Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох Грэммигийн 67 дахь удаагийн наадам Лос-Анжелес хотын “Crypto.com” аренад эхэллээ. Энэхүү ёслолыг алдарт комедиан Тревер Ноа хөтлөн явуулж байна.
Лос-Анжелес хот өнгөрсөн сард ой хээрийн түймэрт нэрвэгдсэн ч одоо хэвийн амьдралдаа эргэн орж буй энэ үед уг арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа юм.
Дуучин Бейонсе энэ удаагийн наадамд 11 шагналд нэр дэвшсэнээр Грэмми шагналд нэр дэвшсэн тоогоороо шинэ дээд амжилт тогтоогоод байна. Харин Кендрик Ламар, Чарли XCX, Билли Айлиш тус бүр долоон номинацид өрсөлдөж буй.
Эдгээр уран бүтээлчид "Оны шилдэг цомог" шагналын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд мөн Чаппел Роан, Сабрина Карпентер, Андре 3000, Жейкоб Коллиер нар энэ төрөлд нэр дэвшжээ.
Эх сурвалж: CNN