АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл Вашингтоны нисэх буудлын ойролцоо армийн нисдэг тэрэгтэй мөргөлдөж сүйрсэн “American Airlines” компанийн нисэх онгоцны хар хайрцгийг олсон талаар сенатч Мариа Кантвелл Ройтерс агентлагт мэдээлжээ.
Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудалд газардах гэж байсан тус компанийн онгоцонд 64 зорчигч, нисэх багийн гишүүд байснаас хэн нь ч амьд үлдээгүй. Мөн Виржиниагийн агаарын баазаас хөөрсөн “Black Hawk” нисдэг тэргэнд сууж явсан гурван цэргийн алба хаагч амь үрэгдсэн байна. Энэ нь 2001 оноос хойш АНУ-д болсон хамгийн олон хүний аминд хүрсэн нисэхийн осол болжээ.
Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бөгөөд холбогдох албаныхан ослын газраас нотлох баримтыг бүрдүүлэх, хохирогчдын цогцсыг гаргаж авах, хар хайрцгийн нислэгийн мэдээллийг бүртгэх ажлыг чухалчилж байгаа аж. Урьдчилсан тайланг 30 хоногийн дараа танилцуулахаар төлөвлөжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ослын шалтгаантай холбогдуулан Холбооны нисэхийн захиргаанд янз бүрийн хүмүүсийг ажилд авсан нь алдаа болсон хэмээн мэдэгдэж, тус агентлагт нийгмийн олон давхаргын төлөөллийг ажиллуулах бодлого хэрхэн нөлөөлснийг судлахыг үүрэг болгосон байна. Гэвч Ардчилсан намын хууль тогтоогчид, иргэний эрхийн төлөө тэмцэгчид болон нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд түүний мэдэгдлийг буруушаажээ.
Трамп мөн ослын хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзахаа мэдэгдсэн бөгөөд амиа алдагсдын дунд Канзас мужийн оршин суугчид, ирээдүйтэй өсвөрийн уран гулгагчид, уран гулгалтын дэлхийн аварга асан Оросын иргэд болон гэрлэхээр төлөвлөж байсан сүйт залуус байсан байна.
Эх сурвалж: Reuters