УИХ-ын чуулган өнөөдөр /2018.12.28/ хуваарийн дагуу 10.00 цагт хуралдахаар товлогдсон байсан. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанд 68 гишүүн ирэх ёстойгоос 11.00 цагийн байдлаар 35 гишүүн ирж ирц 46.7 хувьтай байсан ч ирц бүрдэхийг нэг цаг хүлээгээд 2018 оны сүүлийн чуулганы нэгдсэн хуралдааныг цуцаллаа. УИХ-ын чуулган найм дахь удаагаа хойшилж, товлогдсон асуудлаа хэлэлцэж чадахгүй байсаар дөрвөн долоо хоногийн өнгөрөөлөө.
МАН-ын 40 гаруй гишүүн УИХ-ын даргыг огцортол чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй. Тэд өчигдөр Сүхбаатарын талбайд мөн УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулсан. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлсэн ч УИХ-ын даргыг огцрохыг шаардаж буй гишүүдийн шаардлагад огцрох үндэслэл байхгүйг байнгын хорооны мэдээлсэн. Ийнхүү МАН-ын талцал, хуваагдлаас болж хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагаа гацсаар шинэ онтойгоо золгож байна.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, товлосон цагаас хойш нэг цаг гаруй хүлээсэн ч хуралдааны ирц бүрдээгүй учир хуралдах боломжгүй болсныг мэдэгдээд иргэд, сонгогчдоосоо уучлал хүсэж, оны отгон хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн гишүүдийн нэрийн өмнөөс сонгогчдодоо шинэ оны мэнд дэвшүүллээ.