УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэж, намын дарга С.Эрдэнээс гишүүний батлахаа гардан авлаа.
О.Баасанхүү гишүүн анх 1994 оны гуравдугаар сарын 7-нд АН-д гишүүнээр элсээд 17 жилийн дараа буюу 2011 оны нэгдүгээр сарын 26-нд тус намаас гарчээ. Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэ О.Баасанхүүд намынхаа гишүүнчлэлийг сэргээж байгаад нь баяр хүргэж, батлахыг нь гардуулж өглөө.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-“2016 онд ард түмэн эрх баригч МАН-д хангалттай олон суудал өгсөн. Гэтэл өнөөдөр 14 аймгийн Засаг дарга авлигын хэрэгт холбогдож, гурван гишүүн нь шоронд орох нөхцөл байдалд байна. МАН парламентын сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон. Тиймээс 2020 оны сонгуулиар АН УИХ-д хамгийн багадаа 39 суудал авах шаардлагатай. 1992 оны сонгуулиас хойш АН нэг ч удаа энэ тооны суудал авч байгаагүй. Тэгээд янз бүрийн намтай эвсээд явахаар үхрийн бөөр шиг алагласан өөр өөр үзэл бодолтой олонх болдог.
Тиймээс ирэх сонгуулиар МАН-д дүнг нь тавьж, хариуцлага нэхье. Сөрөг хүчнийг нэгтгэж УИХ-д олонхи болгоё гэдэг зорилгоор АН-ын гишүүнчлэлээ сэргээж байна” гэв.
Мөн тэр "Орхон аймгаас сонгогдсон хүний хувьд С.Зоригийг ямар хүмүүс, яагаад, ямар зорилгоор алсныг ерөнхийдөө мэдэж байгаа. МАН соёлтой, ухамсартай бол намаа татан буулгаад шинээр нам байгуулах ёстой" гэв.
-Та АН-д 100 сая төгрөгийн хандив өгсөн үү?
-Би АН-д өнөөдөр элсэж, намын батлахаа авч байна. Батлахаа авахаас өмнө би өөр намд байсан. Өөр намын хүн юу гэж АН-д мөнгө өгөхөв дээ. Намайг гүтгэсэн Х.Ганхуяг гэдэг хүнээс нэхэмжилсэн мөнгөөрөө 100 саяа өгнө.
-Та хуучин тойрогтоо нэр дэвших үү? Мөн хандивын 100 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Аливаа намд орохдоо дүрмийг нь судлах ёстой. АН-д өнөөдөр нэр дэвшигчдээ гаргах ямар дүрэм үйлчилж байна, тэр дүрмээр явах байх. Дүрэмд нийцэхгүй гэвэл би нэр дэвшихгүй байж ч болно. 100 саяын дэнчин бол намын шийдвэр. Би үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.