Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулж орон даяар гашуудал зарлах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.
Зарлигийн дагуу маргааш өглөө 07:00 цагаас эхлэн 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөж, бүтэн өдрийн турш гашуудал зарлах юм. Энэ хүрээнд маргааш анхны ерөнхийлөгчтэй салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаа болох бөгөөд замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж зохицуулалт хийхээр болжээ.
Тодруулбал, маргааш өглөөний 06:40-07:20 цагийн хооронд Улсын гуравдугаар төв эмнэлгээс Төв шуудангийн уулзвар, Төрийн ордны баруун талын замыг түр хугацаанд хаах тул иргэдийг хүндэтгэлтэй хандахыг албаныхан уриаллаа. Түүнчлэн 09:40 цагаас Төрийн ордноос Сэлбэ голын гүүрийн төгсгөл хүртэл, цаашлаад Сэлбэ голын гүүрийн төгсгөлөөс “Алтан Өлгий” оршоох газрын чиглэлд замын хөдөлгөөнийг 20 минут орчим хугацаанд хаахаар төлөвлөжээ. Тиймээс жолооч, иргэдийг энэ хугацаанд хүндэтгэлтэй хандаж, өөр замыг сонгон зорчихыг уриалав.