэн харахад ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа төдийлөн тод харагдсангүй. Нийгэмлэгийн хүрээнд бүтээсэн томоохон ямар ч төсөл байхгүй байсаар. Бүхий л эдийн засгийн хамтын ажиллагаанууд хоёр талын, их сайндаа гурвалсан төслийн хэмжээнд явагдаж ирлээ. Мэдээж энэ тал дээрээ маш амжилттай урагшилж байгаа. Орос-Хятадын худалдааны баланс 2000 онд гурван тэрбум доллар байсан бол өдгөө 80 тэрбумд хүрчээ. Хятадын байгалийн хийн импортын 20 хувийг Тажикстан ганцаараа хангаж байна. 

ШХАБ-ын анхаарлын төвд байдаг нэг хэрэг бол бүс нутгийн тогтвортой байдалд саад болж болохуйц газар нутгийн маргаантай асуудал юм. Эдгээр гишүүн орнуудын нийтлэг хилийн шугамын алинд нь ч талууд бүрнээ хүлээн зөвшөөрсөн хилийн димаркаци байхгүй. Үүнээс болж өнөөдөртөө маргаан шүүмжлэл өрнөөгүй боловч хэдийд ч хэрүүл шуугиан үүсэх магадлалтай. 

Өөр нэг анхаарлаа хандуулж байгаа асуудал нь терроризм, сепаратизм, экстермизм болой. Энэ асуудал бүх гишүүн орнуудын хамгийн том зовлон болчихоод байгаа юм. Гэвч одоо болтол үр дүнтэй хамтын ажиллагааны механизм олоогүй байгаа тул хамтын ажиллагаа гэхээсээ тус бүрдээ өөр өөрийн замаар тэмцэл явуулж байгаа. Иймээс ШХАБ-ыг нэгдсэн ажиллагаатай байгууллага гэхээсээ байнгын уулзалт зохиож харилцан хөөрөлддөг клуб гэж тодорхойлдог судлаачид ч цөөнгүй бий. ШХАБ-ын хүн амын 96 хувь, үндэсний нийт бүтээгдэхүүний 97 хувь нь Орос, Хятад хоёрт хамаарч буй тул зөвхөн энэ хоёр орны эрх ашгийг хамгаалах байгууллага ч гэж үзэх нь буй. 

ШХАБ нь хэд хэдэн ажиглагчтай болсноос гадна нэмж нэгдэх орнууд шинээр хүсэлт гаргах болсонтой холбоотойгоор ирээдүйн бүрэлдэхүүний талаар нэлээд бэрхшээлтэй тулгараад байна. Жинхэнэ гишүүнээр элсэхэд бэлнээ илэрхийлсэн Энэтхэг, Пакистан хоёрын эхнийхийг нь Хятад зөвшөөрөхгүй сүүлчийнхийг нь зөвшөөрч байгаа бол Орос аль алиныг нь дэмжиж байгаа. Хоорондын харилцаа нэн таагүй Энэтхэг, Пакистан хоёр хамтаар гишүүнээр элсвэл энэ байгууллагын гадаад бодлого зөрчилд орон үйл ажиллагааных нь эрчим буурах төдийгүй утга учраар бага болно. Хэрэв ШХАБ нь терроризмын эсрэг тэмцлээ гол зорилгынхоо тэргүүнд тавьдаг юм бол олон улсын хоригт орж, террорист гүрэн гэж зарлагдсан Иран энд байгаа нь дэндүү логикгүй гэсэн шүүмж их гардаг. Америкийн цэргийн хүчин гарсны дараа ямархуу улс орон болох нь тодорхойгүй Афганистан яах вэ? Өргөдлөө өгөөд байгаа Түрэг ямар санаа цаанаа агуулж байна вэ? Азийн орон биш гэдэг шалтгаанаар түр түдгэлзүүлээд байгаа Беларусь ШХАБ-д нэгдэх болов уу?

