УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барвсан боловч “Хуульд нийцээгүй” гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй. Гэтэл өнөөдөр хүлээж авсан шалтгаан юу вэ?
-Хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх үе шат бүхэн хуулийн дагуу явдаг. Түүнээс хэн нэгний хүсэл зоригоор болно, болохгүй гэдэг асуудал байхгүй. Хууль тогтоомжийн тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулагддаг. Хуулийн төсөл боловсруулсан хүн эхлээд УИХ-ын Тамгын газарт хандсаны дагуу гурав хоногийн дотор хуулийн бүрдлийг хянадаг. Хэрэв хуулийн дагуу шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзвэл УИХ-ын даргад хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд бэлэн болсон гээд өргөн мэдүүлдэг. Өчигдрийн хувьд зарим нэг зүйл дутуу байсан. Жишээлбэл, бид хуулийн төслийг файлаар заавал авдаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тухайн хуулийн төслийг ард иргэд бүгд мэдэж байх ёстой шүү дээ. Ямар хуулийг төсөл өргөн мэдүүлснийг www.parliament.mn цахим хуудсанд тавьдаг. Тийм учраас зарим нэг бүрдэл дутуу байсан болохоор өчигдөр бүрдлийг нь хангуулсан. Энэ бол УИХ-ын дарга ч юм уу, болно, болохгүй, дуртай үедээ авна, авахгүй гэдэг асуудал биш. УИХ-ын Тамгын газарт олон жилийн туршлагатай мэргэжлийн хуульчид ажилладаг. Тэд хуулийн төслийн бүрдлийг шалгаад бүрэн гэж үзвэл УИХ-ын даргад өргөн барьдаг л хуультай, журамтай юм.
-Тэгэхээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ дараалал харгалзахгүй хэлэлцэнэ гэсэн үг үү?
-Хууль хэлэлцдэг журам бий шүү дээ. Хуульгүй юм ярьж болохгүй. Хүн бүр хуулийн төсөл өргөн бариад дур дураараа үүнийг ч хэлэлцэнэ, түүнийг ч хэлэлцэнэ гээд байж болохгүй шүү дээ. Хэрэв тийм байвал парламент ч гэж байх хэрэггүй болно. Хуулийн төсөл өргөн барьвал холбогдох байнгын хорооны дарга энэ хуулийн төслийг хэлэлцүүлье гэдэг саналаа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар танилцуулна. Даргын зөвлөлийн гишүүд нь ярьж байгаад энэ болох юм байна гэж үзвэл тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулна. Хэлэлцэх асуудлын дараалалд орсон асуудал чуулган дээр танилцуулагдана. Гишүүд санал гаргавал дараалалд зарим нэг өөрчлөлт ордог. Ийм л хуультай. Тэр хуулийнхаа дагуу л хэлэлцэнэ. Түүнээс биш УИХ-ын дарга энэ хуулийг авна, авахгүй гэдэг ч юмуу, эсвэл энэ хуулийг одоо хэлэлцүүл гэдэг юм байхгүй.
-УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар огцруулах тухай хуулийн төслийн агуулга нь Үндсэн хууль болон бусад хуульд хэр нийцэж байгаа юм бол?
-Одоо, нэгэнтээ хуулийн төсөл өргөн барьчихсан бол энэ Их Хурлын ажил гэсэн үг. Их Хурлын гишүүд бусад бүх асуудлыг хэлэлцдэг журмын дагуу хэлэлцээд явна.
Хуулийн тухай хуульд тодорхой заалтууд байгаа. Гэхдээ УИХ-ын даргын зүгээс “Энэ хуулийн төслийг яаралтай хүлээж авах нь зөв. Гадаа хүмүүс жагслаа, зөндөө л асуудал боллоо. УИХ-ын чуулган ч хуралдах боломжгүй байна. Тиймээс хуулийн дагуу хэлэлцээд шийдвэрлэх нь зөв” гэсэн байр суурьтай байгаа. Хэлэлцүүлэг хийх асуудалд Дэгийн тухай хуулиар өргөн барьж байгаа бол айхтар нарийн шаардлага тавигддаггүй. Гэхдээ хуулийн төсөл боловсруулахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан яаж бодсон юм бол доо. Уул нь УИХ-ын даргын асуудал яригдаж байгаа, үндсэн асуудал нь Их Хурлын даргын асуудал учир УИХ-ын тухай хуулиндаа өөрчлөлт орсны дараа Дэгийн асуудал яригдмаар юм. Яаж ч бодсон тийм л баймаар юм. Гэтэл сая Дэгийн тухай хууль өргөн барьчихлаа л даа. Тиймээс жаахан зөрчилтэй асуудал гарчихав уу гэж би ойлгож байна.
