УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийн, УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор огцрохыг шаардлаа. Хэрэв биелүүлэхгүй бол Пүрэв гаригийн 11:00 цагт Сүхбаатарын талбайд бүх нийтийн жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын дарга М.Энхболдоос бид ёс зүйн хариуцлага шаардаж байгаа. Шаардлага маань үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. М.Энхболдыг өөрчлөхийн тулд нэр бүхий 40 гишүүн УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй байсаар сар орчмын хугацаа болж байна. Нэг хүний албан тушаал чухал уу эсвэл төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа чухал уу. УИХ-ын дарга чөлөөлөгдөж болдог. Бид тэр хуулийнх нь дагуу шаардлага тавьж байгаа. Нэр бүхий УИХ-ын гишүүд, эвсэл хөдөлгөөнүүд, УИХ-д суудалтай намууд нэгдэж МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл”-ийг үүсгэн байгуулсан. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Монгол орон даяар эсэргүүцлийн тэмцэл зохион байгуулна” гэлээ.