ШХАБ анх байгуулагдахад АНУ үүнийг төдийлөн анзаараагүйн шалтгаан нь өөрийнх нь эрх ашигт нөлөөлөхгүй гэж үзэж байв. Харин 2004 оны Астанагийн уулзалтаар Киргизстан, Узбекстанд буй цэргийн баазаа татан буулгах хугацаагаа яаралтай тодорхойлохыг АНУ-аас шаардсан ба үүний дараахан Узбекстан нь Хятад, Оросын шахалтаар АНУ-ыг өөрийн нутагт буй баазаа зургаан сарын дотор татан буулгахыг тулгасан. Гэтэл Афганистанд талиб болон Ал Кайдагийн эсрэг явуулсан дайны үеэр ойр дөтөөр нь эдгээр оронд цэргийн баазаа байгуулахыг сайшаан урьсан газар нь Орос өөрөө билээ. Ийнхүү сүүлийн арав орчим жилд ШХАБ нь тун аажуухан явцтай боловч улам бүр АНУ ба НАТО-той сөргөлдсөн блок болох зам руу дөтөлсөөр буй. Крымын үйл явдлаас болж Орос улс Өрнөдийнхөнтэй муудалцан хоригт орсон бол саяхан Обама Японд айлчлахдаа тэдний Хятадтай хийж буй газар нутгийн маргаанд АНУ нь Японыг дэмжихээ илэрхийллээ. Энэ нь Өрнөдийг сөрсөн цэргийн эвсэл шинээр үүсэх буюу бэхжин томрох шалтаг болох боломжтой. Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Иран гэсэн бүгдээрээ цөмийн зэвсэгтэй ба НАТО-той харилцаа нь төдийлөн найрсаг бус орнуудын бөөгнөрөл болж ч болох бололцоотой харагдана.

ШХАБ байгуулагдсан цагаасаа цэргийн хамтарсан сургууль хийх боллоо. 2003 онд Казахстанд болсон анхны сургуулилтад ШХАБ нь цэргийн эвсэл мэт харагдуулахаас болгоомжилсон Хятад оролцоогүй бол ердөө хойтон жил нь дараагийн сургуулилтыг өөрийн нутагт зохион байгуулжээ. 2005 оноос ШХАБ-ын далбаан дор Орос-Хятадын томоохон цэргийн хээрийн сургууль “Энхийн элч” нэртэйгээр явагдан тогтмолжлоо. ШХАБ нь цэргийн холбоо биш, зөвхөн терроризмын эсрэг сургуулилт хийдэг хэмээн байнга мэдэгддэг боловч, том хэмжээний хээрийн сургууль, тэр дундаа далайн цэргийн сургуулилт нь зорилгоосоо асар хальсан мэт. 

Монгол улс бол бүс нутагтаа алив оронтой хилийн ямар ч маргаангүй, хил хязгаар нь хөршүүдээрээ бүрнээ хүлээн зөвшөөрөгдсөн, хилийнбүтэн димаркацтай цорын ганц орон юм. Цөмийн зэвсэггүй бүс хэмээн НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван гүрнээр хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн цорын ганц орон. Бүс нутагт байнга аюул учруулж буй лалын хэт даврагсадын халдлага болон хүйтэн дайны үлдэгдэл явуулгаас хол хөндий байдаг. НҮБ болон Хамтын нийгэмлэгийн хүрээнд энхийг сахиулах ажиллагаанд идэвхитэй оролцон дипломат арга замаар аюулгүй байдлаа сахих Батлан хамгаалах бодлоготой улс. Хоёр хөрштэйгээ эв найрамдалтай зэрэгцэн оршихын зэрэгцээ дэлхийн бүхий л улс оронтой хамтран ажиллах “гуравдахь хөршийн бодлого” тунхагласан төвийг сахисан бодлого бүхий Гадаад харилцааны зарчмаа тунхагласан орон билээ.

2014.7.3

Урьд нь миний бие Шанхайн хамтын ажилгааны байгууллагын (ШХАБ) тухай хоёр ч өгүүлэл бичиж нийтлүүлсэн (“Шанхайнхан ба бид”, 2005; “Шанхайн хамтын нийгэмлэг ба Монгол”, 2014), мөн энэ сэдвээр гадаад дотоодын нэлээд хэдэн хурал зөвөлгөөнд илтгэл тавьсан билээ. Саяхан энэ байгууллагад ажиглагч Энэтхэг, Пакистан хоёр зэрэг элсэн жинхэнэ гишүүүн орон боллоо. Ингэснээр энэ байгууллагын хүрээ өргөжихийн зэрэгцээ дотоод зөрчил хурцдах шинжтэй болж ирж буй талаар судлаачид тэмдэглэх болов. Олон улсын байдлын талаархи судлаач Д. Баярхүүгийн саяхан бичиж нийтлүүлсэн “ШХАБ хаашаа явж, хэн хааш нь чиглүүлнэ вэ?” өгүүлэлд энэ талаар нэлээд тодорхой өгүүлжээ. 

