ОХУ-ын Аугаа Эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ой энэ сарын 9-нд тохиосон. Уг ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир В.Путин нар мэндчилгээ, баярын бичиг солилцжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээнд, "Монголын ард түмэн Аугаа Эх орны дайны анхны өдрөөс Зөвлөлтийн ард түмний талд тууштай зогсож, чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүлж байснаа эргэн дурсахын сацуу энэхүү түүхт ойг манай ард түмэн Оросын ард түмэнтэй хамт ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай” хэмээн дурджээ.
Мөн хоёр улс бүхий л салбарыг хамарсан иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлж байгаагийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилж, Халхын голын хамтын ялалтын 80 жилийн ойг Монголын ард түмэнтэй хамт тэмдэглэсэнд туйлын баяртай байдгаа илэрхийлжээ.
Түүнчлэн дэлхий дахиныг хамраад буй COVID-19 цар тахлын улмаас Аугаа Эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойд зориулсан ёслол, цэргийн жагсаалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа ч Монголын ард түмэн Оросын ард түмний хамтаар ахмад дайчид, баатруудын алдар гавьяа, гэгээн дурсгалыг тавдугаар сарын 9-ний өдөр хүндэтгэн дурсах болно” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир В.Путин хариу мэндчилгээ илгээхдээ Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, хамтын их ялалт байгуулахад Монгол Улсын оруулсан хувь нэмрийг Оросын ард түмэн ямагт санан дурсдаг хэмээн тэмдэглэжээ.
Тухайлбал, “Танай улсаас фронтын хэрэгцээнд зориулан илгээсэн хүнсний тусламж, дулаан хувцас, адуун сүрэг, түүнчлэн “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” сөнөөгч онгоцны эскадрилыг бүтээн байгуулахад зориулан илгээсэн мөнгөн тусламжийг өндрөөр үнэлдэг билээ” хэмээн дурджээ.
Мөн тэрээр дайны хүнд хэцүү он жилүүдийн нугачаанд батажсан хоёр ард түмний найрамдалт харилцаа нь ОХУ, Монгол Улсын хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлж, хоёр талд ба олон улсад тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд харилцан ойлголцож, бүтээлчээр хамтран ажиллах найдвартай үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.