МАН-ын гишүүд, дэмжигчидийн “Илчлэл” хөдөлгөөнөөс өнөөдөр тус намаас 2020 оны сонгуульд нэр дэвшүүлж болохгүй улстѳрчдийн жагсаалтыг танилцуулж, намын дарга У.Хүрэлсүх болон Хяналтын хорооны дарга Ц.Батбаатар нарт шаардлага хүргүүлжээ.
Хөдөлгөөний тэргүүн, Баянзүрх дүүргийн МАЭН-ын хорооны гишүүн Л.Мөнхболд энэ тухай "100 шахам жилийн түүхтэй МАН-ын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн нийгэмд үзүүлж буй үлгэр дууриалд намын жирийн гишүүд сэтгэл дундуур байна. Манай намын удирдлагууд бүх шатны сонгуульд нэр дэвшүүлж байгаа нэр дэвшигчдийнхээ шалгуурт өөрчлөлт оруулж, нийгмийнхээ сэтгэл зүйг мэдэрч ажиллах цаг болсон" гэв.
МАН-ын гишүүд дэмжигчидийн “Илчлэл” хөдөлгөөнийхөн шаардлагад,
"МАН-аас дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүд нь өөрсдийн мэдээлэлд ойр байдаг давуу тал, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж жирийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох ёстой ЖДҮ-ийг Дэмжих сангийн зээлийн өөрсдөө авч өөрсдийн харьяаны бизнесээ тэтгэж өөрсөддөө ашиг олсон. Тухайлбал,
-УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж баригдаж, дуусаагүй барилгаа борлуулсан гэж худал мэдүүлэн НӨАТ төлөөгүй мөртлөө НӨАТ-ын буцаалт нэрээр улсын төсвөөс 35,0 тэрбум төгрөгийг өөрийн хувийн компанидаа авч улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан.
-УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн бүрэн эзэмшлийн “Капитал” банкинд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 340,0 тэрбум төгрөгийг байршуулж байхдаа банкаа дампууруулж эдгээр сангуудын хөрөнгийг үрэн таран хийж улсыг болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөгч олон мянган иргэнийг 340,0 тэрбум төгрөгөөр хохироосон,
-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, өөрийнхөө эзэмшлийн “Монполимет” компанийхаа авсан 10 тэрбум төгрөгийн зээлийг улсын эрсдэлийн сангаар төлүүлсэн.
Эдгээр нь өнөөгийн УИХ-ын гишүүдийн өдүүлсэн олон гэмт хэрэг, ёс зүйгүй, увайгүй үйлдлийн ердөө хэдхэн жишээ юм. Энэ мэтээр олон иргэд, сонгогчдын дунд Монгол Ардын Намын нэр хүндийг унагаасан олон гэмт үйлдлийг тус намаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүд гаргасныг бүх хүмүүс мэдэж байгаа.
Иймээс МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид бид дахиж ийм ёс зүйгүй, хариуцлагагүй, сонгогчид, ард түмнээ үл хүндэтгэсэн үйлдэл, гэмт хэрэг гаргаж байсан болон цаашид гаргаж магадгүй хүмүүсийг намаас УИХ-ын сонгуульд дэвшүүлэхгүй байхыг шаардаж байна. Бид 2016 оны Ардчилсан намын алдааг давтахыг бид хүсэхгүй байна.
Ирж буй УИХ-ын сонгуульд намын гишүүдээс нэр цэвэр, ёс суртахуунтай, өндөр боловсолтой, мэргэжпийн ур чадвартай технократ хүмүүсийг нэр дэвшүүлэхийг шаардаж байна. Хэрэв бидний шаардлагыг хүлээн авч нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд тусгахгүй бол жирийн гишүүд, дэмжигчид бид дараа дараагийн шатны арга хэмжээг зохион байгуулах болно” гэжээ.
Сэтгэгдэл (1)