Дөрвөн жилийн хугацаанд бие даагч байсан УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Ардчилсан намд элсэж байгаагаа мэдэгдлээ.
Өнгөрсөн сард бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан бол ийнхүү гэнэтийн шийдвэр гаргаж АН-ын гишүүн болж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр АН-ын дарга С.Эрдэнээс батламжаа гардаж авсныхаа дараа хэвлэлийхэнд хандан үг хэллээ.
С.Жавхлан: "УИХ дахь АН-ын ес дэх гишүүн болж, Их Эзэн Чингис хааныхаа өлмий дор хуралддаг, хар цагаан сүлдээ шүтэн дээдэлдэг энэхүү бүл хүмүүс дээр би нэмэгдлээ. Ес дэх гишүүн болж бүтэн болгож байгаа энэ үйл явдалд туйлын их баяртай байна.
Өнгөрсөн дөрвөн жилд ганцаараа дуу хоолой маань хүрээгүй. Өөрийн үзэл санааг Монголын өргөн уудам талаар хүргэх вэ гэдэг хүсэл санаа маань хэдий хичээж, өндөр хэмжээнд өөрийгөө дайчилсан боловч санасан хэмжээнд маань хүрсэнгүй.
Гэхдээ би алгуурлаж, хойш сууж, үзэл санаанаасаа ухраагүй. Өнөөдөр би олуулаа болж байгаад баяртай байна. Монголынхоо цэлмэг хөх тэнгэр шиг орноо, Хонхны дуу цохиж, дахин хонхны дуу дуугаргаж, цэлмэг тэнгэр шигээ Монгол нутгаа хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй" гэлээ.