Монгол улсын гадаад бодлогын зарчмыг 1990 онд тунхагласан ба үүнээ 1992 оны шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан билээ. Өнгөрсөн гучаад жилийн туршид улс төрийн намуудын хоорондын дотоодын тэмцэл ер бусын ширүүн байсан учир Засгийн газар болгон өмнөх засгийнхаа бодлогыг үгүйсгэн хийснийг нь нурааж, улс орныг цоо шинээр удирдаж байсан авч ерөнхийдөө нэгэнт баталсан гадаад бодлого руу довтолж эрс өөрчлөлт хийх гэсэн оролдлого бараг гараагүй. Монгол улсын хувь заяа гадаад бодлогоосоо дэндүү хамааралтай явж ирсэн, одоо ч тийм, хойшид ч тийм байх болно. Үүнд ялангуяа хоёр хүчирхэг хөршийн нөлөө шийдвэрлэх үүрэгтэй.

Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхмэлсэн гадаад бодлого баримтлана”, 4 дүгээр зүйлд “Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно” гэж заажээ. “Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн... энхийн бодлого” гэдэг нь алив цэргийн эвсэлд үл хамаарахыг давхар хэлж буй хэрэг. “Гурав дахь хөршийн бодлого” гэдгийн гол санаа нь хэнтэй ч муудалцахгүй, хэний ч эсрэг ямар нэг үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн үг. Гэхдээ “нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ” гэдэг нь олон улсын терроризмын эсрэг тэмцэлд нэгдэхгүй гэсэн санаа бишийг тодорхойлжээ. 

Сүүлийн үед ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэн үүрэг хүлээх тухай дээр дооргүй ихэд ярих боллоо. Элсвэл ямар ашиг гарах, элсэхгүй ажиглагчаараа байгаад байвал ямар хохирол гарах талаар эхлээд бодох нь зүйтэй. Үүнээс гадна хэдийгээр хоёр хөршийн зүгээс тус байгууллагад элсэхийг олон жилийн турш зөвлөж, шахаж, гуйсан ч Монголын төр төвийг сахин ажиглагчаараа үлдье гэсэн зарчим барьж байснаа гэнэт энэ нь бодлогын хувьд эрс өөрчлөгдөв үү, эсвэл гадны шахалтаар элсэх гэж байна уу гэдэг чухал асуулт. Нөгөөтэйгүүр, элсдэг юм гэхэд Монгол улс ямар үүрэг хүлээх вэ? Олон улсын болоод хоёр улсын гэрээ хэлэлцээр, байгууллагад хамаарахад заавал ямар нэг үүрэг хүлээдэг ёстой, энэ нь ийм төрлийн байгууллага байгаагийн гол утга юм. Хэн ч ямар ч үүрэг хүлээдэггүй байх аваас үүнийг найрсаг уулзалт, баярын арга хэмжээ гэх мэтээр нэрэлдэг биз дээ?

ШХАБ-д элсэх дээрээ тулбал заавал УИХ-аар хэлэлцэж хууль гаргуулах шаардлагатай болно. 2000-аад оны эхээр Оросын Хятадад худалдах олон онгоцыг Монголын нутгаар дайруулан гаргах зөвшөөрлийг тухайн үеийн Ерөнхий сайд бие даан шийдсэн нь Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийг шууд зөрчсөн болох нь тэмдэглэгдэн үлджээ. 

