Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татан шалгаж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.
Тэгвэл АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлжээ. Хяналтын прокурор АТГ-ын мөрдөгчийн хүсэлтийг хянаад үндэслэлтэй гэж үзвэл Улсын Ерөнхий прокурорт саналаа хүргүүлэх аж. Уг саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д хүргэдэг хуультай юм.
Ж.Эрдэнэбатаас гадна Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Одоогоор УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн саналыг АТГ-аас прокурорт гаргаагүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.