Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд “Ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх Үндэсний цахим элч” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
2024 оны 10 сарын 10-наас 2025 оны 1 сарын 9-нийг хүртэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 13 аймгийн нийт 1277 ахмадыг хамруулсан энэхүү хөтөлбөрийн хүрээнд:
- 137 сайн дурын оюутан, залуус, ахмад хүмүүсийг сургагч багшаар бэлтгэсэн.
- Ахмадуудад өдөр тутамд хэрэгцээтэй цахим ур чадваруудыг зааж, залуу болон ахмад үеийн харилцааг сайжруулахад хувь нэмэр оруулсан.
Сургалтын агуулга
Ахмадуудад суурь болон ахисан түвшний дараах ур чадваруудыг заасан:
-
Суурь түвшин:
- Ухаалаг гар утасны хэрэглээ, интернэтийн ашиглалт.
- Gmail, Google хайлт, Google Calendar, Google Photos ашиглах.
- Сошиал медиа аппликейшн ашиглах, онлайн дуудлага хийх.
- Төрийн үйлчилгээний аппликейшн (И-Монгол, И-Кидс).
- Банкны аппликейшн ашиглах, төлбөр тооцоо хийх.
- Контент бүтээх, зураг, бичлэг засварлах.
-
Ахисан түвшин:
- Google Maps, Google Drive ашиглах.
- Цахим гарын үсэг, Zoom, Telegram хэрэглэх.
- Кибер аюулгүй байдал, давхар шатлалт хамгаалалт.
- E-Business, И-Баримт, И-Татвар, И-халамж.
- Компьютер дээр Word, Excel, PowerPoint ашиглах, 10 хуруугаар шивэх.
Гарын авлага
160 хуудастай “Ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх гарын авлага” ном боловсруулан сургалтад хамрагдсан ахмадуудад тараасан нь хэрэгцээт ном болж чаджээ.
Хамтран ажилласан байгууллагууд
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Боловсролын Ерөнхий Газар, Монголын Ахмадын Холбоо, Юнител групп, Скайтел групп, И-Монгол академи зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна.
Энэхүү хөтөлбөр нь ахмадуудын өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөхөөс гадна үе хоорондын цахим ур чадварын ялгааг арилгахад чухал хувь нэмэр оруулсан юм.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам.