Японы мэргэжлийн сумо бөхийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэнгийн “Ёкозүна” ёслол өчигдөр “Мейжи” сүмд боллоо.
Тус ёслолыг улсын заан Д.Долгорсүрэн гэргийн хамт, сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, улсын аварга Д.Сумъяабазар, С.Бямбасүрэнгийн аав, ээж зэрэг хүндтэй зочдоос гадна сумо сонирхогчид үзэж сонирхжээ.
Мэргэжлийн сумо бөхөд ёкозүна цолтны дохёнд гарах ёслолыг үнрюү болон ширанүй гэсэн хоёр хэлбэрээр хийдэг. Харин Хоошёорюү үнрюү хэлбэрийг сонирхууллаа. Учир нь түүний авга ах сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэхүү хэлбэрийг сонгож байв. Түүнд ёслолын хичээлийг хавай арлын алдарт аварга Мүсашимүра заасан бөгөөд Д.Дагвадоржийн хувьд Акэбоно аваргаар ёслолоо заалгаж байсан юм.