Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Үүний дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл өгсөн юм.
Ц.Цолмон: "Хуулийн төслийг боловсруулаад, өргөн мэдүүлээд хэлэлцэх үе шат хуулийн дагуу зохицуулагддаг. Хэн нэгний хүсэл зоргоор болно, болохгүй гэдэг асуудал биш. Хууль тогтоомжийн, дэгийн тухай хуулиар зохицуулагддаг.
Хуулийн төсөл боловсруулсан хүн эхлээд Тамгын газарт хандана. Тамгын газар 3 хоногийн дотор бүрдлийг хянадаг. Хэрвээ хуулийн дагуу шаардлага хангасан гэж үзвэл УИХ-ын даргад өргөн мэдүүлдэг. Өчигдрийн хувьд зарим зүйл дутуу байсан. Жишээлбэл, хуулийн төслийг заавал файлаар авч parliament.mn сайт дээр нийтэлж, иргэдэд танилцах боломжийг олгодог. Тиймээс зарим зүйл дутуу байсан учир бүрдлийг нь хангуулсан. УИХ-ын Тамгын газарт олон жил ажилласан, туршлагатай хуульч мэргэжлийн хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс хуулийн төслийг шаардлага хангасан гэж үзвэл өргөн барьдаг журамтай.
Хуулийн төсөл өргөн барьсны дараа Байнгын хорооны дарга УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх эсэх саналаа ярьдаг. Даргын зөвлөлийн гишүүд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулна. Ингэснээр УИХ-ын чуулганд танилцуулагддаг. Гишүүд санал гаргавал дараалалд нь өөрчлөлт ордог хуультай. Энэ дагуу л явагдана. Нэгэнт хуулийн төсөл өргөн барьчихсан бол хэлэлцэх нь УИХ-ын ажил.
УИХ-ын даргын зүгээс энэ хуулийн төслийг яаралтай хүлээж авах нь зөв. Гадаа хүмүүс жагслаа. УИХ-ын чуулган ч хуралдах боломжгүй байна. Нэгэнтээ хуулиар энэ асуудал яригдаад хэлэлцэгдээд явбал хуулийн дагуу шийдэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (1)