2000-аад оны улс төрд МАХН-ын гурван “Дорж” гэгдэж байсны нэг нь сайд Ц.Нямдорж. МАХН-ын Асар, Басар ч гэдэг байлаа. Гурвуулаа хуульч мэргэжилтэй.
Ц.Нямдорж сайд 1992 оноос хойш долоон удаагийн парламентад тасралтгүй 26 жил сууж, улс төрийн гал тогооноос хоол идсэн хүн. 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд байсныг нь оролцуулаад 12 дахь жилдээ (2000-2005, 2008-2012, 2017 оны есдүгээр сараас хойш) салбар хариуцсан сайдаар ажиллаж байна. 2012-2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хууль зүйн сайдаар ажилласан Х.Тэмүүжин “Хуулийн салбарын шинэчлэл” нэрээр жаал бужигнуулснаас хойш гурван жилийн дараа Ц.Нямдорж энэ суудал дээр эргэж ирэв. Салбарынхан нь түүнийг “Хуулийн салбарыг хуучин хэвэнд нь оруулж байна” гэж ярьдаг гэсэн. Гай, гавъяа хоёрын алийг нь хэлсэн болохыг таах аргагүй.
Ямартай ч АН засаглаж байх үед Х.Тэмүүжин гишүүний (хууль батлагдах үед мань хүн сайдын ажлаа хэдийн өгсөн байсан ч өнөө хэр нь Эрүүгийн шинэ хуулийн автораар Х.Тэмүүжинг нэрлэдэг) тэмцэж байж батлуулсан Эрүү, Зөрчлийн хуулийг МАН-ын буцааж татах, өөрчлөлт оруулахад хувь нэмрээ оруулсан нь үнэн. МАН-ынхны тэр үед хуулийг “өөрчлөн найруулсны” балгаар “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан МАН-ын томчууд ялаас хэрхэн мултарсан тухай өмнө өгүүлсэн. Эрүүгийн шинэ хуульд орсон “Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бол хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно” гэсэн заалтыг сугалж аваад “5-8 жилийн хорих ялтай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна” гэсэн хуучин хуулийн заалтыг сэргээсэн учир Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт хуулийн хариуцлага оногдуулах боломжгүй юм.
Шинээр батлагдсан Эрүү, Зөрчлийн хуулийг өнгөрөгч 2007 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Зөрчлийн тухай хуулийн тухай 14.7-д;
”согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,
согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (400 мянган төгрөг) торгоно” гэж заасан.
Хууль батлагдахаас өмнө согтуугаар машин жолоодсон хүний эрхийг хасаад өнгөрдөг байсан бол Зөрчлийн хуулиар торгууль оногдуулдаг болсон. Гэтэл өнгөрсөн онд замын цагдаагийн алба хаагчдаас хэдэн зуугаараа АТГ-т шалгагдаж, ажил албан тушаалаасаа хагацжээ. Шалтгаан нь нөгөөх Зөрчлийн хуулиас үүдэлтэй. Зөрчил гаргасан этгээд эрхээ хасуулахгүйн тулд замын цагдаад торгуулийн мөнгөө бэлнээр нь атгуулаад дараа нь АТГ-т “цагдаагийн албан тушаалтан авлига авсан” гээд мэдээлчихдэг.
Асуудал нь нөгөө л цагдаагийн алба хаагчдийн цалин хангамж, нийгмийн баталгаа, дээр нь хууль сахиулагчийн ёс зүйтэй холбоотой. Өр зөөлөн зарим нь “Яах вэ дээ, цалин багатай мэдэн муу цагдаагийн мууг үзэж яана. Ядарсан зүдэрсэн цагтаа бид цагдаад л ханддаг шүү дээ” гэж өмөлзөнө. Өширсөн зарим нь “Муусайн авлигачид ядарсанд нь дээрэлхэж, задарсанд нь зусардаж амьдардаг шүү дээ” гэж зэвүүрхэнэ.
Харин УИХ-д сул гишүүн байхдаа “хэдэн бор цагдаагаа” цээжээрээ хамгаалдаг байсан Ц.Нямдорж сайдад “хэдэн бор цагдаа” нь өвдөг цоорхой, өлмөн зэлмэн явах нь тийм ч сонин биш бололтой. Сүүлийн жил гаруй ярьсан ганц зүйл нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлсан, төрийн өмчийг луйвардсан гэх хэрүүл. Youtube рүү ороод энэ хүний өгсөн яриа, энд тэнд хэлсэн үгийг нэгд нэггүй шалгаад үзээрэй.
Сайд болохоосоо өмнө 2017 оны дөрөвдүгээр сард УДШ-ийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарын нэр дээр нээлттэй захидал илгээж, “С.Зоригийн хэрэг хэлмэгдүүлэлт боллоо, захиалагчийг нь илрүүл” гэж шаардаж байсан. Сайд болоод нөгөө л 49 хувьтайгаа ноцолдсоор. Ингэхэд Монгол Улсын сайд юм уу, Оросын Засгийн газрын өмгөөлөгч юм уу? Зөрчлийн хууль хэрэгжихгүй байна л гэнэ, хэрэгжүүлэх үүрэг нь Хууль зүйн сайдад байдаг юм.
