Лхагва гарагт Лос-Анжелесын хойд хэсэгт шинээр дахин ойн түймэр дэгдэж, богино хугацаанд тархсанаар түймрийн уршигт хэдийнэ нэрвэгдээд буй бүс нутаг дахь олон мянган хүнд өөр газар руу нүүхийг зөвлөжээ.
Хүчтэй түймэр Кастаик нуурын ойролцоох уулын энгэрээр тархаж, хоёрхон цагийн дотор 2 мянган га талбайг хамарсан ба хүчтэй, хуурай салхины улмаас нөхцөл байдал улам хүндэрсэн байна. Гамшгийн улмаас Лос-Анжелесаас хойд зүгт 56 км зайд орших Санта-Кларита хотын ойролцоох нуурын эргэн тойронд амьдардаг 19 мянган хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ.
Нийт 20 гаруй хүний аминд хүрч, олон мянган барилга байгууламжийг шатаан сүйтгэсэн хоёр том түймрийн уршиг арилаагүй байгаа энэ үед Лос-Анжелесын бүсэд дахин түймэр дэгдэж байна. Тус тойргийн цагдаагийн ажилтан Роберт Женсен шинэ түймэр дэгдсэн бүсэд байгаа бүх хүнд нэн даруй нүүж явахыг уриалжээ.
“Палисейдс болон Итоны түймрийн үеэр хүмүүс нүүх тушаалыг дагаж мөрдөөгүйн улмаас ихээхэн хохирол амссаныг бид бүгд харсан. Дахин ийм зүйл тохиолдохыг хармааргүй байна. Хэрэв танд нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргүүлсэн бол түүнийг дагаж мөрдөөрэй” гэж тэрбээр сануулсан байна.
Кастаик нуурын бүсэд 4700 хоригдолтой дөрвөн шорон байдаг гэж Америкийн иргэний эрх чөлөөний холбооноос мэдээлжээ. Түймэр дэгдсэн бүсэд нисдэг тэрэг, онгоцуудаар ус цацаж, галыг унтраахаар ажиллаж байна. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа боловч хүчтэй салхи, хуурайшилт нь түймэр хурдан тархах нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг цаг уурчид хэлж байна.