Казахстан улс цаазаар авах ялыг албан ёсоор халлаа.
Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев цаазаар авах ялаас татгалзах олон улсын гэрээг соёрхон баталсан парламентын тогтоолд гарын үсэг зурлаа.
Казахстаны парламент НҮБ-ын ерөнхий ассамблейгаас 1989 онд баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний цаазаар авах ялыг халах тухай 2-р нэмэлт протоколыг соёрхон баталж, ерөнхийлөгч нь тогтоолд гарын үсэг зурснаар тус улсад одоо хэрэгжиж байгаа цаазын ялыг хориглох шийдвэр хууль болж хэрэгжиж эхэллээ.
2020 оны Есдүгээр сард Казахстаны ерөнхийлөгч НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэхдээ хүний амьд явах язгуур, үндсэн эрхийн төлөө цаазын ялыг халж байгаагаа зарласан байдаг.
Өнгөрсөн онд тус улс НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээнд нэгдэн орсон юм.
НҮБ-ын уг гэрээ нь цаазаар авах ялыг зөвхөн дайны гэмт хэрэг, терроризмын гэмт хэрэгт л ашиглаж болох тухай заалттай юм байна.
18 сая гаруй хүн амтай Казахстан улс ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын санаачилгаар 2003 оноос хойш цаазаар авах ялыг түдгэлзүүлж, зөвхөн терроризмын гэмт хэрэгтэнд цаазын ял оноож иржээ.
Хамгийн сүүлд 2016 онд Алматы хотод гудамжинд гал нээж 10-н хүний ам насыг хохироосон Руслан Куликбаев гэгчид цаазын ял оноосон ч ялыг гүйцэтгээгүй юм байна. Одоо шинэ хуулиар түүний ялыг бүх насаар нь хорих ялаар солих юм байна.