Гэсэн хэрнээ 51 хувийн асуудал босоход “Засгийн газар үүнд хамаагүй, “Эрдэнэт” үйлдвэр өөрөө төлөх ёстой” гэж хамгийн түрүүнд хэлсэн. Зээлийн баталгаанд гарын үсэг зурсан төрийн албан тушаалтнууд, төрийн өмчийн төлөөлөгчдийн талаар нэг ч үг унагасангүй. Ядаж АТГ яаж ажлаа хийгээд байгаа юм бэ? гэж асуух зориг уг нь энэ хүнд баймаар.
“Жаст” группийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан асуудлаар УИХ-ын гишүүдийн тавьсан асуулгад Засгийн газар хариулахдаа, “Жаст” групп ”Стандарт” банкнаас 2009 оны долдугаар сарын 8-наас 2011 оны арванхоёрдугаар сарын 20-ны хооронд нийт дөрвөн удаагийн гэрээгээр 109 сая ам.долларын зээл авсан байна. “Жаст” групп зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас “Стандарт” банк уг зээлд хамаарах 86 сая 950 мянган ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилсэн байна. Лондоны Арбитрийн шүүх 50,988 сая ам.долларыг баталгаа гаргасан “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэхээр нэхэмжлэлийг хангасан байна. “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн ашгаас төлөх боломжтой гэв. Мөн “Энэ асуудлыг Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар “Стандарт” банктай хэлцэл хийх үүргийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудад өгсөн” гэсэн билээ.
Харин зээлийн гэрээнд гарын үсэг зурсан “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн зөвлөх асан Б.Мөнхжаргал ““Жаст” групп “Стандарт” банкнаас нийт 172 сая ам.долларын зээл авсан. Зээлээ төлж явсаар үлдэгдэл 71 сая ам.долларын өрийг төлж чадалгүй “Эрдэнэт” үйлдвэрт хандсан. “Эрдэнэт” үйлдвэрийн дансаар “Стандарт” банкнаас нэг ч төгрөг орж ирээгүй учраас үйлдвэр уг өрийг төлөхгүй байх боломжтой. Засгийн газар яагаад өр төлөх гэж яаравчлаад байгааг ойлгохгүй байна” гэжээ.
Асуудлын гол нь баталгаа гаргасан гэрээ хуурамч уу, үгүй юу гэдэгт биш, харин хэн энэ мөнгийг авч ашигласан бэ гэдэгт байгаа бололтой. Арбитрийн шүүхээс 51 сая ам.долларын гэрээ жинхэнэ гарын үсэгтэй, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж нэхэмжлэлийг хангахаар шийдсэн. Харин үлдсэн 58 сая ам.доллар (үйлдвэрийн хуулийн зөвлөхийн хэлснээс үзвэл энэ тоо ч бас баталгаатай биш, өсөх магадлалтай) хаашаа, хэний гараар орсон байж таарах вэ?
Мөн түүнчлэн “Жаст”-ын Ш.Батхүү дангаараа зээлийн баталгааг өөрчилж, хуурамч гарын үсэг үйлдэн зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн, хувьдаа завшсан байж болох ч хэрэв тийм бол 2013 онд түүнийг залилангийн хэргээр барьж хорьсон атлаа яагаад улсад учирсан хохирлыг төлүүлэлгүй тавьж явуулав? Залилангийн хэргийг яагаад цагдаагийн байгууллага биш, АТГ шалгав? “Жаст” группийн эзэмшилд байсан Олон овоотын лиценз яагаад Г.Алтанд шилжсэн бэ? гэх мэтчилэн олон асуулт гарна.
Гаргалгаа. Нэгдүгээрт хуурамч болон жинхэнэ гарын үсэг хоёулаа байсан. Тухайн үед эрх барьж байсан нөхөд ч үүнийг мэдэж байсан. Өнөөдөр үүсч болох нөхцөл байдлыг урьдчилан тооцсоны үндсэн дээр зориуд хоёр өөр гэрээ үйлдсэн. Нэгэнт өр барагдуулах тухай Засгийн газрын шийдвэр гарчихвал мөнгөн дүнг өөрчлөх нь асуудал биш гэж үзсэн байх. Яг өмнөх гэрээнүүд шиг.
Хоёрдугаарт, 51 сая ам.долларын зээлийн баталгаанд гарын үсэг зурахын тулд Ч.Ганзориг заавал ТУЗ-ийг хуралдуулах ёстой. Үйлдвэрийн захирал зөвхөн 10 мянган ам.доллар хүртэлх мөнгөн дүн дээр дангаараа шийдвэр гаргах эрхтэй. Харин ТУЗ-д ТӨХ-ны дарга байдаг.
Гуравдугаарт, хэрвээ ТӨХ-ны дарга (Д.Сугар) Засгийн газар, Ерөнхий сайдад мэдэгдэлгүй дур мэдэж гарын үсэг зурсан бол өдийд аль хэдийн дээлээ нөмөрчихнө биз дээ. Тэр үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүн ч бас үүнийг мэдэхгүй өнгөрсөн байх учиргүй. Дуугүй байх шалтгаан ердөө л энэ.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (9)