-УИХ сүүлийн хоёр сар шахам хугацаанд үйл ажиллагаа тасалдлаа. Үүнээс болоод чуулганы хаалт хойшлох уу?
-Чуулганаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай хуулиуд байдаг. Улс орны эдийн засаг, мөнгөний бодлого, төсөв төлөвлөгөөтэй холбоотой хэлэлцэхгүй л бол болохгүй тийм асуудал байдаг. Тэрийгээ оноос өмнө хуулийн хугацаандаа багтаад дуусгасан л гэсэн үг.
Хугацаа сунгах асуудал хуулиар зохицуулагдана. Хоёрдугаар сарын 10 хүртэл хуулийн хугацаатай. Даргын зөвлөл дээр ярьж байгаад захирамж гаргаад хугацааг хэд хоногийн өмнө нааш нь татаж завсарлах ч юмуу, хэд хоногийн дараа ч юмуу завсарлахаар шийдвэрлэх тохиолдол байдаг. Тухайн үедээ л шийдэх байх. Одоо бол хэлж мэдэхгүй.
-УИХ-ын даргын зөвлөл хамгийн сүүлд хэзээ хуралдсан бэ?
-Долоо хоногийн тав дахь өдөр болгон УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байгаа. Даргын зөвлөл УИХ-ын бүтцийн бас нэг хэсэг шүү дээ. Хуралдсаар ирсэн. Өнөөдөр ч хуралдах байх.
-УИХ-ын гишүүдын ирцийг хурууны хээгээр бүртгэх тухай хууль батлагдсан. Энэ хууль хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Хурууны хээгээр бүртгэх асуудал дөрөвдүгээр сарын 05-наас үйлчилж эхлэх хуулийн заалттай. Маш богинохон хугацаанд үүнийг хийх шаардлага УИХ-ын Тамгын газарт тавигдаж байгаа. Чуулган завсарлангуут бид энэ асуудлаа ярина. Тамгын газар 200-аад хүн ажиллаж байна. Тэр хүмүүс аль хэдийнэ ажилдаа орсон. Надад техникийн шийдлүүдийг танилцуулсан. Удахгүй ажлын хэсэг томилогдоно. Техникийн шийдлүүд дээр мэргэжлийн хүмүүс ажиллаад, надад санал танилцуулах байх.
-УИХ үйл ажиллагаа явуулах чадамжгүй боллоо6 УИХ-ыг тараах хэрэгтэй гэдгийг олон нийтийн зүээс ярьж, зарим гишүүд ч хүлээн зөвшөөрч байгаа. Тамгын газар үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулинд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй бол асуудал яригддаг. Тамгын газрын хувьд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болчихлоо гэдэг дүгнэлтийг бид хэлэхгүй. Яагаад гэвэл тийм боломжгүй болчихсон нөхцөл байдал хараахан үүсээгүй байгаа гэж ойлгож байгаа. Тодорхой улс төрийн маргаантай асуудал байх шиг байна, хуулийг нь өргөн барьж байна. Хуулийн дагуу асуудлыг хэлэлцээд шийдвэрлээд явах байх. Боломжгүй болно гэдэг шал ондоо ойлголт шүү дээ. Тухайлбал сая өргөн барьсан төсөл улс төрийн үл ойлголцол, гацааг гаргах байх гэж бодож байна. УИХ-ын дарга бол “Хуулийн дагуу энэ асуудлыг өргөн барьсан, энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн байр суурьтай байгаа. Өнөөдөр олон нийтийн сүлжээгээр хуулийн төслийг авахгүй гэнэ, авна гэдэг мэдээлэл яваад байх шиг байна. Тийм асуудал байхгүй. Нэгэнтээ өргөн барьсан учир хуулийн дагуу хэлэлцээд явна. Түүнээс биш УИХ-ын даргад энэ асуудлыг яаралтай оруулж ир, шийдвэрлэ гэдэг эрх байхгүй. УИХ-ын бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байдаг. Даргын зөвлөл нь хуралдана. Даргын зөвлөлийн хуралд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга орж ирж саналаа хэлэх байх. Хурал дээр асуудлаа тал бүрээс нь ярилцаж, тэгээд дараалалдаа оруулна.
-Ашигт малтмалын тухай хуульд нөмөлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэзээ хэлэлцэх вэ?
-Нэн яаралтай хуулийн төсөл өргөн мэдүүлчихсэн байгаа. УИХ хэлэлцээд явж байгаа. Алтны татвартай холбоотой асуудал. Нэн яаралтай асуудал гэдэг нь УИХ-ын бүх үйл ажиллагаагаа зогсоож байгаад түүнийгээ л хэлэлцэнэ гэсэн үг шүү дээ.
Сэтгэгдэл (2)