Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Сонсголын үеэр “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх)” сэдвийн талаар УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, “Утааны асуудал: Стандарт, хяналт (Зуух, түлшний технологи)” сэдвээр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нар тус тус танилцуулга хийх юм.
Ташрамд дурдахад, утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах хүсэлтийг Монгол Улсын иргэн Б.Мөнгөнхишиг тэргүүтэй иргэд цахим системд өргөдөл хэлбэрээр байршуулсан бөгөөд УИХ-ын тухай хуулийн 39.4.2-т заасан шаардлагыг хангаж, 2024 оны арванхоёрдугаар сарын 19-нд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн.
Мөн уг хуралдаанаар сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг томилсон талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)