Хэдийгээр ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлсэн болоод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээ өдий болтол үгүй байгаа боловч тус байгууллагын гишүүн аль ч оронтой Монгол нь хамтран ажиллах, элдэв төсөл хэрэгжүүлэх нь бүрнээ нээлттэй юм. Ялангуяа хөршөөс гадна ШХАБ-ын нийт оролцооны дийлэнх хувийг бүрдүүлж буй Орос, БНХАУ-тай эдийн засгийн талаар улам нягт, харилцан ашигтай хамтын ажиллагаа маш чухал нь ойлгомжтой. Үүнээс гадна боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт хэнтэй нь ч хамтран ажиллахад гишүүн биш хэмээн гадуурхахгүй нь ойлгомжтой. Харин ч 2016 онд Ташкентад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг үеэр Си Жинпин хэлэхдээ “ШХАБ нь Хятад, Монгол, Оросын гурван талын хамтын ажиллагааны ашигтай талбар мөн” гэж онцолсон. Энэ нь эдийн засгийн коридор байгуулах гэж байгааг хэлсэн хэрэг. Хөрөнгийн голыг гаргах гэж байгаа орны тэргүүн ингэж хэлсэн нь ажиглагч Монголын хувьд талархууштай санаа юм. 

Яг одоо ШХАБ-д интеграцын бүтээн байгуулалт, бүс нутгийн дэд бүтцийн томхон төслүүд яригдаагүй, худалдаа-хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ямар нэг төсөл хөтөлбөр, хамтарсан ажиллагааны ганц ч эхлэл алга байгаа болохоор ШХАБ руу Монголыг түлхэх, уриалах, элсэж орохоос өөр аргагүй болсон мэт сурталдах нь тун оновчгүй алхам юм. Дотооддоо шийдчихэж болох, өөрсдөө хөдөлмөрлөөд ядуурлаасаа гарчихаж болох бэрхшээлээ ШХАБ-д нялзааж, түүнд найдлага тавих, асар их тусламжийн мөнгө, хүүгүй зээл ШХАБ-аас орж ирэх мэтээр хий горьдох нь өөрөө өөрийгөө хуурахаас хэтрэхгүй. Бээжинд ШХАБ-ын төв штаб, Шанхайд ШХАБ судлалын хүрээлэн байнга байрлаж байгаагаас гадна ШХАБ-ын хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай яригдаж байгаа. Ийм газруудад Монголын орон тоо гарч тэнд очиж ажиллана гэсэн сэдлээр асуудалд хандаж байгаа бол энэ нь бүр ч гэмтэй.

ШХАБ бол олон улсын байгууллага. Иймээс улс хоорондын бусад байгуллагын нэгэн адил төсөв нь гишүүн орнуудынхаа төлдөг татвараас бүрддэг. Мэдээж төсвийн ихэнхийг Хятад, Орос хоёр бүрдүүлдэг авч Монгол ч мөн элсэх дээрээ тулбал татвар төлөхөөс аргагүй болно. Энэ нь жилийн тэрбум төгрөгөөс наашгүй гэсэн тооцоо гарчээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар гэрээ хийсэн хүмүүсээ барьж аваад шоронд хийчихдэг манайх шиг оронд шийдвэр гаргасан хүмүүсийг авилга хээл хахуулиас өгсүүлээд урвагчаар нь олон жил гүтгэн доромжлох байх. Эцэст нь гишүүнээр элсэж үүрэг хүлээж байснаас ажиглагчийн статустайгаар, түүнийгээ “идэвхтэй” гэсэн тодотголтойгоор цэргийн бус бүхий л ажиллагаанд нь идэвхтэй оролцоод явахад харин ч илүү нэр хүндтэй баймаарсан.

1967 онд Монгол улсыг Варшавын гэрээнд элсүүлэхээр нам төр шийджээ. Ингээд Варшавын гэрээний дээд хэмжээний уулзалтад Батлан хамгаалахын сайд генерал Лхагвасүрэнг явуулав. Ихэнх гишүүн орнууд дэмжих шинжтэй байсан авч Румыны Ерөнхийлөгч Чаушеску онцгойлон эсэргүүцэж, бүр доог тохуу болгожээ. Эцэст нь тухайн үед Варшавын гэрээний байгууллагыг даргалагч орон Польшийн Ерөнхий сайд Циранкэвич эрс татгалзжээ. Европын цэргийн холбоонд хаа байсан Монгол ямар хамаатай юм гээд бараг л Монголын төлөөлөгчдийг хөөж гаргасан бололтой. Элсүүчихсэн бол яана??!

Нийтлэлч Б.Баабар /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2 цаг 27 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 38 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 4 цаг 30 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 4 цаг 38 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 5 цаг 2 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 5 цаг 47 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top