УИХ-ын дарга Г.Занданшатар ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзаж, "COVID-19" цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцов.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын хувьд хөл хорио тогтоогоогүй, үйлчилгээний байгууллагууд үндсэндээ хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ эрсдэл өндөр хэвээр байгаа гэж бид үзэж байна. Дэлхий даяар тархалт намжаагүй, урьдчилан сэргийлэх вакцин гарч, хүн төрөлхтний амьдрал ахуй эргээд хэвийн байдалдаа орох хугацаа тодорхойгүй байсаар байна. Манай улсын иргэдийн хувьд зарим талаар анхаарал нь суларч, амны хаалт зүүхгүй байх, урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан гадуур их явах зэрэг байдал ажиглагдаж эхэллээ. Иймээс бид Таныг иргэдэд хандан мэдээлэл, зөвлөгөө өгнө үү гэсэн хүсэлт тавихаар урьсан юм” гэв.
Ноён С.Диордица Монгол Улс хугацаа алдалгүй хилээ хааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хойшлуулалгүй авч чадсаны зэрэгцээ гаднаас ирсэн болон сэжигтэй тохиолдлыг тусгаарлах, хүмүүс хоорондын харилцаанд зай барих зэрэг горимыг сайн мөрдөж ажилласан хэмээв. Гэхдээ ийм хязгаарлалт удаан үргэлжилбэл нийгэм, эдийн засгийн олон салбарт муу нөлөө үзүүлнэ гэдгийг онцлоод уг цар тахал Монголд хэрхэн нөлөөлөх судалгааг хийж байгааг дурдав. Түүнчлэн БНХАУ-д “COVID-19”-ийн нөхцөл байдал хяналтад орж, харин ОХУ-д байдал амаргүй байна. Ийм үед Монгол Улсын төр, засгаас эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж энэ вирусний эрсдэл ирэх өвөл гэхэд намжих магадлалтай гэж бид таамаглаж байна гэлээ.
“Хэдийд вакцин гарах магадлалтай вэ” гэсэн Г.Занданшатар даргын асуултад ноён С.Диордица “Шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс орнууд дэлхийд цөөнгүй. Вакцин бүтээх судалгаа, туршилт хийж байгаа улс орнууд ч олон байна. Гэхдээ энэ вирус хурдан хувьсдаг. Тиймээс яг тодорхой хугацаа хэлэх боломжгүй бөгөөд ДЭМБ вакциныг албан ёсоор бүртгэх хүртэл 12 сарын хугацаа шаардлагатай гэж үзсэн. Ер нь бол ирэх сараас тархалт багасна гэж таамаглаж байгаа. Гол нь улс орнууд илүү хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай” хэмээн хариуллаа.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай монголчуудын дунд монгол хүн дархлаа сайтай учраас энэ вирус тархах магадлал бага. Өнгөрсөн оны 11-12 дугаар сард монголчууд энэ вирусээр халдварлаад эдгэсэн, дархлаа үүссэн;, байдал намжсан, халдварын эрсдэл үндсэндээ байхгүй болж байна гэсэн буруу ойлголт байх шиг байна. Тиймээс Та эдгээрт хариу болгож, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв мэдээлэл өгнө үү. Мэдээлэл хийх ажлыг УИХ-ын Тамгын газар зохион байгуулъя” гэсэн хүсэлт тавилаа.
Ноён С.Диордица хүсэлтийг хүлээн авч, баасан гаригийн 11.00 цагаас Төрийн ордонд хэвлэлийнхнээр дамжуулан Монгол Улсын иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөхөөр тогтов.