Даваа гаригт буюу гуравдугаар сарын 19-ний өдөр олон улсад нэр хүндтэй “Ройтерс” агентлаг “МУ-ын сангийн сайд С.Баярцогтыг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа Рио Тинто корпорациас авлига авсан байж болзошгүй” гэдэг үндэслэлээр Швейцарийн дээд шүүхээс тус улсын банкин дахь дансуудыг битүүмжилсэн тухай мэдээлжээ. Битүүмжилсэн дансуудын нэгээр 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар шилжүүлсэн нь мөнгө угаасан хэрэг хэмээн үзэж буйгаа тус улсын прокурорууд мэдэгдсэн гэв.
Энэ мэдээлэл Монголын хэвлэлүүдээр цацагдсаны маргааш буюу 20-ны өдөр АТГ-аас уг хэргийг Швейцарийн прокурортой хамтран шалгаж байгаа тухайгаа мэдээлжээ. Дахиад нэг өдрийн дараа (Лхагва гаригт) АН-ын генсек О.Магнай хэвлэлийн бага хурал зарлаж, С.Баряцогтыг намаас хассан (хөөсөн) тухайгаа мэдээллээ. Араас нь залгаад С.Баярцогтын өөрийнх хэвлэлийн бага хурал. Нэг үгээр хэлэхэд үйл явдлууд чөтгөрт хөөгдсөн мэт л хурдан өрнөж байна. Энэ удаа манай АТГ-ын шуурхай байгааг хэлэх үү?
Авлигатай тэмцэх газрын албан ёсны вэб сайтад “С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны арван нэгдүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналтан дор шалгаж байна” гэж мэдээлжээ.
Харин иргэн С.Баярцогт хэлэхдээ “Швейцарьт одоо надад нэг ч данс байхгүй. 2013 онд компани татан буугдсаны дараа бүх данс хаагдсан. Битүүмжлэгдсэн данс бол надад итгэж хөрөнгө оруулсан Монголын бизнесмэнийн данс байна” гэв.
Тэгэхээр “Ройтерс”-ийн мэдээ, АТГ-аас гаргасан мэдээлэл хоёр С.Баярцогтын хийсэн мэдээллээс хоёр зүйлээр зөрж байна. Нэгдүгээрт цаг хугацааны хувьд. С.Баярцогт “Швейцарь дахь өөрийн дансыг хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийхээр 2007 оны тавдугаар сард нээсэн, Монгол Улсын нэртэй бизнесмэнээс 8,2 сая еврогийн хөрөнгө оруулалт авсан. Би өөрөө сая гаруй долларын хөрөнгө оруулсан. 2008 онд санхүүгийн хямрал болж, бэлэн мөнгөний хомсдол бий болсноор Монголын бизнесмэн хөрөнгө оруулалтаа эргүүлэн татсан. Энэ мөнгө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө болсон зүйл. “Рио Тинто”-той ямар ч холбоогүй гэв.
Хоёрдугаарт С.Баярцогтын хэлсэнчлэн 2013 онд хаагдсан дансыг 2018 онд битүүмжилсэн байж таарах уу?
Тэгэхээр “Ройтерс”-ийн мэдээ С.Баярцогтын хэлсэнчлэн хэтэрхий субектив хандлагатай, хувийн дүгнэлт дээр тулгуурласан гэдэг үнэн байж болох юм. Харин уг мэдээнд дурьдагдсан хоёр тоон дээр тэр маргахгүй байна. Дансанд 9,2 сая евро байсан, 8,2 сая ам.долларыг өөр нэг дансаар дамжуулж авсан гэдэг дээр.
С.Баярцогтын хэлсэн үгэнд итгэвэл АТГ-ын хийсэн мэдээлэл болон “Ройтерс”-ийн мэдээнд дурьдагдсан “С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ” гэдэг мэдээлэл ташаа бололтой. Тэнд С.Баярцогтын данс гэж юм байхгүй. Гэвч энэ тухайд бид хэргийн шалгалт дууссаны дараа л үнэнийг мэдэж болох юм.
