Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хэн ажиллахыг өнөөдрийн НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс хотын даргаар ажиллах хүнээ оруулж ирэх бөгөөд энэ асуудлыг өнөөдрийн хурлаар хэлэлцээд баасан гаригт болох чуулганаар томилох аж.
Уг албан тушаалд томилох хуулийн хугацаа маргааш буюу баасан гаригаар дуусгавар болж байгаа юм. Тиймээс өнөөдөр нийслэлийн захирагчаар хэн ажиллахыг шийдвэрлэх юм.
Улаанбаатар хотын захирагч С.Батболд арванхоёрдугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Одоогоор хотыг даргын албан тушаал дээр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан түр үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Харин хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Л.Амарсанаа, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, НИТХ-ын гишүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мөн Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нарын нэр яригдаж байгаа аж. Хэн нь Улаанбаатар хотыг удирдах нь өнөөдөр тодорхой болох нь.