ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхийг үгүйсгээгүй ч энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах боломжийн талаар эргэлзэж буйгаа илэрхийллээ.
Путин мягмар гарагт төрийн мэдлийн "Россия 1" телевизийн сувгаар ярихдаа Зеленскийг Украины хууль ёсны төрийн тэргүүн гэж үзэхгүй байгаагаа дахин онцолсон байна.
"Яриа хэлэлцээг хэнтэй ч хийж болно, гэхдээ тэрбээр хууль ёсны эрхгүй учраас ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурах эрхгүй. Хэрэв тэр хэлэлцээнд оролцохыг хүсвэл би тохирох төлөөлөгчдийг нэрлэнэ" гэж Путин мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Украинд сонгууль товлосон хугацаандаа явагдаагүй тул Зеленский албан тушаалдаа үлдэх боломжгүй гэж үзэж байгаагаа дахин илэрхийлсэн байна. Гэсэн хэдий ч дайнтай нөхцөлд Украины төрийн тэргүүний бүрэн эрхийг хадгалж байгаа гэсэн олон улсын ойлголт байгааг тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ, Путин өөрөө хууль ёсны дагуу сонгогдсон эсэхэд Оросын сөрөг хүчнийхэн эргэлздэг бөгөөд Европын парламент 2024 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг Европын Холбооны орнуудад уриалж байсан билээ.
Путин мөн Зеленский ОХУ-тай хэлэлцээ хийхийг хориглосон зарлигийн талаар дурдсан байна. Түүний үзэж байгаагаар, энэхүү хоригийг цуцлах нь хэлэлцээний эхлэл болох бөгөөд Украины парламентын дарга энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ.
Цаашлаад Барууны орнууд Украинд санхүү, цэргийн тусламжаа зогсоовол дайн хоёр сарын дотор дуусна гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр 2022 оны хавар Зеленскийтэй биечлэн уулзахад бэлэн байсан бөгөөд тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд энэ талаар "дохио" өгсөн хэмээн дурджээ.
Эх сурвалж: DW
Сэтгэгдэл (3)