Харин хэргийн мөрдөн шалгалт дуусаагүй дөнгөж эхлэл шатандаа байхад, тэр тусмаа “Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй” гэсэн Үндсэн хуулийнхаа зарчмыг зөрчин “АН авлигын гэмт хэргийг тэвчиж чадахгүй” хэмээн намаасаа хөөсөн С.Эрдэнэ, О.Магнай нарын хувьд өөрсдөө тайлбараа хэлэх биз. Бусдад нь хэлэхэд хэргийн мөрдөн шалгалт дуусах хүртэл С.Баярцогтыг дүүжлэх барихаа хэсэгтээ хойшлуулах нь зөв болов уу. Харин ч Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш есөн жилийн турш цаг ямагт хардагдаж ирсэн С.Баярцогтын хувьд энэ удаагийн хэрэг явдал энэ хардлагыг нэг мөр таслаж, нэрээ цэвэрлэж авах сайхан боломж байж болох юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хариуцлагаа нэр төртэйгээр хүлээнэ гэдгээ ч өөрөө хэлсэн. (ХБХ-ын дэлгэрэнгүйг линкээр үзнэ үү http://www.inews.mn/a/249)
Харин хамгийн их анхаарал тавих ёстой зүйл гэвэл энэ удаагийн хэрэг Оюутолгойн хувь заяанд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал. С.Баярцогтын хэлсэнчлэн төгс төгөлдөр гэрээ гэж дэлхийд байдаггүй. Тэр тусмаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол сүүлийн 28 жил монголчуудын гурав дахь ертөнцтэй байгуулсан хамгийн том гэрээ. Тиймээс гэрээний нөхцлийг сайжруулах оролдлого, яриа хэлцэл Монголын Засгийн газрын зүгээс цаг үргэлж явагдсаар ирсэн. Энэ гэрээний оролцогчийг өөрчлөх сонирхол ч гаднын улс орнуудад байсаар ирсэн нь үнэн. Тиймээс хэрвээ “Рио Тинто” энэ гэрээнээс гарвал Монгол Улс ямар хариуцлага үүрэх вэ, тэдний оронд нь хэн орж ирэх вэ? гэдэг илүү том асуудал. Ялангуяа энэ явдлыг далимдуулан зорилгоо гүйцэлдүүлэх сонирхол хоёр хөршид маань байгаа бол бидэнд үүнийг дэмжин балешиглах шаардлага бий юу?
Нэг ийм яриа бий. Еврей нарыг бариад явлаа, хэн ч дуугарсангүй. Коммунистуудыг бариад явлаа, хэн ч дуугарсангүй. Хөршийг маань бариад явлаа, би дуугарсангүй. Намайг бариад явахад дуугарах хүн үлдээгүй байлаа гэж.
С.Баярцогтын хувьд хувьцааны бизнес хийхээр Швейцарийн “Credit Suisse” банкинд данс нээсэн. Тодорхой хэмжээний хөрөнгө татсан, хямралаас болоод хөрөнгө оруулагч нь хөрөнгөө татсан. Үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй нь миний алдаа байсан гэж хэлээд хариуцлагаа хүлээж, УИХ-ын дэд даргаас өөрийн хүсэлтээр огцорч байсан удаатай.
Харин өнөөдөр шинээр гарч ирсэн баримт, Монголын нэртэй бизнесмэнээс хөрөнгө оруулалтаар авсан гэх 8,2 сая еврогийн асуудал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой юу, Рио Тинто авлига өгсөн үү гэдгийг зөвхөн мөрдөн шалгалтаар тодруулна. Тэр болтол Оюутолгойгоороо нэг их оролдоод байх шаардлага лав бидний хувьд байхгүй болов уу. Сая “Ройтерс”-ийн мэдээ цацагдсаны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Рио Тинто”-гийн хувьцаа унасан. Энэ нь 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд бидэнд ч хохиролтой.
Болсон үйл явдлын дараа С.Баярцогтын шударга байдалд эргэлзэж байна л даа. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн эсэхийг зөвхөн шүүх тогтооно. Үүнээс өмнө хэн нэгэн өөрийн дураар шүүлт явуулж, “ал цаазал”, “авлигач, хулгайч” гэх нь болж байгаа үйл явдлаас илүү эрсдэл дагуулж мэдэх юм. Яаж ч шүүмжилсэн, алдаж онож яваа ч гэсэн Монгол Улс бол ардчилсан улс. Хүний эрхийг дээдэлж, хувийн өмчийг хамгаалалтдаа авсан Үндсэн хуультай. Хэн нэгний гэм буруутайг зөвхөн шүүх тогтоодог. Энэ жишгээсээ гажих юм бол дээр хэлсэн “Намайг бариад явахад дуугарах хүн үлдээгүй байлаа” гэдэг л хувь заяа биднийг тосно. Өөрт хүсэхгүй зүйлийг бусдад бүү хүс гэдэг байх аа.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (4)