Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах” аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Эрүүл мэндийн төв хамтран “Хуванцар савны хэрэглээ, түүний хор хөнөөл” сэдэвт сургалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд болон хороодод зохион байгуулжээ.
Сүүлийн жилүүдэд “Цэнхэр, шар” гэх тодотголтой химийн бодис хадгалах, зөөвөрлөх зориулалт бүхий хуванцар савны хэрэглээ ихэссэнтэй холбогдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Хордлого судлал болон Эрдэм шинжилгээний нийгэмлэгээс хуванцар савны хэрэглэгээг багасгах тал дээр ихээхэн анхаарал хандуулж, тандалт судалгааг хийсээр байгаа юм.
Тодруулбал, хуванцар саванд хонуулсан усанд хийсэн шинжилгээний дүнг төвлөрсөн сүлжээний устай харьцуулахад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их, сүүнд хүнд металл болох кадьми стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин, айрагт 4.4 дахин их буюу хүний биед маш ноцтой хохирол үзүүлэхүйц дүн гарсан байна.
Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас ахуйн хэрэглээнд хуванцар савыг хэрэглэхгүй, ашиглахгүй байж, аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.