Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ө.Мөнхжин Атлантагийн театрт бүжиглэхээр болжээ.
Тэрээр өнгөрсөн зургадугаар сард АНУ-д зохион байгуулж буй олон улсын балетын жүжигчдийн нэр хүндтэй "USAIBC" тэмцээний сүүлчийн шатанд шалгарч байсан юм. Түүний энэ амжилтыг үндэслэн АНУ-ын Жоорж мужийн Атланта хотын Балетын театр бүжигчнээр авчээ.
Тус театр албан ёсны цахим хуудсандаа шинэ бүжигчдээ танилцуулсан юм.
Өлзийжаргалын Мөнхжин нь 2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн бөгөөд 2018 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчнээр ажиллаж байсан юм. Мөн 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан “IBCC 2017” тэмцээнээс "Тусгай байр"-ын шагнал, 2019 онд ОХУ-ын Улаан-Үдэ хотод зохион байгуулсан "Орос-Япон Евро Азийн" балетын анхдугаар тэмцээнээс дэд байрын шагналыг тус тус хүртэж байв.
Ө.Мөнхжин өмнө нь ярилцлага өгөхдөө "Би найман настайдаа спортын гимнастикаар хичээллэж эхэлсэн. Хоёр жил тууштай явсан. Харин нэг өдөр ээж маань хоёулаа хамт яваад нэг шалгалт өгчихөөд ирье гэсэн. Хөгжим бүжгийн коллеж дээр ирж, шалгалт өгөв. Тэгтэл шалгалтад тэнцэж, тэгээд л шууд нэг өдөр балет руу орж, Орост очиж суралцахаар болсон. Надад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлгээр Пермь хотын Бүжгийн урлагийн сургуульд суралцах завшаан олдсон юм. Монголоос бид 12-уулаа суралцаж байлаа. Социализмын үед Монголоос маш олон оюутан манай сургуульд суралцаж, төгсдөг байсан юм билээ. Бид найман жил суралцсан. Эхний гурван жилд монгол оюутнуудтайгаа гол төлөв байсан болохоор хэл сайн сураагүй, бэрхшээл их учирна. Дөрөв дэх жилээс нь оросуудтай харилцаж эхэлснээр хэлийг нь сурсан" тухай ярьж байсан юм.