УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн “Хуралдан буй хилэн” нийтлэл baabar.mn-ийн нийтлэлчийн буланд тавигджээ. 6000 гаруй хүн хуваалцаж, 50000 гаруй удаа уншигдсан байна. Олон нийт ууртай байгаа нь үнэн бололтой. Харин хэнд, юунд уурласан юм бол?
Нийтлэлийн агуулга нь өнгөрөгч долоо хоногт жанжин Сүхийн талбайд зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал “зохион байгуулагчдаа айлгах” хэмээнд хүртэл зорилгоо биелүүлж, хувьсгалын тохироо бүрдсэнийг анхааруулав. Гэхдээ юуны төлөө, ямар хувьсгалд бэлтгээд байгааг уг нийтлэлээс төдийлөн ухаарсангүй. Ганц тодорхой байгаа зүйл гэвэл энэ хувьсгалд М.Энхболд гэдэг хүн асар их саад тотгор учруулж байгаа юм байна.
“М. Энхболд даргаа! Энэ бүх хувьсан өөрчлөлтийн салхийг та хааж чадахгүй. Тэртээ холоос аравт аравтаараа угсрагдан ирж буй ард түмний хилэнгийн галт тэрэгний зам дээр хөндөлдөн хэвтсээр байвал энэ нь тэвчээр биш тэнэглэл болж хувирна” гэв.
Нийтлэлч ард түмний уур хилэн туйлдаа хүрээд буйн шалтгааныг,
-Дэлхийд эрэмбэлэгдэх газрын баялагтай ч, хүн амынх нь 30% буюу 3 хүн тутмын нэг нь нэн ядуу амьдрахыг хүсээгүй,
-Банканд байгаа нийт хадгаламжийн 98%-ийг хадгаламж эзэмшигчдийн 2% эзэмшдэг болж, тэдэнд зээлийн хүү төлөхийн төлөө амьдралаа зориулахыг ч төсөөлөөгүй,
-Нэг хүнд ноогдох газар нутаг, малын тоогоор дэлхийд 1-т жагсдаг ч, газар тариалан хүнсний үйлдвэрлэлийн хэмжээгээр 192 орноос 180-д эрэмбэлэгдэж, хаалттай системийн үеэсээ долоо дордохыг ч бодоогүй,
-Гуравхан сая Монголчууд хүний хөгжлийн индексээр 103-т, хүн амын дундаж наслалтаар 194 орноос 129-д эрэмбэлэгдэж,
-Хорт хавдрын өвчлөл болон агаарын бохирдлоос хордсон хүүхдийн тоогоор дэлхийд тэргүүлэх гутамшигт байдалд орно гэж зүүдлээгүй,
-Шударга ёсны хүсэмжлэл 97% болон нэмэгдэж, Төрд итгэх иргэдийн итгэл 5% болон буурахад, ардчилсан хувьсгал хийсэн удирдагчид нь төрөөс дээгүүр авлигын МАНАН систем бүрдүүлэх хүйтэн санаа гарна чинээ санаагүй бизээ... гэсэн байна. Энэ мэдээж. Уурссан хүнд шалтаг олдоно. Гэхдээ М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас огцруулснаар үүнийг өөрчилж чадах болов уу?
Миний л мэдэхийн М.Энхболд гэдэг хүний 2008 оны сонгуулиас хойш сүүлийн 10 жилд зүтгэж зүтгэж хүрсэн албан тушаал нь өдгөө хийж буй УИХ-ын даргын алба. УИХ-ын бусад 75 гишүүний нэг адил ганцхан саналын эрхтэй, хуралдаан зохион байгуулдаг л хүн. Гэтэл Монголын төр тэр аяараа, төрийн гурван өндөрлөгийн хоёр нь, УИХ-ын 75 гишүүний 60 хувь нь нэгдчихээд энэ хүний эсрэг тэмцээд байдаг. Одоо бүр зорилгодоо хүрэхийн тулд “хувьсгалд” уриалж эхэллээ. Огцруулсныхаа дараа харин хэн нь юу хийх бол? Энд нэг л “но” байна.
Ердөө саяхан даа, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах гээд “давхар дээл” яриад жагсаад, тэмцээд байсан МАН-ын нөхөд (Л.Оюун-Эрдэнэ ч бас байсан) огцроод орхингуут өөрсдөө засагт ороод давхар дээл өмсөөд суучихаж билээ.
Социализмын үед бид жил бүрийн тавдугаар сарын 1-нд “Майн нэгний” гэх сүрт жагсаалд аав ээжтэйгээ оролцдог байлаа даа. Социализм, коммунизмыг үндэслэгч Ленин, Маркс нарын хөргийг өндөрт өргөж, дэлхий нөгөө бөөрөнд байгаа “Сэм” ахыг элдэвлэсэн хоржин нь аргагүй зурагт хуудаснууд бариад империалист гүрнүүдийн эсрэг жагсдаг байв. Одоо ч гэсэн нэг тийм “МАНАН” гэсэн эзэн биегүй юмны эсрэг л жагсаад цуглаад, жагсаагаад цуглуулаад байх шиг. Харин Сэм ахын оронд М.Энхболд зурагт хуудасны гол дүр болов. Үүний хажууд багш, эмч нарыг жагсаал чинь жинхэнэ зорилготой, үр дүнгээ харсан жагсаал байсан юм шүү. Ядаж л “УИХ-ын даргыг огцруулья” гэдэг уриатай жагсаал хийвэл илүү үр дүнд хүрэх гээд байна. Мартсанаас ЖДҮ яалаа?
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (9)